Alumni stories

Т.Түвшинзаяа: "University of Washington" их сургуулийн төгсөгч

Сайн байцгаана уу эрхэм хүндэт уншигчдаа. Манай энэ удаагийн дугаар ийнхүү эхэлж байна. Өдрийн мэнд Түвшинзаяа. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй сайхан танилцуулж өгнө үү.

Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Түвшинзаяа гэдэг. Би “Шинэ эхлэл” гэдэг сургуульд 9-12 анги хүртлээ суралцсан. Үүнээс өмнө "Радуга" гээд Орос сургуульд явдаг байсан. 2015-2019 оны хооронд АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хот дахь Вашингтоны их сургуульд байгаль орчны шинжлэх ухаан нөөц баялгийн менежмент гэсэн мэргэжлээр сурсан. Төгссөнөөсөө хойш сүүлийн 2 жил АНУ-д Сиатлдаа “Nature Conservancy” гэдэг байгууллагад маркетингийн багт нь ажиллаж байгаа.

Мэргэжлийнхаа тухай бидэнд дэлгэрүүлж ярьж өгөөч.

Environmental Science буюу Байгаль орчны шинжлэх ухаан гэдэг нь ер нь хүрээлэн буй орчинд байгаа бүхий л зүйлийг 4 жилийн турш судалдаг гэсэн үг. Ямар нэгэн судалгааны ажлууд хийж, амьтан судлаач, ургамал судлаач, хөрс судлаач, экологич гэх мэт мэргэжлүүдийг эзэмших боломжтой. Лабораторид ажиллах эсвэл хээрийн судалгаа хийх, байгаль хамгаалах, ой хамгаалах гэх мэтчилэн тухайн газраа байрлан ажилладаг хүмүүс байдаг гэсэн үг.

Суралцсан муж хотынхоо талаар бидэнд ярьж өгөөч.

Вашингтон гэхээр хүмүүс шууд л Вашингтон Ди Си гээд л бодчихдог. Манай муж нь АНУ-ын баруун эрэг дээр байрладаг. Тэр тусмаа Сиатл хот нь далайн эрэг хавиар байрладаг учраас 10 минут алхаад л далайн эрэгт хүрчихдэг. Уул ихтэй байгаль нь маш гоё газар байдаг. Маш гоё байгальтай амьдрахад тухтай газар очсон учраас өөрийгөө маш азтайд тооцдог.

Одоо ажиллаж байгаа ажлынхаа талаар бидэнтэй хуваалцаач. Ажлынхаа хажуугаар чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

Би анх 2019 онд сургуулиа төгсчхөөд “Nature Conservancy” гэдэг байгууллагад гэрээ хийж орохдоо 2 жилийн гэрээ хийж ажилдаа орж байсан. Гэтэл гэрээний хугацаа дуусахаас өмнө манай дарга намайг тушаал дэвшин ажиллах боломжтой боллоо, цаашдаа манай үндсэн ажилтнаар ажиллана уу гэсэн. Үүнийг сонсох надад маш таатай байсан. Миний ажилладаг байгууллага нь олон улсын байгаль орчны байгууллага. Дэлхийн 70 гаруй оронд салбартай үүний нэг нь манай орон. 3-р курсдээ дадлага хийгээд явж байхдаа энэ байгууллагыг анх сонгож байсан. Байгаль орчныхоо төслүүдийн талаар яаж олон түмэнд ойлгуулан түгээх тал дээр ажилладаг. ЕБС-д суралцаж байхдаа гадаад явж мөрөөдөлдөө хүрэхийн тулд маш их хичээдэг байсан учраас чөлөөт цаг бараг гардаггүй байсан. Оюутан байхдаа ч бас шалгалтаас шалгалтын хооронд маш завгүй байсан учраас чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөнө гэсэн ойлголт миний хувьд байгаагүй юм. Харин ажилд орсныхоо дараа амралтын өдрөө өөрийгөө хөгжүүлэхэд зориулдаг юм байна гэдгийг Америкчуудаас суралцаж байсан. Тэгээд амралтын өдрүүдийг өөртөө зориулан явган аялал хийж, гоё үзэсгэлэнт байгалиар аялдаг, эдгээр зүйлсүүдийг сүүлд сураад явж байна.

АНУ-д сургуулиа төгсөөд мэргэжлээрээ 1-3 жилийн хугацаанд ажиллах боломж байдаг. Одоо тэр боломж, OPT-гээ ашиглаад ажиллаж байгаа юу?  

Анх би F1 гээд 5 жилийн хугацаатай оюутны визээр гарч байсан. F1 визтэй дагалдан мэргэжлээсээ хамаараад 1-3 жил ажиллах эрхтэй байдаг. Миний мэргэжлийн хувьд F1 виз дээрээ нэмээд дахиад 3 жил ажиллах эрх авч болдог тэр нь давуу талтай байсан. Мэргэжлээрээ ажиллаад 3 жилийнхээ талд нь ороод явж байна.

Ажилд орсон процессоо бидэнтэй хуваалцаач.

Ажилд ороход визны асуудал хамаардаггүй. Ажилдаа тэнцсэний дараагаар визны асуудал яригддаг. Эхний жилээ ажиллаад цаашдаа ажиллахын тулд АНУ-ын оюутны виз хариуцдаг газар өргөдөл гаргаж өгдөг. Хамгийн гол нь мэргэжлээрээ ажиллаж байгаа мэдээллээ байнга OPT  хариуцсан ажилтандаа илгээх шаардлагатай байдаг. Төгссөнөөсөө хойш АНУ-д ажиллах нь OPT, суралцаж байх хугацаандаа дадлага маягаар ажиллах бол CPT-д хүсэлт өгдөг. CPT нь зөвхөн мэргэжлийнхээ дагуу дадлага хийдэг, хагас цаг ажиллах эрх бол OPT нь бүтэн цагийн ажиллах эрх байгаа.

Анх АНУ-д сурахаар материал бүрдүүлж байхад тань ямар саад бэрхшээл тулгарч байсан бэ? Үүнийгээ хэрхэн даван туулж гарч байсан бэ? Хэрхэн яаж материалуудаа бүрдүүлж сургуулиуд руугаа явуулж байсан талаараа бидэнтэй хуваалцаач.

Хамгийн том 2 бэрхшээл нь мэдээж төлбөрийн асуудал, нөгөөх нь англи хэлээ яаж сайжруулж сургуульдаа тэнцэх вэ гэдэг асуудал байдаг. Төлбөрийн хувьд би төрийн сангийн зээл буюу Монгол улсын засгийн газрын тэтгэлэг авж байсан. Топ 100 сургуулийн нэгээс ирсэн урилга, эсээ, анкет гэсэн 3 зүйлийг бүрдүүлэн өгч байсан. Эсээний хувьд ямар мэргэжлээр яагаад АНУ-д суралцах талаараа бичдэг. Энэ 3 материалыг бүрдүүлж өгөөд тэнцсэн тохиолдолд 2-р шат буюу ярилцлагад ордог. Мэргэжлийн талаар маш их асуудаг. Миний сонгосон мэргэжил эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн нэг байсан учир тэнцсэн гэсэн хариу ирж байсан.

Англи хэлээ хэрхэн сайжруулж байсан бэ?

Би 9-р ангиасаа эхлэн англи хэлийг түлхүү үзэж эхэлсэн. Манай сургууль 2 Америк багштай байсан болохоор тэр 2 багштайгаа ярианы хэлээ давтан сайжруулдаг байсан. Үүнээс гадна сургалтын төвүүдээр маш их явахаас гадна өөрөө гэрээрээ давтдаг байсан. IELTS-ын шалгалтандаа хамаг анхаарлаа төвлөрүүлж суралцсан. 11-р ангиасаа эхлэн 2 жил дараалан  IELTS-ын шалгалт өгөөд оноогоо дээшлүүлээд сургууль руугаа хүсэлтээ гаргаж байсан. Манай сургууль хими, биологи, математик гэсэн хичээлүүдийг англи хэл дээр үздэг байсан. Тийм болохоор очоод ч гэсэн хичээлүүдээ ойлгоход арай амар байсан.

Монгол улсын засгийн газрын тэтгэлгийн зээл нөхцөл нь ямар байдаг вэ?

Барьцаа үлдээх шаардлагатай. Байр эсвэл ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийг барьцаа болгон үлдээгээд зээлээ аван суралцаж байгаа гэсэн үг. 4 жилийн сургалтын төлбөр 120 мянган доллар болж байсан. Төлбөрөө буцааж төлөх шаардлагагүй. Гол нөхцөл нь Монголдоо эргэж ирээд 3 жилийн хугацаанд мэргэжлээрээ ажиллаад нийгмийн даатгал төлөөд тэр барьцаа хөрөнгөө буцааж авдаг. Энэ нь эх орондоо оруулж байгаа хувь нэмэр хөрөнгө оруулалт гэсэн үг юм.

АНУ-д суралцаж байх үеийн хамгийн хүнд хэцүү сорилттой үе болон хамгийн сайхан дурсамжтай үеүдээсээ бидэнтэй хуваалцаач.

Хамгийн хүнд нь төгсөх жил мөн хамгийн эхний жилүүд байдаг. АНУ-д ямар нэгэн танил тал танилууд огт байгаагүй. Уг нь англи хэлээ гайгүй дээ шалгалтаа өгсөн юм чинь гэж бодож очоод, яг Америкчуудтай ярилцаад эхлээд ерөөсөө англи хэл мэддэггүй юм шиг санагдаж байсан. Нэг жилийн хугацаанд суралцаж байж чих маань онгойж байсан. Хоёр дахь жилээсээ илүү сайн ойлгодог болсон. Эхний жилдээ ганцаараа байсан учраас гэрээ санах, хоол ундаа зохицуулах гээд маш олон хэцүү зүйлүүд тулгаж байсан. Зуныг л их хүлээдэг байсан. Хоёр дугаар курсээсээ эхлэн дасан зохицоод амьдрах арга олж эхэлсэн. Сайхан мөчүүд гэвэл ер нь төгссөнөөс хойшхи үе. Хичээлээс болж стрессгүй, гэрийн даалгавраа шалгуулахгүй, цалин авж эхэлж байгаа болохоор санаа амраад маш амар болж эхэлсэн. Байгаль дээр гарж, уул хадаар явах дуртай учраас аялах үнэхээр сайхан байсан. АНУ-д маш олон амьтны хүрээлэнгүүд байдаг. Өнгөрсөн зун маш олон мужуудаар явж амьтны хүрээлэнгүүд үзэж байсан. Тэд нар маань ер нь хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжуудын нэг юм.

АНУ-д суралцах нь танд яаж нөлөөлсөн бэ?

Ер нь АНУ-д суралцахад сэтгэхүй маш ихээр өөрчлөгддөг. Яг яаж аль талаараа өөрчлөгдөх нь АНУ-ын аль хэсэг аль мужид явж байгаатай бас хамааралтай. Сүүлийн  жилд АНУ-д байхад хамгийн их өөрчлөгдсөн зүйл гэвэл хорвоог харах өнцөг маш их өөрчлөгдсөн. Хүн болгон өөрийнхөөрөө байж болдог юм байна өөрийнхөө аз жаргалыг өөрөө өөрөө бүтээж болдог юм байна гэдгийг мэдэж нүд маш их нээгдсэн. Маш зохион байгуулалтай, хэзээ юу хийх вэ гэдгээ мэддэг. Энэ чадвараа бүр багаасаа суралцаж эхэлдэг. Цаг маш сайн зохицуулж чаддаг энэ чадвараас нь бас нэлээн суралцсан.  Маш төлөвлөгөөтэй зохион байгуулалттай зан чанараас нь суралцаж байгаа.

Мэргэжил сонголт дээр сурагчдад хандан юу гэж зөвлөх вэ? Чиний хувьд яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

Мэргэжил сонголтын хувьд би багадаа сэтгүүлч болохыг хүсдэг байсан. 9-р ангид орсноосоо хойш цөлжилт, дэлхийн дулаарал, ган, зуд болж байгааг харан  байгаль орчны асуудлууд хурцдаж байгаа гэдгийн илүү мэдэж байгаль орчны чиглэлээр сонирхдог болсон. Нэг удаа мод тарьдаг клубд ороод 100 гаруй мод тарихад би маш сайн, хэрэгтэй зүйл хийж байна даа гэж бодогдон үүнийгээ цаашдаа яаж өргөжүүлж дэлгэрүүлэх вэ гэж бодсоны үндсэн дээрээс энэ мэргэжлийг сонгож байсан юм. Ямар нэгэн дуртай зүйл чинь магадгүй АНУ-д юм уу олон улсад мэргэжил болчихсон байж магадгүй шүү. Тийм учраас би юу хийх дуртай билээ үүнийгээ яаж ажил болгох вэ гэдэг талаас нь харвал зөв санагддаг.

Америк явах төлөвлөгөөтэй хүсэл мөрөөдөлтэй залууст хандан ямар зөвлөгөө өгөх вэ?

Би чадахгүй дээ, бүтэхгүй холын мөрөөдөлдөө гэж битгий бодоорой. Бусад хүүхдүүд яваад болоод байхад би яагаад чадахгүй гэж гээд өөртөө боломжтой гэдгээ итгүүлэх хэрэгтэй. Жижиг жижгээр алхмуудаа сонгож хөдлөөрэй. Гадаад явж суралцсан эсвэл чиний орохыг хүссэн сургуулийг төгссөн хүмүүсээс зөвлөгөө авж байгаарай.

Чиний сурсан сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй байсан бэ?

Мужийнхаа улсын сургууль гэдэг утгаараа хуулиа дагах хэрэгтэй байдаг. Тийм учраас бүх хаалганууд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хаалга онгойлгоход зориулсан дардаг товч байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх оффис хүртэл байдаг. Сонсголгүй сурагчдад зориулсан багшийн яриаг дэлгэцэн дээр бичгээр буулгадаг төхөөрөмж хүртэл байсан. Тийм ч учраас маш ээлтэй хүртээмжтэй байдаг. Монголын сургуулиуд маань ч гэсэн ирээдүйд тэр тал дээрээ сайжрах байх гэж найдаж байгаа.

За, бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээж авсан танд маш их баярлалаа. Цааш цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна.

Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа.

 Дохионы орчуулгатай бичлэг үзэх:

Та энд дарж нийтлэлийг бүрэн эхээр нь сонсоно уу.

▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэлэнддарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

 Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа |  Нийтлэсэн: Б.Энхнаран | Хянасан: Н.Доржнамжин