Беркли дахь нийтийн судалгаа шинжилгээний Калифорнийн Их Сургууль нь Америктаа хамгийн нэр хүндтэй мужийн сургуулиудын нэгт ордог. Калифорнийн Их Сургуулийн Системийн нэгээхэн хэсэг болох тус сургууль нь 1868 онд үүсгэн байгуулагджээ.
Калифорни мужийн их сургуулиудын бүрэлдэхүүний “Үеийн үед Калифорнийн алтнаас ч илүү алдар нэр болон аз жаргалыг бэлэглэх” их сургуулийг бүтээх алсыг харсан төлөвлөгөөнөөс үүдэн Беркли бий болжээ.
Берклигийн цэнхэр болон алтан шар өнгө 1873 онд уг сургуулийг тодорхойлох өнгөөр сонгогдсон юм. Цэнхэр өнгө нь Калифорнийн тэнгэр ба тэнгисийг төлөөлөхөөс гадна тухайн сургуулийг байгуулахад тусалсан Йелийн Их Сургуулийн төгсөгчдийг илтгэдэг. Харин алтан шар өнгө нь Калифорнийн “Алтан Муж” хэмээх нэрийг тодотгож өгдөг байна.
Сан Францискогийн Эргийн Хэсэгт байрлах тус их сургууль нь 27,000 бакалаврын зэргээр сурч буй оюутнууд болон 10,000 магистрын зэргээр суралцагч оюутнуудын хувьд гэр нь болдог билээ.
Берклигийн багш профессорууд 19 Нобелийн шагналууд хүртэж байжээ. Эдгээрээс дийлэнх нь физик, хими ба эдийн засгийн салбаруудынх юм. Хамгийн сүүлийн үеийн шагналтнуудаас дурдвал 2011 оны Физикийн Нобелийн шагналыг хүртсэн Сол Перлмуттер нь ертөнцийн хурдацтай өсөлтийг олж нээсэн багийг хариуцан удирдаж байжээ. Энэхүү нээлт нь ертөнцийн 75%-г харанхуй энерги /Dark matter/ эзэлдэг хэмээх онолыг бий болгосон байна. Мөн 2001 онд Эдийн Засгийн Шагналыг хүртсэн Жорж Акерлоф нь төгсөгчдийнх нь нэг билээ. Тэрээр нийлүүлэгч ба худалдан авагч нар нь бие биенээсээ өөр мэдээлэлтэй байх нь зах зээлийг хэрхэн тогтворгүйжүүлдэг болохыг оновчтойгоор тайлбарлажээ.
Нэр хүндтэй төгсөгчдийн тоонд зохиолч, сэтгүүлч Жэк Лондон, Оскарын шагналт Грегори Пек, Пакистаны ерөнхий сайд ба ерөнхийлөгч асан Зульфикар Али Бхутто, зохиолч Жоэн Дидион болон Эмэгтэйчүүдийн Дэлхийн Аваргын ялагч Америкийн хөл бөмбөгийн тамирчин Алекс Морган нар ордог байна.
Берклигийн уламжлал бол улс төрд идэвхтэй оролцдог иргэдийн төв байх юм. 1960-аад болон 1970-аад онуудын үеэр их сургуулийн газар нь Вьетнамын Дайны эсрэг сурагчдын бослого хөдөлгөөний голлох газар нь байжээ.
Тус их сургуулийн үзэсгэлэнт газруудын нэг бол 1890 онд байгуулагдсан Ботаникийн Цэцэрлэг болон спортын багуудын тоглодог газар болох Калифорнийн Дурсгалт Цэнгэлдэх Хүрээлэн юм.
Беркли биеийн тамирын хүч чадал, авхаалж самбаагаа Лондонд болсон 2012 оны Олимпын үеэр ил тод харуулж чаджээ. Тус олимпоос Берклигийн төгсөгчид 11 алт, 1 мөнгө ба 5 хүрэл медалиудыг хүртжээ. Хэрэв Беркли тусгаар тогтносон улс байсан бол Франц болон Германтай зэрэгцэн дэлхийн алтан медальтнуудын жагсаалд зургаад орох байсан.