Сайн байцгаана уу. Эрхэм сонсогчид оо. Америкт суралцсан миний түүх цуврал подкастын маань дахин нэг шинэ дугаар ийнхүү эхэлж байна. Энэ дугаараараа Америкт суралцсан түүх гэхээсээ илүү Америкт төгсөгчдийн холбоон дээр дадлагажигч хийдэг Үйлс болон Мөнх-Эрдэнэ нар хамт оролцож байна. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Өөрсдийгөө манай сонсогчдод дэлгэрэнгүй танилцуулаад яриагаа эхэлье.
Сайн байцгаана уу. Би 1-р сургуулийн 11- д ангид сурдаг. Намайг Үйлс гэдэг.
Үйлс хаана ямар их сургуульд, ямар мэргэжлээр сурахаар төлөвлөж байгаа вэ?
Санхүүгийн чиглэлээр сурахаар төлөвлөчихсөн байгаа. Цаашдаа Америк руу дээд сургуульд сурахаар материалаа өгөхөөр бэлдэж байгаа.
Мөнх-Эрдэнэ манай сонсогчдод өөрийгөө танилцуулаач?
Сайн байцгаана уу. Намайг Мөнх-Эрдэнэ гэдэг. Энэ жил 18 настай. Одоогоор жилийн чөлөө авсан байгаа. Би Америкт төгсөгчдийн холбоонд сайн дурын ажилтан хийж байна. Мөн IFT буюу international foundation diploma гээд Англид сургадаг хөтөлбөрт суралцаад явж байна.
Мөнх-Эрдэний хувьд яагаад Америкт төгсөгчдийн холбоонд дадлага хийх болсон вэ? Юу сурч байна вэ?
Би өөрөө дадлага хийж туршлага хуримтлуулах дуртай болохоор KFC, PIZZAHUT зэрэг газруудад дадлагажигч хийж байсан. Харин сүүлд MASA-ын талаар сонсоод, надад ирээдүйд Америкт сурах сонирхол байдаг учраас үүнийхээ дагуу сонгосон юм. Дадлагажигч хийснээрээ үйл ажиллагаануудад оролцож, подкаст хамт хөтлөөд, Facebook, INSTAGRAM дээр пост хийх зэргээр хүмүүстэй харилцаж сурч байна. Хамт олны уур амьсгал сайхан болохоор тэр зүйлээр хөглөгдөж, өөрт оногдсон ажлаа хийх гоё байдаг.
Үйлсээгийн хувьд яагаад Америкт төгсөгчдийн холбоонд дадлагажигч хийхээр сонгосон вэ?
Би өмнө нь Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгт сайн дурын ажилтанд хийж байсан.Түүнээсээ их зүйлийг сурч авсан юм. Үүний дараа илүү ахисан түвшний зүйл хийхийг хүсэж байсан юм. Тэр үед MASA-д дадлагажигч авна гэсэн зар байхыг олж хараад их баярлаж байсан. Мэдээж шууд л материалаа өгсөн. Тэнцсэн гэсэн мэдээг сонсох гайхалтай байсан. Дадлага хийх үеэрээ боловсруулалт болон төлөвлөлт хийх, бусадтай харилцах тал дээр ихийг сурсан. Би өөрийгөө дотогшоо хүн юм байна гэсэн ойлголттой удаан явсан юм. Гэхдээ үгүй юм байна лээ. Би гадагшаа буюу илүү нээлттэй хүн юм байна гэдгээ энэ үед олж мэдсэн юм.
Үйлсээгийн хувьд одоогоор MASA дээр ямар дадлага хийж байгаа вэ?
Миний хувьд Essay consultation PROGRAM буюу эссэгээ бичсэн, илгээхэд бэлэн болчихсон хүүхдүүдэд туслах зорилготой хөтөлбөр дээр ажиллаж байна.
PIZZAHUT, KFC-д дадлага хийх, MASA-д дадлага хийх ямар ялгаатай байсан вэ?
PIZZAHUT, KFC зэрэг нь Таван Богд группийн охин компаниуд бөгөөд, би тэнд дадлага хийсэн ч, хийхгүй байсан ч тэдгээр компаниудын ажил нь хэвийн явагдана. Харин Америкт төгсөгчдийн холбоон дээр би бусадтайгаа нэг болоод, хүн бүр тодорхой асуудал хариуцаад ажилладаг болохоор, хэрвээ би хариуцсан ажлаа сайн хийхгүй бол багийнхаа амжилтаас хойш татах учраас хичээх хэрэгтэй гэсэн үг л дээ. Би өөрийгөө хэрэгтэй, чухал хүн гэдгээр мэдэрч, тэр хэмжээгээрээ хариуцлагатай байна гэсэн үг.
Үйлсийн хувьд ямар ялгаатай байсан вэ?
Миний хувьд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг дээр дадлага хийж байхад 20-30 хүүхэдтэй багийн нэг хэсэг байсан учраас эзлэх байр суурь, үүргийн хувьд бага байсан байх. Харин Америкт төгсөгчдийн холбоонд дадлагажигч хийх үед маш хариуцлагатай байхыг, нямбай байхыг, сайн зохион байгуулалттай байх ёстой зэргийг суралцаж байсан юм.
Мөнх-Эрдэнэ яагаад жилийн чөлөө авсан вэ? Энэ хугацаагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
Би ахлах сургуулиа төгсөөд МУИС, ШУТИС зэрэг сургуулиудад сайн бэлдээд орох боломж байсан уу гэвэл тийм. Гэхдээ миний хувьд гадны улс оронд дээд боловсрол эзэмших хүсэл маань илүү их байсан. Тиймээс өөрийн сонирхлын дагуу MASA дээр дадлагажигч хийнгээ Америкийн их дээд сургуулиуд руу материалаа явуулах гээд Англи хэлээ сайжруулангаа бэлтгэлээ хангаж байна.
Ирэх хичээлийн жил эхлэхэд Америкт сурахаар оччихсон байх нь ээ тийм үү?
Миний хувьд Солонгосын зарим их сургууль руу материалаа явуулчихсан байгаа. Тэр хариу яаж ирэхээс хамаараад Америкт сурах уу, Солонгост сурах уу гэдгээ шийдэх юм.
Сая 10 сард Солонгост очоод ирсэн гэсэн. Тэр тухайгаа бидэнтэй хуваалцаач?
Миний Англи болон Солонгос хэлний түвшин тийм ч сайн байгаагүй. Тийм болохоор Солонгос хэлийг сургалтын төвд сууж суралцахаар шийдсэн юм. Сургалтад хамрагдаад явж байх явцдаа тухайн сургалтын төвөөсөө зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцож түрүүлээд, Солонгос руу 7 хоногийн хугацаатай залуучуудын чуулга уулзалтад оролцох эрхээр шагнуулсан юм. Тэр чуулга уулзалтаас их зүйлийг сурсан. Заримтай нь цахим сүлжээнд найзууд болоод, одоо холбоотой байдаг.
Үйлсийн хувьд одоо ахлах ангийн сурагч шүү дээ. Америкт суралцах бэлтгэлээ хэрхэн хийж байгаа вэ?
Суралцахыг хүсэж буй сургуулиудаа тодорхойлно. Юу хийвэл би тухайн сургуульд тэнцэх вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Цагийн зохион байгуулалт сайтай байхын тулд хийх зүйлсээ төлөвлөнө. Өөрийн танилцуулга, эссэ зэрэгтээ бэлдэнэ.
Үйлсээ IELTS, TOEFL-д бэлдэж байгаа юу?
Би IELTS-ын ном аваад бэлдэж байгаа. Унших болон сонсох дасгалыг тогтмол хийж байгаа. Би энэ хоёр чадвараа илүү сайжруулах хэрэгтэй байгаа. Мөн өдрийн тэмдэглэл хөтөлж байгаа нь надад их хэрэг болж байгаа. IELTS-д бэлдэж болохоор үнэгүй сайтууд олон байдаг. Мөн YOUTUBE байна.
Үйлсээ Англи хэлээ хэрхэн сайжруулж байсан вэ?
Тэр үед хөл хорио тогтоосон байсан цаг болохоор дүрмийн ном аваад гэртээ уншсан. Мөн шинэ үгийн сангаа нэмэгдүүлэхийн тулд шинэ үг цээжилдэг байсан.
Мөнх-Эрдэнэ Англи хэлээ хэрхэн сайжруулж байсан вэ?
Тухайн цаг үе бол хөл хорионы үе учраас нэг талаасаа суралцах боломж нь бага юм шиг боловч нөгөө талаасаа гэртээ байгаа урт хугацаагаа сайн ашиглаж чадвал давуу тал болох байсан. Миний хувьд YOUTUBE дээр цуврал Англи хэлний хичээл үзээд, тэрнээсээ сурсан зүйлсээ ашиглаад Discord аппликэйшн дээр гадаад хүмүүстэй ярилцдаг байсан. Нэг өдөр үзсэн хичээлээсээ тодорхой асуулт гаргаад, тэр асуултаа гадаад хүмүүсээс асуух байдлаар суралцаж байсан.
Мөнх-Эрдэнэ ямар хоббитой вэ?
Би мэтгэлцээний клубт явдаг. Энэ зүйлд маш сонирхолтой. Өөр нэг хобби нь видео контент хийх дуртай. YOUTUBE дээр суваг нээгээд хааяа бичлэг хийдэг. Гэхдээ сүүлийн үед сайн цаг гаргаж амжихгүй байгаа.
Мөнх-Эрдэнэ маань мэргэжлээ сонгосон уу?
Миний сонгосон мэргэжил маань хот төлөвлөлтийн инженер юм. Багаасаа барилга байшин барьж тоглох дуртай хүүхэд байсан учраас энэ мэргэжлийг сонгосон.
Харин Үйлсээгийн хувьд ямар хоббитой вэ?
Подкаст сонсох дуртай. Урам өгөх бичлэг үзэх дуртай. Хааяа дугуй унадаг. Бичлэг хараад гитар, төгөлдөр хуур тоглож сурсан. Гэртээ ганцаараа байхдаа дуу дуулах дуртай.
Үйлсийн хувьд бага, дунд ангийн дүү нартаа өгөх зөвлөгөө байна уу?
Дунд ангийн дүү нартаа хэлэхэд олдож байгаа цагаа сайн ашиглаарай. Хичээлийн дүнгүүдээ сайн гаргуулах нь чухал шүү. Мэргэжлийнхээ чиг баримжааг мэдэж байгаа бол түүндээ алхам алхмаар бэлдээрэй. Гадаадад суралцахын тулд 10-р ангиасаа бэлдэж эхэлбэл зүгээр шүү. Ингэхийн тулд 7-8-р ангидаа ямар чиглэлээр сурахаа бодчихсон байвал зүгээр шүү. Мэргэжил сонголт гэдэг төгсөх ангид ороод боддог зүйл биш юм шүү. Эртнээс бага багаар бэлтгэлтэй байгаарай гэж хэлмээр байна.
Мөнх-Эрдэнэ бага, дунд ангийн дүү нартаа хандаж юу гэж зөвлөх вэ?
Сая Үйлсийн хэлсэнтэй адилхан эртнээс бэлдэж эхлээрэй. Боломж ирэхийг хүлээх биш өөрөө бий болгоорой. Бэлэнчлэн сэтгэлгээгээр битгий хандаарай. Өөрөө хүсэх л юм бол хэл сурах маш олон үнэгүй суваг, хичээлүүд байгаа тэдгээрийг олоод ашигладаг байгаарай гэж хэлмээр байна.
За тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирээд үе тэнгийнхэндээ, дүү нартаа хэрэгтэй мэдээлэл өгсөн та хоёртоо баярлалаа. Цаашдынх нь сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсье. Манай энэ удаагийн дугаар ийнхүү өндөрлөж байна. Дараа дахин уулзтлаа түр баяртай сонсогчид оо.