Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар EducationUSA Mongolia хөтөлбөрийн дадлагажигч, New York University-д тэнцээд тун удахгүй Нью-Йорк хотыг зорих гэж буй Ж. Хонгорзул оролцож байна. Бидэнд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.
Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Хонгорзул гэдэг. Би 44-р сургуулийг төгссөн. Төгссөнийхөө дараа gap year буюу нэг жил завсарлага аваад 2021 оны 2-р сард сургуульдаа тэнцсэн. Энэ намар явах гэж байгаа.
Америкт суралцах шийдвэр гаргахад хамгийн анх юу нөлөөлсөн бэ?
Би олон жил хятад хэлний сургуульд сурсан болохоор хятадын боловсролын системийг ерөнхийд нь мэддэг. Тийм болохоор Америкийн боловсролын систем нь нэлээн ялгаатай. Юугаараа ялгаатай вэ гэхлээр Хятадад анх заавал мэргэжлээ сонгож байж сурдаг харин Америкт эхний хоёр жил суурь хичээлээ үзээд сүүлд нь мэргэжлээ сонгох боломжтой. Боловсролын системийн ялгаатай тал нь миний анхаарлыг их татсан.
Нэг жилийн gap year буюу завсарлага авсан гэсэн шүү дээ. Завсарлага авсан хугацаандаа хэрхэн өөрийгөө бэлдсэн бэ?
Завсарлага авах нь надад зайлшгүй шаардлагатай юм шиг санагддаг. Миний англи хэл тийм сайн байгаагүй учраас англи хэлээ сайжруулах зорилготой байсан гэж хэлж болно. Хажуугаар нь өөрийнхөө хичээлээс гадуурх үйл ажиллагааг сайжруулах зорилготой байсан. Хятад сургуульд хичээл ихтэй маш завгүй байсан учраас завсарлага авсан хугацаандаа өөртөө цагийг зарцуулж, хэлээ сайжруулах гэх мэтчилэн, өөрийгөө таньж мэдэх дуртай зүйлээ олох, хувь хүний талаас хөгжихийн тулд завсарлага авсан.
Хонгорзул маань EduсationUSA хөтөлбөрт дадлага хийгээд 4 сар болж байгаа. Энэ хугацаанд олж авсан туршлага чинь ямар боломжуудыг нээж өгч байна вэ?
Энэ хөтөлбөрт хамрагдахдаа маш баяртай байсан. Яагаад гэвэл би хоёр удаа СV-гээ явуулж байж тэнцсэн. Энэ зун үнэхээр үр дүнтэй маш олон зүйлийг сурсан байна. Подкаст эдитлэх, сошиал медиа дээрх өдөр болгоны эх бичвэрүүдийг нь хийх зэрэг олон зүйл сурсан. Америкийн боловсролын талаар зөв, шинэ мэдээллүүдтэй ойрхон байсан учраас аль болох л найзуудтайгаа мэдээллээ хуваалцдаг байсан. Ер нь байгууллагын уур амьсгал нь надад маш их таалагдсан.
Чиний хувьд NewYork University-г яагаад сонгосон бэ?
Бусад сургуулиуд нь хотоос гадна байрладаг байхад манай сургууль хотын төвд нь байрладаг учир багаасаа өндөр барилгуудтай гял цал болсон газар амьдарна гэж мөрөөддөг байсан надад их таалагдсан. Мөн нөгөө талаасаа сургууль маань боловсролын чанараар дэлхийд 26-р байранд ордог сургууль. Би бизнес санхүүгийн чиглэлийн мэргэжил сонирхож байгаа ч одоохондоо бүрэн шийдээгүй байгаа. Энэ сургууль нь бизнес болон санхүүгийн чиглэлээр Америкийн топ сургуулиудын нэг юм.
Америкийн сургуульд өргөдлөө явуулахад яаж бэлдвэл зүгээр байдаг вэ? Юун дээр анхаарах вэ?
Миний хувьд их оройтож бэлдсэн гэж боддог. Яг 10-р дугаар ангиасаа эхэлж бэлдэх нь зөв зохистой цаг хугацаа санагдсан. Хичээлээсээ завсарлага авч болно. Үнэхээр хүсэж зорьж байгаа бол тэр цаг хугацаа тийм ч их хамаагүй. Америкийн боловсролын систем нь өргөдөл явуулах процесс нь жоохон төвөгтэй байдаг учраас аль болох эртнээс бэлдэж эхлэх хэрэгтэй. Хамгийн эхлээд стандарт шалгалтууддаа бэлдэж эхлэх хэрэгтэй.
New York-ийн талаар ямар төсөөлөл байна?
Бага байхдаа “Гэртээ ганцаараа” киног үздэг байсан. Тэнд гардаг нэг алдартай мод орсон хэсгийг хараад нэг л өдөр би заавал тэнд очиж үзнэ гэж бодож байсан. Харин одоо New York нисэх гээд хүлээж байна гэж бодсон чинь их догдолж байна. New York ийн шинэ жил үзнэ, Manhattan-д амьдарч үзнэ. Ер нь их догдлолтой хүлээлттэй байгаа.
Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлаа хэрхэн зохицуулна гэж төлөвлөсөн бэ?
Сургалтын төлбөрийн бүтэн тэтгэлэг авсан байгаа. Амьжиргааны зардлаа өөрийн хувийн санхүүгээсээ гаргахаар болсон.
Америк явахаар бэлдэх явц дундаа юунд нь их хугацаа зарцуулсан бэ? Бэлдэхэд сорилттой байсан зүйл байсан уу?
Надад бол хоёр зүйл байсны нэг нь SAT шалгалт байсан. Америк хүүхдүүд өөрсдөө өгдөг ЭЕШ шиг шалгалт байдаг учраас IELTS-аас хэцүү шалгалт гэж явдаг. SAT-ийг эртнээс бэлдээрэй гэж зөвлөмөөр байна. Хоёрт нь бол эсээ байсан.
Эсээ дээрээ хэн нэгнээс тусламж авсан уу? Тодорхойлох захидлаа хэнээс авч байсан бэ?
Оюунтуул эгч маань эсээ нь дээр маань их тусалж байсан. Мөн найз маань маш их тусалсан. Ерөнхийдөө Америкийн өргөдлийн үе шат тийм ч амаргүй учраас ичиж санаа зоволгүй тусалж чадах хүнээс тусламж гуйж байгаарай гэж хэлмээр байна. Намайг сайн мэддэг хоёр багшаасаа тодорхойлох захидлаа бичүүлээд англи дээр хөрвүүлж байсан. Багштайгаа хамт сууж байгаад ярилцаад бичүүлж байсан.
Хэдэн сургууль руу өргөдлөө явуулаад тэнцэж сонголтоо хийсэн бэ?
Нийт 17 сургууль руу материалаа явуулсан. New York-ийн их сургууль эрт өргөдлөө явуулдаг сургуулиудын нэг. Орохыг хүсэж байгаа сургуульдаа early appliсation буюу эрт өргөдлөө явуулж болно. Сургуулиа зөв хайх арга бол тухайн сургуулийн вэбсайтаар ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч өөрт тохирох сургууль руугаа өргөдлөө явуулах юм.
Хонгорзул Америкт очоод аль аль мужаар нь аялахыг хүсэж байна?
Эхлээд бол Нью-Йорк. Түүнээс гадна Бостонд очиж үзье гэж бодож байна. Яагаад гэвэл Harvard, Massachusetts гээд алдартай сургуулиуд байдаг болохоор уур амьсгал нь бас цаанаа л гоё байдаг. Тийм болохоор амжих юм бол Бостон хотод очиж үзнэ.
Өнөө маргаашгүй явах гэж байгаа тул санаа зовоож байгаа эсвэл их догдолж байгаа зүйл байна уу?
Сэтгэл хөдөлгөж, илүү догдолж хүлээж байгаа зүйлүүд илүү их байгаа. Санаа зовоож байгаа зүйл нь аюулгүй байдал талаасаа би Нью-Йоркыг гэмт хэрэг ихтэй гэж сонсож байсан. Гэхдээ манай сургууль оюутнуудаа анхаардаг учир сургуулийн орчинд аюулгүй ээ.
Манай урилгыг хүлээж авсанд баярлалаа. АНУ-д сурах 4 жилийн том аялалд нь өндөр амжилт хүсье. Баг хамт олонтойгоо холбоотой байгаарай.
Урьж оролцуулсанд баярлалаа. EducationUsa Mongolia-ийн нийтлэлүүдийг байнга уншиж байгаарай. Үргэлж чанартай хэрэгтэй мэдээллүүд хуваалцдаг шүү.
Та бүхэн энэхүү дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч сонсоно уу.
SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.