Events

Монгол дахь Америкт Төгсөгчид чууллаа

15 жилийн ой нь тохиож буй "Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо"-ныхон чууллаа

2022 онд 15 жилийн ой нь тохиож буй /MASA/ “Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо”-ноос зургаа дахь удаагийн “Америкт Төгсөгчдийн Үндэсний Чуулган”-ыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү чуулганы зорилго нь Америкт төгсөгчдийн холбоод өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажил, үйл ажиллагаагаа тайлагнаж, ирээдүйн төлөвлөгөө, чиглэлээ тодорхойлоход оршдог. Зургаа дахь удаагийн чуулганд МАSA-ын өмнөх ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар ажилласан үеийн туршлагаасаа төгсөгчдөд сонирхуулан хуучилж, АНУ-ын Засгийн газрын урт богино хугацааны тэтгэлэгт хамрагдсан LEAD, ACCESS, FLEX хөтөлбөр төгсөгчдийн холбоо болон MASA-ны удирдлагууд хамтын ажиллагаа, сайн дурын оролцоо, хүртээмжтэй олон талт оролцоо гэх сэдвээр ярилцсан юм.

Чуулганд АНУ-ын Элчин сайд Ричард Буанган тэргүүтэй зочид, MASA-ны үе үеийн гишүүд, FLEX Alumni Mongolia, Mongolia Access Alumni Association, LEAD Alumni Association төгсөгчдийн холбооны төлөөлөл болон АНУ-ын төрийн департментаас санхүүжилттэй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн төгсөгчид болон хувийн санхүүжилтээр Америкт суралцаж төгссөн нийт 100 гаруй хүн оролцлоо.

Мөн энэ өдөр MASA-аас зохион байгуулсан “GoMASA” жижиг төслийн уралдааны ялагчдыг зарлаж, ялагчдад болон үндэсний хэмжээнд зохион байгуулсан Enrichment-III хөтөлбөрийн шилдэг оролцогч багш нарын төлөөллүүдэд шагнал гардууллаа.

“ТӨГСӨГЧИД ТА БҮХНИЙ ТУРШЛАГА, ХЭТИЙН ЗОРИЛГО МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛДАГ”

Монгол Улсад суугаад АНУ-ын Элчин сайд Ричард Буанган:
- Та бүгд АНУ, Монгол хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд гар бие оролцож буй миний бие болон хамт олны минь нэгэн адил элч төлөөлөгчид билээ.  

Америкчууд нээлттэй, ардчилсан нийгмийн ач холбогдлын талаарх ойлголтыг түгээж, та бүхэн Монгол орон, монголчуудын талаарх мэдлэгийг америкчуудад олгож байдаг. Та бүгдийн сайн дурын идэвх зүтгэл, үйл ажиллагаа АНУ, Монгол хоёрын улсын хамтын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлдэг юм. Таны эрдэм мэдлэг, хэлний боловсрол, байгаль орчныг хамгаалах болон энэ талаарх бусдын мэдлэгийг дээшлүүлэх, ардчиллын хүртээмжийг нэмэгдүүлэх, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн та бүгдийн ажил ч мөн үүнд хамаарна.

Та бүхний хүчин чармайлтын үр шимээр илүү тусгаар тогтносон, эрх чөлөөтэй монголчуудын орон зайг бий болгох боломжтой.   Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны хийж буй гайхалтай ажлуудыг энд онцолмоор байна.  МАSА нь сүүлийн гурван жилийн хугацаанд АНУ-ын Боловсролын Монгол дахь хөтөлбөрт 11 аймгийн 30 мянган гаруй сурагч, оюутныг хамруулж үнэ цэнтэй түнш байлаа.

Америкт төгсөгчдийн холбоо бол Монголын чухал хөрөнгө юм. Та бүхэн АНУ-д байх хугацаандаа олж авсан шинэ мэдлэг туршлагаа тэлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. Элчин сайдын яамны зүгээс Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны туршлага Монголын нийгэмд эергээр нөлөөлөхөд хувь нэмрээ оруулж та бүхнийг дэмжиж буйдаа баяртай байна. Та бүгдийн шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэлд баяр хүргэе. Сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцан, нийгэмдээ эергээр нөлөөлөхийг уриалж байна. Төгсөгчдийн хувьд та бүхний гайхалтай туршлага, хэтийн зорилго тань Монгол Улсын хөгжил, ард түмний амьдралыг сайжруулахад хувь нэмрээ оруулж буйг онцолмоор байна.

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД АНГЛИ ХЭЛНИЙ ГУРВАН БАГШ ТУТМЫН ХОЁРЫГ ЧАДАВХЖУУЛЖЭЭ

2007 оны есдүгээр сард АНУ-ын Засгийн газрын Фулбрайт тэтгэлэг, Хамфригийн хөтөлбөрийн өмнөх болон тухайн үеийн төгсөгчид нэгдэн MASA-г анх үүсгэн байгуулж байв. Өдгөө тус холбоо АНУ-ын Засгийн газраас санхүүждэг урт болон богино хугацааны тэтгэлэг, солилцооны хөтөлбөрт хамрагдсан 2000 гаруй монголчууд нэгдэн өргөжжээ.

15 жилийн хугацаанд тэдний Монгол Улсын нийгэм, хүүхэд залуусын сайн сайхны төлөө хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, сайн дурын ажлыг дурдвал тоймгүй их. Цар тахлын үед тэдний үйл ажиллагаа хумигдах биш харин ч өргөжин тэлжээ. Тодруулбал, MASA дэлхийд анх удаа АНУ-ын Төрийн Департаментын “Education USA” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг авсан төгсөгчдийн холбоо болжээ. Энэхүү хөтөлбөрийн дагуу сүүлийн гурван жилийн хугацаанд 11 аймгаар зочилж 30 гаруй мянган хүүхэд, залууст Америкийн боловсролын талаарх мэдлэг, мэдээллийг хүргэжээ. Мөн өнгөрсөн гурван жилд үндэсний хэмжээнд National Enrichment Program хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн англи хэлний багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулжээ. Монгол Улсын англи хэлний багш нарын гуравны хоёрт нь /давтагдаагүй тоогоор/ хүрч ажилласан.

Энэ талаарх дэлгэрэнгүйг Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч Э.Билгүүнээс тодрууллаа.

- Би анх 2015 онд Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоонд сайн дурын ажил хийж MASA-д ажлын гараагаа эхэлж байв. Бид 2000 гаруй гишүүнтэй, түүн дотроо маш их туршлагатай манлайлагч нар байдаг ба залуучууд нь тэднээсээ суралцаж, Монголын нийгэмд тулгамдаад буй асуудлыг тодорхойлж, бид хамтраад түүнд чиглэсэн ямар үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлж болох талаар олон талаас нь дүн шинжилгээ хийж төсөл хөтөлбөрүүдээ боловсруулдаг. Бидний өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн бахархууштай ажлаас дурдвал Монгол Улсын нийт англи хэлний гурван багш тутмын хоёрт нь хүрч ажиллаж, үндэсний хэмжээний хөтөлбөрийг зохион байгуулсан. Мөн дотроо 10 гаруй платформтай “Америкт суралцсан түүх” подкастыг маань 1,3 сая удаа сонссон тоо баримт бий.

Мөн 2020 онд сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан дохионы хэлтэй хөтөлбөрийг боловсруулсан нь АНУ-ын Төрийн Департаментаас хамгийн “Шилдэг хөтөлбөр”, “Шинийг санаачлагч” шагналыг тус тус авсан. Түүний дараа 2021 онд боловсролын хүртээмжтэй байдалд тулгуурлаж ажилласан байдлаараа удаах шагналаа авсан бол 2022 онд “Зориг Сан”-тай хамтарсан “Ногоон Энтерпренершип” төсөл маань АНУ-ын Төрийн Департаментаас “Хамгийн нөлөө бүхий төсөл”-өөр шалгарч байв.

15 жилийн ой нь тохиож буй "Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо"-ныхон чууллаа