Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаарт маань George Washington University-ийн төгсөгч Т. Сүндарь оролцож байна. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
Сайн байна уу? Намайг Түмэнцогтын Сүндарь гэдэг. Би George Washington University-д бакалаврын зэрэг хамгаалсан. Монголд “Орчлон” сургуулийг төгсөөд Maryland мужийн Rockville хот дахь ”Montgomery” Community коллежид элссэн. Энэ нь коллеждоо суралцаж байгаад их сургууль руу шилжих боломжтой, SAT-ийн оноо өндөр байх гэх мэт шалгуур шаарддаггүй богино хугацааны сургууль юм. Коллеж нь хоёр жил суралцах бизнесийн удирдлагын хөтөлбөртэй. Ерөнхийдөө хоёрдугаар курсийн дундуур их сургууль руу шилжиж болдог. Би зөвлөх багштайгаа уулзаад мужийнхаа их сургууль руу шилжмээр байна гэсэн саналаа хэлээд хөтөлбөрөө сонгон шилжиж байсан. Нэг жил хагас сурсны дараа материалуудаа бэлдээд Washignton DC University-д бизнесийн удирдлагын чиглэлээр Community College-д minor-той сурсан.
Яагаад Community College-д суралцъя гэж шийдсэн бэ? Community College-д сурч байгаад их сургууль руу орох болон Монголоос шууд элсэж суралцахын ялгаа нь юу вэ?
Их сургуульд гадаадын ямар ч оюутан сурахад тэтгэлэг аваагүй тохиолдолд төлбөр өндөртэй байдаг. Миний хувьд ч мөн 4 жилийн их сургуулийн төлбөр төлөх нь хүндрэлтэй байсан. Comminuty College бол их сургуультай харьцуулахад арай хямд бөгөөд дөнгөж ахлах сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдэд их ачаалал авахгүйгээр хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломж олгохоос гадна сургалтын хувьд ч ачаалал арай бага байдаг. Их сургуульд нэг улиралд 30 кредит судлах ёстой гэдэг байхад Community College нь арай уян хатан нөхцөлтэй. Элсэж ороход SAT шаарддаггүй. Харин TOEFL эсвэл IELTS өгөх шаардлагатай хэдий ч онооны босго нь өндөр биш. Сурч байхдаа мэргэжлээ сонгож болдог. Харин кампус нь жижиг тул их сургуультай харьцуулахад дотуур байр хомс учир байрлах байраа өөрөө олох ёстой. Би айлын нэг өрөө түрээсэлж, сургууль руугаа автобусаар очдог байсан. Гадаад оюутан долоо хоногт 20 цаг ажиллах боломжтой байдаг.
Америкт суралцсан туршлага чинь Монголд ирээд Азийн сан байгууллагад ажиллах карьерт чинь хэрхэн нөлөөлсөн бэ?
Америкт сурснаар олж авсан нэг давуу тал нь өөртөө итгэлтэй, нээлттэй болсон. Одоогоор IMF буюу International Monatery Fund банканд ажиллангаа онлайнаар магистрын хөтөлбөрт суралцаж байгаа. Урьд нь хичээлийнхээ хажуугаар олон улсын валютын санд дадлага хийдэг байсан бөгөөд ОУВС нь жил болгон дэлхийн банктай хамтран уулзалт зохион байгуулдаг, маш өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, олон хүнтэй том байгууллага байдаг. Би тэнд 3 улирал дадлагажигчаар ажилласан. Бизнесийн чиглэлээр төгсөөд маркетинг харилцаа холбоо гэх мэт илүү нарийвчлан суралцаад ирсэн учир монголд ирээд анх Хас банканд маркетингийн хэлтэст ажиллаж байсан. Мөн IT-гийн Startup компанид ажиллаж үзсэн..
Та Америкт суралцаж байхдаа сургуулиас гадуурх үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцдог байсан бэ?
Миний хувьд George Washington University-д сурч байхдаа Fraternity and Sorority Life Greek life гэдэг охид эмэгтэйчүүдийн байгууллагад орсон. Энэ байгууллагад 200-300 охид ажилладаг буюу гадаад оюутнуудыг нэгтгэх, хооронд нь холбож өгөх, бие биедээ туслах гэх мэт үйл ажиллагаа явуулдаг. Ийм International student organization-д элсэж ороод оюутнуудыг хариуцсан үйл ажиллагаанд сайн дураараа оролцдог байсан. Бүх оюутнуудын гуравны нэг нь Greek life-д харьяалагддаг. Greek life шиг нийгмийн байгууллага ихэнх их сургуулиудад байдаг. Хичээлээс гадуурх нийгмийн оролцоо сайн байх тусам найз нөхөдтэй болох, тухайн соёлтой танилцах боломжтой байдаг санагдсан.
Америк соёлоос юу суралцсан бэ?
Америкт очоод их удаан соёлын шоконд орж байсан. Бүх хүмүүс хурдан ярьж байгаа юм шиг санагдаж байсан. Мөн Америк хүмүүс нээлттэй, эелдэг бас шинэ хүмүүстэй танилцах дуртай байдгаас нь эерэг хандлага үүсдэг гэдгийг суралцсан. Холбоо харилцаагаа хадгалахын тулд хичээл зүтгэл гаргадаг нь чухал санагдсан. Багш нартайгаа холбоотой байж зөвлөгөө авч болдог. Багш нар нь ч гэсэн холбоотой байдаг хүмүүст дуртай байдаг нь их таалагдаж байсан.
Америк явах хүсэлтэй залуучуудад юу гэж хандаж хэлэх вэ? Ямар сорилтод бэлэн байх вэ?
Эсээ дээр бүгд мундаг суралцаж ирээд эх орноо хөгжүүлнэ гэх мэт төстэй зүйлс бичдэг. Үүнийхээ хажуугаар өөрийгөө харуулсан бас нэг зүйлийг бичих ёстой. Тухайлбал сайн дурын ажил, нийгмийн идэвх мөн өөрийгөө хэн бэ гэдгийг онцолж бичих хэрэгтэй гэсэн үг. Мөн зоригтой байх хэрэгтэй. Өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Идэвхтэй байж хичээх хэрэгтэй бөгөөд Америкчууд тэр занг үнэлдэг. Just show up in everything and be present.
George Washington University хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцахад хэр ээлтэй юм шиг санагдсан бэ?
Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах үйлчилгээ гэж байдаг. Энэ нь бүх сургуулиудад мөн Community college-д ч байгаа. Тэргэнцэртэй хүмүүст зориулсан зориулалтын налуу зам ариун цэврийн өрөө гэх мэт зүйлс байдаг. Сонсгол, харааны бэрхшээлтэй мөн тэргэнцэртэй гэх мэт олон төрлийн бэрхшээлтэй хүмүүст манай сургууль үнэхээр ээлтэй орчинтой.
Та сүүлд ямар ном уншсан бэ? Санал болгох ном байна уу?
Би хамгийн сүүлд “Ад үзэгдэх зориг” номыг уншсан. Хувь хүний хөгжлийн талаар чухал зүйлийг тодотгож өгсөн зүйл нь юу вэ гэхлээр жишээлбэл хүмүүс өөрийнхөөрөө байх гэхэд их зүйл бодсоноосоо болоод хэлмээр байгаа, хиймээр байгаа зүйлээ хийж чадахгүйд хүрдэг. Түүнээсээ болоод өөртөө сэтгэл дундуур байж бусдад сайхан харагдах гэж дүр үзүүлдэг. Жижиг зүйлс дээр хүн өөрийгөө шүүмжилж цэгнэж өөрийнхөөрөө байдаггүй. Энэ богинохон амьдралдаа сэтгэл хангалуун, амар тайван жаргалтай амьдрахын тулд зоригтой байх хэрэгтэй. Энэ номыг уншиж үзээрэй гэж хэлмээр байна.
Өөрийн туршлагаа хуваалцаж дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
Та бүхэн подкастын энэ дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор орно уу.
SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Хянан засварласан: Б.Энхзул