АНУ-ын Төрийн Департаментаас "EducationUSA Мongolia" хөтөлбөрийн хамт олныг “Global Outstanding Team Project” award-аар шагнасан мэдээг хүлээн авлаа. Энэхүү шагнал нь EducationUSA хөтөлбөр хэрэгжиж буй 5 тивийн, 178 орны 455 салбараас цорын ганц шилдэг төслийн багийг сонгон шалгаруулж өгдөг нэр хүндтэй шагнал юм.
Түүнчлэн MASA-ны Ерөнхийлөгч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн захирал Э.Билгүүн нь АНУ-ын Төрийн департаментаас Зүүн Ази, Номхон далайн бүсийн шилдэгт олгодог "Rising Star" шагналыг хүртсэн юм. Түүний манлайлах ур чадвар, нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажил, EducationUSA хөтөлбөрийн үйл ажиллагааг цар тахлын үеэр амжилттай өргөжүүлэн, хүртээмжтэйгээр хэрэгжүүлсэн зэргийг олон улсад магтан сайшааж энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон болно.
Дэлхий дахинаас шалгаран 2 нэр хүндтэй шагнал авсан явдалд EducationUSA хөтөлбөрийн Зүүн Ази Номхон Далайн бүс хариуцсан газраас тусгайлан баяр хүргэсэн төдийгүй Монгол дахь АНУ-ын Элчин сайд Майкл Клечески болон АНУ-ын Элчин сайдын яамны бүх ажилчдаас баяр хүргэж бичлэг хийж мэндчилгээ илгээжээ.
АНУ-ын Элчин сайдын баяр хүргэсэн мэндчилгээг энд дарж үзнэ үү.
Энэ удаад EducationUSA Mongolia багийнхан нэг биш 2 шагналын эзэн болж Монгол улсын нэрийг олон улсад гаргасандаа баяртай байна. Биднийг үргэлж дэмждэг MASA-ны гишүүд, Mонгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яамны хамт олонд талархаж буйгаа илэрхийлье.