Сайн байна уу? Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач.
Баярлалаа, сайн байна уу. Намайг Пүрэвжавын Гандолгор гэдэг. Монголын Улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр 2000-аас 2003 оны хооронд АНУ-ын Калифорнийн Олон Улсын Их Сургуульд ОУ-ын бизнесийн чиглэлээр магистраа хамгаалсан. Үүнээс арван жилийн дараа буюу 2011-ээс 2012 онд магистрын дараах хөтөлбөрт АНУ-ын төрийн департментаас зарладаг The Hubert H Humphrey Fellowship Program-ийн тэтгэлгээр дамжуулан хүний нөөцийн менежментээр суралцсан.
Хоёр удаа АНУ-д сурахдаа аль алинд нь тэтгэлгээр сураад ирсэн байна. Тэтгэлэгт хэрхэн бэлдэх талаар хүүхэд залуустаа арвин их туршлагаасаа хуваалцаач. Эхний Монгол Улсын засгийн газрын тэтгэлэгт хэрхэн бэлдэж, ямар шалгаруулалтыг давж байсан бэ?
Тухайн үед Монгол Улсын засгийн газрын тэтгэлгээр сурахад ярилцлага авдаггүй. Англи хэлний оноо болон эдийн засгийн хичээлээр шалгалт авч байсан. Ихэвчлэн дандаа бичгийн шалгалт байдаг байсан. Боловсролын яам дээр чиглэл чиглэлээрээ шалгалт өгөөд эхний дөрвөн хүнийг авна гэж байсан санагдаж байна. Би эхний хоёрт ороод тэтгэлэг авч байсан юм. Монголын засгийн газрын тэтгэлгийн давуу тал нь өөрөө сургуулиа сонгодог байсан. Харин амьдрах зардлыг нь төлөх боломжгүй зөвхөн сургалтын төлбөрийг нь төлдөг байсан учраас сургуулийн хажуугаар ажил хийж амьдрах зардлаа өөрөө олох шаардлага гардаг байсан. Тухайн үедээ залуу ч байж тэр бол зовлон биш байж, даваад л гарч байсан. Бусад оюутнуудын адил долоо хоногт хорин цагаас илүүгүй ажиллахыг хуулиараа заасан байдаг. Түүний дагуу л ажилладаг байсан. Тэгээд сурахынхаа хажуугаар ажилладаг байсан учраас хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэдэг шиг мөнгөний үнэ цэнийг их сайн ойлгосон, мөнгийг их гамнаж сурсан. Эргээд сургуулиа төгсөж ирээд би хүлээсэн үүргээ биелүүлж төрд дөрвөн жил ажилласан. Дөрвөн жил төрд ажилласны дараа өөрөө хувийн сектор сонгож ажилласан байгаа.
Төрд ажиллаж байсан гэлээ, ирээд Монголдоо хаана ажиллаж байсан бэ?
Үйлдвэр худалдааны яаманд яг олон улсын үйлдвэр худалдаа харилцааны чиглэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Яг сурсан мэргэжлээрээ ажиллаж байсан. Зүүн өмнөд Азийн Монгол Улсын худалдааны бодлогыг хариуцдаг байсан. Маш сонирхолтой ажил хийдэг байсан. Сурсан юмаа яг гаргаж ажилласан гэж боддог. Их арвин туршлага хуримтлуулсан.
Одоо ямар ажил эрхэлж байгаа бол?
2011-2012 онд Мичиганий Их Сургуульд хүний нөөцийн менежментээр суралцаад “Ганабелл-Амжилтын Институт”-ыг байгуулсан. “Ганабелл-Амжилтын Институт” нь байгууллага болон хувь хүмүүсийг менежментийн сургалт, зөвлөгөө өгөх, ментор хийх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн л сурсан юмаа хэрэгжүүлээд л явж байгаа гэсэн үг.
The Hubert H Humphrey Fellowship Program тэтгэлэгт сурсан үеийн тухай бидэнтэй хуваалцаач. 10 жилийн өмнө сурч байсан үеэс ямар ялгаатай байв?
Би Humphrey Fellowship тэтгэлгээр сурахдаа арван жилийн дараа сурсан учраас юмыг арай өөр өнцгөөс хардаг болчихсон байсан. Тэгээд ч Humphrey Fellowship тэтгэлэгт бүх зүйл нь цаанаасаа байдаг. Орон нутгийн аяллууд хийх, сар болгоны амьдралын зардлыг өгдөг, компьютер авах мөнгийг нь хүртэл өгсөн тул ерөөсөө мөнгө санхүүд санаа зовохгүйгээр, 100% өөрийнхөө хичээлд төвлөрч суралцах сайхан боломж олдож байсан. Бүтэн нэг жилийн хугацаанд хүний нөөцийн чиглэлээр сурч болох бүх хичээлийг сонгож суралцсан. Дээрээс нь өөрийнхөө дуртай хичээлүүдийг сонгож авсан. Бүрэн утгаараа суралцах боломжийг өгч байсан учраас миний амьдралын хамгийн сайхан цаг үе байсан. Мөн магистрын дараах хөтөлбөр учраас заавал кредит цуглуулах шаардлагагүй. Дандаа ахисан түвшний хичээлүүд байсан болохоор өөрөө сонголтоо хийдэг. Дадлага ажлуудаа хүссэн чиглэлээр, дуртай газрууддаа хийх боломжийг олгодог байсан учраас үнэхээр эрх чөлөөг олгодог давуу талтай байсан.
Humphrey Fellowship тэтгэлгийн талаар та анх хаанаас олж мэдэж байсан вэ?
Сонин уншиж байгаад мэдэж авсан. Анх сониноос уншаад надад л тохирсон хөтөлбөр юм шиг санагдаж байсан. Яг л би явах ёстой юм шиг тийм сэтгэгдэл төрж байсан. Яагаад гэвэл тухайн салбартаа доод тал нь таван жил ажилласан байх ёстой, удирдах түвшний ажил хийж байсан байх ёстой гэх мэт шаардлагууд нь яг надад тохирсон байсан. Тэгээд би ерөөсөө л би энд явах ёстой юм байна гэж бодоод бэлдэж эхэлсэн. Хамгийн эхлээд англи хэлээ сэргээж үзэх шаардлага гарсан. Би өөрөө гэр бүлтэй болцон, ажил хийж байсан болохоор сургалтын төвд суух боломж байхгүй, дандаа шөнө оройн цагаар сууж, TOEFL-ийн оноог авахын тулд нэмэлт цагийг гаргаж бэлдсэний эцэст Hubert H Humphrey тэтгэлэгт тэнцэх оноогоо авч чадсан. Бүтэн нэг жил бэлдсэн. Жилийн өмнөөс зарладаг бөгөөд дунд нь их олон шалгууруудтай. Эхлээд улс орноосоо шалгараад, тэгээд бүсийн хэмжээнд шалгарсны дараа тухайн сурах сургуульдаа мөн шалгардаг гээд гурван түвшинд шалгаруулдаг. Тэгэхээр өндөр шалгууртай байхын хажуугаар их нэр хүндтэй байсан. Humphrey Fellowship хөтөлбөр маань дэлхийн хэмжээнд тухайн улс орны яг ямар мэргэжил, чиглэл хүний нөөцийн салбарууд шаардлагатай байна гэж судалж байгаад шалгаруулдаг юм байна лээ.
Тэр дунд нь миний яг хүсэж байсан салбар болох хүний нөөцийн менежмент байсан. Мөн нэг том шалгуур нь бол эсээ байсан. Эсээ бол “Би ийм юм хүсэж байна гэхээс илүү урт болон богино хугацаандаа юу хийх төлөвлөгөөтэй байгаа юм” гэх мэт их нарийн асуултуудтай байсан. Би эсээ дээрээ бичиж байсан зүйлүүдээ хэдэн жилийн дараа гаргаж ирээд уншиж байхад бүгдийг нь яг хийсэн байсан нь их сонирхолтой санагдсан. Энэ тал дээр их сэтгэл хангалуун байгаа.
Америкт сурах хүсэл анх танд яаж төрж байсан вэ? Бүр багаасаа мөрөөдөж байсан уу? Эсвэл тэтгэлгийн боломжууд гарч ирээд та шаардлага хангах юм байна, материалаа өгөөд үзье гэж бодож байсан уу?
1997 онд би сургуулиа бакалаврын зэргээр төгсчхөөд олон улсын байгууллагад ажиллаж байсан юм. Тухайн үедээ Франц, Англи гэх мэт өөр улс орны хүмүүстэй ажиллаж байсан. Дараа нь АНУ-ын элчин сайдын яаманд ажиллах боломж гараад тийшээ ажилд орж байсан. Тэнд ороод л хүмүүсийн бие биедээ хүндэтгэлтэй, нээлттэй хандаж байгаа байдлыг хараад л үнэхээр миний сэтгэлийг татсан. Тэгээд би магистрт сурвал АНУ-ыг сонгох ёстой юм байна гэж шийдэж байсан. Яагаад гэвэл тэр хүмүүстэй ажиллаж байхад ямар ч ялгаварлал байхгүй, яг тэгш эрхтэйгээр бие биетэйгээ харилцаж байсан нь надад бүүр онцгой сэтгэгдэл төрүүлж байсан. Тэгээд тэнд ажиллаж байхдаа л гадагшаа гарч сурвал АНУ-ыг нэг номерт сонгоно гээд шийдэж байсан.
Америкт сурч байх оюутан цагийнхаа долоо хонгыг юм уу, амьдралынхаа хэмнэлийг бидэнтэй хуваалцаач. Хоёр удаа Америкт сурахад хэцүү үеүд байсан уу? Яаж даван туулж байсан бэ?
Урьд нь 2000-аас 2003 онд гэр бүлээрээ явж байсан болохоор арай өөр байсан. Дараа нь Humphrey Fellowship тэтгэлгээр явахад ганцаараа явсан. Хичээлийн хувьд гэвэл нэг дэх өдрөөс тав дах өдөр хүртэл өглөөнөөс 2,3 хүртэл хичээлтэй. Тэгээд хоолондоо ороод оройн цагаар номын санд суудаг. Харин амралтын өдрүүдээр янз бүрийн хөтөлбөр их болдог түүнд оролцдог. Тэгээд мөн ганцаараа байсан болохоор зөвхөн сургалт авах биш өөртөө цаг гаргаж бясалгах, өөртэйгөө ярих, өөрийгөө олох тийм цагуудыг их гаргадаг байсан. Би сурсан юмаа ном болгон бичих санаа анх Мичиганий голын эргээр алхаж байхад төрж байсан.
2011 онд ганцаараа явахад эхлээд ганцаардалд их орсон. Ер нь өмнө нь амьдралдаа ганцаардаж үзээгүй байсан юм байна лээ. Хоёр сар болоод Монгол руугаа буцмаар санагдаж байсан. Гэр бүлээ орхиод би энд юуны төлөө сурч байгаа билээ, Монголдоо сурсан нь дээр байж гэх мэт эргэлзээтэй бодлууд ч орж ирж байсан. Гэвч би тухайн орны итгэлийг олж тэтгэлэг авчхаад буцах эрх байхгүй, хариуцлагагүй үйлдэл гэж бодсон. Тэгээд соёлын шокоос гарахын тулд сэтгэл зүйчтэй уулзах хөтөлбөр байдаг талаар мэдээд цаг авч уулзсан. Ганцаардлаа яаж давах талаараа сэтгэл зүйчтэй хамтдаа бүтэн хоёр сар ажилласны үр дүнд давж гарч чадсан. Үүний дараа харин ч ганцаардана гэдэг чинь өөрийгөө олж мэдэх том боломж юм байна гэдгийг ойлгож мэдэж сэрж эхэлсэн. Түүнийг ойлгож мэдэрснээс хойш ёстой бүх хүчээ дайчлаад хамгийн дээд цэгтээ сурах боломжийг өөртэй бүрдүүлсэн. Тэгэхээр доод цэгт байсныгаа дээд цэг болгож чадсан нь миний амьдралдаа хийсэн хамгийн том үйл явдал болсон. Тийм ч учраас би Мичиганьд их хайртай. Миний амьдралын хамгийн төгс төгөлдөр жилүүдийн нэг гэж хэлдэг нь тийм учиртай юм.
Америкт сурч төгсөх таны эцсийн зорилго чинь яг юу байсан бэ?
Ёстой гоё асуулт байна. Би урьд нь сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын захирлаар ажилладаг байсан юм. Гэхдээ би хүний нөөцийн нарийн мэргэжлийн хүн байгаагүй. Тийм учраас надад их асуултууд ирдэг байсан. Байгууллагын хүний нөөцийг яаж зөв удирдах уу? Хүмүүсийн оролт гаралтын урсгалыг яаж багасгах уу? Хүмүүсийн бүтээмжийг яаж нэмэгдүүлэх үү? Гэх мэт бодит амьдралаас ургаж гарсан асуултууд ирдэг байсан. Тэр бүрийг сургалтаар шийдээд байж болохгүй байсан. Дотроо юу гэж бодсон гэхээр “Миний мэдлэг дэндүү дутмаг байна. Яг энэ байдлаараа би зөвлөгөө өгч чадахгүй юм байна. Энэ хүмүүсийн асуудлыг шийдэхийн тулд би өөрөө суралцах ёстой юм байна.” гэж бодсон. Тэгээд эсээ дээрээ хүний нөөцийн салбарт би мөлхөө жаал шиг хүүхэд байна. Явах хүсэл байгаа ч явж чадахгүй мөлхөөд байна. Тийм болохоор би энэ мөлхөж яваа жаахан хүүхдийг том болгож мэдлэгтэй, чадвартай болгож өсгөж, хөгжүүлэхийн тулд надад хүний нөөцөөр мэргэшин суралцах шаардлагатай байна гэж бичиж байсан.
Тэгээд тэнд хүний нөөцөөр суралцаад, сургалт дадлагаар хийгээд ирэхээр энэ асуудлыг ингэж шийддэг юм байна. Хүний нөөцийн менежмент, стратеги болгохын тулд ингэж барих ёстой юм байна. Ингэж параллель хөгжүүлж байж байгууллагын хүний нөөцийг босож ирдэг юм байна гэдгийг ойлгоод ирэхээр бушуухан л Монголдоо очоод хэрэгжүүлэхийн түүс болсон. Тэгээд буцаж ирээд сурч олж авсан зүйлээ гаргаж чадсан. Гаргах тусам өшөө их зүйл сурах ёстой юм байна гэдгээ ойлгосон. Миний зорилго бол хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх больё. Түүнийгээ Монголын бизнесүүдэд зааж өгье гэсэн зорилго байсан. Зорилгодоо ч хүрч чадсан.
Миний хувьд Америкаас сурсан зүйлс гэвэл, нэгдүгээрт: Номын сан. Тэр бол гайхалтай газар сурах юмсан, сурахгүй байхын аргагүй гэдэг тийм уур амьсгалыг төрүүлдэг номын сантай байдаг байсан. Хоёрдугаарт: Сайн дурын ажил. Америкт сайн дурын ажлыг гайхамшигтай дэмждэг, сайн хийлгүүлж чаддаг улс. Гуравдугаарт: Тасралтгүй суралцдаг, байнгын уншдаг байдал.
Мэргэжлээ сонгох гээд шийдэж чадахгүй байгаа хүүхдүүдэд та юу гэж зөвлөх вэ?
Одоо салбаруудын огтлолцол дээр олон мэргэжил гарч ирж байна. Биологи, Хими хоёрын огтлолцол дээр Биохимич; Интернэт, Маркетинг хоёрын огтлолцол дээр Сошиал медиа Маркетинг; Хүний нөөц ч бас менежмент бизнес хоёрын уулзвар дээр байгаа шүү дээ. Тэгэхээр салбаруудын уулзвар дээр ямар мэргэжил байна гэдгийг сайн судлах ёстой. Тэгээд өөрийн хүсэж байгаа мэргэжлийг яг хийж байгаа хүмүүстэй уулзаж бодит амьдрал дээр сайхан зүйл нь юу юм? Хүнд бэрхшээлтэй зүйл нь юу юм? Ирээдүйд ямар ажил мэргэжлүүд эрэлт хэрэгцээтэй байдаг юм гэдэг судалгаа хийх ёстой. Судалгааны үр дүнд сонирхож байсан 4 мэргэжил байлаа гэхэд ядаж 2-ыг нь сонгоод тэндээсээ шүүлт хийх боломжтой болж байгаа. Миний өгөх зөвлөгөө гэвэл ирээдүйд ямар мэргэжил илүү эрэлт хэрэгцээтэй байна. Тэр эрэлт хэрэгцээнд нь өөрийнх нь хүсэл сонирхол тохирч байна уу? гэж сонголтоо хийх хэрэгтэй.
Америкт сурах юмсан гэсэн хүсэл сонирхолтой хүүхдүүд зөндөө байгаа, тэр хүмүүст та зөвлөгөө өгөөч?
Би АНУ-ын элчин сайдын яамны тэтгэлэгт хөтөлбөрийн ярилцлагын багт хаяа орж ажилладаг. Монголын хүүхдүүд шалгалтаа их өндөр өгдөг. Тэгээд яг хаана алдаад байна вэ гэж хархаар эсээ бичих тал дээр сул байгаа ажиглагддаг. Мөн ярилцлагын үеэр өөрийгөө илэрхийлэх чадвар дээр их дутуу байна. Хувь хүн нь их мундаг хүүхэд байдаг гэвч сандарснаас болоод уначихдаг тохиолдол их гардаг.
Иймд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар бэлдэж байгаа залууст өөрийгөө бичгээр болон амаар илэрхийлэх чадвараа давхар хөгжүүлэхийг зөвлөж байна.
Мөн “Soft Skills” үнэхээр чухал. Судалгаагаар IQ өндөртэй хүмүүс хол явдаг уу, эсвэл EQ өндөртэй хүмүүс хол явдаг уу гэсэн асуулт гарч ирдэг. Ямар хүмүүс амжилтад хүрч, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж байна вэ гэвэл, ихэвчлэн EQ өндөртэй хүмүүс байдаг. Хүн чинь нийгмийн амьтан учраас дандаа харилцаанд ордог өөрийгөө илэрхийлдэг. Бусдыг ойлгодог, энэрдэг, хамтдаа багаар ажиллах чадвар, шийдвэр хурдан гаргах чадвар, бүтээлчээр сэтгэх чадвар гээд энэ олон цогц чадварууд чинь “Soft Skills” чадварын хэсэг юм. Энэ үнэхээр чухал. Би бас хүний нөөцийн зөвлөхөөр зарим байгууллагад сонгон шалгаруулалтад нь орж ажилладаг. Тэгэхээр монгол залуучуудын “soft skills” буюу зөөлөн ур чадвар нь илт дутагдалтай байдаг. Тиймээс энэ чадваруудаа онцгойлон хөгжүүлмээр байна. Зөвхөн гадаадад гэлтгүй Монголд “soft skills”-ын эрэлт хэрэгцээ асар их байна. Тиймдээ ч манай байгууллага “soft skills”-ын багц хичээлийг гаргасан байгаа. Залуус маань бие дааж шийдвэр гаргаж чадахгүй байна, бүтээлчээр сэтгэж, өөрөөр харж чадахгүй байна, хүмүүстэй харилцахдаа хож хож зарчмыг эрхэмлэж байна. Тэр хүнийг ойлгож байж, өөрийгөө ойлгуулдаг гээд энэ олон чадваруудыг суралцах шаардлагууд байна. Өөрийгөө борлуулах, өрсөлдөх чадварууд хэрэгтэй байгаад байна. Байгууллагууд судалгаа хийхэд “soft skills”-ын эрэлт хэрэгцээ үнэхээр их байгаа үр дүнгүүд ч гарч ирсэн байгаа. Үүнийг сурах хэрэгтэй тэгж байж л бид дэлхийн иргэн болно шүү дээ.
Бидний урилгыг хүлээн авч туршлагаасаа хуваалцсан танд баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

