Alumni stories

С.Санасэр "HARVARD KENNEDY SCHOOL"-ийн төгсөгч

Сайн байцгаана уу эрхэм сонсогчид оо. Манай өнөөдрийн зочноор Харвардын их сургуулийг Төрийн удирдлагын чиглэлээр төгссөн, МУИС-ын багш Санасэр оролцож байна. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Та манай сонсогчдод өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.

Сайн байна уу. Урьсанд баярлалаа. Намайг Санасэр гэдэг. МУИС-ын Бизнесийн сургуулийн багш, компанийн засаглалын чиглэлээр, мөн мэргэжлийн бизнесийн удирдлагын чиглэлээр компаниудад зөвлөхөөр ажилладаг. Мөн боловсролын салбар болон бүтээн байгуулалт,  гадаад зах зээл рүү гаргах өрсөлдөх чадвартай компаниудыг бий болгохын төлөө ажилладаг.

Хоёулаа яриагаа таны бага наснаас эхэлье. Багадаа ямар хүүхэд байв, хаана сурч байсан вэ?

Би Улаанбаатар хотод төрж өссөн. Аав ээж маань Булган аймгийн Сайхан, Могод сумынх. Би 50-р сургуулийг төгсөөд, 1998 онд МУИС-ын Эдийн засгийн сургуульд элсэж ороод Бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалж байлаа.

Яагаад Харвардад суралцахаар шийдсэн вэ?

Намайг 2002 онд их сургуулиа төгсөж байхад зах зээлийн тогтолцоонд шилжээд удаагүй байсан үе л дээ. Бид барууны буюу Англи, Америкийн Бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр хичээл дээрээ уншиж судалж байсан нь нөлөөлсөн болов уу. Их сургуулиа төгсөөд 2002 онд Америкийн Utah мужид хэлний бэлтгэлд суралцаж байсан юм. Тэр үед сурах зүйл их байгааг мэдэрч, ойлгож авсан юм. Гэвч ямар чиглэлээр, хаана сурахаа тодорхой болгоогүй байсан.

Бакалаврт суралцсан мэргэжлээсээ өөр чиглэлээр магистр сурсан хүний хувьд танд ямар байсан вэ?

Хэлний бэлтгэлд Америкт суралцсаныхаа дараагаар California International University-д Олон улсын Бизнесийн чиглэлээр шинжлэх ухааны магистр хамгаалж байсан. Олон улсын бизнес гэдэг нь яг юу болох тухай магистрт суралцаж эхэлснээсээ хойш сонирхдог байсан. Түүнээс хойш манлайлал, төрийн удирдлага, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр хамгийн сайн мэдлэг хаана олгож байгааг хайгаад үзэхэд Харвардын их сургууль гарч ирсэн учраас суралцахаар болсон юм.

Харвардад төрийн удирдлагын магистрын зэргээр сурахын онцлог нь юундаа байсан вэ?

Хувь хүнийхээ хувьд Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжлийн болох гэж хичээж яваа, олон нийтийн ажилд сонирхолтой, хамт олны манлайллыг хэрхэн бий болгох тал дээр санаа тавьдаг хүний хувьд олон хувилбар дундаас төрийн удирдлагын магистр мэргэжлийг сонгосон юм. Харвардын бизнес сургуулийн хичээл авъя, хөгжил буурай болон хөгжингүй орны ялгааг судалъя, мөн дотоодын их сургуулиуддаа сурахад бэрх байдаг манлайлал буюу эзэмшсэн мэдлэгээ хэрхэн бүрэн дүүрэн ашиглах талаар судална гэсэн 3 том зорилготой очсон.

Материалаа өгөхдөө дээрх зорилгуудаа тусгаж байсан уу?

Яагаад би танай сургуульд сурах ёстой, өнгөрсөн хугацаанд юу хийж байсан вэ гэдгээ сургуулийн онцлогтой уялдуулж зөв гаргаж ирэх нь зөв. Миний өнгөрсөн хугацаанд хийсэн зүйл энэ юм аа гээд хүнд харуулах зүйлтэй байх хэрэгтэй. Би магистрын түвшний тухай ярьж байгаа шүү. Дараагаар нь та яг яагаад манайд суралцахаар шийдсэн вэ гэдэг асуултад тодорхой хариулах ёстой. Ямар хичээлүүдийг ямар профессоруудаас авах гэж байгаа, төгссөнийхөө дараа юу хийх тухайгаа бичих хэрэгтэй. Боломжтой бол өөрийн сурах гэж буй сургуульдаа өөрөө очоод үзчих хэрэгтэй. Хичээлүүд нь яаж явагддаг, анги танхим нь ямар байдаг гэх зэргээ тэр орчинд өөрөө очоод биеэрээ мэдэрч үзэх нь чухал шүү.

Таны хувьд тодорхойлох захидлаа хэрхэн авч Харвардад тэнцэж чадсан вэ?

Таны тухайн сургууль руу явуулсан материал цогцоороо таныг илэрхийлж байх ёстой. Үүний тулд стратеги маш чухал байдаг. Анкет дээр маань миний ажлын туршлага байгаа шүү дээ. Түүнийгээ баталгаажуулж хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг олох нь миний хувьд чухал байсан. Академик талын захиа бичихэд тусалсан хүн нь Жон Хопкинсийн их сургуулийн профессор байсан бол төрийн удирдлагын чиглэлээр тухайн үед боловсролын яамыг толгойлж байсан хүнээс гуйж авсан юм. АНУ-даа хүлээн зөвшөөрөгдсөн сургуулийн багш нар, тухайн сургуулийг төгссөн хүн байвал сайн.

Америкт төрийн удирдлагын чиглэлээр суралцсан гэсэн шүү дээ. Мэргэжлийнхээ талаар илүү дэлгэрүүлж ярьж өгөөч?

Сайн боловсрол гэдэг одоо үед танд байгаа хамгийн том хөрөнгө гэж ойлгох хэрэгтэй. Миний зүгээс бага, дунд ангийн хүүхдүүдэд сайн боловсрол эзэмшүүлэхэд илүү анхаараасай гэж хүсдэг. Тэгж чадвал ахлах ангидаа мэргэжлээ хэрхэн сонгох талаар цаашдын ажил амьдралыг төлөвлөсөн байх болов уу. Надад 40 насанд олдсон энэ мэдлэгийг залуу үе маань эрт олж аваасай гэсэн үүднээс одоо багшилж байна. Эцэг эхчүүдийн гаргаж байгаа алдаа нь өөрөө эмч бол хүүхдээ эмч болгох гэж тулгаж байна. Түүний оронд хүүхэдтэйгээ бага дунд ангиас нь ярилцаад, сонирхсон дугуйлан, клубт нь явуулаад, хүсэл сонирхлыг нь хүндлээд, хүссэн ирээдүйг нь хамт бүтээдэг байгаарай гэж хэлмээр байдаг.

Харвардын их сургуулийн нэг өдөр хэрхэн өнгөрч байв?

Их сургуулийн амьдралаас удаан хугацаанд хөндийрөөд эргээд сурахад надад маш өндөр ачаалал ирсэн. Ялангуяа эхний жилд хичээлүүд маш шахуу орно. Түүний хажуугаар сургууль дээр зохиогддог бүлгийн уулзалтууд, үйл ажиллагаанууд нь Харвардын оюутны хувьд чухал ач холбогдолтой. Мэдлэг мэдээллээ хоорондоо солилцох боломж болж байгаа юм. Өндөр зорилготой, өндөр зардалтай аялал учраас сурч болох бүхнийг сурахыг хүссэн. Өглөөний 7 цагаас оройны 11 цаг хүртэл шахуу хөтөлбөртэй. Үдээс өмнө хичээлд суугаад, үдээс хойш сонирхолтой лекцүүдэд хамрагдаад, орой нь багаар ажиллах гэх мэтээр тархи үргэлж завгүй ажиллаж байдаг. Маш өндөр ачаалалд маш хурдан дасан зохицох хэрэг гарна. Үүний тулд эрүүл хооллолт, сайн нойр, дасгал хөдөлгөөн чухал ач холбогдолтой. Дасгал хөдөлгөөний ачаар өглөөнөөс үд өнгөртөл хичээлдээ төвлөрч чаддаг. Намайг Харвардад ганцаараа би Монгол гээд сурч байхад, манай ангид 7 Хятад оюутан, 8 Бразил оюутан сурч байх жишээтэй. Түүнийг хараад улс орон маань боловсролын салбартаа илүү анхаараасай гэдэг бодол өөрийн эрхгүй төрсөн дөө.

Америкт сурч байх үеийн сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?

Дэлхийн түвшний мэдлэг мэдээллийн дунд байна гэдэг нь сайхан зүйл л дээ. Тасралтгүй сурах процесс, сайн найз нөхөдтэй болсноос гадна, сургуулийн номын сан бол үнэхээр гайхамшиг байсан даа. 24 цагаар ажилладаг 60 гаруй номын сан байдаг гээд бод л доо.

Харвардад сурахад ярилцлагын шат нь хэрхэн явагддаг вэ?

Чиний явуулсан материал дундаас эргэлзээтэй санагдсан зүйл байвал залгаж асуудаг. Миний хувьд 2016 онд анх материалаа явуулаад тэнцээгүй. Дараа нь материалаа явуулахдаа Харвардад очиж зарим профессоруудтай уулзах боломж олдсон тухай, мөн энэ сургууль бол миний хайсан тэр цор ганц сургууль мөн юм аа гэдгээ илэрхийлсэн нь магадгүй тэнцэхэд нөлөөлсөн байх гэж боддог.

Америкт сурахдаа гэр бүлээ авч явах боломж нь ямар байдаг вэ? Ялангуяа Харвардын хувьд?

Харвардын их сургуульд материалаа 11 сард явуулахад, дараа хавар нь надад тэнцсэн гэсэн хариу ирсэн юм. Тэр үеэс эхлээд сургуульдаа очих хүртэл зөвлөмж, мэдээлэл тогтмол ирнэ. Үүний дотор гэр бүлээрээ очвол ийм байна, хүүхэдтэй очвол ийм гэсэн мэдээллүүд байдаг. Бүрдүүлэх визний материалын хувьд би  F1 ангиллаар, эхнэр маань F2 ангиллаар мэдүүлж байсан санагдаж байна. Сургуульд тэнцсэн хариу ирснээс хойш бараг л очоод сурч байгаа юм шиг мэдрэгдтэл зөвлөгөө мэдээлэл ирж, эртнээс цэгцтэй төлөвлөх боломж олгодог юм билээ.

Их зардал гаргаад заавал гадаадад сурах нь зөв үү, Монголдоо суралцах нь зөв үү гэсэн ойлголт дээр таны бодол?

Боловсролын чанар гэдэг зүйл байна шүү дээ. Сайн сургууль сайн боловсролыг бий болгоно. Чанар тааруу сургууль яг үүнтэй адил. Монголд тааруу их дээд сургууль олон байна. Мэдээж сайн сургуулиуд бий. Харвардыг жишээ авахад, дэлхийн хамгийн том номын сан тэнд байна. Дэлхийн шилдэг багш нар, судалгааны материалууд байна. Энгийн нэг сонирхлоос эхлээд, дэлхийн иргэн болох бүх боломжийг олгож чадаж байвал тэр магадгүй сайн сургуульд тооцогдоно. Харин өндөр зардлаар гадаадад сурах хэрэг байна уу гэдэг дээр хариулахад, тэр бол тухайн үнэ цэнийг өөрөө мэдэрч амжаагүй хүний яриа байх. Сурахад ч үнэ цэнэ гэж байна. Харин дотроо мөнгөн ба мөнгөн бус гэж байдаг гэж боддог. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж чадвал мөнгө хамгийн амар ирэх зүйл байгаа юм. Харин суралцах хугацаанд олж авсан туршлага, хүрээлэл, сэтгэлгээ гэдэг бол мөнгөөр үнэлэгдэшгүй үнэ цэнэ болно. Хэдий Америк ч гэлээ сайн, муу сургууль аль аль нь бий. Тийм учраас эртнээс маш сайн судлах л хэрэгтэй.

Америкт сурсан нь танд хэрхэн нөлөөлсөн вэ?

Хувь хүний хувьд цагийг их хэмнэж сурсан. Харин улс орны хөгжлийн хамгийн эхний шат нь хүн нэг бүрийн боловсрол ямар байгаатай шууд хамааралтай юм байна гэдгийг ойлгосон. Бид барууны гэж ярьдаг Америк, Англи, Норвег, Финланд зэрэг улс орнуудын хөгжлийн ерөнхий зарчмаар улс орны хөгжил маань урагшилж байна. Ардчиллын үндсэн зарчимд хамгийн ойр улс орнуудын нэг нь Америк улс юм. Энэ орны сайн туршлагыг эзэмших чадах боловсон хүчнийг олноор бэлтгэж чадвал манайх шиг бага хүн амтай, хөгжлийн хөрвөх чадвар сайн байж болохуйц орны хувьд хөгжингүй орон болоход ойрхон байна гэж хардаг. Хамгийн чухал нь сайн боловсрол юм. Монгол улсад хүн амын тодорхой нэг хувь нь биш хүн болгон сайн боловсролтой, хүний хөгжил өндөртэй байж хүсэж буй өөрчлөлтийг гаргаж чадна гэж сүүлийн үед бодох болсон. 

Харвардын их сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцахад ээлтэй юу?

Аливаа улс орны хөгжлийг энэ асуудал дээр яаж анхаарсан байдлаар нь хэмжиж болно. Америкт бүх байшин барилга, зам, дэд бүтэц нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн, тэдний нийгмийн оролцоог бүрэн хангахад зориулагдсан байдаг. Харвардын их сургуульд ч мөн ялгаагүй тэргэнцэртэй хүн сургууль руу орох, гарах, дотоод орчинд чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлж өгдөг. Мөн анги танхим дотор тусгай хэрэглэгдэхүүнүүд байдаг. Тусгай хэрэгцээтэй хүмүүсийг дэмжих, элсүүлж авах сонирхол нь ч илүү байдаг, тэдгээр хүмүүст илүү боломжийг бий болгох нь ихэнх топ сургуулиудын үнэт зүйл, зарчим нь байдаг. 

Бидний урилгыг хүлээн авч олон хэрэгцээтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Манай энэ удаагийн дугаар ийнхүү өндөр байна. Дараа дахин уулзталаа баяртай эрхэм сонсогчид оо.