Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Та өөрийгөө танилцуулна уу.
Нэр Эрдэмбилэг, Улаанбаатар хотод төрсөн, гэр бүл маань Баянхонгорынх, Хөвсгөлийн хүн. Сонирхолтой зүйл гэвэл миний хувьд анхнаасаа Монгол боловсролын замаар яваагүй, цэцэрлэгээсээ эхлээд л Орос боловсролын системээр явсан. Орос 14-р сургуулиас ихэнх боловсорлоо эзэмшсэн. 16-н настайдаа би АНУ яваад тэндээ High school төгсөөд бакалаврт орсон. АНУ-д 11 жил болсны дараа 2011 онд эх орондоо ирээд дөрөв таван жил ажиллаад магистр сурахаар Япон явж бизнес удирдлагын магистраар төгсөөд түүний дараа хоёр болон гурав дахь магистраа АНУ-ын “The University of Chicago”-д болон Английн “London School of Economics” төгсөөд ирсэн дээ.
Тэгэхээр багаасаа л Орос сургуульд сурч байсан гэлээ. Англи хэлийг анх хэрхэн яаж сурсан бэ? Хүүхдүүдэд зөвлөгөө өгвөл яаж сурвал зүгээр байдаг вэ?
Эхэндээ би англи хэлний тааруухан сурагч байсан яагаад гэвэл тэр үед гэрийнхэн гадаад яваад ирэхдээ англи хэл дээр кино явуулдаг байсан. Тэр кинонуудыг үзээд хэлийг нь ойлгохгүй тэгж л ер нь англи хэлийг илүү сонирхсон юм. Тэгээд л 7,8 дугаар ангиасаа ганцаарчилсан сургалт Орос багшаас аваад миний англи хэл нэлээд дажгүй болоод TOFEL өгч АНУ яваад жигдэрсэн дээ. Ер нь бол ангид сурахад бас хэцүү л юм билээ. Хамгийн зөв арга бол яг тэр оронд нь очоод, англи хэлээр ярьдаг нийгэмд ороод сурах нь хамгийн хурдан арга байсан. Ямар ч монгол, орос хэл оролцуулахгүйгээр шууд англи хэлээр харилцаад л явах нь хамгийн зөв арга байсан.
Та яагаад заавал 16-тайдаа АНУ руу сурахаар явсан вэ? Юу танд нөлөөлсөн вэ?
Ер нь гэр бүлийн нөлөө хамгийн их байсан. Манай аав, ээж хоёр эгчийгээ дагаад АНУ-д сур гэж зөвлөдөг байсан. Мөн хэлийг нь сурчихсан учраас өөрийн маань сонирхол ч их байсан. Манай арван жилийн багш нар чи өөрийнхөө давуу талаа ашиглаад Оросод, Монголдоо биш олон улс руу сураад ирсэн нь дээр шүү гэж зөвлөж байсан учраас ер нь шийдвэр гаргахад амархан байсан. Очоод ганцаараа биш тэнд эгч маань байгаа болохоор АНУ-ыг зорьсон доо.
Бакалавраа мөн АНУ-д хийсэн байна. Ямар мэргэжлээр сурсан вэ? Яагаад тэр мэргэжлийг сонгосон бэ?
Миний хувьд багаасаа тоондоо сайн хүүхэд байсан учраас шууд л санхүү нягтлангаар сурсан. Бага байхад яг ямар мэргэжлээр сурах талаар ер нь бодоогүй, тэр үед бидэнд тийм хүмүүжил байгаагүй, зүгээр л чи үүгээр сур гэдэг л цаг үе байсан. Тэгээд АНУ-д очоод сургуулиас маань надад чи ямар мэргэжлээр сурах гэж байна? Чиний дүнг хараад байхад чи ер нь тоондоо сайн юм байна чи бизнесээр сур гээд л намайг оруулчихсан, тэгэхээр нь би за гээд л ямар ч тийм төлөвлөгөө байхгүй яваад л орчихсон. Тэр нь миний хувьд бизнесийн чиглэлээр сурсан нь зөв болсон, төгсөөд шууд NEW YORK-ын мэргэжлийн нягтлан бодохын кампанид татварын шинжээчээр орсон. Тэндээ хоёр гурван жил ажиллаад монголдоо ирээд PWC гээд олон улсын аудитын компанид 2011 онд ороод дөрвөн жил ажиллаж байгаад гарсан даа. Тэр л миний мэргэжлийн карьерын эхлэл хамгийн зөв шийдвэр байсан. Яагаад гэвэл аудит гэдэг чинь олон компаниар явж тайлан судална, дотоод үйл ажиллагааг судална, дотоодын асуудал бүртэй нь тулж ажиллана. Их зүйл сурсан, бараг л бакалавраасаа илүү зүйл сурсан.
Бакалаврт сурсан чиглэлээрээ магистрт сурсан уу? Өөр чиглэлээр сурсан уу?
PWC-ээс гараад дараа нь би төрийн байгууллагад ажиллаж үзье гээд санхүүгийн зохицуулах хороонд жил гаруй ажилласан, тэнд олон сайхан хүмүүстэй танилцсан. Тэр үед хороо маань менежментийн асуудалтай байсан болохоор олон дарга солигдоод ажиллахад ер нь хүндэрсэн, тухайн үед надад менежментийн туршлага байгаагүй учраас том шийдвэр гаргахад мэдлэг дутагдаж байгааг мэдэрсэн. Тэгээд ер нь бизнесийн удирдлагын магистраа хийе гэж шийдсэн. Тэгээд өмнө нь АНУ-д сураад үзчихсэн англи хэлтэй байсан учраас өөрийгөө бүр шинээр нээж илүү сорьж үзье гээд Япон улсыг сонгосон юм. MBA-гээ Японы Субашитийн их сургуульд магистр хийсэн, тэнд ер нь бүх л төрөлд миний хөлийг дүрж өгч, чиглэл бүрээс хичээл үздэг байлаа. Жишээ нь санхүү, маркетинг, IT гэх мэт олон зүйлээс сурахаар хүн чинь юмыг олон талаас нь сэтгэж эхэлдэг юм байна. Тэгж л би ер нь ингэх ёстой юм байна, ийм учиртай байж гээд л ухаарч авсан даа.
Манай сургуулийг төгссөн хүмүүсийн ихэнх нь төрд оролцдог давуу тал, онцлогтой байсан. Харин миний хувьд нийгмийн өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна, одоо би яг яах вэ, насаараа хувийн хэвшилд ажилласан би яаж нийгмийн бодлогыг авч явах вэ гэсэн бодлуудад яг төгсөхөөсөө өмнөх жилд илүү дарагдсан. Харин профессор багш нартайгаа ярилцсан чинь тэд надад чи ерөнхий менежмент ямар байхыг сурлаа, одоо нийгмийн бодлогоор явна гэвэл дараагийн магистраа хий гэж зөвлөсөн юм. Тэгээд би хоёр хөтөлбөрт аппликейшин өгсний нэг нь Eli University Advanced Management бизнесийн хосолсон хөтөлбөр байсан, нөгөөх нь The University of Chicago болон London school of Economics –ын хамтарсан дээд зэргийн яг л улс төрч, төрийн ажилтных шиг програм байсан. Тэгсэн Eli University- ээс надад та тэнцсэнгүй гэсэн захиа ирээд би чинь өөрийгөө голоод, ямар онцгүй юм бэ гээд зэмлээд сууж байтал миний аппликейшныг харсан профессороос намайг уулзъя гэж дуудаад чиний аппликейшныг харлаа, энэ хөтөлбөр чамд тохирох хөтөлбөр биш байна. Чи MBA-тай хүн байна шүү дээ тэгэхээр чи илүү дээшээ менежмент талаараа сурсан нь дээр гэж зөвлөгөө өглөө. Тэгж байтал яг долоо хоногийн дараа The University of Chicago- оос тэнцсэн гэсэн хариу ирээд тэгээд шууд орсон юм.
Тэгэхээр таны хувьд Японд сурч байсан, Англид мөн АНУ-д ч сурсан их онцлогтой юм байна. АНУ-д сурч байсан бусад улсыг бодвол давуу тал нь юу байсан бэ?
АНУ их өвөрмөц яагаад гэвэл чөлөөт зах зээлтэй болохоор ер нь Инноваци талдаа бүх зүйл чөлөөтэй хууль дотроо л байвал заавал бидний өгсөн номын дагуу байх албагүй, энэ ном чамд таалагдахгүй бол шууд хая, чи өөрөө сэтгээд сурвал илүү шүү гэсэн хандлагатай байдаг. Англи, Япон улс арай өөр соёлтой байдаг, аль аль нь хаант засаглалтай байдаг. Чи өөрийгөө биш нийгмээ бод, чи нийгмийн нэг хэсэг, нийгэм байхгүй бол чи байхгүй гэсэн хандлагатай байдаг. Миний сурсан эрүүл мэндийн чиглэл илүү нийгэм талдаа байсан. Яагаад гэвэл АНУ-ын эрүүл мэндийн систем бүх зүйл чөлөөт зах зээл, мөнгө л байхгүй бол уучлаарай чи эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй, өөрийн гэсэн даатгал аваагүй бол эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээ авах ёстой худлаа. Английн хувьд төрснөөсөө л нийгмийн эрүүл мэндийн даатгалтай байдаг. Ямар ч эмнэлэгт очсон боломжтой, чамайг ямар ч байсан нийгэм чинь аваад явчихна, энэ тал дээр их ялгаатай. Тэр дунд чинь би яг аль талыг нь илүү баримталж судалгаа шинжилгээгээ хийх вэ гээд л хоёр талаас хоёр өөр соёлтой багш нарын хичээл дунд яаж уялдуулах вэ гээд бухимдах зүйл ч байсан. АНУ-д ажлаа маш сайн хийж нийгмийнхээ дээр л байж чадахгүй бол хэцүү. Англи Японд эсрэгээрээ чи бол нийгмээ хаяад дээшээ гарахгүй, бид хамтдаа л дээшлэнэ шүү гэсэн хандлага байдаг.
Маш сонирхолтой байна. АНУ-д сурахад танд ямар саад бэрхшээл гарч байсан вэ?
АНУ бол чөлөөт зах зээлтэй учраас бүх зүйл их хурдан, чи л түрүүлэхгүй бол чамайг хэн ч хөтлөөд түрүүлэхгүй шүү, их хурдацтай. Өглөө лекцэд суучихлаа, оройдоо судалгааны ажлаа хийнэ, тэгж байтал өдөр өнгөрнө. За өнөөдөр үүнийг хийчихлээ, маргааш ингэнэ, миний зорилготой яг яаж уялдах уу гэх мэт бодох цаг ер нь л байхгүй, шууд л таг таг гээд л өдөр дуусчихна. Тэгж байтал бүтэн улирал дуусчихна тэгээд амрахаа л бодно. Тэгэхээр бүр хичээл эхлэхээс өмнө миний зорилго АНУ-д олж авсан боловсролоо хийж байгаа зүйлтэйгээ ингэж уялдуулна гээд сайн бодох хэрэгтэй юм билээ. Дата судалгаа гэдэг чинь түүхийг судлаад нийгмийн бодлогыг өөрчлөх асар их хариуцлагатай ажил байдаг, энэ тал дээр надад туршлага байгаагүй учраас шантармаар санагдах үе байсан. Тэгээд профессор дээрээ бараг уйлж ороод энэ тал дээр үнэхээр чадахгүй зүйл байна, яг яах вэ? гээд зөвлөгөө аваад суралцаж байсан юм.
АНУ-д сурахад өндөр зардалтай байдаг шүү дээ. Оюутнууд янз бүрээр л шийддэг. Таны хувьд сургалтын төлбөрөө хэрхэн яаж шийдсэн вэ?
Манай компани ажилтнуудаа хөгжүүлэх тал дээр их хариуцлагатай ханддаг. Манай эмнэлэг гэхэд байнгын л сургалт хийж мэргэжил дээшлүүлэх тал дээр анхаарч ажилладаг юм. Тэр дунд нь би менежментийн тал дээр ажиллаж байгаа болохоор эрүүл мэндийн нийгмийн бодлого талаар их мэдлэг дутаж байна. Энэ тал дээр суралцах хүсэлтэй байна гээд санхүүгийн туслалцаа авч кампаниас даагаад л сурч байсан. Ер нь манай том уурхай, олон улсын харилцаатай компаниудыг их өндрөөр үнэлж явдаг, залуучууд, ажилчдын хөгжилд анхаарч байгааг нь нийгмийн хариуцлага өндөр байна гэж хардаг.
Та АНУ-д суралцаж байх үеийн хамгийн сайхан дурсамжуудаас бидэнтэй хуваалцаач.
Ер нь өнгөрснөө бодоход сургалтын үеэр байсан найз, нөхөд багынхан маань сайхан санагддаг. Одоо хэрэн ангийнхантайгаа холбоотой байдаг, тийм гоё нийгмийн харилцаа уур амьсгалд ажиллаад хэчнээн тухайн үед Chicago-д эдийн засаг хямраад, амаргүй цаг байсан ч багынхантай байсан цаг үе сайхан байсан. Хичээлүүд хүнд байсан ч гэсэн бие биедээ зааж өгөөд, нэгэндээ туслаад, манай ангид л гэхэд 20 гаруй хүүхдүүд байснаас 10 гаруй улс орны төлөөлөл байсан; Арабаас ирсэн, Германаас ирсэн, Грекээс ирсэн гэх мэт тэднийгээ их үгүйлдэг юм. Тэгээд мөн “The University of Chicago”-д болон “Английн London School” ямар сайн багш нартай билээ, яаж тийм их мэдээлэл цуглуулаад түүнийгээ боловсруулаад ярьж чаддаг юм бол? Тийм мундаг дэлхийн төвшинд бодож сэтгэж чаддаг хүмүүсээс суралцахаар чинь би бол үнэхээр өөрийгөө болоогүй байна, амьдрал яагаа ч үгүй байна л гэж бодсон.
АНУ-д сурах нь өнөөдрийн Эрдэмбилэг гэдэг хүн бий болоход хэрхэн нөлөөлсөн бэ?
Боловсрол эзэмших, боловсролтой хүн гэдэг чинь хоёр өөр асуудал юм байна гэж би ойлгосон. Дипломтой хүн бол боловсрол эзэмшсэн л хүн байгаа юм, жишээ нь би өөрийгөө одоохондоо боловсролтой хүн гэж хэлмээргүй байна. Яагаад гэвэл боловсролтой хүн өөрийгөө насан туршдаа сурна л гэж боддог юм байна. Өдөр бүр л шинэ зүйл бүтээгдэж байна, дэлхий даяар л шинэ дата мэдээлэл үүсэж байна, тэгэхээр мэдлэг гэдэг бол зогсох ёсгүй л зүйл юм байна.
Та мэргэжил сонголтын талаар хүүхэд залууст өөрийн зүгээс зөвлөгөө өгөөч.
Өнөөдөр зах зээлд ямар мэргэжил илүү хэрэгцээтэй байна, жишээ нь нягтлан бодох, санхүүгийн мэргэжил байнга хэрэг болно. Гэхдээ өөрийгөө яг ямар талаараа илүү сонирхолтойгоо тодорхойлж амжаагүй залуус эхний ээлжинд Liberal Arts шиг бүх талаас нь хичээлийг заадаг, бүх чиглэлд гарыг чинь дүрж өгдөг тийм хөтөлбөр сонговол зүгээр санагдсан. Магистрын ихэнх хөтөлбөр та ажлын туршлагатай байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг, зорилгоо тодорхой болгоод тэр чиглэлээрээ л явсан дээр байдаг. Манай залуус дандаа л сургуулийнхаа нэрийг нь хардаг, дандаа эрэмбийг нь хардаг, АНУ-д бол хэдэн мянган сургууль бий, бүгд өөрийн гэсэн онцлогтой тэгэхээр заавал том мундаг сургуульд явж байж мундаг болно гэсэн үг биш шүү, өөрт чинь яг юу хэрэгтэй байна гэдгээ тодорхой болгоод түүнийхээ дагуу зөв сургуулиа олж аваарай гэсэн зөвлөгөө өгмөөр байна. Ер нь бол нэр хүнд, эрэмбэ дараалал гэдэг чинь тухайн сургуулийн бодлого шүү дээ, бизнес байхгүй юу. Манай залуус үүн дээр нь их ач холбогдол өгөөд гутраад би тэр мундаг сургуульд нь орохгүй бол би хэн ч биш гэж хандах гээд байдаг, тэр ёстой биш шүү.
Олон талаас нь олон мэргэжлээр сураад ирлээ. Одоо та сурсан мэдсэнээ хэрхэн хэрэгжүүлж байна? Өөрийнхөө хийдэг ажлаа бидэнд танилцуулаач.
Миний үндсэн хийдэг ажил бол Social Medical Mongolia гээд олон улсын эмнэлэгт ерөнхий менежментээр ажилладаг. Харин миний сурсан чиглэлээр нийгмийн бодлогын талаасаа эрүүл мэндийн бодлогыг өөрчлөх үү? Жишээ нь манай даатгалын систем маань өөрөө улсын эмнэлэгт л үйлчлүүлэх эрхтэй хувийн эмнэлэгт хандах боломжгүй байдаг, энэ тогтолцоо өөрөө буруу юм. Эрүүл мэндийн салбар маань өөрөө хөгжихөө больчихож байгаа юм. Эрүүл мэндийн даатгалаа хувийн хэвшлүүдэд оруулж ирээд, хувийн эмнэлгүүдийг даатгаж эхэлбэл хувийн, улсын эмнэлэг бүгд өрсөлдөөд хөгжөөд эхэлнэ. Тэр тохиолдолд хүн хамгийн сайн эмч дээрээ, хамгийн сайн үйлчилдэг эмнэлэг дээрээ л очно шүү дээ. Манайх чинь түргэн тусламжийн эмнэлэг учраас анхан шатны үйлчилгээ үзүүлээд улсын эмнэлэгтээ хүлээлгэж өгдөг, тэгж улсын эмнэлэгтэйгээ хамтарч ажилладаг.
Хоёр дахь ажлаараа нийгмийн бодлого ба хог боловсруулах эрчим хүчний төсөл дээр ажиллаж байна. Энэ жилдээ манайх Монголын анхны хог боловсруулах эрчим хүч үйлдвэрлэх станц барьж эхэлнэ. Манай улсад хот дотроо гурван том хогийн цэг байна; Морингийн даваа, Нарангийн энгэр, Цагаан чулуут, үүнийг бид цэвэрлэх хэрэгтэй байна гэсэн зорилго байдаг юм. Хог бол хог биш, хог бол баялаг гэсэн философийн үзэл бодол байдаг. Миний сурсан нийгмийн бодлогын талаас хийх зүйл их байна. Үгүй бол манай улсын хогны асуудал хэрээс хэтэрч байгаа, 93%-ыг нь хот дотроо шууд булж байгаа нь 21-р зуунд үнэхээр хоцрогдсон тогтолцоо шүү дээ.
Манай ярилцлага өндөрлөх дөхөж байна. Таны зүгээс нэмж уншигчдад хандаж хэлмээр байгаа зүйл байна уу?
Найзууд, журмын нөхдөө их ухаантай сонгоорой, хүмүүст ер нь хэнтэй хамт хамгийн их цагийг өнгөрөөж байна гэдэг нь их нөлөө үзүүлдэг гэж боддог. Өөрөөс чинь илүү боловсролтой, чадварлаг хүмүүсээр хүрээгээ тэлж байвал чи өөрөө ч анзаарахгүй чадваржаад л байдаг. Одоо манай залуус карьер гэж их ярьж байна. Гэвч нийгмээ орхигдуулахгүй хамт авч явж байж чи энэ нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөнө. Чи нийгэмдээ юу хийж бүтээж чадсан бэ? Энэ нийгэм болохгүй байна гэж буруутгахаасаа илүү чи юу хийсэн бэ? Чи юу ч хийгээгүй бол чамд тэр ч болохгүй энэ ч болохгүй гэж буруутгах хэрэг байхгүй. Эхлээд өөрөө өөрийнхөө чадах зүйлээ хийгээд байвал чи нийгэмтэйгээ хамт хөгжинө шүү.
За ингээд өөрийнхөө цаг завийг гаргаад туршлагаасаа хуваалцсан танд баярлалаа. Ажил амьдрал бүх зүйлд нь өндөр амжилт хүсье.
За ёстой их баярлалаа.
Та бүхэн Эрдэмбилэгийн ярилцлагыг бүрэн эхээр нь доорх холбоосоор орж сонсоорой!
Website: https://bit.ly/3sAHTmg
YouTube: https://bit.ly/3d7M7eA (Дохионы Орчуулгатай)
Soundcloud: https://bit.ly/3rCP1gY
Castbox: https://bit.ly/31pZX6T
Anchor: https://bit.ly/3rzqMjs
Itunes: https://cutt.ly/6gmbHKm
Нийтлэл бичсэн: Ч. Тунгалагтуяа | Хянан засварласан: Б.Сайнзаяа