Alumni stories

Н.Урин "Global UGRAD" хөтөлбөрийн төгсөгч

Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Өөрийгөө манай сонсогчдод танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.         

За сайн байцгаана уу. Тийм ээ Урин байна. Намайг урьж оролцуулж байгаад маш их  баярлалаа. Би АНУ-ын ЭСЯ-ны бүрэн тэтгэлгээр Global UGRAD хөтөлбөрт хамрагдаад University of Wisconsin-Eau Claire их сургуульд нэг улирал суралцаад ирсэн. Монголд ирээд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн.

Ахлах сургуулиа хаана суралцаж төгссөн бэ?

Миний хувьд арван жилээ Орос гуравдугаар сургуульд суралцаж төгссөн.

Global UGRAD хөтөлбөрийн тухай сонсогчдодоо мэдээлэл хүргэнэ үү.

Global UGRAD нь Монгол улсдаа бакалаврын зэрэгт суралцаж буй оюутнуудад зориулсан хөтөлбөр. Өөр хэлбэл Монголын их сургуульд суралцаж буй хөтөлбөрөө төгсөхөөс өмнө суралцаж буй чиглэлээрээ АНУ-д нэг улирал суралцаад ирдэг гэж ойлгож болно. Global UGRAD хөтөлбөрийн хүрээнд бүх зардлыг цаанаас нь даадаг. Үүнд онгоцны зардал, виз мэдүүлэх төлбөр, амьдрах зардал, сургалтын төлбөр гэх мэт бүгд багтдаг.

Энэхүү хөтөлбөрт хэрхэн хамрагдсан вэ?

Анх ээжийн тусламжтайгаар 1-2 дугаар курстээ энэ хөтөлбөрийн тухай судалж мэдээд, 2-р курстээ материалаа явуулж тэнцсэн ч, төгсөх курстээ явсан. Учир нь тэр үеэр Ковид-19 гарч байсан учир нэг жил орчим хүлээгдсэн.

Амьдарч байсан муж, хотынхоо талаар бидэнд танилцуулна уу.

Висконсин мужийн хүн ам нь ерөнхийдөө цагаан арьстнууд давамгай амьдардаг, шар айргийн хэрэглээгээр алдартай, ан агнуурын соёл хөгжсөн газар юм билээ. Миний очсон Eau Claire хот яг л Америк кино дээр гардаг шиг хот байсан. Жижиг хот, харьцангуй тайван, хүүхдүүд дугуй унаад тоглож байдаг, байгальд ойр, сургуулийн дотуур байрны хажуугаар гол урсдаг ийм орчинтой гоё газар байсан. 

Америкт анх очсон сэтгэгдэл ямар байсан вэ? Хүлээлтээс илүү эсвэл дутуу байсан уу?

Миний очсон хот Америктаа хөдөө газарт тооцогдоно. Гэхдээ төсөөллөөс илүү гоё байсан. Бидний мэддэгээр өндөр хөгжилтэй бус хотууд нь кинон дээр илүү уйтгартай, гэмт хэрэгтэй, дан насжилт өндөртэй хүн амтай зэрэг арай өөрөөр харуулдаг юм билээ. Явахаасаа өмнө судалж үзээд ийм төсөөлөлтэй очсон. Яг очиж үзэхэд насжилт өндөртэй хүн амтай ч сургуулийн орчинд ороход оюутнууд хоорондоо нийтэч, хамт хоолонд орж, хамт хөгжөөнт олон нийтийн үйл ажиллагаанд явах зэргээр миний төсөөллөөс илүү зугаатай байсан. Амралтын үеэрээ бусад өндөр хөгжилтэй хотууд болон Миннеаполис, Нью-Йорк, Чикагоор аялах боломж гарсан. Тэдгээр хотууд бол төсөөлж байсан шиг гоё байсан. 

Америк орныг яагаад сонгосон вэ?

Америк соёл дэлхий даяр тархсанаас үүдэлтэй нөлөөнд нь илүү өртсөн үеийн төлөөлөл учир энэ орныг сонгосон. Цэцэрлэгийн наснаас эхлэн Америк сувгаар хүүхэлдэй, кино үзэж өссөн учир тухайн улсын соёл, хэв маягт их дуртай болж өссөн. Ахлах сургуульд байхаасаа АНУ явах хүсэл, зорилготой байсан. 

Global UGRAD хөтөлбөрт хамрагдахад хамгийн хэцүү санагдаж байсан үе нь юу байсан вэ?

Хөтөлбөрийн материалд хэд хэдэн чухал хэсгүүд бий. Тодорхойлох захидлыг хэнээс авах вэ гэдэг чухал. Гэхдээ хамгийн чухал нь эсээ байсан. Миний санаж байгаагаар хоёр төрлийн эсээ бичиж байсан. Эсээгээ би нэлээн олон удаа дахин дахин бичээд, сүүлдээ би хэт төгс хувилбар гаргахыг оролдохоос илүүтэй, миний хэлэх зүйл мөн байна гэсэн хувилбараа явуулж байсан. Ямартай ч явуулаад үзье, тэнцэхгүй байсан ч зүгээр ээ гэж бодоод явуулсан. Эсээ бичих процесс бол сорилттой хэсэг байсан. Гэхдээ одоо бодоход хамгийн хэцүү нь ЭСЯ дээр ярилцлагад орох байсан юм байна. Тухайн үед их сандарч орсон ч гэлээ, надаас асуусан асуултуудын нэг болох “Энэ хөтөлбөр яагаад хэрэгтэй вэ” гэсэн асуултад үнэхээр сайн хариулаад, тэгж хэлсэн гэдэгтээ итгэхгүй байсан. Тэр нь Монголын боловсролын хөтөлбөр хангалттай бус байна. Чанаргүй боловсролын үргэлжилсэн тойргийг зогсооход энэ хөтөлбөр байх нь зөв юм гэдэг талаар ярьж байсан. Үүнийг хуваалцаж байгаа нь миний санааг шууд хуулбарлаарай гэсэн өнцөг биш шүү. Учир нь ийм тохиолдолд ямар ч өршөөл байдаггүй. Харин эсээ дээр анхаарвал зохих зөвлөгөө гэвэл хэт төгс хувилбар гаргах гэж хамаг хүчээ тарамдах нь зөв биш санагдсан. Түүний оронд тухайн асуултад зориулан өөрийн чин сэтгэлээс гарах хариултыг өгөх нь илүү чухал санагдсан. Тухайн чин сэтгэлийн хариултаа эрэлхийлэхдээ ер нь би энэ амьдралд юу хүсэж байна, цаашид би юу хиймээр байна вэ гэдгээ дотроосоо олох болон гаднаас хайх эрэл хайгуул хийх үйл явц. Мөн хувь хүний хувьд өөрийгөө олох процесс гэж харвал зүгээр гэж бодож байна. 

Таныг блог хөтөлдөг гэдгийг мэднэ. Блогтоо энэхүү хөтөлбөрийн талаар ярихад хүмүүс хэрхэн хүлээж авч байсан вэ?

Иймэрхүү төрлийн контентоор илүү цангасан мэдрэмж төрж байсан. Олонх нь маш эерэг хандлагаар хүлээж авч байсан. Залуу үеийнхнээсээ маш их сурах хүсэл, эрмэлзлээ илэрхийлж байсныг олж харсан. Энэ хөтөлбөрийн талаарх мэдээлэл болон ангил хэлээ хэрхэн сайжруулах вэ зэрэг мэдээллийг илүү авахыг хүсэж байсан. Зарим нь бүүр би өмнө нь АНУ-д сурч байсан ч ийм олон газраар аялж үзээгүй юм байна гэж хүртэл хэлсэн байсан шүү.

АНУ-д суралцаж байхад Урингийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан вэ?

Тухайн өдөр лекц, семинартаа сууж эхэлнэ. Заримдаа хичээл дундаа цонхтой үе гарна. Тэр үедээ оюутны хотхонд олон клуб, спортын цогцолбортой болохоор түүнд хамрагдаж, иогт явдаг байсан. Хоолондоо орно. Заримдаа буцаад дотуур байрандаа буцаж ороод угаалга хийнэ. Эргээд хичээлдээ сууна. Тараад номын сандаа орой болтол сууж хичээл, бие даалт, даалгавраа хийнэ. Дараа багаараа хийх хичээл байвал хийчхээд, найзуудаараа хоол иднэ. Харин амралтын өдрүүдэд илүү олон нийтийн үйл ажиллагаа зохиох, оролцох байдлаар миний нэг өдөр өнгөрдөг байсан.

АНУ-д суралцаж байхад тулгарч байсан сорилттой зүйл байгаа юу?

Байгаа. Академик буюу хичээлийн тал дээр үргэлж сандралтын байдалтай байсан. Чадах болов уу гэх бодол төрнө. Хэдий өөрийн сурч байсан санхүүгийн чиглэлээ судлах мөн Ангил хэлний TOEFL ийн шалгалт дээр өндөр оноо авсан байсан ч яг Санхүүгийн хичээлээ Англи хэл дээр нь үзнэ гэсэн бодол илүү сандралыг нэмэгдүүлсэн. Миний хувьд таван хичээл сонгосоны дөрөв нь их гайгүй байсан. Харин ахисан түвшний нэг хичээл авахад өндөр түвшний агуулгууд орж ирэн, гүйцэж чадахгүй хэцүү байсан. Гэхдээ тэр хичээлдээ хамаг анраалаа төвлөрүүлэн, тэр бүү хэл тухайн хичээлийн хүрээнд тэмцээнд оролцон, маш их бэлтгэлийн дараа хоёр дугаар байранд орж байсан. Энэ бол миний хувьд дурсамжтай, гоё сорилт байсан.

Монгол улсын болон АНУ-ын багш суралцагчийн хамтын ажиллагаа, харилцаа, судалгааны ажил хийх арга барилын талаар хуваалцана уу. 

Санхүүгийн Их Сургууль болон АНУ-ын сургуулиудын хооронд том ялгаа бол байгаагүй. Хамгийн том ялгаа нь plagiarism буюу оюуны өмчийн хулгай дээр эсрэг болон маш хатуу зогсдог нь их таалагдаж, үр өгөөжтэй санагдсан. 

Хичээлийн ачаалал хэр их байсан вэ? 

Би 5 хичээл сонгоход ер нь хичээл сургуулийн болон нийгмийн амьдарлаа тэнцвэртэй авч явахад их боломжтой байсан. Мэдээж хичээлийн хүндрэлийн төшингөөс хамааран зарим хичээлүүд хэцүү бусад хичээлүүд ачааллын хувьд боломжийн байсан.

Америкт суралцахын тулд хамгийн эхэнд юунаас эхлэх нь зөв бэ?

Эхлээд чи ямар чиглэлээр сурмаар байгаагаа тодорхойлох хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ түүнийгээ үнэхээр олж чадахгүй бол хаана очмоор байгаагаа тодорхойлж болно. Дараа нь тэр газарт ямар сургуулиуд байгааг судалж үзээрэй. Үүний дараа тухайн сургуулиуд юу заадаг талаар гэх мэт дараагийн шатны мэдээллийг судалж болно. Ер нь эхлээд өөрийн сонирхолтой чиглэлээ олж эхлэн түүний дагуу их сургуулиудаа хайх нь зүйтэй. Бүх мэдээлэл нь байж байгаа шүү дээ. Дотуур байрных нь зураг хүртэл бий шүү дээ.

Хичээлийн бус цагаар юу хийдэг байсан вэ?

Би багаасаа  ширээний теннис тоглох дуртай хүүхэд байсан л даа. Тийм учраас ширээний теннисний клубт хамрагдаж байсан. Мөн заримдаа иогт явна. Америк хөл бөмбөг үзэх зэргээр өнгөрүүлнэ дээ.

Америкт аялахдаа юуг анхаарвал зүгээр вэ?

Эрүүл мэндийн тал дээр зөвлөгөө байна. Хэрвээ чиний хоолой, толгой, зүрх ч юм уу ямар нэг эрхтэн байнга өвддөг бас түүндээ эм уудаг бол Монголоос өөрийнхөө уудаг эмийг авч яваарай. Америк эм таарахгүй байж болно шүү дээ. Дараагийнх нь гэвэл ямар ч үед өөрийнхөө төлөө хэнээс ч хамаагүй хэрэгтэй зүйлээ асууж чаддаг байгаарай гэж хэлмээр байна. Ялангуяа нисэх буудал гэх мэт газар дээр гэнэтийн асуудлууд их үүсдэг. Монголоос өөр газарт суралцах бол бол чи ганцаараа шүү гэдгээ бодоорой. 

Америкт сурахаар очихоосоо өмнө мэдвэл зүгээр гэж бодогдсон зүйл байсан уу? 

Англи хэлдээ хангалттай сайн биш гэж чи өөрийгөө дүгнэж байгаа бол танихгүй хүмүүстэй яриа хэрхэн өрнүүлэх, харилцах талаар интернэтээс хайгаад үзээрэй. Найзын хүрээлэл гэдэг их чухал. Бас багш нар, профессоруудтайгаа маш гоё харилцаа үүсгээрэй гэж хэлмээр байна. Ер нь харилцааны чадвараа сайжруулах тал дээр анхаарвал сурах хугацаандаа илүү сэтгэл хангалуун, хүмүүсээр баялаг болно. 

Англи хэл сурахыг хүсэж байгаа залуустаа хандаж юу гэж зөвлөх вэ?

Хэл гэдэг маань өөрөө соёл учраас, түүнд нь нэвчин орох хэрэгтэй. Тэр дотор суралцаж болох олон арга хэлбэр бий. Кино, ном, дуу зэргээр дамжин тухайн соёлд нэвчиж байж хэл сайжрахад нөлөөлнө. Кино, ном, дуу гурав миний Англи хэл сурахад соёлын талаас их нөлөөлсөн. Гэхдээ Академик англи хэлийг сургалтад сууж сайжруулж байсан. Нийлж байж цогц чадварыг суулгадаг санагдсан.  

Монголд байсан Урин, Америкт суралцаад ирсэн Урин юугаараа өөр вэ?

Том хүн болсон. Шууд утгаараа. Сэтгэл зүйн хувьд биеэ даасан хүн болсон. Бие даана гэхээр бидний ойлголтоор зөвхөн түрээсээ төлөх, өөрөө гэрээ цэвэрлэж, аягаа угааж сурах гэх явцуу ойлголт бус. Сэтгэл зүйн хувьд хэн нэгнээс/юмнаас хамааралтай байхаас ангижирхад хамгийн том түлхэц болсон. Хүний газар очвол чи бүхий л үед ганцаараа буюу, зөвхөн өөртэйгөө тулж ажиллаана.

Мэргэжлийнхээ талаар сонирхуулна уу?

Миний мэргэжил бол санхүү буюу мөнгө нэг хүнээс нөгөө рүү ямар хэлбэр, арга замаар очиж байгааг судалдаг гэж хэлж болно. Дотроо олон салбарлах ба үүнд хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт зэрэг багтана. 

Мэргэжлээ сонгох гэж байгаа дүү нартаа юу гэж зөвлөх вэ?

Санхүүгийн чиглэлээр сурвал ихэнхдээ компьютерын ард суудаг ажил хийнэ. Тэр дундаа тухайн аль нэг байгууллагын санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийнэ. Дүн шинжилгээ хийнэ гэдэг нь жишээ нь тухайн байгууллага зээл авлаа гэхэд эргээд төлөх чадамжийн шинжилгээ хийнэ гэсэн үг. Тоо бодно гэсэн үг буюу математикт илүү ойрхон мэргэжил. Дан сууж ажиллана гэж хэлхээр бас өрөөсгөл ойлголт. Маш олон байгууллагуудад харилцааны олон ажил бий. Бидний мэдэхгүй олон харилцаа шинээр гарч ирж байна. Үүний нэг жишээ нь stock pitch гэх мэт. Хэрэв уртын хугацаандаа санхүү хариуцсан захирал болбол санхүүтэй холбоотой шийдвэрүүд гаргана. 

Энэхүү мэргэжлийг сонгосон шалтгаан юу байсан вэ?

Би тооны хичээлд дуртай хүүхэд байсан. Дараа нь их сургуульд элсэх үед тоотой холбоотой мэргэжил юу билээ гэж бодоод ээжтэйгээ зөвлөж байгаад сонгож байсан. Ээжтэйгээ их ярилцаж, санхүү эдийн засгийн сургуулиар орж мэдээлэл авч байсан. Ээжээсээ хүнээс санаа зоволтгүй асуулт асуух чадварт суралцсан. Эдийн засаг, санхүүд сурах хүслийг минь гүн төрүүлсэн үе гэвэл Паркин зохиолчийн эдийн засгийн ном уншсан үе байсан. Үүнээс үүдэлтэй Эдийн засаг, Санхүү их гоё салбар гэж бодож эхэлсэн. Карантины үед онлайнаар хичээл авч байх үедээ илүү анхаарлаа төвлөрүүлэн сурч байсан учир мэргэжилдээ их дурласан, чухлыг нь ойлгосон. 

Америкт суралцаж байхад ийм зүйлийг Монголын дээд боловсролын сургалтын системд нэвтрүүлбэл зүгээр гэж бодсон зүйл байсан уу?

Байлгүй яах вэ. Би өөрөө ийм төсөл хэрэгжүүлэхийг хүссэн. Их сургуулиудад ганцаарчлан хичээл хийх өрөө гаргаж өгвөл сурах бүтээмж их дээшилнэ, маш гоё шийдэл санагдсан. Академик боловсролд минь маш их тус болсон зүйлийг би тэр өрөө гэж боддог.

Америкт суралцахыг хүсэж байгаа, бодож төлөвлөж байгаа залуу үеийнхэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

Америк л очвол бүх зүйл сайхан болно гэж боддог. Гэхдээ тэнд очоод яг юу хийхээ мэддэггүйгээс шалтгаалан ганцаардалд автах, сэтгэл гутралд орох зэрэг асуудлуудад орж ирнэ. Jordan Peterson сэтгэл зүйчийн хэлснээр сэтгэл зүйн асуудлын суурь шалтгаан нь бодит асуудлаас үүсдэг гэсэн байдаг. Тиймээс та АНУ-д суралцах бол юу хиймээр байгаагаа бодит асуудалд хандаж авч үзээрэй. Ямар мэргэжлээр сурах, төгсөөд Америкт үлдэх бол ямар ажил хийх, Монголдоо ирээд хаана юу хийх гээд олон зүйлээ бодолцож бодит асуудлуудтайгаа нүүр тулаарай гэж зөвлөе. Энэ нь материал бүрдүүлэлтийн явц, АНУ-д очин академик болон нийгмийн амьдралд нь эерэг нөлөө авчирна. 

Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзталаа баяртай, эрхэм сонсогчдоо.