Alumni stories

М.Ивээл: "University of Wisconsin-Superior" их сургуулийн төгсөгч

Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

Баярлалаа, уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. MASA-ныхаа цуврал подкастанд оролцохоор болж байгаадаа баяртай байна. Намайг Ивээл гэдэг, АНУ-ын “University of Wisconsin-Superior”-ыг 2019 онд эрх зүй судлал, олон улсын харилцаа мэргэжлээр дүүргэсэн. Монголдоо 2019 онд ирсэн. Одоо MASA-ын хөтөлбөрийн ажилтнаар ажиллаж байгаа.

MASA-ын гэр бүлд нэгдсэн сэтгэгдлээс нь сонсоод яриагаа эхлүүлье.

MASA-ын гэр бүлд нэгдээд гурван долоо хоног болж байна. Ажлын хувьд маш сонирхолтой, маш их таалагдаж байгаа. АНУ-д сурах хүсэл мөрөөдөлтэй олон хүүхдүүдийн гарааг нээж өгч, гүүр нь болж байгаадаа мөн өөрийнхөө туулж явсан замналыг бусадтай хуваалцах болсондоо их баяртай байдаг.

АНУ руу явахаасаа өмнө ямар сургуулийг төгссөн, ямар сургуульд сурч байсан талаараа дэлгэрэнгүй хуваалцаач.

Би АНУ явахаасаа өмнө 10, 11-р ангиа Шинэ Монгол ахлах сургуульд сурч дүүргэсэн, түүнээс өмнө 13-р сургуулийг сурч төгссөн.  

10 жилийн сурагчид манай подкастыг их сонсдог тул тэдэнд зориулаад мэргэжлийнхээ тухай яриач. Яг ямар мэргэжил вэ? Онцлог нь юу вэ?

Би АНУ-д сурахаасаа өмнө хуульч мэргэжилтэй болохыг хүсэж явсан. Ер нь багаасаа л хуульч өмгөөлөгч болохыг хүсдэг байсан. Тийм болохоор АНУ явахаасаа өмнө gap year авсан. Тэр хугацаандаа МУИС-ын Хууль зүйн их сургуульд нэг улирал сурсан. Ер нь бол хуульч болохыг хүсдэг байсан учраас хуулийн сургуульд орсон байгаа. Одоо яг миний дүүргэсэн мэргэжил маань эрх зүй судлал гэж явдаг. Энэ чиглэл дотроо хүний эрх чиглэл рүү илүү их цаашид суралцаж энэ чиглэлээр нийгэмдээ олон зүйл хийхийг хүсэж явдаг.

АНУ-д сурахаар шийдвэр гарахад хэн, юу хамгийн их нөлөөлж байсан бэ?

АНУ руу явахад хамгийн их нөлөөлсөн нь миний гэр бүл, тэр дундаа манай аав. Энэ талаар ямар ч ойлголтгүй байхад манай аав АНУ-д сурах ёстой, АНУ-д сурснаар маш олон боломж гарна гэдэг бодлыг анх өгч байсан. 6-р ангиасаа эхлээд хичээлийнхээ хажуугаар англи хэлний курсэд яваад хэлний мэдлэгээ дээшлүүлээд явсан. 6-р ангиасаа АНУ явтлаа маш олон курсэд явсан, тэр бүрийн ард манай аав дэмждэг байсан. Өдөр бүр зорилгыг минь ойлгуулж, анх англи хэл сурахад хүртэл манай аав надад зааж байсан. Тэгэхээр хамгийн их нөлөөлсөн хүн бол манай аав гэж хэлмээр байна.

АНУ-д сурна гэсэн зорилго тавиад бэлдэж байх хугацаанд АНУ руу явах хүртэл тэр зам хэр дардан байсан бэ?

АНУ руу явах зам бол мэдээж дардан байгаагүй. Маш их цаг хугацаа, хүчин чармайлт, мэрийлт шаарддаг. Аравдугаар ангиасаа хойш хэлний бэлтгэлээ эрчимжүүлж эхэлсэн. Ер нь хэлний бэрхшээл, шалгалтаа амжилттай өгөх, сургуулиа судлах, сургуулиас шаардах материалуудыг бүрдүүлэх гэх мэт тэр бүр амар ажил биш, тэр бэлтгэлийг хангахын тулд би сургуулиа төгсөөд бүхэл бүтэн нэг жилийг өөртөө зарцуулсан байдаг.

Англи хэлийг 6-р ангиасаа үзсэн ч гэсэн яг шалгалтын төвшинд хангалттай сайн биш гэж бодсон тул 10-р ангиасаа эхлээд маш эрчимтэй нэмэлт хичээл үзэж TOFEL, SAT гэх мэт шалгалтууддаа өөрөө хувьдаа бэлдэхээс гадна хувийн багш аваад бэлдэж байсан. Тэгээд шалгалтаа хоёр удаа өгсөн. Эхний удаа өгөхөд хангалттай оноо авч чадаагүй, хоёр дахь удаа өгөөд оноогоо ахиулж чадсан байдаг. Ер нь бол шалгалтаа өгөх, мөн өргөдлийн анкет бүрдүүлэхэд олон материал бүрдүүлдэг. Багшаасаа тодорхойлох захидал авах, эсээгээ амжилттай бичихийн тулд сургуулиас гадуур нийгмийн идэвхтэй байх, сайн дурын ажил хийх гэх мэт өөрийгөө танин мэдэх, өөрийгөө харуулах замуудыг туулах шаардлагатай болдог. Ингээд үзэх юм бол тухайн хүнээс ганц хүсэл мөрөөдлөөс гадна хүчин чармайлт, цаг хугацаа их шаардаж байсан.

АНУ-д байсан сэтгэгдэл ямар байсан? АНУ-д байсан дурсамжуудаасаа хуваалцвал?

Миний АНУ-д очсон анхны сэтгэгдэл их тийм инээдтэй ч юм шиг санагддаг одоо бодоход. Энд байхдаа АНУ-г интернетээс, киноноос үзэж байгаа байдлаас л төсөөлж байлаа. Олон өндөр барилга, их замын түгжрэлтэй, бум бужигнасан газар. Яг миний сонгосон сургууль бол “University of Wisconsin-Superior” гэж байгаа, энэ сургууль нь их жижигхэн коллеж байсан, 600 гаруй оюутантай. Манай муж маань өөрөө АНУ-ын хамгийн хойд зах хойд мужийн бүүр хойд хэсэгт нь байрладаг газар байсан. Яг л хөдөө газар. Мэдээж бас явахаасаа өмнө тодорхой хэмжээний судалгаа хийгээд, байршил нь ийм байдаг юм байна гэсэн төсөөлөлтэй байсан боловч арай үгүй байлгүй дээ гэж бас бодож очсон. Тэгээд яг онгоцны буудал дээр буугаад сургуулиас маань намайг тосож аваад сургууль руу очих хүртэл бараг нэг цаг гаруй машинаар явсан. Тэгсэн замд ерөөсөө байшин харагдаагүй дандаа мод л байсан. Намайг тосож авсан хүн маань надад байгаль сайхан газар шүү, янз бүрийн амьтад бий, оршин суугч нар нь их загасчлах дуртай, ууланд авиралт алхалт хийдэг, байгальд ойр хүмүүс гэж хэлж байсан. Уг нь бол өөр зүйл ярих байтал бид хоёр байгалийн тухай л яриад очсон.  Тийм ч учраас анх очиход миний сэтгэгдэл маш өөр байсан. Дараа нь сургуулиасаа шилжиж өөр сургуульд очсон түүхтэй байдаг.

Сая сургуулиа шилжээд өөр сургууль руу орсон гэсэн. Ямар сургууль руу орсон тэр тухайгаа хуваалцаач.

Шилжих болсон шалтгаанаа эхлээд ярихад би ер нь жижигхэн коллежид очих хүсэлтэй байсан. Яагаад гэвэл анх удаа гадагшаа явж байгаа учраас том орчинд байхаас илүү дасан зохицоход хялбар юм болов уу гэж бодсон. Мөн миний тэр сонгосон сургууль бусад сургуулийг харьцуулбал тэтгэлгийн хувьд их боломжийн тэтгэлэг өгч байсан. Яг очсон чинь туршлага өөр байсан, олон гадаад оюутан байдаггүй учраас гадаад оюутанд туслах төв гэж байдаггүй болохоор би бүх зүйлээ өөрөө хөөцөлдөж өөрөө хийх шаардлагатай болсон. Оршин суугч болоод явж байгаагийн хувьд тэр орчинд мэдээлэл их хомс, туслах хүн байхгүй байсан. Нөгөө нэг шалтгаан нь ганцаараа Ази оюутан байсан учраас найз нөхөдтэй болох тал дээр бас хүндрэл гарч байсан. Тийм учраас хүрээллээ солиод үзье гэж шийдээд мужийнхаа 2500 гаруй оюутантай дундаж гэж явдаг, 30 гаруй орноос оюутнууд ирж суралцдаг, гадаад оюутан ихтэй сайн сургууль University of Wisconsin-ыг сонгож, шилжиж сураад төгссөн. Ихэнх дээд сургууль, коллежууд 1-р курсдээ ерөнхий мэргэжлийнхээ талаар үздэг тул шилжих процесс тийм ч хүндрэлтэй байгаагүй. Шилжинэ гэсэн шийдвэрээ эрт гаргасан нь бас зүгээр байдаг шүү гэж зөвлөмөөр байна.

Сургалтын төлбөрийн асуудлаа яаж шийдэж байсан бэ?

Энэ асуудал нь сургуулиа сонгох бас нэгэн шалтгаан байдаг. Би төрийн сангийн зээлд хамрагдах гэсэн боловч хараахан чадаагүй. Тийм болохоор сургуулиасаа тэтгэлэг авсан мөн гэр бүлээсээ дэмжлэг авсан. Бас гадаад оюутнууд сурахынхаа хажуугаар 7 хоногтоо 20 цаг ажил хийх эрхтэй байдаг. Сургуулийнхаа хажуугаар ажил хийж өөрийн амьжиргааны зардал болон сургалтын төлбөртөө хувь нэмэр оруулаад явдаг байсан.

Оюутны байрандаа амьдардаг байсан уу? Хаана амьдардаг байсан бэ?

АНУ-ын ихэнх сургуулиуд эхний 2 жилдээ оюутны байрандаа амьдрах шаардлага тавьдаг учраас оюутны байрандаа амьдарч байгаад 3-р курсээсээ эхлэн гадуур байр түрээсэлж амьдарч эхэлсэн. Дотуур байрандаа амьдрахад яг өөрийн гэсэн хувийн орон зайгаа бүрдүүлэхэд бага зэрэг хүндрэлтэй байдаг тул сургуулиас гадуур байр түрээсэлж амьдрах нь миний хувьд илүү тухтай санагдаж байсан.

Чиглүүлэх сургалт (orientation training) ямар байсан бэ?

Сургууль сургуулиасаа хамаараад өөр өөр болдог юм билээ. Анхны сургууль маань байгаль орчинтой маш ойр байсан учраас бид 7 хоног үүргэвч үүрээд явж байсан. Үргэлжлүүлээд завиар аялаад буудаллах газраа очиж хоноод маргааш нь үргэлжлүүлэн завиар аялаад гэх мэтээр 7 хоногийн турш тэгж явж байсан. Тэр нь маш хөгжилтэй санагдаж байсан. Гэрээсээ хол очоод гэнэт байгальд байсан чинь амар амгалан тайван санагдаж байсан. Буудаллах тусгай зогсоолуудтай зөвхөн тэндээ л майхнаа барьж буудалладаг. Хоёр дахь сургуулийн хувьд чиглүүлэх сургалт нь зөвхөн сургуулийнхаа хүрээнд болж өнгөрч байсан. Мөн гадаад оюутнууд олон байдаг тул тусдаа сургалт бас болж байсан.

АНУ-д сурч байх үеийн хамгийн гоё дурсамжуудаасаа хуваалцаач.

Мэдээж гоё дурсамжууд маш их байгаа. Хамгийн дурсамжтай зүйл нь соёлын өдөрлөгүүд дээр эх орноо төлөөлөн үндэснийхээ хувцсыг өмсөөд англи хэл дээр илтгэл тавьж байлаа. Тэр үед надаас хэзээ ч гарч байгаагүй авьяас гарч байсан. Мөн хичээлийнхээ хажуугаар нийгмийн идэвхтэй байхыг маш их хичээдэг байсан. Хүний эрхийн төрийн бус байгууллагад анх гишүүнээс нь эхлээд удирдах зөвлөлд орох хүртлээ ажилласан. Эндээс удирдах чадвар, хүмүүстэй харилцах гээд маш олон чадварыг суралцсан. Оюутнууддаа хандаж хэлэхэд АНУ-д маш олон клубууд байдаг, тэдэнд нь маш идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна. Эндээс насан туршийнхаа сайн найзуудыг олохоос эхлүүлээд давуу тал олон байдаг. Нэгэнт л АНУ д очсоных идэвхтэй байгаарай гэж хэлмээр байна. Хамгийн гоё дурсамжууд маань хичээлээ хийгээд байсандаа биш хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоход байсан.

Судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан уу?

Манай сургууль зуны 3 сард судалгааны хөтөлбөрүүд зохион байгуулдаг байсан. Ганцхан манай сургууль ч гэлтгүй ихэнх сургуулиуд зохион байгуулдаг. Маш их зүйл сурахаас гадна тэтгэлэг хүртэл авдаг учраас энэ хөтөлбөрт өргөдлөө өгөхийг маш их хүсэж байсан. Миний хувьд судалгаа болон судалгаа хийх багшаа хүртэл өөрөө сонгож байсан. Америк орноор аялж байх хугацаандаа судалгаагаа хийгээд явах боломжтой. Байгаль, эрх зүйд сонирхолтой байсан учраас тухайн үед судалгаагаа байгаль эрх зүйг хослуулан хийж байсан юм. Судалгаагаа дуусгаад үр дүнг нь мужийнхаа удирдлагуудад танилцуулан тэр хүмүүстэй уулзах боломж хүртэл гарч байсан. Мөн үндэсний хэмжээнд хүртэл судалгаагаа танилцуулах боломж гарч байсан.

Сүүлийн үед АНУ-ын оюутны хотхон нь ямар байдаг вэ гэсэн асуултууд маш их орж ирж байгаа. Танай сургуулийн хувьд ямар байсан бэ?

Хэмжээний хувьд дундаж, бүх зүйлтэйгээ маш ойрхон байсан. Зарим хэтэрхий том сургуулиудын хувьд хотхон дотроо автобусаар эсвэл таксигаар явах шаардлагатай болдог. Маш гоё номын сантай, хоолны заал нь ч гэсэн маш том цэлгэр, олон оюутнуудыг нэг дор багтаахад зориулагдсан. Бүгд нэг дороо сурах орчныг маш гоё бүрдүүлж өгсөн байсан. Хамт теннис тоглох, ном унших гээд хамтын орчныг маш сайн бүрдүүлж өгсөн байдаг.

Эргээд харахад АНУ-д суралцах нь танд хэрхэн яаж нөлөөлсөн бэ?

Маш их нөлөөлсөн. Анх бол багш, ангийнхныхаа дунд гараа өргөөд өөрийгөө илэрхийлж чаддаггүй айж сандардаг байсан бол одоо олон нийтийн өмнө илтгэл тавих, өөрийгөө илэрхийлэх чадвар маш сайн дээшилсэн гэж боддог. Суралцаж байх хугацаанд бас нэг таалагдсан зүйл нь ангид хичээл орж байхад багш сурагчийн ялгаа тэгж их гардаггүй байсан. Хоорондоо маш илэн далангүй харилцан яриа өрнүүлж, маш дотно байдаг. Миний хувьд ингээд хэлчихвэл буруудах болов уу, алдаа гаргах болов уу гэж маш их айдаг байсан. Ирээдүйд суралцах гэж байгаа сурагч нартаа хэлэхэд битгий айгаарай, аль болох гараа өргөөд өөрийгөө илэрхийлж байгаарай, тэгэх тусам багш нар чинь маш их дуртай байдаг шүү. Америк багш нар аль болох өөрөө яриад байлгүйгээр оюутнаараа нээлттэй яриулж багаар ажиллах чадварт сургадаг. Тийм болохоор битгий айж сандраарай гэж зөвлөмөөр байна. Одоо байгаа би бол маш их биеэ даасан гэж боддог. Санхүүгийн хувьд ч гэсэн тооцоотой, төлөвлөлттэй болж өөрчлөгддөг. Ерөнхийдөө амьдрах чадвар, амьдралын суурь ухаанд сургасан гэж боддог.

Танай сургууль хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлж өгч чадаж байсан уу?

Маш ээлтэй орчныг бүрдүүлж чадсан гэж би боддог. Хаалганаас эхлээд анги танхим, байр орчин гээд бүгд маш ээлтэй байсан. Ганцхан сургууль ч гэлтгүй АНУ-ын ихэнх газрууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш ээлтэй байдаг юм шиг санагддаг. Автобусны үйлчилгээ нь хүртэл нэг товчлуур дарахад хаалга нь өөрөө нээгдэн шат нь бууж ирээд тухайн хүн тэргэнцэртэйгээ ороод зорчих боломжтой. Үүнээс гадна би сонсголын бэрхшээлээсээ болоод хичээлдээ сууж чадахааргүй болсон оюутнуудад хичээлийнхээ тэмдэглэлийг маш ойлгомжтойгоор бичээд сургалтын зөвлөхдөө дэвтрээ өгдөг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусадтай холбож өгдөг гүүр нь болдог хүн хүртэл байсан.

АНУ-ыг зорих гэж байгаа хүүхдүүдэд хандан ямар зөвлөгөө өгөх вэ?

Зорилгоосоо битгий няцаарай гэж хэлмээр байна. Өөрийгөө ерөөсөө битгий голоорой. АНУ ямар ч хүмүүсийг сургахад маш ээлтэй байдаг шүү. Хэрвээ чи хүсэх юм бол хорвоо дэлхий чиний хүслийг биелүүлэхийн тулд эргэдэг гэдгийг байнга санаж яваарай.

Маш их баярлалаа. Энэ хүрээд манай өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Цааш цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна.

Намайг урьж оролцуулсан та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. Амжилт хүсье.

 Дохионы орчуулгатай бичлэг үзэх:

Та энд дарж нийтлэлийг бүрэн эхээр нь сонсоно уу.

▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энддарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

 Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа |  Нийтлэсэн: Б.Энхнаран | Хянасан: Н.Доржнамжин