Alumni stories

М. Санжмятав "LeTourneau University" -ийн санхүүгийн чиглэлээр төгсөгч

Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаарт маань  LeTourneau University-г санхүүгийн мэргэжлээр суралцаж төгссөн М. Санжмятав оролцож байна. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.

Намайг урьсан MASA-ийн болон EducationUSA Mongolia хөтөлбөрийн хамт олонд баярлалаа. Намайг М. Санжмятав гэдэг. Би АШУҮИС-ийн лицей сургуулийг төгсөөд, их сургуулиа АНУ-ын LeTourneau University-д санхүүгийн мэргэжлээр суралцаж төгссөн. Манай сургууль инженер болон нисэхийн мэргэжлээр түлхүү оюутнуудыг бэлтгэдэг ба нисэхийн чиглэлээрээ АНУ-ын эхний 5-т ордог сургууль байгаа. Би 2018 оны өвөл сургуулиа төгсөөд жил орчим OPT-ээр АНУ-ын хөрөнгө оруулалт санхүүгийн фермд ажиллаж байгаад өнгөрсөн оны 10 сард Монголд ирээд Ard Holdings компанийн охин компани болох Ard Securities-д санхүүгийн шинжээчээр ажиллаж байна.

Өөрийнхөө суралцаж байсан мужийнхаа тухай бидэнд сонирхуулаач.

Би маш олон онцлогийг шингээсэн, өргөн түүхтэй Техас мужид сурсан. Анх сургуулиа судалж байхад хүмүүсийн мэдлэгээр бүрх малгай, кобой гуталтай, буу барьсан тийм л хүлээлт байсан. Хамгийн эхлээд сурахаар нэг сард АНУ-д ирсэн. Тэр үед Монголд их хүйтэн байсан. Харин Техас мужид очсон чинь их чийглэг хэр нь дулаахан уур амьсгалтай орчин хүлээж авсан нь их таалагдаж байсан. Teхас мужийн хүмүүс нь их найрсаг, бусад мужуудтай харилцуулахад татвар бага байдаг учраас амьдралын өртөг маш доогуур байдаг. Түүнийгээ дагаад цалингийн хэмжээ нь бага байдаг ч юмны үнэ их хямдхан байдаг. 

Анх Америкт сурах болсон шалтгаан нь юу байв?

Би арван жилд байхдаа АНУ-д сурна гэж огт бодож, төлөвлөж байгаагүй. Анагаахаар л сурна гэж бодоод хими, биологийн олимпиадуудад оролцоод явдаг хүүхэд байсан. Тэгээд 11-р ангид байхдаа гэнэт мэргэжлээ солиод санхүүгээр сурахаар шийдээд Мандах бүртгэл их сургуульд орж тэндээ нэг жил орчим сурч байхдаа гадаадад сурч байгаа оюутнуудын тэмдэглэл, ярилцлага их уншиж хардаг байлаа. Харвардад сурсан Билгүүн ахын тэмдэглэлийг уншиж байгаад ер нь гадаадад гарч сурна гэж шийдвэр гаргасан юм. Тэгсэн би арван жилээсээ бэлтгэлгүй байж байгаад гэнэт шийдвэр гаргасан болохоор англи хэлээ сайжруулах хэрэгтэй болсон. TOFEL, ACT-ын шалгалт өгөх хэрэгтэй гээд бэлдэхэд тухайн үед ер нь бол их хожимдсон юм шиг санагдаад үгүй ядаж магистртаа суръя гээд янз бүрийн боломжуудыг хайж яваад нэг сургуулийг олсон. Тэндээ нэг жил гаруй сурч байгаад АНУ-руу шилжиж сурч байсан юм.

Шилжилт хийсэн тэр процесс нь ямар байсан бэ? Монголд сурч байгаа ахлах сургуулийн сурагчдад ямар хөтөлбөрөөр явсан талаараа дэлгэрүүлэн ярьж өгөөч.

Манай сургууль АНУ-д байдаг хэд хэдэн сургуультай хамтын ажиллагаатай байдаг. Тэр хамтын ажлын хүрээнд тус сургууль руу шилжиж сурах зорилготой хүүхдүүдэд бүх процесс дээр нь тусалдаг юм. Америкт очиж сурахын тулд тухайн оюутны хэлний мэдлэг өндөр байх шаардлагатай байдаг.

Таны хувьд сургалтын төлбөрөө хэрхэн санхүүжүүлж байсан бэ?

Би АНУ-д очих доо 50%-ийн тэтгэлэгтэй очиж байсан. Үлдсэн 50%-ийн санхүүгээ ар гэрээсээ авч мөн хажуугаар нь кампус дээрээ хэд хэдэн ажил давхар хийдэг байсан. Миний хувьд кампус дээрээ хийдэг байсан ажлын цалин маань хэрэглээний зардал, сургалтын төлбөр гээд олон зүйл дээр зарцуулагддаг байсан. Тэгэхээр кампус дээрээ ажил хийх гэж төлөвлөж байгаа хүүхдүүд байвал өөрөө их идэвхтэй байх хэрэгтэй. Өрсөлдөөн их байдаг учраас өөрөө их идэвхтэй байвал сургуулийн ажилчин нь таньдаг, мэддэг болоод давхар давхар ажил хийх боломжууд бас гарч ирдэг.

АНУ-д байхад чиний нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан бэ?

Сургуулийн нэг өдөр маш их ачаалалтай байдаг байсан. Ер нь бол янз бүр. Шалгалтын үеэр бол номын сандаа өдөржин сууна. Бусад үеэр хичээлдээ явна, найзуудтайгаа уулзана. Миний хувьд ихэнх хичээлээ 11 цагаас хойшоо авсан учраас өглөө босоод 7 цагаас 11 цаг хүртэл номын санд сууж байгаад хичээлдээ явчхаад, хоолондоо орчхоод, хичээлдээ сууж байгаад орой нь найзуудтайгаа уулзана, кино үзнэ, янз бүрийн арга хэмжээнд очно гээд л. Олон улсын оюутнуудтай их нийлдэг байсан болохоор хамтдаа янз бүрийн олон улсын оюутнуудад зориулсан үйл ажиллагаануудад ордог байсан.

Өөрийнхөө сурч байсан сургуулийн оюутны хотхоны бидэнд сонирхуулаач.

Манай сургууль гурван мянган оюутантай дундаж сургууль хэр нь маш том оюутны хотхонтой, нэлээн олон оюутны байртай байсан. Монголоос очоод кампус дээрээ буухад надад маш гоё санагдаж байсан. Хэдийгээр жижигхэн сургууль ч гэсэн маш том бүтээн байгуулалтыг хийсэн, тохитой, оюутан сурагчид нь амьдрахад бүрэн гүйцэд бололцоотой, сургуулийнхаа кампусаас гарахгүй ч гэсэн тэндээ цагийг сайхан өнгөрөөж болохоор байдаг. Дараа нь том сургуулийн кампус дээр нь очиж үзсэн чинь манай сургуулийн кампус юу ч биш байсан юм билээ. Гадаад оюутнуудад зориулсан давхартай, тэнд маш олон орны оюунууд байдаг байсан. Би сүүлийн жилдээ оюутны хотхондоо амьдраагүй гадуур байрласан. Гадуур байрлахад арай зардал бага ч гэсэн оюутны хотхонд байсан шиг тийм янз бүрийн үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулсан арга хэмжээнд орж ийш тийш хамт явах ажлуудаас бага зэрэг хөндийрч байгаа юм.

Яг очоод Америкийн сургуультайгаа яаж танилцаж байв? Чамайг хоёр гурав дугаар курсээсээ шилжиж очиход orientation-д хамруулсан уу?

Миний хамгийн эхний улирлын хичээл нэг сарын найманд эхэлж байсан юм. Би нэг сарын таванд очоод оrientation-даа гурван хоног хамрагдаад сургуультайгаа танилцаж байсан. АНУ-д анх буухад л олон улсын оюутнууд хариуцаж авсан хүмүүс нь хүлээж аваад сургууль болон оюутны хотхоныг эхнээс нь танилцуулаад зааж өгдөг. Мөн бусад туршлагатай оюутнуудтай холбож өгдөг. 

АНУ-д сурах хугацаанд хамгийн сорилттой хүнд хэцүү зүйл юу байсан бэ?

Америкт анх очоод удаагүй байхдаа би их хүнд өвдөж байсан. Тухайн үед бараг гэрийнхэнтэйгээ ярьж байгаад буцаж явах дээрээ хүртэл хэмжээний өвдсөн юм. Өдөр бүр гэрийнхэн маань залгаад ярьж байгаа ч гэсэн яг хажууд байхгүй болохоор их хэцүү санагддаг юм билээ. Тэгээд АНУ-д сурч байсан найзуудтайгаа ч мөн ярьж байхад хамгийн хэцүү үе нь гэр бүлээ санах буюу homesick байдаг. Тухайн үед надад их олон хүн тусалж байсан. Сургуулийн олон улсын оюутнуудыг хариуцаж авсан ажилтнууд маань надад их тусалж, халамжилж байсан нь намайг АНУ-д үлдэхэд их нөлөөлсөн гэж хэлж болно.

Чиний мэргэжлийн онцлог юу бэ? 

Би санхүүгийн мэргэжлээр төгссөн. Санхүүгийн мэргэжил дотроо их олон төрөл байдаг. Миний эзэмшсэн мэргэжилд бол хөрөнгө оруулалтын чиглэл илүү давамгайлсан. Texaс мужид байдаг санхүүгийн байгууллагад зах зээлийн шинжээчээр ажиллаж байсан. Тухайн үед хөрөнгө оруулалтын чиглэлээр биш харин зах зээлийн судалгаа хийдэг, эдийн засгийн судалгаа хийдэг байсан. Тухайн компанийн зорилтот зах зээлийг тодорхойлоод явдаг. Үүний дараа хөрөнгө оруулалтын байгууллагад ажилд ороод яг хөрөнгө оруулалтын чиглэлээрээ ажилласан. Миний мэргэжил бол илүү зах зээлийн судалгаа шинжилгээ хийдэг мэргэжил байгаа.

Чиний хувьд АНУ-д сурч байхдаа ямар хичээлдээ илүү дуртай байсан бэ?

Хичээлүүдэд дуртай болоход багш маш их нөлөөтэй байдаг. Манай санхүүгийн багш маш гоё ойлгомжтой заадаг багш байсан. Тэгсэн хэр нь их хатуу. Жишээ нь шалгалтад 30 секунд хоцорсон хоёр хүүхдийг шалгалтад оруулаагүйг нь хараад би хувьдаа багшаасаа айж байсан. Дараа нь тэр багшаасаа хичээлээ нэмж аваад багштайгаа илүү ойлголцоод ирсэн чинь хичээлдээ дурлаад ирсэн. Хичээлдээ дуртай болоод ирэхээр багшаасаа их олон зүйл асуудаг. Өөрөө бие дааж сурдаг болчихсон. Тэр чадваруудад тухайн багшийн нөлөө маш их байсан.

Мөн байрны гэрээ дууссан тухайгаа гадаад оюутнуудыг хариуцдаг багшдаа хэлж байсан чинь чи манайд амьдрах юм уу гээд их уриалагхан надаас асууж байсан. Мэдээж би хүлээж аваад  host family-тай болсон. Манай host family гурван хүүхэдтэй айл байсан. Гэрийн эзэгтэй маань хүүхдүүдтэйгээ яг том хүнтэй ярьж байгаа юм шиг бүх зүйлийг тайлбарлаж өгдөг, түүнийгээ дагаад хүүхдүүд нь ч их хүмүүжилтэй байсан.  

АНУ-д ажилласан талаараа одоо хоёулаа дэлгэрүүлж ярилцъя.

Олон улсын оюутнуудад АНУ-д төгсөөд нэгээс гурван жил ажиллах OPT зөвшөөрөл өгдөг. Хэрвээ бизнесээр төгссөн бол нэг жил ажиллаж болно. Шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн чиглэлүүдээр төгссөн хүмүүс гурван жил ажиллаж болдог. Тэр хугацаа нь дууссаны дараа тухайн компани тэр ажилтнаа авна гэвэл спонсорлоод явдаг. Миний хувьд бизнесээр сурч байгаа болохоор нэг жил ажиллах боломжтой байсан. Дээр нь нэг жил ажиллая гэж бодоод OPT-гээ хийж байсан.

АНУ-д ажиллах, Монголд ажиллахын ялгаа нь юу байна вэ?

АНУ-д ажиллахад бүх зүйл нь тодорхой, бүтэц нь их ойлгомжтой болохоор түүнийгээ дагаад амархан. Миний өдөр бүр хийдэг ажлууд хоорондоо адилхан гэсэн үг. Би маргааш юу хийнэ гэдгээ мэддэг, сарын дараа, жилийн дараа ч юу хийх нь тодорхой байдаг байсан. Харин Монголд бүх зүйл их өөр, хэт ерөнхий байсан. Нэг хүн их олон ажлыг хийдэг. Гэхдээ үүнийгээ дагаад их сонирхолтой. АНУ-д нэг жилийн турш нэг л ажиллаа өдөр бүр хийхэд эхний хэдэн сар тухайн ажлаа сурах гэж яваад огт уйдах завгүй байгаад сүүлдээ жаахан уйдаад эхэлдэг юм билээ. Монголд би жил гаруй ажиллаж байгаа ч гэсэн одоо хүртэл уйдаагүй. Яагаад гэвэл би энэ долоо хоног яг юу болохыг мэдэхгүй шүү дээ. Маш их шинэ төслүүд орж ирдэг. Шийдвэр гаргалтын процесс их явагддаг. Би зөвхөн санхүүгээр ажиллахгүй маш олон ажлыг давхар хийдэг. Тэр нь нэг талаараа их ачаалалтай ч гэсэн нөгөө талаараа их сонирхолтой.

Англи хэлийг хэрхэн сурсан бэ? Хэл сурч байгаа хүмүүст юу гэж зөвлөх бэ?

Би хэлийг нэлээн хожуу сурч байсан. Хэл сурч байгаа хүүхдүүдэд зөвлөгөө гэвэл хүн бичгийн болон уншлагын ур чадварыг ганцаараа нухаж л сурна гэж боддог. Хэрэв бичиж сурмаар байвал эсээ, янз бүрийн тэмдэглэлээ англи хэл дээр бичих хэрэгтэй. Уншлагын ур чадвараа сайжруулмаар байвал ном, нийтлэлүүдийг унших байдлаар сурч болдог. Харин ярианы ур чадварыг яг ярьж байж л сайжирдаг шүү. Тэгэхээр яг ижил зорилготой найзуудтайгаа нийлээд хоорондоо ярилцах, өөрийнхөө орчныг хэл суръя гэсэн хүмүүсээр бүрдүүлэх нь их чухал. Ер нь өдөр тутмын хийж байгаа зүйлээ сурч байгаа хэлтэйгээ холбоод сурвал илүү хурдан бөгөөд сонирхолтой сурна.

Social security number гэдэг нь ямар учиртай зүйл байдаг бэ?

Social security number гэдэг нь АНУ-д байгаа иргэн бүр, мөн олон улсын иргэн, ажил хийж байгаа хүр бүрт байдаг дугаар юм. Тэр дугаараараа янз бүрийн үйлчилгээ авдаг. Тухайн дугаар нь өөр хэнд ч байхгүй зөвхөн таны дугаар гэсэн үг. Тэгэхээр таны  банкны, ажлын гээд бүх түүх таны Social security number дээр бүртгэгдэж байдаг гэсэн үг юм. Тэгэхээр кампус дээрээ 20 цаг ажил хийх гэж байгаа оюутнууд ажлын зөвшөөрөл аваад Social security number захиалаад авдаг гэсэн үг юм.

 LeTourneau University хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр ээлтэй сургууль байсан бэ?

Манай сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад яг бусад оюутнуудтай адилхан шалгуур оноонуудаа давсан байх шаардлага тавьдаг. Тэгээд ороод ирсний дараа хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан орон байр болон шаардлагатай хэрэгслээр хангаж өгдөг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ямар нэгэн байдлаар ялгаж үзэхгүй. Яг л бусад оюутнуудтай тэгш сургуулийн үйл ажиллагаанд оролцуулаад, хичээлүүдийг эрх тэгш авах нөхцөл байдлыг бүрэн хангасан гэж хэлж болно.

Саяхан би Зориг сангийн “Залуу манлайлагчдын хөтөлбөр”-т хамрагдсан юм. Манай хөтөлбөрийн хэрэгжүүлсэн төсөл маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байраар хангах төсөл байсан. Тус төслийн хүрээнд манай багийнхан хэд хэдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаад ярилцаж үзэж байхад Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангаж чадаагүй гэдгийг маш сайн ойлгосон. Зөвхөн сургууль биш ажлын байран дээр ч мөн цахилгаан шат, зам, бие засах өрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартын дагуу байж чадахгүй байсан. Одоо эргээд бодоход АНУ тэр стандартуудыг хангаж ажиллаж байсан. АНУ-д ажиллаж байхад ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн иргэдтэй хамт ажилладаг байсан.

Бидний урилгыг хүлээж авч үнэхээр сонирхолтой сайхан яриа өрнүүлсэнд танд маш их баярлалаа. Цааш цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсье. 

За намайг урьж оролцуулсанд баярлалаа. Хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна.


Та бүхэн энэхүү яриа, подкастын дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх платформуудыг ашиглан сонсоно уу.

▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.