Энэ удаагийн дугаарт маань АНУ-ын Вашингтоны их сургуульд барилгын инженер мэргэжлээр бакалавр болон магистрын зэрэг, компьютерын инженерийн магистрын зэрэг хамгаалсан Google компанийн ажилтан Цэнгүүн оролцож байна.
Сайн байна уу? Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
Сайн байна уу? Намайг Цэнгүүн гэдэг. Би 2011 онд 1 дүгээр бүрэн дунд сургуулийг төгсөөд нэг жил орчим МУИС-д сураад, Америкт үргэлжлүүлэн бакалаврын зэрэг хамгаалахаар яваад 2016 онд Вашингтоны их сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Тэгээд тухайн сургуульдаа жилийн дараа мастераа энэ мэргэжлээрээ хамгаалж, мөн хоёр дахь мастераа компьютерын шинжлэх ухааны мэргэжлээр 2019 онд хамгаалсан. Түүнээс хойш Google компанид ажиллаад хоёр жил гаруй болж байна. Би дунд сургуулийн тооны ангид байх хугацаандаа тооны олимпиадад их оролцдог байсан болохоор англи хэлэндээ цаг зав зарцуулж байгаагүй. Анх Америк явах хүсэлтэй болоод л англи хэлэндээ анхаарч эхэлсэн.
Америк явахад өөр ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?
Тухайн үед ээж аав хоёр маань намайг гадаадад суралцахыг их дэмждэг байсан. Анх Япон луу явах сонирхол их байсан тийм учраас математик физик англи хэлээ бэлдэх хэрэгтэй юм байна гэж бодоод явдаг байсан. Намайг 10-р дугаар ангид байхад анх удаа Монголын засгийн газраас шинжлэх ухааны салбарын хүүхдүүдэд тэтгэлэг өгөхөөр зарлагдсан. Тухайн тэтгэлгийн шаардлагуудыг нь судлахад эхний ээлжид математик, физик, хими улсын олимпиадаас медаль авсан эсвэл олон улсын олимпиадад оролцож байсан мөн дээрээс нь топ 50 сургуульд багтвал тэтгэлэг олгоно гэсэн байсан. Тэгээд 11-р ангидаа зорьж бэлдээд дараагаар нь англи хэл болон тоогоо маш сайн бэлдэх ёстой юм байна гээд бэлдэж эхэлсэн.
Тэтгэлэгт хамрагдахын тулд хэрхэн, ямар цагийн хуваарьтай бэлддэг байсан бэ?
TOFEL, IELTS хоёрт бэлдсэн. TOFEL дээр эсээ бичиж, маш их үг цээжилж бэлдэж байсан боловч нэг их үр дүнд хүрээгүй. Шалгалтын уншлагын хэсэг нь хүнд байсан. Дараа нь хараад байхад би маш сонин аргаар бэлддэг байсан юм билээ. Гудамжаар явж байхдаа үг сонсоод явдаг байсан дараа нь нөгөө үгнүүд нь өгүүлбэр дунд ороод ирэхлээр энэ чинь юу билээ гээд мартчихдаг юм билээ. Ер нь өдөрт 20 үг цээжилнэ гэдэг надад сайн арга гэж санагдаагүй. Эсээ бичиж байхдаа тэр үгнүүдээ оруулж бичих нь чухал юм билээ. Цаг гарвал үг цээжлэхдээ хэтэрхий их анхаарал хандуулах шаардлага байгаагүй юм байна гэж боддог.
Бакалавр болон магистраа 2 өөр мэргэжлээр Америкт хамгаалсан юм байна. Ер нь Америкт суралцахад бакалавр болон магистрын ялгаа ямар байсан бэ?
Америкт бакалавр хоёр янз байдаг болохоор энэ ялгааг нь дурдъя. Нэг нь Liberal Arts коллеж нөгөөх нь их сургууль. Liberal Arts коллеж нь 4 жилийн сургууль мастер, доктор зэрэг байхгүй цөөхөн сурагчидтай, сул тал нь мастер докторын оюутнууд байхгүй болохоор судалгаа хийх тал дээр жаахан сул байдаг. Надад их сургууль нь багштайгаа сайхан танилцаад судалгаагаа хийгээд явахад зүгээр юм шиг санагдсан. Надад барилгын инженерийн салбар сургуульдаа багшийн туслах, судалгаа хийх боломж олдсон. Бакалаврт сурах нь өнгөцхөн мэдлэгүүдийг сайн авдаг гэж ойлгож болно. Эхний хоёр жилдээ ерөнхий хичээлүүд үзээд явдаг. Дараагийн хоёр жилдээ нарийвчилсан хичээл үзээд явдаг гэхдээ гүнзгийрдэггүй. 4-р курст магистрын хичээл авч болдог. Тэр хичээлүүд нь нэлээн гүнзгийрч үздэг санагдсан. 4-р курсээ төгсөхдөө нэлээн дээр жагсаж төгссөн. Дараад нь магистртаа ороод эхний семестр нэлээн хүнд мэргэжлийн хичээлүүд хэцүү байсан. Эхний магистраа хийсний дараа 2 дахь нь маш амархан байсан. Хэрвээ та бүхэн дунд сургуульд сайн сурагч байсан бол их сургуульдаа ч гэсэн сайн сурагч байх болно. Яагаад гэхлээр аль хэдийн сурах арга барил тогтсон байдаг.
Хэрвээ магистрын зэргээ бакалавраа төгссөн сургуульдаа биш өөр сургуульд шилжвэл бол Grad-school funding аа авах боломжтой юу?
Их сайхан асуулт байна. Би магистрт орохдоо сургуулиасаа тэтгэмж авсан. Тухайн үед надтай хамт арван хүүхэд байсан санагдаж байна. Магистртаа тэнцэх үү үгүй юу гэдэг нь нээх асуудал биш, харин тэтгэлэг авах уу үгүй юу гэдэг нь чухал. Багшийнхаа удирдлага доор судалгаа хийсний үр дүнд 3-р курстээ дүнгийн тал дээр маш сайн болдог. Хэрвээ 2-р курс төгсөөд судалгаа хийгээгүй бол 3-р курс төгсөөд тэр зун нь мөн судалгаа хийх хэрэгтэй. Энэ өөрөө маш чухал. Судалгаа хийснээр голч сайжирна. Тэгснээрээ магистрын тэтгэлэг олоход амар болно. Түүнээс гадна багштайгаа ажиллаад үзсэн байхад давуу тал болно.
Америкт сургалтын төлбөрөөс гадна амьжиргааны зардал их өндөр шүү дээ. Таны хувьд сургуулийн тэтгэлэг авсан. Харин амьжиргааны зардлаа яаж олж байсан бэ?
Төрийн сангийн тэтгэлэг анх гарч ирж байхдаа амьжиргааны зардлыг даадаг байсан боловч 2014 оноос больсон. Эхний хоёр жилдээ би ажиллаж байгаагүй хэдий ч дараагаар нь кампус дотроо ажилд орсон. Цагийн 13 долларын цалинтай ажилласан. Сарын 1000 доллар цалин авч байсан болохоор хоолны мөнгө бол хангалттай хүрдэг байсан. Гэхдээ байрны мөнгө арай хүрдэггүй байсан. Сургуульдаа судалгаа хийгээд цалинжаад явдаг байсан учраас л хоолны мөнгө байрны төлбөрт хүрдэг байсан. 2 дахь магистр дээрээ тэтгэлэг авч чадаагүй хэдий ч судалгааны ажилд ороод цалинжаад явж байсан. Бас амьдарч байсан хотын хувьд өртөг багатай хот байсан болохоор амьжиргааны зардал 800 долларт хангалттай багтдаг. Зун нь ажиллаж мөнгөө хадгалаад дараа жилээс нь төлбөрөө төлдөг байсан.
Мэргэжлээ сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан бэ?
Сэтгэлийн хөдөлгөөнөөр биш бодитоор сайн харах ёстой юм шиг санагдсан. Миний харж байсан алдаа бол инженерийн цалинг дутуу үнэлсэн явдал юм. Америкийн хувьд барилгын инженерийн цалин муу, үнэлгээ бага байсан нь өөрийнхөө алдаа гэж бодсон. Төгсөөд ажиллах мэргэжлийнхээ дундаж цалин, эрэлт нийлүүлэлтийг сайн хараарай. Тухайн мэргэжлээ нэлээн сайн судалж үзэх ёстой. Миний хувьд барилгын талбай дээр каск өмсөөд ажиллана гэж бодож байсан бол бодит байдал дээр оффисоос нээх гардаггүй, тооцоо хийгээд суудаг ажил байсан. Компьютерын инженерийн хувьд юу хийх нь их тодорхой байдаг. Энэ хоёр мэргэжлийн хувь цалингийн хувьд ч их ялгаатай. Барилгын инженерийн дундаж цалин 60-70 мянган доллар, харин компьютерын инженерийн хувьд 90 мянган доллар авах жишээтэй.
Google компанид ажиллаж байгаа сэтгэгдлээ хуваалцаач.
Google бол Америкийн топ компани. Ажилчдадаа их анхаарал хандуулдаг сайн компани. Дөнгөж төгссөн хүнийг жилийн 185,000 доллароор цалинжуулдаг, хоолны хувьд Buffet төрлийн гал тогоотой гэх зэрэг хангамж маш сайн. Ундаа, ус, амны зугаа зэрэг юмнуудыг үнэгүй хүссэнээрээ авах боломжтой. Үнэгүй виски, шар айраг бас байж байдаг. Массаж болон саун, бассейн бүгд үнэгүй. Өдрийн цайны цагаараа ороод унтаж болдог унтлагын өрөө гэж байдаг. Урамшуулал маш сайн өгдөг. Ийм сайн компани байдаг шүү гэж бодоод энэ бүгдийг ярилаа. Google гэж компани дэлхий даяар 300,000 ажилчидтай дэлхийн топ 3 компанийн нэг юм. Youtube, gmail гэх зэрэг маш олон үйл ажиллагаа явуулдаг. Миний хувьд гоё зүйл нь юу вэ гэвэл нэгэнтээ Google-ийн босгыг даваад ороод ирсэн болохоор маш сайн ханддаг. Жишээ нь манай менежер даалгавар өгөөд, тухайн даалгавар хоёр долоо хоногийн хугацаандаа дуусаагүй бол менежер нь өөрийгөө хугацаагаа буруу өгсөн юм байна гэж боддог. Нэг нэгнийгээ зэмлэнэ гэж байдаггүй. Нэгэнтээ ороод ирсэн юм чинь сайн гэдгийг нь мэдэж байгаа болохоор сөрөг нөлөөтэй зүйл ерөөсөө байхгүй. Америкт бакалавр, магистраа хийсэн бол ажилд орох боломж илүү өндөр байдаг. Мэдээж олон шат дараалалтай байдаг гэвч товчхондоо иймэрхүү байна.
Анх компьютерын мэргэжлээ сонгохдоо Google-д ажилд орно гэж бодож байсан уу?
Үгүй. Эхлээд бол бүтэн цагийн ажилд орчих юм сан гэж бодож байсан. Би өөрийгөө том компанид ажилд орно гэж төсөөлж ч байгаагүй ээ. Миний хувьд бараг 100 гаруй компани руу мэйл бичсэн боловч ганцхан Google намайг ажилд авсан. Мэдээж их баярласан бас их гайхсан. Дадлага сайн хийсэн учраас дараа нь сургуулиа төгсөөд шууд л Google-руу орох өргөдөл өгсөн. Тэгээд дахиж ярилцлага авсан. Одоо бодоод байхад өөрийгөө их дутуу үнэлдэг байсан юм билээ.
Америкт байх үеийн дурсамжуудаасаа хуваалцаач?
Вашингтоны их сургуульд сурч байхдаа хоёр унтлагын өрөөтэй өрөөнд гурвуулаа амьдарч байсан үед маш хөгжилтэй сайхан дурсамжууд бүтээсэн. Ихэвчлэн нэг өрөөнд нэг оюутан байдаг бол олуулаа амьдрах нь илүү гоё юм шиг санагдсан. Найз нөхөдтэйгөө хамт өнгөрөөсөн цаг мөч хамгийн сайхан дурсамж үлдээсэн.
Вашингтоны их сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцахад хэр ээлтэй юм шиг санагдсан бэ?
Манай ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бол байгаагүй гэхдээ нэг хоёр дугаар курст тэргэнцэртэй оюутантай хамт хичээл үзэж байсан. Тэгэхэд л их анзаарч эхэлсэн. Бүх лекцийн танхим нь налуу замтай, лекцийн танхимын хамгийн урд тэргэнцэртэй иргэдэд зориулсан хэсэг байсан нь хамгийн урд суух боломжийг нь бүрдүүлсэн байсан. Дээрээс гараараа татахаар бууж ирдэг ширээ байсан, Сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулж лекц орж байхад аудио бичлэг хийж автоматаар доор нь хадмал гарч ирдэг байсан. Бүр солгой гараар бичдэг оюутнуудад ч хүртэл хэрэглэх зориулалтын ширээ байдаг байсан.
Америкт суралцах хүсэлтэй залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ?
Алсын хараагаа сайн харж яваарай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл Америкт суралцах гэж очих зорилготой гэж бодож байгаа ч яг үүний дараа яах бэ гэдэг алхмуудаа бодож явах ёстой юм шиг санагдсан. Тэрний төлөө амбицтай зүтгэж байвал болно доо.
Та бүхэн подкастын энэ дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх платформуудыг ашиглан сонсоно уу.
Нийтлэл бичсэн: Ч. Тунгалагтуяа│ Хянан засварласан: А. Болормаа