Юуны түрүүнд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Манай уншигчдад маань өөрийгөө та танилцуулна уу.
Намайг Сэнгээгийн Энх-Амгалан гэдэг. 2001 онд АНУ-д Fulbright-ийн тэтгэлгээр магистрын зэргээ хамгаалаад, дараа нь OPT хийх зөвшөөрлийнхөө дагуу АНУ-д нэг жил ажиллаад ирсэн. Монголдоо 2002 оноос хойш ажиллаж байна. Анхны ажлын гараагаа гадаад яамнаас эхэлж байсан юм. АНУ-д сурч ирснээсээ хойш үндсэндээ 19 жил хувийн хэвшилд ажиллаж байгаа.
Та MASA-ийн үүсгэн байгуулагчдын нэг. Анх 2007 онд үүсгэн байгуулж байхад ямар зорилгын хүрээнд, ямар бүтэцтэй, хэдэн гишүүнтэй үүсгэн байгуулж байсан вэ?
2007 онд MASA-г үүсгэн байгуулахдаа бид “Хөгжлийн элч” ТББ-аар бүртгүүлж байгуулж байсан юм. Өнөөдөр ч гэсэн энэ нэрээрээ явж байгаа гэж бодож байна. 2006 онд Америкт төгсөгчдийн анхны чуулга уулзалт хийсэн байдаг. Энэ чуулгаа уулзалтад Америкт төгссөн залуучууд их идэвхтэй оролцож, Элчин сайдын яамныхан ч мөн оролцон зохион байгуулсан. Энэ чуулга уулзалтын дараа санал нийлсэн арав гаруй залуус элчин сайдын яамтай ярилцан “Америкт Төгсөгчдийн Холбоог - MASA” 2007 онд анх үүсгэн байгуулсан түүхтэй.
“Хөгжлийн элч” ТББ нэрийг хэрхэн сонгосон бэ?
Уг нэрийг өгөхдөө Америкт Төгсөгчдийн Холбоог байгуулахаас гадна АНУ-д төгсгөж ирээд залуус бид нийгэмдээ юу хийж чадах тал дээр ярилцсан. Үүний эцэст өндөр хөгжилтэй улсад суралцсан хүмүүсийн хувьд өөрсдийн мэдлэг, туршлага, сурсан зүйлсээ хуваалцах нь зүйтэй гэж үзэн Хөгжлийн элч гэдэг нэрийг өгч байсан.
MASA үндсэндээ сайн дурын үүднээс, хүмүүс ажлынхаа хажуугаар нэгдэж хийж байгаа. Тэгэхээр ер нь сайн дурын ажил яагаад заавал байх ёстой юм вэ?
Сайн дурын ажил монгол улсад байсан. Гэхдээ тэр үед илүү төр засгийн чиглэлээр сайн дурын ажил хийгдэж байсан гэж ойлгодог. Өнөөгийн нийгэмд хүмүүс сонирхлоороо, санаа нэгдсэн зүйлсээрээ нийгэмд тустай сайн дурын ажил хийхийг эрмэлздэг болсон. Ялангуяа гадаадад сурч ирсэн залуус сайн дурын ажил гэж юу байдаг юм, үүн дээр ямар ажил хийдэг юм гэх тал дээр нэлээн сайн ойлголт авсан байдаг. Бид анх 2007 онд MASA-г эхлүүлснээсээ хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн анхны төслөө хийж байсан юм. Энэ төсөл маань хэдэн жил үргэлжилсэн. Тухайн үеийн манай удирдах зөвлөлийн гишүүн Гантуяа санаачилж эхлүүлээд, бид нар үүнийг идэвхтэй дэмжин оролцож хоёр гурван жил амжилттай явуулсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг АНУ-ын ижил төстэй байгууллагуудад очих аяллыг санаачлан зохион байгуулж байсан гэх мэт бид нар сайн дурын ажлуудыг үүсгэн байгуулсан цагаасаа л идэвхтэй хийж ажиллаж байсан. Мөн MASA-ийн хувьд олон нийтэд чиглэсэн сайн дурын ажлуудыг идэвхтэй хийдэг, мөн хийж ч ирсэн. Үүгээрээ ч хүмүүсийн анхаарлыг татаж АНУ-д төгссөн залуучуудыг уриалдаг болов уу, гэж бодож байна.
MASA-г анх үүсгэн байгуулахад зорьж байсан зорилго болон цаашдаа MASA-ийн үйл ажиллагаа ямар хүрээнд байгаасай гэж хардаг вэ?
Одоо MASA-д ажиллаж байгаа залуучууд улам эрч хүчтэй, улам том ажлуудыг хийж байгаа нь маш их таалагдаж байгаа. Би сая MASA-ийн EducationUSA төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлаар гурван ч аймагт сайн дураараа ажиллаад ирсэн. Энэ үед энэ ажлын далайц хамаагүй том, хамаагүй өргөн хүрээнд, их ажил хийж байгаа нь маш их таалагдсан. Цаашид үе үеийн удирдлагууд тухайн цаг үетэйгээ нийцсэн мөн өөрсдийн сонирхсон чиглэлээрээ сайн дурын ажлууд хийх байх гэж бодож байна. Одоогийн EducationUSA төсөл бол маш их далайцтай, арав гаруй аймгуудаар явсан, ойролцоогоор 20-оод мянган сурагчдад хүрсэн их том ажил болсон харагдсан. Тэгэхээр яг ийм, ийм чиглэлээр яваасай гэхээс илүү. Яг өөрсдийнхөө зүрх сэтгэл хөтөлж буй тэр зүйлийг хийгээсэй гэж хүсэж байна.
Таны үндсэн мэргэжил юу вэ? Мэргэжлээ хаанаа эзэмшиж байсан вэ?
Би түүх, археологийн чиглэлээр их сонирхолтой хүүхэд байсан. Тэр чиглэлээрээ сурна гэж байсан ч аав, ээжийн зөвлөснөөр бакалавраа МУИС-ын Олон Улс Харилцааны дээд сургуулийг төгссөн. Дараа нь АНУ-д бодлого судлал буюу гадаад худалдааны бодлого чиглэлээр сурч магистраа хамгаалсан. Бакалавраа төгсөөд гадаад хэргийн яамд хоёр жил ажиллаж байх хугацаандаа АНУ-д магистрт сурахдаа монгол улсын гадаад худалдааны бодлогын хүрээнд хийх зүйл их байна гэж харсан учир энэ чиглэлээр сурч ирсэн. Ирээд жилийн дараа хувийн хэвшилд орж ажиллаж эхэлсэн. Мэргэжлийн хувьд хүн ямар ч мэргэжил эзэмшиж болно гэж би боддог. Зарим тохиолдолд тухайн мэргэжлээ өөрийн хүсэл, сонирхлоо даган эзэмшдэг бол заримдаа бусдын зөвлөгөөг сонсон эзэмшсэн байдаг. Хамгийн чухал нь хүн ямар ч мэргэжил эзэмшсэн бай, тэр мэргэжилдээ эзэн болох нь их чухал гэж боддог. Хүн хийж байгаа зүйл дээ дуртай байж амжилт гаргадаг гэж их ярьдаг. Тиймээс тухайн мэргэжилдээ эзэн болон түүгээрээ сайн ажиллах нь маш чухал.
Хүмүүс нэг мэргэжлээр сурвал түүнийгээ насан туршдаа дагах ёстой гэсэн ойлголт бий энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
Зарим мэргэжлийн хувьд хөрвөх чадвар өндөр байдаг. Хувийн хэвшилд ажиллахад дан мэргэжил гэхээс илүү олон зүйл нөлөөлдөг гэж боддог. Сүүлийн үед хүн заавал дээд боловсрол эзэмших ёстой биш гэсэн хандлага ч бий. Миний бодлоор хүн хариуцлагатай байх, ажилдаа эзэн болох, амласан зүйлээ хийх, аливаа зүйлийг маш хурдан сурдаг байх хэрэгтэй. Цаашилбал зөв хандлагатай, хүмүүстэй баг болж ажиллах чадвартай байх зэрэг ерөнхий ур чадваруудыг эзэмшсэн хүн ямар ч талбарт хөрвөх боломжтой гэж хардаг. Одоо цагт гадаад хэлний мэдлэг тэр дундаа Англи хэлний мэдлэг их чухал. Бусад зүйлийг уншиж судлах суурь чадвар нь хэл болоод байна. Зөвхөн танхим гэлтгүй бусад олон хэлбэрээр өөрийгөө хөгжүүлэх боломжтой өнөө цагт ямар нэгэн мэргэжилд баригдахгүй хүссэн зүйлээ хийгээд явах боломжтой гэж боддог. Хувийн хэвшилд ажиллах хүсэл төрсөн гол шалтгаан гэвэл маш богино хугацаанд үр дүн тодорхой харагддаг, мөн хэмжих болохуйц санагддаг. Түүнчлэн үр дүн тодорхой харагддаг байдал нь хүн өөрийгөө тогтмол мотивацжуулах, түүнээсээ эрч хүч авах, илүү ихийг хийх, амжилтад хүрэх боломжтой.
Хувь хүний хандлага болон зөөлөн ур чадварууд хувийн хэвшилд ажиллахад ач холбогдолтой гэдэг. Эдгээр ур чадварт хүмүүс хэзээнээс суралцах нь зүйтэй вэ? Энэ чадварыг хэрхэн сайжруулах вэ?
Боловсрол болон хүмүүжил гэдэг суурь зарчмууд бий. Бид нарын үед зөөлөн ур чадварыг дунд болон ахлах сургуульд тэр бүр хөгжүүлдэггүй байсан. Хичээл номоо сайн хийх шаардлага тавигддаг байсан. Би үүнийг буруу гэж боддоггүй. Сүүлийн үед анзаарагдаж буй парадокс гэвэл залуучууд зөөлөн ур чадвартаа хэт их анхаараад, мэдлэг боловсрол нь гээгдэж байгаа шиг санагддаг. Одоогийн залуучууд системтэй мэдлэгээ боловсролыг хаяж болохгүй. Тэр бол маш том суурь. Харин зөөлөн ур чадварыг хөгжүүлэх бололцоо их бий. Миний хувьд зөөлөн ур чадварыг ажлын байр дээр гарсан хойно, хожуу сурсан. Гэхдээ орчин цаг бол ондоо үе. Энэ чадварт суралцах боломж дунд сургуулиас эхэлж байна. Гэхдээ залуус маань зөвхөн зөөлөн ур чадвар дээрээ төвлөрөөд байвал агуулгагүй манлайлагч болчихно. Тэгэхээр сурах юмаа сураад, дээр нь багаар ажиллах чадвар, бусадтай нийцтэй байх зэрэг зөөлөн ур чадвараа хөгжүүлэх илүү үр дүнтэй гэж бодож байна.
Одоо арван жилд сурч байгаа хүүхдүүд мэргэжил сонголт дээр юу гэж зөвлөх вэ?
Биднийг 90-д онд арван жилийн сургууль төгсөж байхад тухайн үедээ хуульч, эдийн засагч гэх мэт мэргэжил мода байсан. Өнөөдөр ч гэсэн энэ чиг хандлагаа хэвээр хадгалагдаж байна. Миний бодлоор манай дунд болон ахлах сургуулийн боловсролын системд байгалийн шинжлэх ухаан, суурь шинжлэх ухааны хичээлийг сонирхолгүй зааж буй байдал нь системийн алдаатай хэсэг байна. Бидний үед ижил л байсан. Ялангуяа монгол сургуульд лаборатори нь ажилладаггүй, ёс төдий лаборатори нэртэй ангиудтай байсны улмаас залуучууд илүү ерөнхий нийгмийн шинжлэх ухааны сонгож суралцах нь давамгай байна. Жижиг улс үндэстний онцлог болох гадаад хэлэнд мэргэшихэд анхаарал их хандуулсаар байна. Уг нь Монгол улсын хувьд илүү байгалийн шинжлэх ухаанаар суралцаад амжилт гаргах бүрэн бололцоотой. Бодит байдал дээр инженер, хими, биологи, физик, болон мэдээллийн технологиор амжилттай ажиллаж буй Монгол залуус их байна. Тэгэхээр цаашдаа залуучуудыг илүү өрсөлдөх чадвартай болгохын тулд зайлшгүй төрөөс зөв бодлого хэрэгжүүлж, байгалийн шинжлэх ухаан, бусад суурь шинжлэх ухааны хичээлийг илүү сонирхолтой заадаг болоход анхаарах юм бол манай залуучууд энэ чиглэлээр мэргэжил эзэмшээд зөвхөн Монголдоо биш дэлхийн зах зээл дээр гарах боломжтой цаг ирсэн гэж хардаг. Тэгэхээр зөвхөн сургуулиас олгож байгаа мэдлэг, ном сурах бичгээр өөрийгөө бүү хязгаарлаарай. Бусад мэдээлэл авах эх үүсвэр боломжийг ашиглах боломж их бий.
Ямар чиглэлээр цаашид суралцвал илүү үр өгөөжтэй вэ?
Дэлхийн олон том судалгаа энэ асуулттай холбогдолтойгоор аль хэдий нь хийгдсэн байгаа. Үүнд мэдээлэл технологи, байгалийн шинжлэх ухаан, математик зэрэг чиглэлээр гүнзгийрүүлэн суралцвал дэлхий дахинд өрсөлдөж, ажиллах бололцоо их бий. Бусад чиглэл нь технологийн хурдацтай хөгжлийг даган устаж үгүй болох мэргэжлүүд. Ямар ч хямрал болсон дэлхийн хөгжил зогсолтгүй явагддаг тул дагаад инженерчлэл үргэлжилнэ. Технологийн дэвшил 90 оны зөгнөлт зохиол, киног бодит болгож байна. Цаашид бидний төсөөлшгүй өндөр хурдтай хөгжил ирэх байх. Иймд залуус маань өөрийгөө сайн бэлдье гэвэл технологитой ойр найзлах хэрэгтэй байх. Хоосон сошиал медиа эргүүлэхээс өөр ойлголт. Мөн зөөлөн ур чадвараа хөгжүүлэх нь зүйтэй байх. Судалгааны байгууллагуудын дүгнэлтийг үндэслэх нь ч мөн зүйтэй байх.
Салбар хооронд шилжин ажиллахад хэр хүнд вэ? Өөрийгөө хэрхэн бэлдвэл зохистой вэ? Та хувийн хэвшилд ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцана уу.
Энэ 18-н жилийн хугацаанд би CocoCola борлуулж үзсэн байна. Нүүрс ч борлуулж үзсэн. Одоо газрын тосны салбарт ажиллаж байна. Хувийн хэвшлийн нэг том давуу тал нь мерит тогтолцоо буюу чадварыг чадаад байгааг нь үнэлдэг тогтолцоо. Төрөл садны холбоо сүлбээний нөлөөлөл харьцангуй бага. Ийм тогтолцоонд амласнаа биелүүлж чаддаг, юмыг хурдан сурдаг, өөрийн өөрийгөө идэвхжүүлж чаддаг, тууштай, амархан шантардаггүй, тийм хүмүүс хурдтай, амжилттай, дэвшиж хөгжиж явдаг. Олон хүн удирдсан ажиглалтаасаа хуваалцахад зөвхөн мэдлэгээс гадна өөрийгөө тасралтгүй хөгжүүлж чаддаг мөн зөөлөн ур чадвар их хэрэгтэй болдог. Тушаал ахих тусам хүмүүсийг удирдах, зөв хуваарлах, зөв сэдэлжүүлэх, зөв оролцуулах, эрч хүчээ бүрэн дүүрэн дайчлахад нь туслах гэх зэргээр хүнтэй ажиллах цаг ихэсдэг. Юмыг хурдан сурах чадвар их чухал. Би энэ олон салбарт ажиллахдаа хэдэн заримыг баримталж ажилладаг юм. Шударга байх. Ялангуяа хүн удирдахдаа шударга байх багын хувьд, ажилчдын хувьд маш чухал зүйл. Шударгаа шаардлагаа тавих, шударгаа үнэлгээ өгөх, шударгаа харьцуулалт хийх. Энэ нь хүмүүсийн идэвхийг унгахгүй байх, шударгаар ажлыг нь үнэлж болохгүй байгааг нь үнэнээр хэлэх, болж байгааг нь болж байна гэж хэлэх нь их чухал байдаг. Үнэлгээг субьектив хэлбэрээр хийх нь багын хамтын ажиллагааг унгана, уур амьсгалыг эвддэг. Тэгэхээр удирдагч хүний хувьд аливаад шударгаа хандах, өндөр шаардлагаа тавьж ажиллах маш чухал. Өндөр шаардлага тавьж байж хүмүүс хөгждөг, магадгүй чадвараас нь арай илүү даалгавар өгнө, тэр болгонд хүмүүс хурдтай хөгжиж байдаг. Тэр бүгдийг даваад ирсэн залуучууд үнэхээр уулыг нурааж, усыг эргүүлэх хүчтэй болж хөгждөг гэж боддог. Тэгээд гүйцэтгэх удирдлагын хувьд, багыг эрч хүчтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь хамгийн чухал зорилго юм. Хүлээлтээс давах тэр урам зориг, хүлээлтээс давах тэр зөв ажиллах нь сайн менежер хүний хийх ёстой л ажил.
Дунд сургуулийн суралцагч нар, шинэ төгсөгч нарт зориулан гүйцэтгэх захирлын үндсэн үйл ажлын талаарх ойлголт өгөх үүднээс та гүйцэтгэх захирлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар хуваалцана уу.
Гүйцэтгэх захирал нь компанийн төлөөлөн удирдлага, хувь нийлүүлэгч нартай гэрээ байгуулах, компанийн жилийн зорилго зорилтыг төлөөлөн удирдах зөвлөлтэй жил бүр хэлэлцэн тохирч, түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй компанийг удирдаж буй хүнийг хэлнэ. Гүйцэтгэх захирал болохын тулд мэргэжилтэн болон менежерээр ажиллаж туршлага хуримтлуулсан байх ёстой. Шууд гүйцэтгэх захирал болох хэцүү. Шууд гүйцэтгэх захирал болоод амжилттай ажиллах бүр ч хэцүү. Бүрэн дунд боловсролын сургуулийн хүүхдүүдэд жишээ авахад, сургуулийн захирал нь нэг төрлийн гүйцэтгэх захирал. Хэрэглэгчид нь хүүхдүүд болон эцэг эх. Тэдэнд өгч буй амлалт нь тодорхой чанартай боловсрол бөгөөд үүнийг тодорхой үнэ төлбөртэйгөөр амладаг. Онцлог нь хэрэглэгч нь удаан хугацаанд оршин тогтонодог. Тухайн гүйцэтгэх захирлын хийж буй үндсэн үүргүүд гэвэл хамгийн түрүүнд Монгол улсын стандартыг мөрдөх ёстой. Дараа нь стандартаас давсан зүйлсийг хүүхдүүдэд хүргэх үүний тулд тусгай системтэй байна. Хэрэв систем нь зөв ажиллаж байвал хэрэглэгч хүүхдүүд сэтгэл хангалуун байна. Ажил үр дүнтэй явах нь багийн ажил. Манлайлагч бол зөвхөн даргын ажил биш, манлайлагч гэдэг бол мэргэжилтэн ч менежер ч манлайлагч байх ёстой. Миний бодлоор Манлайлагчдын хамгийн сайн тодорхойлолт гэдэг нь удирдана гээд урд нь гүйгээд байх биш, аливаа зүйлийг сайжруулдаг хүмүүсийг хэлдэг юм болов уу. Ямар ч ажлын байранд ажиллаж байгаа хүн тэр хийх ёстой ажиллаа улам сайжруулах, дараагийн шатанд гаргаж чаддаг тийм хүмүүсийг би манлайлагч гэж боддог.
Төрийн байгууллагад ажиллаж байхад хамгийн их таалагдсан зүйл нь юу байсан вэ?
Би 1997 онд их сургуулиа төгсөөд гадаад хэргийн яамд тухайн жилдээ Олон улсын харилцааны сургууль төгсөөд шууд орсон дөрвөн төгсөгчийн нэг болсон юм. Тэгээд би Ази, Америкийн газар, Австрали, Шинэ Зеланд, далайн орнуудыг хариуцсан мэргэжилтнээр хоёр жил ажилласан. Мөн АНУ руу яваад төгсөж ирээд буцаад нэг жил ажилласан. Нийтдээ гурван жил ажилласан юм. Тухайн үедээ гадаад яамд маш мундаг чадварлаг, манай ахмад үеийнхэн ажилладаг байсан. Тэр үедээ бол манай гол гурван яамны нэг байлаа. Хүмүүс нь хоёроос доошгүй гадаад хэлээр ярьдаг. Монгол хэлний маш өндөр мэдлэг, боловсролтой. Гадаад хэргийн яам, төрийн гурван өндөрлөгийн хэлэх үгийг, тэр байтугай хундаганы үгийг бэлддэг байлаа. Тэгэхээр маш их авьяастай хүмүүстэй ажиллах завшаан надад тохиосон юм. Тэгээд гурван жил ажиллахдаа би ажилдаа илүү хариуцлагатай хандана гэдэг юу болох, ажилдаа эзэн байна гэдгийг маш сайн сурсан. Тэр бүү хэл монгол хэлээ хүртэл би тэнд сайжруулсан, тэр тусмаа найруулгаа зүй, юмыг товч тодорхой бичгээр илэрхийлэх чадваруудыг гадаад яамд сурч эзэмшсэн. Мундаг дипломат ах нартай хамт ажиллаад энэ бүх зүйлийг сурч эзэмшсэндээ би их баяртай байдаг.
Яагаад гадаад яамд үлдэж ажиллаагүй вэ гэхээр би худалдааны чиглэлээр сураад ирсэн учраас хувийн хэвшилд илүү боломж байна. Илүү далайц, амжилттай ажиллах тийм сонирхол бас байсан учраас ажиллаасай гарсан юм. Хамгийн сүүлд миний хийж байсан ажил гэвэл би “Мянганы сорилтын сан”-д ажилласан “Мянганы сорилтын сан” гэдэг нэрийг би өгч байлаа. Тун хариуцлагатай бодолтой ажиллах ёстой тийм ажил байсан. Би гадаад яамд ажиллаж байхдаа хариуцлага гэдэг зүйлийг маш хатуу сурч байсан. Нэг удаа төрийн ордонд дуудагдаж загнуулж байсан юм. Учир нь би танилцуулга дээр нэг цэг, нэг таслал алдсан байсан. Ерөнхийлөгчид өгсөн чиний бичгээс чинь нэг таслалын алдаанаас болж найруулгаа алдагдсан гээд л тийм зүйлийн төлөө загнуулж явсан гэхээр ямар төвшинд хариуцлагатай ажил байсны эндээс харагдаж байгаа. Ер нь бол гадаад яамд ажиллаад хариуцлагатай, ямар ч ажил хийсэн эзэн байх гэдэг тэнд илүү сайн сурсан гэж боддог.
За ингээд бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлагаа өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
Та бүхэн маань Энх-Амгалангийн оролцсон подкастыг бүрэн эхээр нь дараах холбоосуудаар сонсоорой.
Website: https://bit.ly/35MntNJ
Soundcloud: https://bit.ly/3qvt4jz
Castbox: https://bit.ly/39IQkDU
Anchor: https://bit.ly/39G57PF
Itunes: https://cutt.ly/6gmbHKm
Stitcher: https://cutt.ly/bgmbNE1