Уншигчдад маань зориулаад өөрийгөө товчхон танилцуулаач.
Сайн байцгаана уу? MASA-ын хамт олонд урьсанд баярлалаа. Намайг Уянга гэдэг, Би АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотод байрлах Вашингтоны их сургуулийг 2012 онд нягтлан бодох мэргэжлээр суралцаж төгсөөд ирсэн. Одоо Оюутолгой кампанид татварын аудит хариуцсан мэргэжилтнээр ажилладаг.
Яагаад Америкт сурах болсон вэ? Энэ талаараа яриагаа эхэлье.
Миний АНУ-д очиж сурсан зам маань санаандгүй эхэлсэн. Ээж маань надад чи ер нь АНУ-д очиж сураач гэж зөвлөөд. Тэр үед АНУ гэхээр л том хаустай, ногоон зүлэгтэй, нохой гүйгээд л тийм дүр зураг төсөөлөгддөг байсан. Хүүхэд байсан болохоор ямар ч илүү, дутуу юм бодолгүй шууд л тэгье гээд дэмжээд 2006 онд ахлах сургуульд явж байсан. Тэр үедээ ээж маань 15 настай охиноо англи хэл мэдэхгүй, цусан төрлийн хамаатан садан ч байхгүй газар явуулж байсныг нь бодохоор их зоригтой шийдвэр гаргасан гэж боддог. Тэгээд ахлах сургуулийн Exchange program-д хамрагдаад “New ling” гэдэг байгууллагаар аппликэйшн бөглөөд, цаанаасаа Host family бас сонгогдоод Вашингтон мужийн Гуам гээд их жижигхэн 50 мянган хүн амтай хотод ахлах сургуульдаа сурсан.
Анх бол их өөр төсөөлөлтэй явсан. Яг очсон чинь миний байх айл 3 хүүхэдтэй, нэг хүүхэд нь тусдаа гарчихсан, хоёр хүүхэд нь надтай ойролцоо насны хүүхэдтэй энгийн АНУ айл байсан. Сонирхолтой нь маш их модон дотор, фермтэй, хоёр морь, хоёр нохой, хоёр муур, хоёр туулай, хоёр загастай бүх юм нь хоёр, жинхэнэ утгаараа хөдөөний айлд яваад оччихсон. Анх бол англи хэл мэдэхгүй, чихэн дүлий, нүдэн балай гэдэг шиг л очиж байсан. Анх манай айл надаас асуусан юм байна л даа. do you want spaghetti? гээд ганцхан өгүүлбэр асуусан чинь би ойлгохгүй. Өөдөөс нь гайхаад хараад байсан гэж сүүлд нь буцаад монгол явахын өмнө надад хэлж байсан. Англи хэл огт байхгүй л очиж байсан.
Тэгээд вакум орчинд англи хэлийг сурсан. Их сонин л юм байна лээ, эхлээд хүмүүсийн юу яриад байгааг ойлгохгүй, хичээлээрээ ч F аваад л яваад байсан. Ямар даалгавар өгөөд байгааг нь ч ойлгохгүй байж байгаад яг гурван сарын дараа чих нээгдээд л гэнэт ойлгоод л Монголоороо ярьж байгаа юм шиг ойлгоод ирдэг юм байна лээ. Тэгээд жилийн дараа High school Exchange program төгсөөд Community College-доо apply хийгээд урилгаа авчхаад Монголдоо Community College-ын урилгатай ирж байсан. Тэгээд хоёр жил сурсны дараа Вашингтоны их сургууль руу шилжиж орсон.
Community College-ийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Apply хийсэн талаараа.
Вашингтоны их сургууль 3, 3 сараар улирлын системээр явдаг, жилдээ зуны амралтаа хасаад гурван улиралтай. Нэг улирал нь $8000 байсан. Жилийн $24000 төлбөртэй. Community College-д яг адилхан хичээлийг аваад явахад $3000 байсан. Тэгэхээр бодит хэмнэлт нь $5000 1 улиралд хэмнээд, $15000-г нэг жилд хэмнэж байна гэсэн үг. Миний хувьд тухайн үедээ тэтгэлэг хайж мэдэхгүй, мэдээлэл дутмаг байсан. Манай гэрийнхэн төлбөрийг маань төлөх учраас аль болох хямдхан ялангуяа эхний хоёр жил их олон төрлийн хичээл авдаг юм чинь гээд коллежид эхлээд орж байсан. Шилжиж сурахын хувьд муж дотроо шилжвэл бүх кредит нь шилжиж боддог. Бакалаврын зэрэг авахад 180 кредит шаардлагатай, би яг 90 кредит авч байсан.
Манай коллежоос надад 5 сургууль руу шилжиж аpply хийгээрэй гэж зөвлөж байсан ч 1 сургууль руу apply хийхэд $75 байсан нь оюутан хүнд их мөнгө байсан. Тэгээд би өөртөө их итгэлтэй нэг л сургуульд apply хийгээд, тэр сургуульдаа л шилжиж орсон. Ер нь тухайн сургууль жилд хэдэн нэгдүгээр курсийн оюутан, хэдэн transfer авна гээл тоо заачихсан байдаг. Тэгэхээр нэгдүгээр курст бол ойролцоогоор 40,000 хүн өргөдөл өгч байхад үүнийг 10,000 орчим оюутан шилжиж ордог. Тэгэхээр шилжиж орох нь илүү боломж өндөртэй. Шилжиж ороход ч эсээгээ бичнэ, тодорхойлох захидлаа бичнэ, TOFEL–оо дахиж өгнө. Нэг онцлог нь SAT өгдөггүй. Тэгээд анх орохдоо хоёр аппликэйши өгдөг. Нэгт нь, энэ сургуулийн шаардлагыг хангаж чадаж байгаа юу? Хоёрт нь, бизнесийн сургуулийнхаа нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн шаардлагыг хангаж чадаж байна уу, гэсэн хоёр төрлийн аппликэйшн бөглөдөг.
Яагаад нягтлан болох бүртгэлээр сурах болсон вэ?
Ер нь бол манай ээжтэй холбоотой. Би арван жилд байхдаа геометртээ сайн хүүхэд байсан. Шугам зургийн хичээлдээ их дуртай, өөрийгөө архитектур дизайны хүн болно гэж боддог байсан. Тухайн үед ээж маань намайг ятгаад, ээж өөрөө бас нягтлан хүн болохоор энэ мэргэжлээр явбал зүгээр гээд санал болгож байсан. Одоо бодохоор энэ мэргэжлийг сонгосондоо баярладаг. Маш их хэрэгтэй, маш олон зүйлд суурь, бизнесийн хэл гэж явдаг ийм мэргэжил байсан.
Одоо мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
Одоо хүүхдүүдэд зөвлөхөд дуртай юмаа сонгоорой л гэж хэлмээр байна. Монголд бид цөөхүүлээ. Өнөөдөр Монголд 500 хуульч, 300 эдийн засагч хэрэгтэй юу, үгүй юу? Үүний оронд илүү нарийн мэргэжлээр өөрийнхөө дуртай зүйлээ хөөгөөд явах юм бол илүү ажилтанд хүрэх магадлал өндөр байна. Жишээ нь, манай дүү одоо 15 настай. Сансар судлаач, сансрын нисгэгч болно гээд мэргэжлээ сонгочихсон. Тэгэхээр манай ээж аав хэлдгээ хэлнэ, ажлын байр байхгүй, эмэгтэй хүүхдэд зориулсан мэргэжил биш гэх мэт. Би бол дэмждэг. Одоо үед хүүхдүүд өөрийнхөө дуртай зүйлийг олоод, мөрөөдөлтэй байна гэдэг маш чухал. 15 наснаас 20 нас хүртлээ мөрөөдөл нь өөрчлөгдөж болно. Гэхдээ яг энэ үед нь ямар нэгэн байдлаар нөлөөлж, үгүй чи заавал хуульч болох ёстой гэх зэргээр нөлөөлөх ёсгүй. Тэгэхээр хүүхэд, дүү нартаа зориулж хэлэхэд, дуртай мэргэжлээ сонгох нь ирээдүйд маш их хэрэгтэй.
АНУ-д сурч байхдаа хамгийн мартагддаггүй дурсамжтай үеэсээ хуваалцаач.
Хүнд хэцүү зүйл гэвэл, Монгол хүүхдүүдийн хувьд хамгийн тулгамддаг асуудал нь санхүүгийн асуудал байдаг. Хатад, Япон, Солонгос гэх мэт улсын хүүхдүүд дандаа бололцоотой айлыг хүүхдүүд байдаг. Монголоос очсон хүүхдүүд жирийн л айлын хүүхдүүд болохоор хажуугаар нь ажил хийж санхүүгийн асуудлаа шийдвэрлэнэ. Би оюутан байхдаа давхар 3 ажил хийдэг байсан. Нэг нь сургуулийнхаа номын санд, ном зараад цагийн $8 цалинтай ажилладаг байсан. Хоёрт, нь Хятад ресторанд зөөгч хийдэг байсан. Гуравт нь, Лаосаас ирсэн нэг дизайнер хүний хувцасны цехэд санхүүгээ барих тал дээр нь би нягтлангаар сурч байсан болохоор тусалдаг байсан. Гурван ажил хийгээд явдаг байсан үе маань надад маш их зүйлийг сургаж, одоогийн Уянгаа гэдэг хүнийг бий болгосон юм шиг санагддаг.
Хажуугаар нь 12 кредит авах ёстой. Өглөө хичээл маань 8-аас эхэлдэг, өдөр 15:30-аас дуусдаг. Ажил маань 17 цагаас эхэлдэг байсан. Тухайн үедээ машин барихгүй, дан автобусаар явна. Хамгийн их сурсан зүйл нь хүний эвийг олох. Гурван өөр босстой, бас багш нартайгаа ажиллана. Тэгэхээр за би тань дээр мягмар, пүрэв гарагт ажиллана. Харин танай ажилд амралтын өдрүүдэд ажиллаж байя гээд, хүмүүсийн эвийг нь олж сурч байгаа юм .Мөн цагаа зохицуулж сурна. АНУ-д бүх юм цаг нартай, автобус нь хүртэл цагтаа ирдэг. Цаг төлөвлөлт гэдэг зүйлийг сайн сурч байгаа юм. Цагийн үнэ цэнэ, мөнгөний үнэ цэнийг маш сайн сурсан.
Дурсамжтай, баяртай, аз жаргалтай мөчүүдээсээ хуваалцвал.
Ер нь бол их ачаалалтай. Ялангуяа сүүлийн 2 жил цаг бараг л олдохгүй, цаг гарсан ч номын сандаа орж хичээлээ хийхгүй бол болохгүй. Мөн нийгмийн харилцаа байхгүй бол хүн чинь өөрөө нийгмийн амьтан. Тэгэхээр бүх л юмыг зохицуулах гээд толгой дотроо төлөвлөөд л явна. Энэ бүхэн нь өөрөө эргээд хичээл болж үлдэнэ.
Вашингтон муж маань мөнх ногоон муж байсан. Их гоё цэвэр агаартай, их гоё уул устай, баруун талдаа номхон далайтай, зүүн талдаа Mount Rainier гээд маш том уултай. Маш гоё газар амьдарч байсан. Дээрээс нь Вашингтон мужид маань Microsoft, Amazon гээд л том том компанийн төвүүд байдаг. Хүмүүс бол байнга бороо ордог, гунигтай гэдэг. Өглөө бүр хичээлдээ 7 гээд л кофегоо бариад л манан дунд алхах нь надад их таалагддаг. Одоо тэр үеэ бодохоор үнэхээр сайхан санагддаг.
Америкт одоо бакалавраа сурахаар төлөвлөж байгаа хүүхдүүдэд зөвлөөч.
Бидний үетэй харьцуулбал одоо үеийн хүүхдүүд маш их мэдээлэл дунд амьдарч байна. Тэр нь нэг бодлоор давуу тал, нөгөө талдаа сул тал юм шиг санагддаг. Хэтэрхий их мэдээлэл дунд орчихоор хүн яг хаашаа явахаа мэддэггүй. Заагаад зөвлөөд өгчих хүн байхгүй болохоор жаахан төөрөлдөөд явчихдаг юм шиг санагддаг. Тэгэхээр ер нь суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг үг байдаг ш дээ. Тэр үг шиг ямар нэгэн зүйл рүү зоригтой ороод л үзсэн нь дээр.
Одоо хийж байгаа ажил, мэргэжлийнхээ тухай хүүхэд залууст сонирхуулаач.
Би 2012 онд сургуулиа нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр төгсөж ирээд Deloitte гэдэг газар ажилд орж байсан. Их сургуульд байхад хамгийн дургүй хичээл татварын хичээл байсан. Гэхдээ одоо хийж байгаа ажил маань татварын ажил, 8 жил хийж байна. Сүүлийн 4 жил нь Оюутолгой кампанид татварын асуудлууд дээр ажиллаж байна. Мэргэжил маань хөрвөх чадвар сайтай. Нягтлан хийж болж байна, аудит хийж болж байна, татвар хийж болж байна, өөрийн гэсэн бизнес ч хийж болно. Маш их хөрвөх чадвартай мэргэжил учраас шууд би нягтлан гээд хязгаарлаад байхгүй тийм давуу талтай мэргэжил байгаа.
Яг Америкт сурсан нь танд хэрхэн нөлөөлсөн бэ? Энэ талаараа яривал?
Магистраа 2018-2019 онд хийж байхдаа нэг зүйлийг их анзаарсан. Амьдралынхаа гуравны нэгийг АНУ-д өнгөрөөсөн болохоор Америк сэтгэхүйтэй болчихсон юм байна гэдгээ би Англид очоод мэдэрсэн. Энэ 2 маань эрс тэс хоёр өөр улс үндэстэн. Жишээ нь, АНУ-д маш нээлттэй, хүмүүс нь бодсон санаснаа шууд хэлчихдэг. Англичууд бол бие барьсан, бусдыг их хүндэлдэг хүмүүс байдаг. Тэгээд би Англид очоод, бас host family хөтөлбөрт хамрагдахдаа анх удаагаа host family-ын эзэгтэйгээ уулзахдаа шууд тэвэрсэн чинь гайхаад, надаас бараг холдоод. АНУ-д бол хүнийг тэгээд тэврээд авбал их найрсаг хандаж байгаа. Энэ мэтчилэн өөр хүмүүс гэж ойлгож эхэлж байгаа юм.
Арван жилд байхдаа би ер нь бол их даруухан хүүхэд байсан. Жаахан ичимхий талдаа багш асуулт асуухад би хариултыг нь мэдэж байгаа хэрнээ хэзээ ч гараа өргөж үг хэлж зориг гаргадаггүй, тийм ичимхий талдаа хүүхэд байсан. Тэр миний нэг сул тал гэж боддог байсан юм. Түүнийг Америк улс бол 100% өөрчилж чадсан. Одоо бол би хэний ч өмнө нээлттэй ярьж чаддаг, хэлэх үгээ хэлж чадаж байна. Маш тийм нээлттэй ард түмэн учраас хэрэв одоо ээж аав нар сонсож байвал танай хүүхэд бүрэг ичимхий талдаа, та тэр занг нь өөрчлөөд бусадтай нээлттэй харилцдаг болоосой гэж хүсэж байвал АНУ бол хамгийн зорих зөв газар гэж хэлмээр байна.
Өнөөдөр цаг зав гаргаад хүүхэд залууст маань үнэ цэнэтэй зөвлөгөө мэдээлэл өгөөд дээр нь өөрийн хувийн туршлагаа түүхийг хуваалцсан чамд маш их баярлалаа. Цаашдын ажил үйлс, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
За баярлалаа. Та бүхний ажил үйлсэд мөн өндөр амжилт хүсэн ерөөе.
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү.
Та энд дарж нийтлэлийг бүрэн эхээр нь сонсоно уу.
Soundcloud: энд дарж сонсоно уу
Castbox: энд дарж сонсоно уу
Anchor: энд дарж сонсоно уу
Itunes: энд дарж сонсоно уу
Stitcher: энд дарж сонсоно уу
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Нийтлэсэн: Б.Энхнаран | Хянасан: Н.Доржнамжин