Alumni stories

Н.Батдарь "FULBRIGHT" хөтөлбөрийн төгсөгч

Энэ удаагийн дугаарын зочноор Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр 2012-2014 онд АНУ-ын “Embry-Riddle Aeronautical University”-д бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан Н.Батдарь оролцож байна. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.

За урьсанд их баярлалаа, танай нийтлэлийн зочноор оролцож байгаад их таатай байна.

Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Өмнө нь ямар ажил хийж байсан одоо ямар ажил хийж байгаа вэ?

Би 1996 онд 23-р дунд сургуулийг төгссөн. Миний суралцаж байх үед тус сургууль Орос сургуулиас Монгол сургуулийн тогтолцоо руу шилжсэн байсан бөгөөд би англи хэлний төрөлжүүлсэн ангийг нь төгссөн. Дараа нь тухайн үеийн Техникийн их сургуулийн (ТИС) Компьютерын техникийн инженер, техник хангамжийн чиглэлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгссөний дараа АНУ-ын нисэхийн академид нисгэгч бэлтгэх шалгаруулалтад оролцон тэнцэж, Орландод нисгэгчийн мэргэжлээр төгссөн. Үүний дараа МИАТ компанид нисгэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2010 оноос тус компанийн Бизнес хөгжлийн хэлтэст компанийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтнээр давхар ажиллаж байв. Энэ хугацаандаа нисэхийн бизнесийн чиглэлээр суралцах хүсэлтэй болж, Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хоёр удаа материалаа өгсөн. Улмаар Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт тэнцэж, АНУ-ын “Embry-Riddle Aeronautical University”-д бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Төгссөнийхөө дараа МИАТ компанид буцаж ирээд Бизнес төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа, үндсэндээ бол нисэхийн бизнесийн чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн маань зочин маш их баялаг түүхтэй хүн байна. Энэ талаар одоо дэлгэрэнгүй сайн ярилцаад авъя. АНУ-д анх бол нисгэгчээр сурсан юм байна тийм үү?

Тийм, хамгийн анх 2000 онд АНУ-д нисэхийн сургуульд яваад мэргэжлийн нисгэгч болж ирээд МИАТ компанид нисгэгчээр ажиллаж байсан.

Нисгэгч болоход хэр удаан сурдаг вэ? Нисэхийн сургууль гээд тусдаа бакалаврын зэрэг шиг явдаг уу?

Яг нисгэгч бол мэргэжил л дээ. Гэвч мэргэжлийн нисгэгч болоход хүрдэг замууд нь шат дараалалтай олон төрлийн сургалтад хамрагдаж тус тусад нь мэргэжлийн үнэмлэх аваад түүнийгээ ахиулж явсаар байгаад агаарын тээврийн нисгэгч болдог юм. АНУ-д сурахад хамгийн анх private pilot's license буюу хувийн нисгэгчийн үнэмлэх гэж авдаг. Үүний дараа insrument pilot буюу зөвхөн хэрэглээ харж нисдэг эрх авдаг дараа нь commercial pilot license гэх мэт ийм шат дараалалтайгаар эрх авдаг юм. Би АНУ-д multi-engine commercial pilot гэсэн зэрэгтэй төгсөж ирээд Монгол орон нутагт А-24, А-26 онгоцоор гурван жил гаруй ниссэн дараа нь олон улсад арав гаруй жил ниссэн. Нисгэгчийн сургуульд дээр дурдсан дөрвөн төрлийн лицензийг авахад найман сар гаруй хугацаа зарцуулсан, би маш их хурдтай сурсан. Монголд ирээд А-24, А-26 тухайн том онгоцныхоо тусгайлсан  сургалтыг хоёр сар гаруй хийж байгаад хоёрдугаар нисгэгчээр ниссэн. Тэгээд 2005 онд тухайн үед Airbus 310, 300 гээд өргөн, их биетэй 210 гаруй хүний суудалтай онгоцны хоёрдугаар нисгэгч болж дэвшиж олон улсад нисдэг болсон юм.

Чи эхлээд дурдаж байсан ШУТИС-ыг компьютерын техник хангамжаар суралцаж байсан гээд яаж яваад тэндээсээ нислэгээр АНУ руу сургуульд явсан юм бэ? Мөн төлбөрийн хувьд өөрсдөө төлбөрөө төлөөд явсан уу?

Ерөнхийдөө мэргэжлийн хувьд огцом шилжилт хийсэн л дээ. Манай хөрш МИАТ-ын нисгэгч байсан. Би тэр хүнийг харж, гэрт нь орж тоглодог байхад онгоцны олон модельтай байдаг нь надад маш сонирхолтой, гоё санагддаг байсан. ШУТИС-ийг төгссөний дараа би нэг газар сүлжээ суурилуулж байлаа. Тэгэхэд хамт ажиллаж байсан эгч нар хоорондоо: "Сонин дээр их гоё зар гарчихсан байна. Энэ ямар азтай хүүхэд нь явах бол?" гэж ярилцаж байсан. Тэр нь нисгэгчийн сургуульд элсүүлэх тухай зар байж. Ажлаа дууссаны дараа би тэр сонины зарыг харж, ихэд сонирхоод шууд залгаж үзсэн. Тэгэхэд "Ирж шалгалт өгч болно" гэсэн хариу авсан. Шалгалт нь хоёр, гурван шатлалтай явагдсан. Эхлээд МИАТ өөрсдөө шалгалт авсан, дараа нь АНУ-ын сургуулиас төлөөлөгчид ирж нэмэлт шалгалт авч, олон шат дамжлагатай сонгон шалгаруулалт болсон. Би бүх шалгалтад тэнцэж, эхэндээ зургаан хүүхэд явуулахаар төлөвлөж байсан ч сүүлд хоёр хүүхэд үлдэж, би тэдний нэг нь болсон. Ерөнхийдөө амьдралд нэг тийм огцом шилжилт хийх боломж гарч ирэхэд заримдаа зүгээр л атгаж авах нь зөв байдаг юм байна гэж боддог.

Тэгэхээр инженерээс нисгэгч болоод одоо нисгэгчээс бизнес руу яаж шилжсэн талаараа яръя. Нисгэгчээр гурван жил нисээд 2010 оноос хойш МИАТ-ын бизнес төлөвлөлтийн хэлтэст давхар ажиллаж эхэлсэн гэсэн шүү дээ.

2002 онд Монголд буцаж ирээд А-24, А-26 онгоцоор нисэж эхэлсэн бөгөөд 2005 оноос Airbus 310, 300-аар нисэх болсон. МИАТ-д ажиллах хугацаандаа нислэгийн хажуугаар байнга нэмэлт ажил хийж, сургалтын хэлтэст олон жил ажилласан. 2010 оны үед МИАТ бүтцийн өөрчлөлт хийж, Бизнес хөгжлийн хэлтсийг шинээр байгуулсан. Тухайн үед хэлтсийн дарга нэг нисгэгчийг багтаа авах хүсэлтэй байсан тул надад санал тавьсан. Ингээд би уг саналыг хүлээн авч, бизнесийн салбарт хөл тавьсан. Яг үнэндээ, би өмнө нь дандаа техникийн ажил хийдэг байсан тул стратеги хариуцсан мэргэжилтний албан тушаалд очихдоо эхэндээ гологдож байгаа мэт санагдсан. Гэхдээ энэ нь надад сөргөөр нөлөөлөхөөс илүүтэй суралцах урам зориг өгсөн. Үүний үр дүнд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож, шинэ мэдлэг, ур чадвар эзэмшихэд анхаарч эхэлсэн юм.

Хоёулаа дараагийн сурсан чиглэл рүү орохоос өмнө биднийг уншиж байгаа маш олон хүүхдүүд нисгэгч болохыг мөрөөддөг байж магадгүй тэр тохиолдолд ер нь яаж нисгэгч болох вэ? Найман сар сургасан дөрвөн төрлийн шат дараалалтай сургуульд сурахын тулд ямархуу зардал мөнгө гардаг вэ?

Ер нь нисгэгчийн сургалт маш өндөр төлбөртэй байдаг. АНУ-д нисгэгчийн хамгийн олон сургууль байрладаг газар бол Флорида муж. Commercial pilot болохын тулд нийтдээ ойролцоогоор 250 цаг нислэгийн дадлага хийх шаардлагатай. Эдгээр 250 цагийг жижиг, дөрвөн хүний суудалтай нэг хөдөлгүүртэй, хоёр хөдөлгүүртэй онгоцнуудаар хийдэг. Онгоцны түрээсийн үнэ ойролцоогоор цагийн 100-300 ам.доллар байдаг. Үүн дээр шатахууны зардал, нислэгийн багшийн цагийн хөлс зэрэг нэмэгдэх тул зөвхөн сургалтын зардал хамгийн багадаа 60 мянган ам.доллар хүрдэг. Харин миний хувьд их азтай байсан. Учир нь МИАТ компани өмнө нь нисгэгчдээ Орос, Украинд бэлддэг байсан бол анх удаа Баруунд нисгэгч бэлдэх шийдвэр гаргаж, АНУ руу хүн явуулах үед нь би шалгалтандаа тэнцэж, намайг сонгосон. Ингээд би АНУ-д нисгэгчийн сургалтад хамрагдаж, карьераа эхлүүлж байлаа.

Сүүлийн жилүүдэд МИАТ нисгэгчийн сургалтын бүх зардлыг даахаа больж, тодорхой хувийг гаргадаг болсон. Үлдсэн зардлыг хувь хүн өөрөө хариуцах зохицуулалттай болсон нь илүү олон хүнийг нисгэгчээр бэлтгэх боломжийг олгодог болсон. Гол асуудал нь МИАТ зөвхөн олон улсын чиглэлд нислэг үйлддэг. Харин олон улсад нисэхийн тулд нисгэгч дор хаяж 1500 цагийн нислэгийн туршлагатай байх шаардлагатай. Гэтэл сургуулиа төгссөн нисгэгчид ердөө 250 цагийн нислэгийн туршлагатай ирдэг тул 1500 цагийг гүйцээхийн тулд заавал сэнстэй онгоцоор нисэж туршлага хуримтлуулах хэрэгтэй болдог.Тиймээс МИАТ компани орон нутгийн нислэг үйлддэг Hunnu Air, Air Mongolia зэрэг компаниудтай гэрээ байгуулж, шинэ төгсөгчдийг эхлээд эдгээр компаниудад нисгэгчээр ажиллуулдаг. Тэд тодорхой хугацаанд туршлага хуримтлуулсны дараа МИАТ-д шалгаруулж авдаг байгаа.

Нисгэгчийн мэргэжлээр суралцаж, ажиллаж байсан ч дараа нь бизнес төлөвлөлтийн чиглэлээр сурахаар шийджээ. Тэгвэл яагаад заавал АНУ-д сурахаар сонгосон бэ?

Өмнө нь АНУ-д нисгэгчээр сурч байсан маань нөлөөлсөн. Орландод нисгэгчийн сургуульд сурч байхад бид хот хооронд нислэг хийдэг байсан юм. Нэг удаагийн нислэгээр 4 хүний суудалтай онгоцоор багштайгаа хамт “Embry-Riddle Aeronautical University”-д очиж үзэх боломж гарсан. Энэ сургууль нь нисэхийн чиглэлээр их алдартай нэгдүгээрт бичигддэг сургууль. Тэгээд сургуультайгаа танилцаад явж байхад яагаад ч юм энд сурвал их гоё юм байна гэж бодол төрж байсан. Дараа нь бизнес хөгжлийн хэлтэст ажиллаж байхад энэ чиглэлээр сурах нь зөв юм байна гэсэн бодол мөн төрсөн. Нэг хүндрэлтэй асуудал нь бол би тухайн үед нисгэгч хийж байсан учраас үүнийхээ хажуугаар сурна гэдэг амаргүй байсан. Гэхдээ эд залуу байгаа дээрээ сураад авъя гэсэн бодол төрөөд Фулбрайтын тэтгэлэгт материалаа өгсөн ч АНУ-ын засгийн газрын тэтгэлэгт нь тэнцээгүй ч дараа нь Монгол болон АНУ-ын засгийн газрын хамтарсан тэтгэлэгт нь тэнцэж сурсан байгаа.

Эхлээд Америкийн засгийн газрын Фулбрайтын тэтгэлэгт тэнцээгүй гэсэн. Сүүлд Фулбрайтын тэтгэлэгт тэнцэхэд юу нөлөөлсөн гэж боддог вэ? Хамгийн ихээр өөрийгөө бэлдэх ёстой зүйл нь юу байсан бэ?

Эхний удаа тэтгэлэгт тэнцээгүй туршлага надад маш их хэрэг болсон. Учир нь тэтгэлгийн үйл явцын талаар илүү мэдээлэлтэй болж, дараагийн удаа юуг анхаарах ёстойгоо сайн ойлгосон. Миний хувьд залууст хандаж хэлэхэд: шантрах хэрэггүй! Иймэрхүү шалгалтуудад орж, тэнцэхгүй байсан ч туршлага болж үлддэг. Жишээлбэл, би GMAT, TOEFL шалгалтуудыг өгсөн бөгөөд эдгээрт маш сайн бэлдэх шаардлагатай байсан. Мэргэжлийн мэдлэгээс гадна англи хэлээ байнга сайжруулах нь маш чухал юм байна гэж тухайн үед бодсон.

Хамгийн азтай нь Фулбрайт тэтгэлэгт тэнцсэн явдал. Хоёр жилийн турш бүх зардлыг даахаас гадна амьдрах зардлыг ч бүрэн хариуцдаг нь амьдралд нэг удаа тохиох ховор боломж байсан. Харин хүндрэлтэй зүйл нь би өмнө нь дандаа техникийн чиглэлээр ажиллаж байгаад бизнесийн чиглэлээр сурах болсон нь надад маш шинэ, огцом өөрчлөлт байлаа. Энэ нь эхэндээ жаахан хэцүү байсан. Ялангуяа эхний улиралдаа санхүүгийн хичээл сонгосон нь хамгийн том сорилт болж байв. Тухайн үед санхүү хамгийн хүнд хичээл гэдгийг мэдэлгүй, эхний улиралдаа аваад үзчихсэн байсан юм байна лээ. [инээв] Эхний хичээлийн улиралд дасах хэрэгтэй байснаас гадна, хамгийн хүнд хичээлээ өөрөө мэдэлгүй сонгосон нь багагүй сорилт болсон. Гэхдээ ямар ч байсан бүхнийг амжилттай даван туулж чадсан.

Миний хувьд өөрийгөө шинэ өнцгөөс нээсэн туршлага олон байлаа. Өмнө нь олон нийтийн өмнө өөрийгөө илэрхийлэхдээ тааруу байсан бол, MBA-ийн хөтөлбөрийн нэг онцлог нь илтгэл тавих олон боломж олгодог байсанд оршино. Хэд хэдэн удаа илтгэл тавих шаардлагатай болсон учраас өөрийгөө хүчээр шахан сурсан гэхэд болно.

Мөн олон улсын, өөр өөр ёс заншилтай хүмүүстэй хамтран ажиллах хэрэг гарсан нь илүү хүлээцтэй байж, багийн тоглогч болох хэрэгтэйг ойлгуулсан. Манай хөтөлбөрийн гол онцлог нь зөвхөн нэг салбарыг гүнзгийрүүлж үзэх биш, салбар хоорондын уялдаа холбоог харж, бие биенээсээ туршлага солилцох боломж олгодог явдал байсан. Миний хувьд манай сургуулийн MBA хөтөлбөр нь надад хамгийн тохиромжтой сонголт байсан гэж үздэг. Хэрэв Харвардын MBA хөтөлбөрт сурсан бол би ийм амжилттай сурахгүй байх байсан болов уу. Учир нь би техникийн чиглэлээр ажиллаж байсан хүн учраас энэ хөтөлбөр шинэ чиглэл рүү ороход илүү ойр, уян хатан бүтэцтэй байлаа.

Батдарийн хувьд АНУ явах хүсэлтэй залууст өгөх зөвлөгөө гэвэл юуг хэлэх вэ?

Олон улсад олон мэргэжилтэй байх нь давуу тал болсон юм уу гэж би ойлгосон. Мэдээж бүр багаасаа нэг мэргэжлээр тууштай яваал тултал нь сурсан амжилт гаргаж байгаа хүмүүс ч их байгаа. Тэгэхээр хувь хүний сонголт юм уу гэж бас бодол төрж байна л даа. АНУ-д суралцаж байхдаа хувь хүний зан чанарыг тодорхойлох тест өгч үзэхэд би нягтлан бодогчийн мэргэжилд тохирох хүн биш гэсэн үр дүн гарч байсан. Үүнээс харахад зөвхөн нэг мэргэжлээр сурах биш, өөрийн зан чанарт тохирох чиглэл сонгох нь амжилтад хүрэхэд чухал юм байна гэж бодсон.

Тиймээс өөрийгөө ирээдүйд, хөгширсөн үедээ төсөөлж үзэх нь хэрэгтэй гэж боддог. Тухайн мэргэжилд ажиллахад би сэтгэл хангалуун байх уу? Би энэ чиглэлээр амжилт гаргаж чадах уу? гэсэн асуултуудыг өөртөө тавих нь илүү зөв сонголт хийхэд тусална.

Мөн зөвхөн Монголын нөхцөл байдлаар өөрийгөө бүү хязгаарлаарай!

Америк явах хүсэлтэй залууст гурван зөвлөгөө өг гэвэл?

Юуны түрүүнд хэлээ сайн сурах хэрэгтэй гэдгийг би анхаарсан. Би оюутан байхдаа ТИС-д сурч байхдаа хэлний мэдлэгээ нэлээн сайжруулсан. Гэхдээ АНУ-д нисгэгчээр сурах явцдаа болон MBA хөтөлбөрт суралцаж байхад ч хэлний мэдлэг тийм ч сайжирдаггүй юм байна лээ. Энэ нь надад нэг зүйл ойлгуулсан. Хэрэв та гадаадад суралцаж эхлэхээсээ өмнө хэлээ сайжруулж эхэлбэл илүү амар байх юм байна гэдгийг. Нэгэнт мэргэжлээ тодорхойлсон бол тухайн чиглэлээр ямар тестүүд өгөх шаардлагатайг мэдэх нь чухал. Жишээ нь, GMAT бол сэтгэлгээний тест бөгөөд түүнтэй хамт математик зэрэг бусад хичээлүүд ч ордог. Хятад улс гэхэд ганц хүүхэдтэй бол түүнийг хар багаас нь математикаар сайн сургадаг нь өрсөлдөөний давуу тал болдог. Тиймээс, тэр хүүхэдтэй өрсөлдөж байгаагаа ойлгож өөрийнхөө чиглэлээр ном их уншиж, судалгаа хийх хэрэгтэй.

Интернэтээс олж авч байгаа мэдээлэл ихэвчлэн өнгөцхөн байдаг. Тиймээс, суурь мэдлэгүүдийг сайн эзэмшвэл цаашид ямар ч мэргэжлээр сурахад хялбар болдог. Мөн хамгийн чухал зүйл бол тууштай байх хэрэгтэй. Тэтгэлгийн боломж гарах юм бол материалаа өгөх нь зүйтэй. Тэнцсэн ч, тэнцээгүй ч тэр нь туршлага болж, таны хөгжлийн нэг хэсэг болдог.

Өнгөрсөн жил  MASA-ын зохион байгуулсан хөдөө орон нутгийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ гэдэг Rural outreach хөтөлбөрөөр Хэнтий Дорнод аймгууд руу сайн дураараа хамт явсан. Ер нь MASA-ын үйл ажиллагаанд их идэвхтэй оролцдог энэ талаараа санал бодлоо ярвал?

MASA бол АНУ-д төгсөгчдийн холбоо гэж явдаг. Яагаад идэвхтэй оролцдог вэ гэхээр би ганцаараа АНУ-д сурсан мэргэжлээр өөрөө л сайн амжилт олоод яваад байх нь тийм ч сонин биш юмаа гэсэн бодол төрсөн. Ер нь ижил төстэй туршлагатай залуустай нийлж нийгэмдээ илүү хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн бодол байдаг.  Тийм ч учраас MASA-ын гишүүдтэйгээ ойрхон байя, тэд нартайгаа нийлээд илүү нийгэмд чиглэсэн арга хэмжээнд оролцож байя гэж боддог. Хэнтий Дорнод аймгаар явахад надад их сайхан санагдсан. Төгсөх ангийн хүүхдүүдтэй уулзаж тэд нартай санал бодлоо чөлөөтэй солилцоод тэд нарт зөвлөгөө өгөх миний хувьд их гоё туршлага болсон. Дээр нь бид тэр хүүхдүүдээс их зүйл сурч байх шиг надад санагдсан, тэд нараасаа их эрч хүч авсан гэж боддог.

За ёстой сайхан ярилцлаа. Тэгээд бидний урилгыг авч өөрийнхөө АНУ-д сурсан туршлага мөн АНУ-д сурахад яаж өөрсдийгөө бэлдэх вэ гэдэг зөвлөгөөг өгсөнд маш их баярлалаа.

Та бүхэн Батдарийн Америкт суралцсан арвин их туршлагаасаа төдийгүй хэрхэн GMAT шалгалт өгсөн, хэрхэн мэргэжлээ сольж суралцсан түүхээсээ хуваалцсан туршлагыг бүрэн эхээр нь дэлгэрэнгүй заавал сонсоорой!

Website: https://bit.ly/2Nouqik

YouTube: https://bit.ly/3w4LcVc (Дохионы Орчуулгатай)

Soundcloud: https://bit.ly/3qOnDMe

Castbox: https://bit.ly/3tkI9pG

Anchor: https://bit.ly/38EAVVC

Itunes: https://cutt.ly/6gmbHKm

Stitcher: https://cutt.ly/bgmbNE1

#EdUSAatHome #EdUSAMongolia #EdUSAMON

#Podcast #Америктсуралцсанминийтүүх

#studymotivation #learning #Fulbrighter #MASA