Events

ЕБС-ийн Англи хэлний багш нарт зориулсан "Enrichment Program"-II үндэсний хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ боллоо

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-с санаачлан АНУ-ын Элчин сайдын яам, Spirit of America, EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс,  Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага хамтран улсын болон хувийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулан зохион байгуулсан "ENRICHMENT-II" хөтөлбөр 2021 онд хоёрдахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр хөтөлбөрийн хаалтын ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө. 

Тус хөтөлбөрийн цахим хаалтын үйл ажиллагаанд АНУ-ын Элчин Сайд Майкл Клечески албаны хүмүүсийн хамтаар, Spirit of America-ийн СЕО Жим Хэйк албаны хүмүүсийн хамтаар, EducationUSA хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн зохицуулагч Винсент Флорес, Америкт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн захирал Э.Билгүүн, Лингорсын захирал М.Оюунтуяа нар оролцож хөтөлбөрийн үндэсний ялагч шилдэг багш нарт шагнал гардуулж баяр хүргэлээ. 

2020 онд зохион байгуулсан "Enrichment-I" хөтөлбөрт ЕБС-ийн 500 Англи хэлний багш шалгаран оролцож ТОП-20 багш үндэсний ялагч багшаар шалгарч байсан бол 2021 онд зохион байгуулагдсан "Enrichment-II" хөтөлбөрт Монгол улсын өнцөг булан бүрээс Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний 1000 багш гурван сарын турш идэвхийлэн оролцсоноос үндэсний ялагч 30 ТОП багш шалгарсан нь энэхүү хөтөлбөр ямар өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсаныг харуулж байна. 

Үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан тус хөтөлбөрийн үндэсний ялагч ТОП-30 багштай танилцана уу.

                                                    Зураг: 1000 багшаас шалгаран хөтөлбөрийн  үндэсний ялагч болсон ТОП-30 Англи хэлний багш нар

Enrichment-II хөтөлбөр 2021 оны 5 дугаар сарын 24-с 9 дүгээр сарын 3 өдрийн хооронд болж өндөрлөлөө.  Хөтөлбөр 3 үе шаттай зохион байгуулагдсан ба хөтөлбөрийн үе шатууд дараах хуваарийн дагуу явагдлаа: 

1-р шат: Уншлагын Марафон  (5-р сарын 24-ны өдрөөс 6-р сарын 15 өдөр хүртэл) 3 долоо хоног  

2-р шат: Massive Online Open Courses (MOOC) сургалтууд (6-р сарын 15-ны өдрөөс 7-р сарын 25 өдөр хүртэл) 

3-р шат: Америкт сурах 5 Алхам болон хувь хүний хөгжлийн гурван 7 хоногийн эрчимжүүлсэн сургалтууд (8-р сарын 2-ны өдрөөс 8-р сарын 20 өдөр хүртэл)

 

                                                                                                                                Зураг: хөтөлбөрийн 3 үе шатны зарим статистикууд

Тус хөтөлбөрийг зохион байгуулсан багийн гишүүдтэй танилцана уу. 

                                                                                                                                                 Зураг: хөтөлбөрийн зохион байгуулагч баг

Ийнхүү гурван сарын турш үргэлжилсэн Enrichment-II хөтөлбөрийн 1 болон 2-р шатны дүнг нэгтгэж 1000 багшаас гүйцэтгэлээрээ шалгарч, финалын шатанд оролцох эрх авсан шилдэг 31 багшаас хөтөлбөрийн шалгуур гүйцэтгэлийн үнэлгээнд тулгуурлан ТОП багш нар тодорсон юм.  Мөн хөтөлбөрийн 1, 2-р шатны болзлыг хангасан нийт 212 багшид зохион байгуулагчдын зүгээс хөтөлбөрт амжилттай оролцсон гэрчилгээг цахимаар илгээж буй юм. 

Гурван сар үргэлжилсэн Enrichment-II хөтөлбөрт оролцсон нийт 1000 багшдаа болон ТОП багшаар шалгарсан 30 багш нартаа баяр хүргэе!

Хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан АНУ-ын Элчин сайдын яам, Spirit of America, Лингорс, Xreading-ийн хамт олон болон багш нарт хувь хүний хөгжлийн сургалт орсон Ганабелл Институт болон бусад хамтран ажилласан хувь хүн, албан байгууллагуудад Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) болон EducationUSA Mongolia хөтөлбөрийн зүгээс талархал илэрхийлье!


Нийтэлсэн: Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) болон EducationUSA Mongolia хөтөлбөр

Лавлах: 70174414