Монгол дах Америкт төгсөгчдийн холбооноос санаачлан Их Британи, Австрали, Япон болон Турк Улсад төгсөгчдийн холбоотой хамтран Нэтворк, танилцах уулзалтыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр анх удаа амжилттай зохион байгууллаа.
Тус уулзалтыг санаачлагч Монгол дах Америкт Төгсөгчдийн Холбооны Ерөнхийлөгч М.Ганцэцэг уулзалтыг нээж, холбоогоо танилцуулахын зэрэгцээ уулзалтыг зохион байгуулж, хамтран ажиллах саналыг таатай хүлээн авч оролцсон бусад холбоодын гишүүдэд талархал илэрхийлэв. Мөн Японд Сургууль Төгсөгчдийн Жугамо Нийгэмлэгийн Ерөнхийлөгч С.Баттулга, ATA Туркэд Төгсөгчдийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Ерөнхийлөгч М.Анужин, Их Британид Төгсөгчдийн Холбооны Гүйцэтгэх Захирал Н.Ууганбаяр, Монгол Австралийн нийгэмлэг (Моззис)-ийн Гүйцэтгэх захирал Р.Алтангэрэл нар холбооныхоо үйл ажиллагааг танилцууллаа.
Түүнчлэн, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш хүндэт зочноор оролцож, төгсөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, цаашид хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Өнгөрсөн хугацаанд Монгол дах Америкт Төгсөгчдийн Холбооноос санаачлан Ерөнхий боловсролын сургуулиудын Англи хэлний багш нарт зориулсан “National Enrichment program”-ыг 2024 онд 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Их Британи, Австрали, Япон болон Турк Улсад төгсөгчдийн холбоодын төлөөлөл урилгаар оролцож, өөрсдийн суралцсан туршлага, мэдлэгээ багш нартай хуваалцсан юм. Тус хөтөлбөрийн үеэр төгсөгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, нийгэмд тустай үйл ажиллагаа явуулах санал, санаачлагууд гарсны нэг нь энэхүү нэтворк, танилцах арга хэмжээ юм.
Танилцах уулзалтад 5 холбооны төлөөлөл 100 гаруй залуус оролцож, цаашид хамтын ажиллагаагаа тогтмолжуулах, нийгмийн хөгжилд тустай үйл ажиллагаа явуулах талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ.