Alumni stories

О.Номинчимэг "Columbia Law School"-ийн төгсөгч

Сайн байцгаана уу эрхэм сонсогчид оо. Америкт суралцсан миний түүх цуврал подкаст маань эхэлж байна. Манай энэ удаагийн зочноор Колумбийн их сургуулийн хуулийн сургуулийг 2014-2015 онд хуульч мэргэжлээр суралцаж төгсөөд ирсэн Номинчимэг оролцож байна.

Сайн байна уу Номинчимэг ээ. Өөрийгөө манай сонсогчдод товчхон танилцуулаач.

Сайн байна уу. Танай подкастын сонсогчдод энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Номинчимэг гэдэг. Хуульч мэргэжилтэй. Одоогоор УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажилладаг. Анх Монгол улсын II сургуульд VIII анги хүртлээ сураад дараа нь МУИС-ийн харьяа Монгол Туркийн хамтарсан байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд физикийн ангид сурч байгаад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн олон улсын эрх зүйн ангид орж суралцсан. Суралцаж байх үедээ Япон улсын Токиогийн их сургуульд хууль зүйн мэргэжлээр бакалавр зэргээ дүүргэсэн. Үүний дараа олон улсын эрх зүйн чиглэлээр магистраа хамгаалаад, Монгол улсдаа ирж ажилласан.

Япон руу тэтгэлгээр суралцсан туршлагаасаа хуваалцаач? 

Япон улсын засгийн газрын тэтгэлэг авахын тулд тухайн үед 12-р ангийн сурагч байх шаардлагатай байсан. Харин би Монгол Туркийн хамтарсан сургуульд 11 жил сураад, их сургуулийн 1-р курст байхдаа дээрх тэтгэлэгт хамрагдсан. Японы ЭСЯ-аас энэ шалгалтыг авдаг. Эхлээд математикийн шалгалт өгөөд, босго оноонд хүрч байвал дараагийн шатанд ордог. Хуульчаар сурахын тулд Англи хэл, Дэлхийн түүх гэсэн хичээлүүдээр шалгалт өгч байсан. Япон улсын амьдралын өртөг өндөр ч гэлээ үүнийгээ дагаад тэтгэлгийн хэмжээ сайтай байдаг. Мөн тэтгэлгээр сурахаар очсон оюутнууд Токио болон Осака хотуудад хуваагдаад, 1 жилийн хугацаатай хэлний бэлтгэлд хамрагддаг. Мэдээж тэтгэлгээр ирж байгаа ч гэсэн хэлний бэлтгэлдээ сайн сураад шалгалтдаа тэнцсэн байх ёстой.

Сургуулиа төгсөж ирээд ажиллаж байхдаа яагаад АНУ-д магистрт суралцахаар шийдсэн бэ?

Японд суралцаж ирээд 2011 оны үед ‘’HOGAN LOVELLS’’ хуулийн фирмд Америк хүмүүсийн удирдлагад ажиллаж байсан нь намайг энэ чиглэлээр магистрт сурахад нөлөөлсөн. Тухайн үед олон улсын хөрөнгө оруулалтын арбитрын чиглэлээр МУ-ын засгийн газарт зөвлөх хэмжээнд хүртэл ажиллаж байсан. Харин энэ чиглэлээр гүнзгийрүүлэн суралцахад хамгийн сайн сургууль нь New York Law School, Columbia Law School гэсэн сургуулиуд байсан.

Эдгээр сургуулиудад материалаа явуулахад ямар шалгуур тавигдаж байсан вэ?

Миний хувьд маш завгүй ажилтай байх үедээ Колумбын их сургуульд материалаа явуулж байсан. Харин хуулийн сургуульд материалаа өгөх гэж байгаа бол 8, 9 сар орчмоос материалаа өгвөл зүгээр юм билээ. Хугацааг нь хэт битгий тулгаарай гэсэн үг. Тодорхойлох захидал 2 байхад хангалттай гэж байсан. Тодорхойлох захидлын нэгийг нь ажлын газрын  даргаасаа нөгөөг нь Токиогийн их сургуулийн багшаасаа авч байсан. Эсээний хувьд яагаад сурмаар байгаа тухайгаа бичих ёстой байсан ба 500 орчим үгтэй байх шаардлага тавьж байсан. Мөн тухайн аль нэг оронд тухайн үед болж байгаа асуудалд дүн шинжилгээ  хийгээд явуулж байсан.

Манай сонсогчдод Нью Йорк хотын тухай, сургуулийнхаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

Хүмүүс Нью Йорк хотын тухай одоо маш сайн мэдээлэлтэй болсон байх. Зорилгоо тодорхой болгоод очиж байгаа болохоор надад илүү утга учиртай байсан. Колумбын их сургууль Манхеттан дүүргийнхээ баруун дээд хэсэгт оршдог. Маш гоё оюутны хотхонтой газар л даа. Нью Йорк хот маань соёл иргэншлийн төв гэж хэлж болохуйц, өртөг өндөртэй, сэтгэл хөдлөм сайхан хот юм билээ. Тэнд сурах 1 жилийн хугацаандаа нийгэм соёлын талаас туршлага судалж, олон найз нөхөдтэй болсон сайхан цаг хугацаа өнгөрсөн. Колумбын их сургуулийн хувьд хангамж сайн, сайн багш нар олон, олон улсаас ирсэн оюутнуудтай хамт суралцах боломжтой гээд олон давуу талтай сургууль санагдсан.

Япон болон Америкийн сургалтын системд ялгаа байсан уу?

Японд багш лекц уншаад, дараа нь семинар хэлбэрээр хичээл явагддаг. Манай улсын сургуулиудтай төстэй гэсэн үг. Харин Америкийн хуулийн сургуульд унших материалыг урьдчилаад оюутнуудад өгдөг. Оюутнууд хичээлээ уншиж ирээд хоорондоо болон багштайгаа ярилцах байдлаар, мөн багш нэр дуудаж асуух хэлбэрээр хичээлүүд явагддаг. Энэ оюутны оролцоонд тулгуурласан өргөн хүрээнд мэдлэг олгох нэг арга юм шиг санагдсан. Колумбын их сургуульд хуулийн чиглэлээр суралцдаг бол 4-5 хичээл үзэхэд тохирох юм билээ. Цөөн хичээл боловч, сайн гүнзгийрүүлж судлах боломжийг олгодог. 

Токио болон Нью Йорк хотуудыг хооронд нь харьцуулбал амьдрахад ямар байсан вэ?

Хоёулаа адилхан маш том хотууд. Хүн ам ихтэй. Аль аль нь хоолны соёл сайтай. Харин Японд би 7 жил амьдарсан хэр нь төөрчих гээд байдаг. Нью Йорк муж харин энэ тал дээр ойлгомжтой, илүү хялбар юм билээ. Японд амьдрахад хүний төлөө хот учраас илүү аюулгүй. Нью Йорк харин тийм биш. Эвгүй үедээ эвгүй. Японд байхад ихэнхдээ Япон хүмүүстэй таардаг бол Америкт эсрэгээрээ байсан. Би өөрийгөө гадны хүн гэж мэдрэхээ больчихсон. Учир нь тэнд байгаа бүх хүмүүс гадны хүмүүс шүү дээ, өөр өөр хэл соёлтой. Харин тийм газарт чи өөрийгөө хэрхэн авч явж байна вэ гэдэг нь чухал асуудал байдаг.

Гадаадад ажиллаж амьдарч байх үеийн хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

Би Америкт амьдарсны дараа Парист нэг хэсэг амьдарсан. Харин одоо дахиад аль нэг газар луу явах боломж олдвол би Нью Йоркд очмоор байна. Учир нь тэр газар олон хүн бужигнасан, олон соёл, боломж нээлттэй, бүх зүйлийн төв болсон газар шүү дээ. Маш сонирхолтой бас сэтгэл хөдлөм.

Америкт байх үед тохиолдож байсан хүнд хэцүү зүйл нь юу байсан бэ?

Оюутан болоод сурахаар очиж байгаа учраас эрүүл мэндийн даатгал байсан. Гэвч тэр нь хичээл эхлэх үед үйлчилж эхэлдэг. Харин би төвхнөх гээд хэд хоногийн наана очсон байсан юм. Тэр үед миний шүд өвдөөд хичээл эхлэх хүртэл хэд хоногийг хэцүүхэн өнгөрүүлсэн. Тухайн үед даатгал гэдэг ямар чухал болохыг бас ойлгосон, би мөнгөгүй бол өвдөж буцаагдана. Мөн өрөө нарны гэрэл бараг тусахааргүй,  амьдрахад тохиромжгүй газар байсан. Тэгээд би ийм орчинд би сайн суралцах боломж надад бүрдэхгүй байгаа тухайгаа хэлээд өөр тухтай өрөөнд орж байсан. Тийм болохоор өөрийнхөө төлөө дуугардаг байх нь зөв юм билээ. Чимээгүй тэвчиж байлаа гээд би л хохирно шүү дээ.

Америкт байхдаа амьдрах зардлаа хэрхэн санхүүжүүлж байсан вэ?

Би Колумбын их сургуулиас 50 хувийн тэтгэлэг авсан. Дээрээс нь би Монголд ажиллаж байгаад явсан учраас тодорхой хуримтлалтай байсан, түүнийгээ зарцуулсан. Дээр нь ажиллаж байсан хуулийн фирм маань надад тусалсан. Би буцаж ирээд фирмдээ ажиллах болзолтойгоор надад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон вэ?

Санаандгүй байдлаар сонгосон юм байна. 1998 он зуны амралтаар аавтайгаа хамт зурагт үзээд сууж байхад УИХ-ын ээлжит бус чуулганаар Сэргээн босголтын банкийг Голомт банканд нэгтгэсэн үйл явдал гарч байсан юм. Зөвхөн тийм үгүй гэсэн асуулт хариултаар тухайн үед яригдаж байсан асуудлын гаргалгааг гаргаж чадсан нэг хүн байсан юм. Тухайн үед ааваасаа энэ ямар хүн юм бэ гээд асуухад, хуульч хүн юмаа гэж хэлснийг нь санаж байна. Тэр хүн тухайн үед асуудлын гаргалгааг маш хурдан, оновчтой гаргаж чадсан л даа. Түүнийг үзээд хуульч болохоор шийдэж байлаа. Харин одоо технологийн хөгжлөө дагаад олон гоё, шинэ мэргэжлүүд олон болчихсон байна. Хүн хүсэх л юм бол хайсан бүх зүйлээ олж мэдэх боломжтой цаг үе шүү дээ.

Америк яваад сурмаар байгаа залууст юу гэж зөвлөмөөр байна вэ?

Хамгийн түрүүнд юу сурмаар байгаагаа маш сайн ойлгоод, дараа нь түүндээ өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй. Өөр нэг хэлэх зүйл нь би бакалавраа дуусгаад  шууд үргэлжлүүлээд сурч байсан. Учир нь надад авсан тэтгэлэг байсан л даа. Үүний дараа магистраа төгсөөд ажилласан. Би юу хэлэх гэсэн вэ гэхээр сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн сурах гэлгүй хэсэг хугацаанд ажиллаж үзээд дараа нь сураарай гэж хэлмээр байгаа юм. Эхлээд сурсан мэргэжлээрээ ажиллах явцдаа тэр мэргэжил нь үнэхээр чиний хүсэл сонирхол мөн, бишийг чи ойлгочихно.

 Их сургуулиа хаяж байгаа хүүхдүүдэд та юу гэж хэлэх бэ?

Монголд байна уу, гадаадад байна уу хамаагүй энэ бол чиний зөвхөн өөрөө өөртэйгөө ажиллах, өөрийгөө танин мэдэх, юунд дуртай, дургүйгээ ойлгох, тэвчээрт сурах зэрэг олон зүйлийг хийх болно. Зорилго чинь тодорхой байгаад, юу хийхээ ойлгочихвол өдөрт 16 цаг хичээл хийх нь асуудал биш, харин зорилгогүй бол зүгээр л урссан цаг хугацаа болно шүү дээ.

Колумбын их сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурахад хэр ээлтэй вэ?

Колумбын их сургууль нь өөрөө хувийн сургууль хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг бусадтай адил түвшинд сурч хөгжихөд сайн анхаардаг, тэдэнд ээлтэй сургууль гэж хэлж болно. Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад туслахад зориулсан оффис байдаг. Мөн тухайн оюутнуудын, онцлог хэрэгцээнд тааруулаад лекц бичиж өгөх зэргээр бүх талын туслалцааг үзүүлдэг.

Бидний урилгыг хүлээн авч манай сонсогчдод хуулийн сургууль ямар байдаг тухай, мөн Япон болон Америкт суралцсан туршлагаа хуваалцаж үнэ цэнтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажил үйлс, амьдралд нь сайн сайхныг хүсье. Манай энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараа дахин уулзталаа баяртай эрхэм сонсогчид оо.