Alumni stories

Т.Бат-Оргил "James Madison University"-ийн төгсөгч

Сайн байцгаана уу Америкт төгсөгчдийн холбооноос бэлтгэн хүргэдэг Америкт суралцсан миний түүх цуврал подкаст маань эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн дугаарт James Madison University-ын төгсөгч эрх зүйч мэргэжилтэй, MARS-V төслийн зохицуулагч Төрболд овогтой Бат-Оргил ах маань хүрэлцэн ирсэн байна.

Сайн байна уу та? Манай сонсогчдод өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу.

Сайн байна уу. Би Орос сургууль, цэцэрлэгээр хүмүүжсэн, дараа нь МУИС-ийн харьяа Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Дараа нь Хууль зүйн яаманд ажиллаж байгаад 2002 онд Америк яваад, James Madison University-д Бизнесийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад, үргэлжлүүлээд Төрийн захиргааны магистрын зэргээр сурч байгаад 2007 онд эх орондоо эргэж ирсэн. Монголд ирээд төрийн албанд ороод Уул уурхайн салбарт ажиллаж байгаад, дараа нь төрийн албанаас гарсан. Үргэлжлүүлээд хувийн хэвшилд ажиллаж байгаад одоогоор MARS-V төслийн зохицуулагчаар ажиллаж байна.

MARS-V төслийн талаар бидэнд сонирхуулаач?

Дэлхий дээр Ангараг гарагтай хамгийн ойролцоо уур амьсгалтай газар бол Монголын говь нутаг юм. Хуурай, хүйтэн, эрс тэс уур амьсгалтай, зундаа нэмэх 40, өвөлдөө хасах 50 градус хүрдэг бүс нутаг Монголын говиос өөр байдаггүй. Марс гарагтай уур амьсгалын  хувьд ойролцоо учраас Монголын говьд сансарт хэрхэн нисэх талаарх ойлголтыг авахад хамгийн ойр газар юм. Говь учраас суурин багатай, Ангараг гараг дээр болдогтой төстэй Угалз гэдэг шуурга говьд болдог. Сансарт ниснэ гэдэг өөрөө сэтгэл зүйн өндөр бэлтгэл шаарддаг. Хамт яваа багийн гишүүдээс өөр юу ч үгүй газарт хүн очно, маш жижиг талбайд 6 хүн байна. Тийм үед сэтгэл гутралд амархан орох магадлалтай байдаг. Цаашлаад амиа хорлолт үүсэж болно. Манай төсөл дэлхийн бүх томоохон сансар судлалын төвүүдтэй хамтран ажилладаг. Америк, Европын сансрын нисгэгч бэлтгэдэг улс орнуудын суралцагчид нь удахгүй Монголд ирнэ. Ангараг гараг руу сансрын нислэг хийдэг улс орнуудын хамтарсан Ангараг нийгэмлэг гэж байдаг. Манай улс саяхан отгон гишүүнээр нь элссэн. Ирэх 5 сард бид отгоо байгуулаад, эхний зочдоо хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Туршилт нь зунаас эхлэх үү?

Тийм ээ, Сансарт өвлийн бээлий шиг зузаан бээлий өмсөнө. Хоорондоо станцаар харьцана. Амархан юм шиг боловч нарийн төвөгтэй ажил байдаг.

Манай улс Ангараг гарагтай ойролцоо уур амьсгалтай гэдэг нь шинжлэх ухааны салбарт хэрхэн нөлөөлж байгаа вэ?

Зөвхөн шинжлэх ухааны хөгжилд нөлөөлөөд зогсохгүй, эдийн засагт эерэг нөлөөтэй. Одоогоор сансрын аялал жуулчлалын салбар маш хурдацтай хөгжиж байна.

Сансарт нисэх хэмжээний зардлыг гаргаж чадах хүмүүс олон болсон байна. Гэхдээ сансарт ниснэ гэдэг өөрөө өндөр эрсдэлтэй. Пуужин хэзээ ч хамаагүй дэлбэрч болно. Мөн хөөрөх болон буух үеийн агаарын даралт маш өндөр байдаг. Сансар луу 200 мянган ам.доллароор нисэх үү, манай хөтөлбөрт 20 мянган ам.доллароор хамрагдах хоёрын аль нь бага эрсдэлтэй вэ гэдгийг бодох л асуудал л даа.

Бидний хувьд сансрын аялал жуулчлалын үзүүрээс атгах боломж гэж харах хэрэгтэй. Тийм учраас хот маань өөрөө ханган нийлүүлэлт, техникийн дэмжлэгийн төв байх ёстой. Нэн түрүүнд хотыг дагасан дэд бүтцийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Эхлээд ханган нийлүүлэлтийн төв байдлаар эхлүүлээд, цаашдаа өргөжүүлж явсаар хотын хэмжээнд хүргэх юм. Цаг агаарын хувьд сийрэг, далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт байдаг, дээгүүр нь онгоц нисээд байдаггүй зэрэг нь манай орны хувьд давуу тал болох юм. Мөн геополитикийн хувьд сансрын хөгжил багатай байдал нь бидэнд завшаан болно гэсэн үг.

James Madison University-ын талаар манай сонсогчдод ярьж өгөөч?

James Madison University нь Virginia муж, Harrisonburg хот, 81-р зам дээр байрладаг. Washington DC, Roanoke 2-ын голд байрладаг. Аль аль тал руугаа хоёр цаг гаран машинаар явж очдог. Тэнд би анхны Монгол оюутан болж очиж байлаа. Үзэсгэлэнтэй байгальтай, хүмүүс нь эелдэг, ойролцоогоор 10000 гаруй хүн амтай. Оюутнууд ирэхээр тоо нь хоёр дахин ихэсдэг. Их сургуульд суурилсан хот гэж хэлж болно. Тухайн бүс нутгийн хүмүүсийн ярианы хэв маягийг ойлгоход эхэндээ амаргүй байсан. Нэг багшдаа би таны хичээлийг ийм учраас ойлгохгүй байна гээд хэлсэн чинь надад зориулаад бүх хичээлүүдээ ойлгоход амар болгоод CD дээр буулгаад надад өгч байсан.

Суралцаж байх хугацаандаа цаг төлөвлөлтийг хэрхэн хийж байсан вэ?

Мэдээж урт хугацааны дадал зуршлын хүчээр бий болдог зүйл. Шууд нэг өдөр нэг бичлэг үзээд цагаа сайн төлөвлөөд сурчихгүй. Манай ах бас Америкт суралцаж байсан. Надад хоёр зүйлийг анхааруулж захисан юм. Эхнийх нь хар тамхи, нөгөөх нь худлаа ярих. Бас Америкт сурсан нь намайг төлөвшүүлж, бие даасан, том хүн болгосон. Аливаа зүйлийг аргалаад өнгөрөх гэдэг ойлголт тэнд байхгүй. Ахлах сургууль намайг сурахуйд сургасан бол Америк намайг төлөвшихөд сургасан гэж боддог.

Америкт суралцаад ирсэн нь таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан вэ?

Маш цэгцтэй болсон гэж хэлж болно. Хуульч болно гэдэг нь миний бодол цэгцтэй байхыг шаарддаг. Америкт суралцах хугацаандаа бие даасан байдлаас гадна ажил, амьдралдаа хандаж байгаа тэдний хандлагаас олон зүйлийг суралцсан. Монголд ажлаа

тарж ирээд буйдан дээрээ хэвтдэг бол Америкт ажлаасаа ирээд хувцсаа солиод гадаа зүлэг тэгшлэх ч юм уу, нар жаргаагүй байгааг ашиглаад ажлаа амжуулдаг. Дараа нь хүүхдүүдийнхээ хоолыг хийнэ, тэдэнтэйгээ тоглоно. Орой 9 цагийн үед унтдаг. Ажил амьдралын тогтсон хэв маягтай байх нь хувийн зохион байгуулалт сайн хүний шинж юм. Хүүхдийн бага насны чухал мөчүүд л сэтгэлд нь тод үлдсэн байдаг. Аав, ээж амралтын өдрөөр ийм, ийм зүйл хийж өгдөг байсан. Байсан гэдэг үг нь өөрөө байнга давтагдах үйл, аз жаргалтай цаг мөчүүдийг дотроо агуулж байдаг.

Америкт сурч байх үеийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

Би Америк гэр бүлтэй болсон. Хүний сайнтай нөхөрлөсөн. Америкт хүн чамд тусалж байвал эргээд хариу нэхэхгүй, үнэнээрээ байдаг нь сайхан. Хөдөөний Америкийг жинхэнэ Америк гэж хүмүүс ярьдаг. Эхнэр маань бас ахуйн хүрээний олон зүйлийг тэр гэр бүлээс суралцсан гэдгээ хэлж байсан юм. Би очсон газрынхаа жижигхэн тэр хотод Монголын тухай таатай, эерэг ойлголтыг хүмүүст үлдээхийг хичээсэн. Миний хувьд пиццаны хүргэлтийг хамгийн хурднаар хийдэг байлаа. Очих цагаа минут, секундтэй нь хэлнэ. Хэлсэн цагтаа хоцролгүй очно. Тийм үед гарын мөнгө сайн өгнө. Пиццаны газрын эзэн надад миний оронд хариуцаж ажиллаад, надад хувь өгөөд байж болно гэдэг байсан. Маш том боломж шүү дээ.

Мэргэжил сонгохдоо юун дээр анхаарах ёстой вэ?

Мөрөөдлөө дага гээд хүмүүс хэлдэг шүү дээ. Тэр худлаа шүү. Чи юунд дуртай вэ гэдгээ эхлээд олох хэрэгтэй. Үүний дараа ирээдүйд багадаа 20000 цаг зарцуулах зүйл чинь мөн гэж үзвэл тууштай байх л чухал даа.

Англи хэлийг хэрхэн сурах талаар зөвлөгөө өгөөч?

Мэдэхгүй гэдгээсээ битгий ичээрэй. Мэдэхийн төлөө хичээдэг байгаарай. Хэн нэгнийг Англи хэл мэдэхгүйнх нь төлөө ичээдэг нэгэн битгий байгаарай. Хүүхэд анх хэлд орохдоо ямар зам туулдаг, бид тийм л зам туулна. Уйгагүй, мэрийлттэй, тууштай байдал чамайг амжилтад хүргэнэ. Янз бүрийн дүрэм битгий цээжил.

Ийм тохиолдолд энэ үгийг ингэж хэлдэг гэдгийг цээжлэх ёстой. Чих чинь нэг л өдөр онгойно. Мэдээ сонс, байнга давтагдаж буй үгнүүдийг нь цээжил. Тэдгээрийг цээжлээд, хэрэглээд сурсныхаа дараа яагаад гэдгийг нь харж болно.

Бидний урилгыг хүлээн авч, подкастанд маань оролцсонд баярлалаа. Таны ажил, амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе.

Намайг подкастандаа урьж оролцуулсанд баярлалаа. Миний ярьсан зүйлээс залуус маань хэрэгтэй мэдээллээ бага ч болов авсан гэдэгт найдаж байна. Баярлалаа.