Alumni stories

Х.Хүслэн "CORNELL UNIVERSITY"-ийн төгсөгч

Бидний урилгыг минь хүлээн авч Америкт сурсан туршлагаасаа хуваалцаж байгаад маш их баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Сайн байна уу? Намайг Хүслэн гэдэг. Би Америкийн Cornell University-д Communication (Харилцаа), Information Science (Мэдээлэл Технологийн Шинжлэх Ухаан) гэдэг хос мэргэжлээр суралцаж байна.

Та хэдэн сургууль уруу өргөдлөө илгээсэн бэ?

Би 10 сургууль уруу өргөдлөө илгээсэн. Гурван safety сургууль, гурван match сургууль,  гурван reach сургууль гээд 3-3-3 дүрмийг баримтлан өргөдлөө илгээсэн. Ерөнхийдөө тэнцэх байх гэсэн гурван сургууль, бусад зургаан сургууль нь асуултын тэмдэг байсан. Тэр дундаас миний хүлээлттэй сургуулиуд нь Cornell University болон University of South Carolina (USC) байсан. Тухайн үед би яг юугаар сурмаар байгаагаа шийдээгүй гэхдээ сэтгүүл зүйгээр сурна гэж бодож байсан учир USC их таалагдсан. Cornell University-ийн хувьд Communication хөтөлбөрийн хичээлүүд  болон судалгаа хийх боломж зэрэг нь таалагдсан учир энэ 2 сургууль миний топ 2 сонголт байсан.

Та хэдэн онд өргөдлөө илгээсэн бэ? Өргөдөл бэлдэж байх үеийн дурсамжаасаа хуваалцана уу.

Би 2018-2019 оны хичээлийн жилд өргөдлөө илгээсэн. Эргээд бодохоор хэцүү үе байж гэж санагддаг. Эсээ бичиж байхад энэ нь болж байна эсвэл болохгүй байна гэж хэлэхэд хэцүү. Яг тэр үед зөв буруугаа мэдэхгүй, чиглүүлэх зүйл байхгүй харанхуйд явж байгаа мэт санагддаг байсан. Тийм ч учир эсээгээ бичиж дуусгаад дахин өөрөөр бичиж үзэх, нэг асуултад 2-3 удаа бичиж үзнэ, аль нь ч таалагдахгүй дахин бичиж үзэх зэргээр юугаа ч мэдэхгүй олон оролдлого хийж үзэж байсан.

Анх өргөдөл гаргаж байхдаа зөвхөн АНУ-д сургууль нь сонгож бэлдсэн үү? Өөр улсын сургуулиудыг давхар судалж үзсэн үү? Яагаад Америкийн Нэгдсэн Улсыг тэр дундаа Cornell University-ийн сонгож сурсан вэ? Танай сургуулийн онцлог чанар юу вэ?

Ерөнхийдөө би АНУ-д суралцана гэж шийдсэн байсан. Гэхдээ Канадын нэг сургуульд өргөдлөө явуулсан. Би 7-9 дүгээр ангидаа АНУ-д гэр бүлээрээ амьдарч байсан. Тухайн үед АНУ-ын соёлд дасаж, их зүйл сурч мэдэх зэргээр энэ улс сэтгэлд их ойр болсон. Коллежид сурах тухай бодохоор шууд АНУ төсөөлөгддөг байсан. Тиймдээ АНУ-д сурна гэж шийдсэн байсан. Манай сургуулийн онцлог, шинж чанар гэвэл, хэдий би өргөдлөө илгээж байх үедээ үүнийг бодож үзэж байгаагүй ч одоо хоёр жил сураад эргэн харахад хамгийн гоё санагддаг зүйл нь, бусад Ivy League-ийн сургуулийг бодвол хамаагүй том сургууль мөн илүү олон оюутантай. Түүнчлэн олон төрлийн мэргэжил сонголттой жишээ нь зочид буудлын менежмент, барилга байгууламж, арт болон төлөвлөлт, өөрийн хүсэл дээр тулгуурласан загвар, зохион бүтээл зэрэг дотроо олон төрлийн мэргэжил болон коллежуудтай. Тиймээс олон төрлийн сонирхолтой хүүхдүүдтэй уулзах, байнга шинэ хүмүүстэй уулзаж, танилцах боломж их байдаг нь таалагддаг.

Cornell-ийн их сургууль бол өргөдөл гаргагчдын 13% тэнцдэг дэлхийн хэмжээний топ сургууль. Энэ сургуульд орохын тулд шаардлагатай стандарт шалгалтууд, ярилцлага, эсээ зэргийн юун дээр анхаарах вэ? Энэ талаар бидэнтэй хуваалцана уу.

Стандарт шалгалтуудад SAT, TOEFL гэсэн хоёр шалгалт бий. Би бэлдэхдээ зөвхөн ангил хэл дээр сайн гэхээс илүүтэй, тухайн шалгалтдаа зориулж бэлдэх нь чухал гэж үзсэн. Учир нь тухайн шалгалтын асуулт бүр нь өөр зүйлийг хүсэж байдаг. Жишээ нь TOEFL-ын ярих чадварын шалгалтад  хэчнээн сайн байгаад ямар бүтэцтэй хариултууд хүлээж байгаа мөн юу хэлээсээ гэж хүсэж байгааг нь өгөхгүй бол сайн ярих чадвартай байгаад хангалтгүй байдаг. TOEFL ийн rubric ийн дагуу ийм гүйцэтгэлтэй хүн ийм оноо авна гэж түвшингөөр нь ангилсан байдаг. Тухайн шалгуур үзүүлэлтүүд болох бүтэц, үгийн сонголт зэргийг сайн судлан тухайн үзүүлэлтийн дагуу чамаас юу хүсэж байна түүнийг нь чи хэрхэн үзүүлэх гэдэгт анхааран бэлдэх ёстой байдаг. SAT-ын хувьд 3 өөр хэсгээг бүрдэнэ бүх хэсгүүд дээр дадлага ажил хийх их чухал. Хамгийн гол нь дадлага хийгээд өөрийнхөө алдаа дээр ажиллах нь хамгийн чухал. Иймээс дадлага ажлаа хийж дуусгаад эргээд алдаануудаа засах үүгээр зогсохгүй, алдсан асуулт уруугаа буцаж очоод яагаад би энэ асуулт дээр алдсан вэ гэдгээ ойлгож байж дараагийн асуулт руу орох нь чухал. Би шалгалтад бэлдэж байхдаа дараа нь эргэж харахад туслах зорилгоор алдсан асуулт бүр дээр юунаас болж алдсан гэдэг талаар өөртөө зориулаад тэмдэглэл бичидэг байсан. Эргэцүүллээ уншин дараа нь тухайн асуултад ийм зүйлсээс болж алдсан байна. Дахиж ижил зүйл дээр алдахгүйн тулд жижигхэн өгүүлбэр бичээд явдаг байсан. Тэр нь шалгалт дөхөж ирэхэд дахин уншихад их хэрэг болдог. Яагаад гэвэл хүн зарим даа мэдэхгүй дээ биш, сайн бодож үзээгүйгээс болоод алдаа гаргадаг. Үүнээс сэргийлэхэд хэрэгтэй. Тэгэхээр алдана дээрээ ажиллах хамгийн чухал гэж боддог.  

Стандарт шалгалтын оноо хэд байвал давуу тал болно гэж тодорхойлох боломжтой юу?

Сайн санахгүй байгаа ч TOEFL 100с дээш оноо харин SAT дээр тогтсон тоо байдаггүй. Юу илүү туслах вэ гэвэл сургуулиудын academic test score percentile жишээ нь 25% percentile г.м байдаг. Үүгээр чи тэр сургуулиуд өргөдөл гаргагчдын хаана байгаагаа баримжаалж болно. Гэхдээ үүнээс болж өөртэй итгэх итгэлээ бүү алдаарай, сургууль руу өргөдөл илгээхээ зогсоож болохгүй шүү. Зөвхөн онооноос болж өргөдөл явуулахгүй байх буруу гэж боддог. Учир нь өргөдөл зөвхөн онооноос биш бусад бүх хэсгүүдээс хамаарч шийдэгддэг. Оноо бол үүний зөвхөн нэг хэсэг.

Эсээ маш том шалгуур. Тэгэхээр эсээ дээрээ юуг анхаарах хэрэгтэй вэ? Ямар асуултууд байдаг вэ? Ярилцлага мөн хэрхэн өгч байсан бэ? Ярилцлагатай холбоотой зөвлөмж өгнө үү.

Би ярилцлага өгч байгаагүй. Эсээний тухайд хоёр төрлийн эсээ бичдэг. Нэг нь өөрийнхөө тухай (personal statement) бичнэ. Нөгөөх нь supplemental essay сургуульдаа зориулаад бичдэг эсээ байдаг. Манай сургуулийн каунслер тайлбарлахдаа supplemental essay нь чамайг даалгавраа хийсэн эсэхийг шалгадаг. Чи өргөдөл явуулж буй сургуулиа хэр сайн мэддэг, судалгаагаа сайн хийсэн эсэх энэ сургууль чамд тохирох сургууль мөн үү үгүй юу гэдгийг хардаг. Миний хувьд энэ төрлийн эсээг бичихэд амар байсан учир сургуулиа судлаад тухайн сургууль чиний хүсэл мөрөөдөлд хүрэхэд тус болох уу гэдэг талаар бичих байсан. Надад personal statement бичих илүү хэцүү санагдсан. Энэ хэсэгт 6 асуулт өгөгдөн, нэг сэдвийг нь сонгон бичдэг. Миний хувьд 2 асуултад нь хариулахад дөхөм гэж бодон анхнаасаа сонгоод явсан. Миний ойлгосон зүйл нь personal statement эсээг бичих явц нь 10-20% байдаг. Харин тэр санаагаа бодож олоод найруулж зөв гаргаж бичих нь 80-90% байдаг. Тийм болохоор би эсээгээ бэлдэхдээ ямар ч завгүй байсан эсээгээ бодоод явдаг байсан. Жишээ нь би орондоо ороод хэвтэх 30 минут ч гэсэн эсээгээ бодоо гэдэг байсан. Тэгээд өглөө сургууль руу автобусанд явж байхдаа ч одоо эсээгээ бод эсээгээ бод гээд, бодоод л дахин дахин бичиж үзээд. Ер нь бол аль болох санаагаа хөгжүүлэх дээрээ анхаарсан. Тэр нь надад их хэрэг болсон гэж боддог. Эргээд харахад зөв ч байсан гэж боддог. Миний хийсэн зүйл нь нэг санааг их олон удаа бичиж үзсэн. Бичих болгонд шал өөр эсээ гарч ирдэг, нэг л эсээ хэрнэ. Тэгэхээр чи ганц эсээ бичээд тэр нь чиний хамгийн сайн эсээ байх үгүйг гэдгийг мэдэхгүй ш дээ. Өөр харьцуулах эсээ байхгүй. Тийм болохоор би нэг асуултад нэг сэдвээр хоёр гурван янзаар бичиж үзсэн. Тэр явц дундаа нөгөө эсээнүүд дээр сайн байсан хэсгүүдээ оруулж бичээд нийлүүлээд  гоё эсээ болно. Ер нь бол чамаар өөр юу ч гарч магадгүй гэдэг утгаараа бичих бүрд чинь өөр шинэ санаа гарч ирдэг учир олон удаа бичиж байж төгс хувилбараа гаргаж ирэх нь зөв санагдсан.  

Энэ бүх шалгуурыг даваад өөрийгөө ялан дийлсэн. Тэгээд Cornell-ийн их сургуульд тэнцсэн гэдэг мэдээг авсан яг тэр үеийн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач.

Би яг дотроо их хүлээж байсан. Хүлээж байгаад тэнцэхгүй бол өөрт хэцүү гэж бодоод ерөөсөө тоогоогүй юм шиг байх гэж хичээсэн. Cornell-ийн хариуг гурван сард ирдэг. Түүнээс өмнө би нэлээн таалагдсан хэдэн сургуулиас тэнцсэн хариу авсан болохоор Cornell-д тэнцэхгүй байсан ч би явах сургуультай гээд өөрийгөө бэлдээд хүлээж байлаа. Манай ээж бас надтай хамт их хүлээлттэй байсан болохоор би тэнцэхгүй бол сонин юм болох вий гээд ээждээ та битгий хүлээ гэхэд за одооноос би огт ярихгүй гээд өнгөрч байсан юм. Тэгээд Cornell-ийн хариу нь өглөө 7 цагт ирсэн. Би хичээлдээ явахаасаа өмнө жаахан эрт босоод шалгахад тэнцсэн гэсэн хариу ирсэн байсан. Би итгэж өгөхгүй дахин дахин уншиж үзээд, ээж аавдаа хэлье гээд өрөөнөөсөө гарахад ээж хаалганы цаана зогсож байсан. Ээж бас л надад мэдүүлэхгүйгээр тэгж их хүлээж байсан юм байна лээ. 3 дугаар сарын сүүлээр миний төрсөн өдөр болдог үүнтэй давхцаад Cornell University тэнцсэн гэсэн хариуг хүлээж аван давхар баяр болсон.

Cornell-ийн сургуульд тэнцэхэд таны яг ямар чадвар тань бусдаас ялгарах давуу тал байсан гэж хардаг вэ?

Хүн бүрд онцлог давуу талууд байдаг ба үүнийгээ гаргаж харуулах нь хамгийн чухал гэж боддог. Миний хувьд би эсээ дээрээ их анхаарсан. Үүн дээр өөрийгөө илүү гаргаж чадсан гэж боддог. Хичээлээс гадуурх үйл ажиллаагаа, сонгож авч байсан хичээлүүд, сонирхол зэргээ эсээ дээрээ гаргаж ирсэн. Энэ бүх зүйл уялдаа холбоотой байх ёстой. Би үүнийг зөв төлөвлөж гаргаж ирсэн юм болов уу. Ерөнхийдөө өргөдлийн бүх материалууд нийлээд нэг түүх (story) болдог ба бүх зүйл уялдаа холбоотой байвал зөв байдаг. Эргээд бодохоор би өөрийнхөө түүхийг бүрдүүлсэн материал бүрд гаргаж ирэх мөн хооронд нь сайн уялдуулж бичиж чадсан байхаа гэж боддог. Хүн бүрд онцлог, зан чанар, давуу тал байдаг, түүнийгээ л гаргаж ирэх нь давуу тал болно.

Та өөрийнхөө эзэмшиж байгаа Харилцаа холбоо болон Мэдээллийн технологи гэсэн хоёр мэргэжлийнхээ онцлогоос бидэнд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

Анх сургуулиа судалж байхад Communication буюу харилцаа гэх мэргэжлийн хөтөлбөрүүд   сургууль бүрд өөр өөр байгааг ойлгосон. Учир нь энэ ухагдахуун их өргөн сэдвийг хамардаг. Зарим сургууль бичих чадвар, ярих чадвар, олон нийтийн сүлжээнд өөрийгөө илэрхийлэх чадвар дээр илүү анхаарсан байдаг. Манай сургуулийн онцлог нь нийгмийн шинжлэх ухаан, судалгаанд илүү суурилсан. Жишээ нь харилцаа дундаа улс төрд харилцаа хэрхэн нөлөөлдөг, хүмүүс хоорондын харилцаа, хүн-технологийн харилцаа зэрэг олон сэдвээр судалгаа хийдэг нь надад илүү онцлог санагдсан. Яагаад гэвэл чадварыг сургахад туршлагаар суулгаж болно. Харин шинжлэх ухаан дээр үндэслэсэн тийм мэдлэг надад илүү хэрэгтэй санагдсан болохоор тэр хичээл нь их таалагдсан. Би анх харилцааны (communication) мэргэжлээр сурахаар очсон юм. Тэгээд янз бүрийн хичээл авч үзэж байгаад мэдээллийн технологи гэдэг мэргэжил их сонирхол татсан. Information Science (мэдээлэл технологийн шинжлэх ухаан) гэдэг судлагдахуун нь технологийг олон талаас судлан заадаг. Технологи бидний амьдралд олон өнцгөөр нөлөөлдөг түүнийг ойлгох үүнээс гадна олон практик чадваруудыг хөгжүүлж өгдөг. Жишээ нь би дараагийн улирал вэбсайт хөгжүүлэх хичээл авч байгаа. Өмнөх улирал мэдээллийн технологийн ёс суртахууны талаар хичээл авсан. Information Science ийг олон талаас судалж олон чадварт суулгаж буй нь надад их таалагдсан. Information Science болон Communication гэсэн хоёр мэргэжил нь хоорондоо их зохицдог, хичээлүүд нь давхацдаг, тоолоод үзэхэд энэ хоёр мэргэжил дээр 9 нь давхцаж ордог хичээлүүд ч байдаг. Давхцал ихтэй учир ачаалал харьцангуй гайгүй.

Анх АНУ-д очсон үеийн сэтгэгдэл, дурсамжаасаа бидэнд хуваалцана уу.

Манай аав магистраа хамгаалахаар бид гэр бүлээрээ намайг 7-9 ангид байхад АНУ-д амьдарч байсан. Миний санаанд хамгийн тод үлдсэн зүйл гэвэл би онгоцон дотор унтаж чадахгүй. Аав ээж минь дүү бид хоёрыг сайн боловсролтой болгож, хэл сургана гээд их холыг зорин явж байхад би олигтой юм сураагүй буцаад ирвэл яана гээд санаа зовж байснаа санадаг юм. Тийм болохоор очоод эхний өдрийн хичээлийн бүх даалгавраа хийгээд маргааш нь бүгдийг нь бариад очсон чинь, өө энэ тав дахь өдөр авах хичээл байсан шүү дээ гэж байсан. Тэр санаа зовнил нь надад их сэдэл, урам зориг болж өгсөн учир тэр эрчдээ маш их зүйл сурч ирсэн. Америкт сурч байхдаа багш дээрээ очоод л би сайжирч байна уу гээд багшийгаа дагаад яваад байдаг байсан. Нэг удаа уншлагын хичээл авч байхдаа би багшийгаа дагаад л Монголын талаар юм яриад явдаг байсан. Дотроо бодохдоо би ярианы ангил хэлээ сайжруулах ёстой гээд их хичээсэн санагддаг. Дөнгөж очиход Англи хэлний чадвартаа итгэлтэй байгаагүй, сайн ярьж чадахгүй байсан. Хүүхдүүд юу ярьж байгааг нь сайн ойлгохгүй, юунаас болж инээгээд байгааг нь ч ойлгохгүй байсан. Гэхдээ найзтай болохгүй бол болохгүй гэж бодоод өөрийгөө танилцуулаад ярьж байснаа санадаг. Түүнийхээ ачаар би сайн найзуудтай болж чадсан. Анх эвгүй байсан ч түүнийгээ даваад гарсны хүчинд одоо найзуудтай болсон. Эргээд бодохоор тэр гурван жил миний хувьд хамгийн аз жаргалтай жилүүд байсан.

Cornell-ийн сургуулийн нэг өдрийг дүрсэлнэ үү. Хичээлийнхээ үйл явцын талаар бидэнтэй хуваалцана уу.

Өдөр бүр өөр өөр хичээлүүд орно. Жишээ нь миний нэг дэх өдрийн хичээл өглөө 10:00 эхэлнэ. Тус хичээлд ойролцоогоор 500-600 хүүхдүүд хамрагддаг ба лекц хэлбэрээр явагддаг. Би сайн найзтайгаа хамт байсан болохоор түрүүлж очсон нь бие биедээ суудал авдаг байсан. Ер нь найзтайгаа хамт хичээл үзэх их сонирхолтой, ойлгоогүй зүйлээ нөгөөдөө зааж өгөөд, шалгалтдаа бэлдэхэд ханьтай байсан. Тэгээд 1:25 с завсарладаг байсан ба би гүрийж байгаад тэр үеэрээ хичээлээ хийдэг байсан. Дараа нь 1:25-4:10 хүртэл үдээс хойших хичээлдээ орно. Үүнийг дуусгаад 4:30-5:30 уулзалтад ордог байсан. Дараа нь хоолондоо ороод 6:00 өнгөрөөд цаг орчим өрөөндөө амарна. 7:00-9:00 номын санд сууна. 9:00с хойш яг амарна. Би орой унтахаасаа өмнө багадаа нэг цагийг өөртэй зарцуулдаг байсан. Учир нь өдөр бүр завгүй байдал давтагдахаар их стресстэй. Тиймээс миний хувьд өдөр нь аль болох хичээлүүдээ шахаж хийгээд орой нь өөртэй цаг гаргадаг байсан. Тэр өөртэй зориулдаг цагтаа их дуртай болохоор өдөр нь сайн хичээлээ хийгээд авчихдаг байсан.

Cornell-ийн их сургуульд суралцах хугацаандаа оролцож байсан сайн дурын ажил, төсөл хөтөлбөрүүд, дугуйлан, сургалтын талаараа бидэнтэй хуваалцана уу.

Би Cornell-д анх очихдоо сэтгүүлч болно гэж зорьж байсан болохоор нэг сэтгүүлийн газар бичээчээр ажиллаж байсан. Долоо хоног бүр нэг нийтлэл гаргадаг байсан. Онлайнаар нэг семестрт нэг сэтгүүл гаргадаг байсан. Тэгээд тэр сэтгүүлийнхээ гаргах нийтлэл дээрээ ажилладаг байсан. Нийтлэлээ Cornell University дах гарааны бизнес сэдэвтэй нийтлэл бичиж байсан. Cornell-ийн оюутнууд хичээлийн хажуугаар өөрсдөө их бизнес эхлүүлж хийдэг, хэд хэдэн тийм хүүхдүүдтэй холбогдоод ярилцлага аваад нийтлэл бичиж байсан. Мөн 2-р курсээс эхлэн Social Enterprise Group гээд өөр клубт элсэн орсон. Энэ клубийн хувьд гишүүдээ багт хуваан ашгийн бус байгууллагуудтай хамтарч ажиллан зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг. Миний хувьд Five North гэдэг шоколадны компанитай хамтран ажиллаж, тэдний орлогыг нэмэгдүүлэх ямар аргууд боломжтойг судлан зөвлөгөө өгсөн. Улирал бүр шинэ төсөл дээр ажиллан явдаг. Миний хамгийн анх элссэн мөн хамгийн хайртай клуб маань олон улсын оюутнуудын холбоо. Хамгийн анх элссэн мөн олон улсын оюутнууд учир ижил асуудлуудтай тулгардаг жишээ нь гэрээ санах г.м учир уулзаж ярилцахад их гоё байдаг. Энэ холбоонд би publicity ийн багт ажилладаг. Бид сургуулиас хөрөнгө оруулалттай учир олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулна, бусад клубүүдэд хөрөнгө оруулалт хийх зэргээр олон зүйлс сурсан мөн их найзтай болсон газар юм.  

Америкт сурч байхад хүнд хэцүү зүйл байсан уу? Жишээ нь гадаадад сурч байгаа оюутнууд гэрээ санах гэж байдаг гэх мэт.  Бидэнтэй хуваалцана уу.

Миний хувьд хүнд хэцүү санагдаж байсан зүйл гэвэл манай найзууд, миний эргэн тойрны бүх хүүхдүүд мундаг, яг юу хиймээр байгаагаа ойлгосон байсан. Харин би яг юу хиймээр байгаагаа ойлгоогүй очсон. Надад дутагдаад байсан зүйл нь би утга учиртай зүйл хиймээр байсан ч тэр нь юу болохыг тодорхойлоогүй байсан. Эхлээд янз бүрийн клуб орж үзсэн, тэр болгоноосоо их юм сурч байсан ч өнөөх утга учиртай зүйлээ хайсаар байсан. Тийм зүйл байхгүй болохоор зөвхөн хичээлдээ л анхаараад байгаа юм шиг санагдаад стресстдэг байсан. Дараа нь өөрийгөө сорьсон, утга учиртай ажлуудад оролцоод эхлэхэд тухайн мэдрэмж алга болсон.

Америк Монгол хоёр улсын боловсролын ялгаа нь таны бодлоор юу байсан вэ?

Анх Америкт очоод анзаарсан зүйл нь хүүхдүүд их биеэ даасан байсан. Багш нар чиглүүлэхээс илүүтэй, хүүхдүүд өөрсдийн хүсэл сонирхлын дагуу, өөрийгөө сорих гэж үйл ажиллагаанд их оролцдог. Боломжууд ч нээлттэй мөн хүүхдүүд би өөрийн амьдралдаа өөрөө хариуцлага үүрэх ёстой гэсэн сэтгэлгээтэй. Монголд бол багш нараараа л их юм хэлүүлж хийдэг байсан. Эргээд бодохоор оролцож байсан бүх үйл ажиллагаанд багш хэлж өгөөд, санал болгож, зөвлөж байсан болохоор оролцож байсан. Нэг ийм юм болох гэж байна чи үүнд оролцооч. Одоо урлагийн үзлэг болно гээд л харин Америкт очихоор хэн ч тэгэхгүй. Юуг хамгийн их сурсан вэ гэхээр өөрийн өөрийгөө сорьж сурсан. Ер нь бол чи эцсийн эцэгт өөрийгөө сайжруулах, өчигдөр байснаасаа илүү сайн болох гэдэг чинь л хамгийн чухал шүү дээ. Тэгэхээр чи өөрийн өөртөө тийм шаардлагыг тавьж чаддаг байх ёстой. Гол нь түүнийгээ биелүүлж чаддаг байх ёстой. Тэр чадварыг л Америкт сурсан, өөртөө илүү суулгаж авсан юм шиг санагддаг.

Америк болон олон улсын хүүхдүүдийн суралцах хэв маяг ямар байдаг вэ? Суралцах зүйлс гэвэл юу вэ?

Уулзсан хүн бүр ондоо хэв маяг, арга барилтай байсан. Би найзуудаасаа сураад авъя гэж бодсон зүйл бол ямар ч хичээл байсан ерөөсөө төвөгшөөхгүй хийдэг. Нэг даалгавар өгөгдөхөд би яаж хийндээ, нэг аятайхан юм хийх юмсан гэж их бодох процессоос улбаалан стресст орох хандлагатай байсан. Бусад хүүхдүүд бол өдөр бүр хийх ёстой зүйлээ хийгээд л тэр сурах үйл явцаа их аз жаргалтайгаар хийдэг байсан нь суралцмаар зүйл байсан. Ер нь бол сурах гэдэг чинь гоё зүйл шүү дээ. Гэхдээ бүх юм давхцах, хичээл их болоод ирэхээр үүнийгээ мартаад түүртээд байдаг. Тэгэхээр сурах үйл явцаа хүртэл их жаргалтай болгох нь чухал юм байна лээ. Одоо бодохоор номын санд суудаг байсан үе хүртэл их гоё санагддаг. Сурах явцаа их таатай байлгах чухал гэдгийг найз нараасаа сурсан. Сурах гэдэг зовлонтой зүйл биш хичээн хичээл их байлаа ч гэсэн түүнийгээ л жаргалтайгаар хийж сурах хэрэгтэй, үүнийг нь найзуудаасаа сурсан авсан даа.

Та өөрийн хувь хүний хөгжлийн хүрээнд ямар өөрчлөлтүүд гарсан гэж боддог бэ?

Ямар ч орчинд хурдан дасан зохицож чаддаг болсон. АНУ очиход хүрээлэн буй орчин солигдсон мөн улирал бүр ондоо хичээлүүд авах, хичээлүүдээ дагаад ангийн хамт олон өөр. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хүртэл өөр зүйлс хийж, өөр хүүхдүүдтэй хамтарч ажилладаг учир ямарваа шинэ нөхцөл үүсэх, сорилтой тулгарсан ч хичээл зүтгэлээр даван туулж болдог гэж ойлгосон. Эхэндээ бүх зүйл хэцүү санагдаж байгаад яваандаа бүх зүйл болдог гэдгийг ойлгосон явдал нь миний сурсан бас нэг зүйл байсан.  

Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Сүүлийн асуултыг танд тавья. Cornell-ийн их сургуульд сурах хүсэлтэй хүүхдүүдэд зөвлөгөө өгөөнө үү.

Яг одоо өргөдөл явуулах хүүхдүүдийн хувьд дүн болон багшийн тодорхойлох захиа зэрэг нь гараас гарсан тул өөрчлөх боломжгүй. Харин чиний гарт байгаа, чамаас шалтгаалах зүйл нь эсээ. Тиймээс эсээ дээрээ сайн анхаараарай гэж зөвлөе. Өргөдөл явуулж байхад хамгийн чухал зүйл нь эсээ байдаг юм шиг санагддаг. Учир чиний өргөдлийн бусад материалуудад context өгдөг. Мөн өөрийгөө өөрөөр харуулах боломж нь эсээнд байдаг. Тийм болохоор эсээ дээрээ 100% анхааралтай хандах нь чухал гэж санагддаг.

Бидний урилгыг хүлээн авч Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын хичээл сурлагад өндөр амжилт хүсье.

Та бүхэн Хосбаярын Хүслэнгийн подкастыг бүрэн эхээр нь сонсоод сурах арга барилаас суралцаарай!