Alumni stories

О.Амгаланбаяр "Access" хөтөлбөрийн төгсөгч

Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баярлалаа. Сонсогчдодоо  өөрийгөө танилцуулаад яриагаа эхэлье.

Юуны өмнө намайг урьж оролцуулж байгаад баярлалаа. Би анх удаа подкастад орж байгаа болохоор маш сонирхолтой байна. Намайг Амгаланбаяр гэдэг. Одоо 17 настай, 79-р сургуулийн 12-р ангийн сурагч. Би түүх, нийгмийн судлагдахуунуудад илүү сонирхолтой ба  сурсан зүйлээ бусадтай хуваалцах, ярилцах, түүнээсээ шинэ гаргалгаа олох дуртай.

Access Micro-scholarship хөтөлбөрийн талаар бидэнд танилцуулна уу. Ямар шалгууруудтай вэ?  

Энэхүү хөтөлбөр нь одоогоос 2 жилийн өмнө зарлагдсан ба АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжилттэй Од ур чадвар байгууллагаар хэрэгжүүлэн явагдсан. Анх ах маань уг хөтөлбөрийн тухай сонсон надад санал болгосон юм. Бүрдүүлэх материалуудад 150-300 үгтэй хэд хэдэн эсээ, Англи хэлний шалгалт, ярилцлагууд зэрэг өндөр шалгууртай санагдсан учир материалаа явуулах эсэхдээ эргэлзэж байсан ч эцэст нь үзээд алдъя гэж бодон материалаа илгээсэн. 

Материал бүрдүүлэлтийн хувьд эхлээд тодорхойлолтууд бүрдүүлэх үе шат явагдсан. Үүнд ЕБС сурдаг гэсэн тодорхойлолт, гэр бүлийн орлогын тодорхойлолт зэрэг багтана. Үүний дараа эсээ бичиж илгээх шат. Миний хувьд эхлээд Монгол хэл дээр бичиж байгаад эцэст нь Англи хэл дээр явуулсан. Үүний дараа 2-р шатны шалгаруулалт болох Англи хэлний шат явагдсан. Тухайн үед Ковид-19 гарсан байсан учир шалгалтыг цахимаар эсвэл биеэр очиж өгөх гэсэн хоёр сонголттой байсан. Би биеэр очиж өгсөн. Англи хэлний шалгалт нь түвшин тогтоох тест хэлбэрээр явагдсан учир харьцангуй энгийн байсан. Дараа нь ярилцлагын шатанд уригдсан. Ярилцлагыг 3 багш авсан. Эхлээд өөрийгөө танилцуулна уу, дараагаар хөтөлбөрт яагаад хамрагдах хүсэлтэй байгаа талаар асуултууд асуусан ба энэ хэсэг Англи хэл дээр явагдсан. Асуултууд миний бэлдэж байсантай нэлээн дөхөж орж ирсэн тул ярилцлагаа амжилттай өгсөн гэж боддог. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар зөвхөн Англи хэл сураад зогсохгүй, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах боломжтой тул миний хувьд маш сэтгэл хангалуун байгаа. Энэ хөтөлбөр нийт 2 жилийн хугацаанд үргэлжилсэн.

Англи хэлний ямар нэг түвшин, онооны шалгуур тавьсан байсан уу?

Анхан шатны мэдлэгтэй байх ёстой гэж байсан. Ярилцлага дээрээ Англиар асуултууд асуусан гэхдээ нийт асуултын 40% нь Англи хэл дээр явагдсан.

Энэхүү хөтөлбөрт хамрагдах хугацаандаа юу сурч мэдсэн вэ? Өөрийгөө таньж,  нээж чадсан гэж боддог уу?

Хөтөлбөр маань 8 сард эхэлсэн ч удалгүй 11 сард Ковид-19 гарсан. Хөтөлбөр маань карантины үеэр явагдсан тул бүх хичээлээ цахимаар авсан. Англи хэлний хичээл цахимаар 7 хоногт 2 удаа 2 цагаар орсон. Өдөр бүр дэлгэц ширтэх нь дахин хүсэх зүйл биш ч нөгөө талаасаа анхаарал хандуулан, сайн суралцах боломж үүссэн. Тэтгэлгийн хүрээнд ном сурах бичиг, хэрэглээний зардал багтсан байсан. Бидний хувьд Англи хэлээр харилцах орчин бүрдсэн байсан учир Англи хэл хурдан сайжирсан. Сардаа нэг удаа Англи эх хэлтэй багшаар удирдуулан анги дотроо ярианы клуб үүсгээд хоорондоо ярилцдаг байсан. Энэ нь надад маш сайн дадлага хийх, алдаа гаргах, алдаанаасаа суралцах боломж өгсөн гэж боддог.

Хувь хүний хөгжил чиглэлийн хичээлүүд нь хэрхэн явагдсан бэ? 

Бүх зүйл цахим болсон учраас хувь хүний хөгжлийн тал дээрээ илтгэх урлаг, цаг төлөвлөлтийн талаар ойлголттой болохын хажуугаар зочин илтгэгч нар бидэнд олон шинэлэг мэдээлэл өгсөн.

Цахим орчинд хөтөлбөрт хамрагдах үед сайн дурын ажилд хамрагдах боломж байсан уу?

Сайн дурын ажилд хамрагдах боломж нэлээдгүй хүнд байсан. Гэхдээ Дарханд Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургууль байдаг. Тухайн үед хүүхдүүд бидэнтэй ижил уйдаад сууж байсан болохоор бид ангиараа хүүхэд тус бүр тоглоом хийж илгээе гэсэн санаачилга багшаас маань гарсан юм. Энэ жижиг төслийн хүрээнд бид баг болж хуваагдан хүн бүр нэг нэг зүйл хариуцаж аваад хийсэн. Бөөндөө асдаг гэрэл хийж байснаа санаж байна. Нэг нь гэрлийг нь хийгээд нөгөө нь тайлбарыг нь бичих байдлаар тухайн тоглоом маань бүтсэн юм.

Чиний хувьд сайн дурын ажил гэж юу вэ? Үүнийг хийхэд чамд ямар мэдрэмж өгдөг вэ?

Энэ тал дээр би урт түүхтэй хүн гэж боддог. Манай ах Монголын тэргэнцэртэй үндэсний иргэдийн холбоонд ажилладаг. Тийм болохоор би энэ чиглэлээр олон удаа сайн дурын ажил хийж байсан. Жишээ нь харааны бэрхшээлтэй хүмүүст судалгаа бөглөхөд нь туслаад, бичигдсэн зүйлийг нь чанга дуугаар уншиж өгдөг байсан. Таны хэлснээр залуус маань сайн дурын ажил сургуульд явахад нь туслах буюу ашигтай өнцгөөс илүү харж байгааг үгүйсгэхгүй. Миний хувьд миний тусламж, нөлөө хэн нэгэнд, ямар нэгэн хэлбэрээр хэрэгтэй байгаа гэж боддог. Би тухайн хүнд нь тусалж чадаж байгаагаа мэдрэхээр аз жаргалтай болдог. 

Access хөтөлбөрт хамрагдсаныхаа дараа АНУ-ын Бостон хот руу Sports Visitor буюу спортын зочин хөтөлбөрт хамрагдсан тухайгаа ярьж өгнө үү.

Sports Visitor буюу спортын зочин хөтөлбөрт зөвхөн Access хөтөлбөрт хамрагдсан төгсөгч нар л хамрагдах боломжтой. Хөтөлбөрийн шалгуурын тухайд гэвэл насны заалт, Англи хэл мэдлэг сайн байх ёстой буюу өдөр тутмын харилцаанд оролцох чадвар хэрэгтэй. Мөн тухайн хөтөлбөрт хамрагдаж ирээд нийгэмдээ тустай ажил хийх санаа дотроо олсон байх шаардлагатай. Хөтөлбөрт хамрагдаад сурсан зүйлээ ашиглаад нийгэмдээ хэрэгтэй ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэдэг.

Хөтөлбөрийн талаарх мэдээлэл нэг сайт дээр тавигдсан байсан. Шалгуурын тухайд  гэвэл спортын холбогдолтой асуултууд байсан. Ямар нэг спортоор хичээллэдэг үү? Амжилт гаргаж байсан уу? Ямар нэг клубт харьяалагддаг уу? гэх мэт асуултууд байсан. Дараа нь миний санаж байгаагаар 4-5 эсээ бичих даалгавар өгсөн. Эсээ тус бүр нь 150 үгтэй. Яагаад энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа вэ? Хөтөлбөрт хамрагдаж ирээд юу хийх вэ? Таны амьдарч буй газарт үүссэн аливаа асуудлыг спорт хэрхэн шийдэх вэ гэх мэт хүнд нэгийг бодогдуулах асуултууд байсан. Дараагийн шатад ярилцлага өгсөн. Ярилцлагын үед яагаад энэ хөтөлбөрийг сонгосон вэ? Чи хөл бөмбөг тоглодог уу гэсэн 2 асуулт асуусан. Ярилцлагын дундаж хугацаа 5 минут буюу маш богино хугацаанд үргэлжилсэн.

Америк явах бүх зардлыг элчин сайдын яамнаас гаргасан уу?

Бүх зардлыг АНУ-ын төрийн департаментаас гаргасан. Элчин маань биднийг холбох үүрэг гүйцэтгэж байсан.

Оюутны дотуур байр, амьдарч байсан орчныхоо талаар хуваалцана уу?

Манай хөтөлбөрийн зорилго нь спортоор дамжуулж Америкийн үнэт зүйл, соёлын ололт амжилтыг хуваалцах зорилготой. Харин Америк сурагчдын хувьд олон улсын соёлтой танилцах зорилготой хөтөлбөр юм. Хөтөлбөрийн 40% нь спортын хөтөлбөр, үлдсэн хэсэг нь хувь хүний хөгжил, манлайллын программ байсан. Хичээлүүд University of Massachusetts Boston (UMass Boston) дотор явагдсан.

Бостоны нэг өдрийн талаар бидэнд ярьж өгнө үү.

Өглөө босоод цайндаа орох зуураа Монгол багийнхантай цуг өдөр болсон зүйлсээ ярилцдаг байсан. Дараа нь Англи хэлний хичээлдээ хамрагдана. Хичээл маань 2-3 цаг үргэлжилдэг байсан. Үдийн цайгаа купон ашиглан сургуулийнхаа цайны газар иддэг байсан. Долоо хоногт тогтсон хэдэн өдөр спортын бэлтгэлтэй бусад үед нь өөр үйл ажиллагаануудад оролцдог байсан. Дараагаар нь оройн хоолондоо ороод чөлөөт цаг эхэлдэг байсан.     

Бостон хотоор явж байх үед анзаарсан, онцолж хэлмээр зүйл юу байсан вэ?

Хот төлөвлөлт маш сайн хийгдсэн болохоор зүг чиг олоход амар байсан. Бидэнд хэрэглээний мөнгө гэж 14 хоногийн хугацаанд 400 доллар өгсөн. Мөн америкт ашиглагддаг банкны карт өгсөн.

Спортын хөтөлбөрийнхөө талаар танилцуулна уу. 

Энэ хөтөлбөрт хамрагдахаар 8 орны 40 хүүхэд хамрагдсан. Нийт сурагчдын тал нь хөл бөмбөгт маш сайн байсан. Үлдсэн хувь нь сайн биш байсан. UMass-д байхдаа долоо хоногт 3-4 удаа хөл бөмбөгийн бэлтгэл хийдэг байсан. Анхны бэлтгэл дээр шууд багуудад хуваагдаад тоглоод эхэлсэн. Би төсөөлөхдөө эхлээд бэлтгэл, сургуулилт хийнэ гэж бодсон ч тийм байгаагүй. Би Монголд байхдаа хувь хүний багт гүйцэтгэх үүрэг хариуцлага их учир алдаа гаргах вий гэж санаа зовон багийн спортод сайн байгаагүй. Харин тэнд очиж, алдаж үзээд, багийн спортыг хөгжилтэй талаас нь харж эхлэн тоглож эхэлсэн.  

Бостонд байх хугацаанд өөр газруудаар очиж үзэх боломж олдсон уу?

Нэг өдрийн чөлөөт цаг гараад Харвардын их сургуульд очиж үзсэн. Би Харвардын их сургуулийг нь МУИС-тай зүйрлэж боддог байсан ч, бодитоороо нэг дүүрэг нь бүхэлдээ Харвард юм билээ. Сургуулиуд нь дотроо чиглэл чиглэлээрээ тусдаа байдаг нь маш сонирхолтой санагдсан.

Америк хүмүүсийн зан чанарын ялгаа юу байсан бэ? 

Америкчууд маш нээлттэй хүмүүс шиг санагдсан. Би нэг удаа UMass кампусын дэлгүүр ороод ажилтнаас нь номын тухай асууж байх зуураа миний үздэг анимийн цамц өмссөн байсныг нь анзаарсан юм. Би тухайн хүнээс та 4-р бүлгийг нь үзсэн үү гэх мэтээр яриа өрнүүлсэн. Монголд бол ийм байдлаар яриа өрнүүлэх түгээмэл биш учир нь бид нар бага зэрэг хаалттай хүмүүс. Харин Америкчууд ийм нөхцөлд нүд нь сэргээд л явчихдаг санагдсан. Бид хоёр бүр дуртай Япон дуу зэргийн талаар маш чөлөөтэй ярилцсан. Үүнээс гадна Америк хүмүүс маш соёлтой санагдсан. Жишээ нь хөл бөмбөгийн үеэр суудал олох гээд бужигнаж байгаа ч төрийн дуулал нь эгшиглэнгүүт бүгд зогсон хүндэтгэл үзүүлж байгааг хараад эх орондоо, үнэт зүйлдээ, эрх чөлөөнд их хүндэтгэлтэй хүмүүс юм гэж санагдсан.     

Sport visitor программаар суралцаад, эх орондоо ирээд юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?

Америкт өнгөрүүлсэн хугацаанд ойлгосон нэг чухал зүйл нь спорт хүмүүсийг илүү сайн нэгтгэдгийг юм байна гэдгийг харсан. Мөн та ямар улсын иргэн байх, ямар ур чадвартай байхаас үл хамааран бусадтай хамт нэг баг болон, багийн ажилд тэгш эрхтэй оролцож байгаа нь маш их таалагдсан. Тэнд хүнийг хувь хүн гэдэг өнцгөөр хандаж байсан нь гайхалтай байсан. Тийм ч учраас би хүмүүсийн ямар орчинд өссөн, ямар улс төрийн үзэл бодолтой байх, бие бялдар, хөрөнгө мөнгө зэргээс үл хамааран спортоор дамжуулан хүмүүсийг нэгтгэхийг хүсэж байна. Би Америк явахдаа эсээндээ бичихдээ би спортоор дамжуулан үе тэнгийнхний дээрэлхэлтийг арилгахад хувь нэмрээ оруулна гэж хэлж байсан. Энэ үзэлдээ одоо ч үнэнч хэвээр байгаа. Үүний хүрээнд би Equity гээд төсөл хэрэгжүүлэхийг хүссэн ч дэмжигдээгүй. Анхны санаа маань тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сонгон, өөрийн хамрагдсан хөтөлбөр шиг 2 долоо хоногийн хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байсан юм. Долоо хоногт 2 өдөр спортоор хичээллэн, бусад өдрүүдэд  тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн амжилттайгаар өргөдлөө илгээхэд зөвлөгөө өгөх зэрэг хэсгүүдээс бүрдэж байсан. Энэ санаа маань хэрэгжээгүй учир би 6 сарын хугацаанд доод ангийн дүү нартаа Англи хэл заах хөтөлбөрт хамрагдан, хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн төгсгөлд өөрийн бодож байсан тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгөх бодолтой байна.

Чиний цаашдын төлөвлөгөө юу байна вэ?

Америк оронд очоод хэл, соёлыг нь хараад ирсэн хүний хувьд ахлах сургуулиа төгсөөд, сонирхсон чиглэлээрээ Америкт очоод бакалавраа дүүргэнэ гэж бодож байна. Англи хэлнийхээ Академик чадвараа сайжруулах, IELTS-ийн шалгалтаа өгөхөд бэлдэж байна. Personal Statement эсээгээ бичиж байна. Саяхан Америкт Суралцах таван алхам гэсэн хөтөлбөрт тэнцээд маш олон мэдээллийг хүлээн авсан. Цаашид Америкт суралцъя гэж бодож байгаа ч хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа хүүхэд залуустаа хандаж хэлэхэд энэ хөтөлбөрт заавал хамрагдаарай гэж зөвлөе. 

Англи хэлийг хэрхэн сурах талаар зөвлөгөө өгнө үү.

Нэгдүгээрт нь сайн дадлага хийх. Дараа нь сэтгэлгээ гэж хэлмээр байна. Хэл сурахад тууштай байгаарай гэж хэлнэ. Хамгийн ихдээ 3 өдөр хийгээд 4 дахь өдрөөсөө орхичихвол ямар ч хэлийг сурч чадахгүй шүү дээ. Дараа нь хэл сурахдаа сэтгэл зүйгээ бэлдсэн байх буюу, яагаад сурах гэж байгаагаа нарийн тодорхой болгоорой гэж хэлмээр байна. Зүгээр л би Англи хэл сурмаар байна, гадагшаа явмаар байна, надад хэрэгтэй гэж бодоод сурах гэж байгаа зэрэг тайлбар байх нь хангалтгүй. Миний хувьд Англи хэл бусад орны соёлтой биечлэн танилцах хэрэглүүр болдог. Сурах зорилгоо өргөн хүрээгээр нь харж тодорхойлбол сурахад урамтай болдог санагддаг.  

Америк болон бусад орон руу сурахыг зорьж байгаа залуустаа хандаж юу хэлэх вэ?

Америкт суралцах 5 алхам гээд сургалт дээр хэлж байсан юм. Америкийн их сургууль руу хэн явж байна вэ гэхээр маш сайн судалгаа хийсэн, маш сайн цаг зарцуулсан хүнд боломж ирж байна гэсэн юм. Тиймээс та судалгаагаа сайн хийвэл ямар ч боломж бий шүү гэж хэлмээр байна. 

Бидний урилгыг хүлээн авч манай сонсогчдод олон хэрэгцээтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзацгаая.