Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн дугаарт Харвардын их сургуулийн Post Doctoral Fellowship Program-ийн төгсөгч, Happy Veritas эмнэлгийн зөвлөх эмч Ж. Амарсанаа оролцож байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
Би Говь-Алтай аймагт төрж өссөн. Улаанбаатар хотын 23-р сургуулийг төгссөн. Өвөө маань лам байсан учраас анх намайг ч гэсэн лам болгоно гэдэг байлаа. Дунд сургуулийн хажуугаар шашны хичээлийг давхар сурдаг байсан юм. Дараа нь Оточ Маарамбын их сургуульд анагаах ухааны эмчийн ангид сураад анагаах ухааны онолын багшаар анх ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа АШУИС-д магистрын түвшинд давхар суралцаж нэгдүгээр дамжаагаа төгсөөд Япон улсаас зохион байгуулсан засгийн газрын тэтгэлэгт тэнцэн Токиогийн их сургуульд найман жил сурсан.
Та хэрхэн дэлхийн топ сургуулиудын нэг болох Харвардын их сургуульд суралцах болсон бэ?
Токиогийн их сургуульд суралцсаны дараа Харвардын их сургуулийг зорих хүсэлтэй байсан юм. Гэвч найман жил сурахдаа би эмнэл зүйн судалгааныхаа ажлыг хийхээс гадна өвчтөн үзэх, эмчилгээнд оролцох гээд маш завгүй бөгөөд үнэхээр хүнд байсан. Эхэндээ сонгосон судалгаа болгон маань бүтэл муутай үр дүн гарч өгөхгүй байсан. Хамгийн анхны судалгаа маань гений эмчилгээний судалгаа байсан. Хулганыг хорт хавдрын модель загвар болгож түүн дээр гений эмчилгээ хийж үздэг байлаа. Хорт хавдрын эсийг химийн эмчилгээтэй холин хулгана дээр туршин үр дүнг ажигладаг байсан. Нэг талаараа маш сонирхолтой хэдий ч нөгөө талаараа маш хэцүү өөр түвшний зүйлүүд байсан учраас би хийж байгаа зүйлээ ойлгохын тулд мэдлэгийн түвшнээ ахиулахыг хичээсэн. Үүний дараа Хеликобактерийн судалгаа руу орсон. Тодорхой сэдвийг бидэнд өгөөд тэр сэдэв дээр амжилт гарах үгүйгээ үзэн туршилт дээр ажилласан. Тухайн үед профессор багш маань намайг хорт хавдрын чиглэлээр ажиллах хүсэлтэй байгааг дэмжээд шинэ эрдэмтэд дунд орох боломж олгосон юм. Тэр багт олон шинэ зүйл сурч нойр булчирхайн хорт хавдар дээр ажиллаж эхэлсэн ч дөрвөн жил тодорхой үр дүнд хүрээгүй учраас энэ нь надад хүндээр тусаж байсан. Тиймээс дараагийн жилүүдээс эхлэн бие дааж юм хийхийг хүсэх болсон. Ингээд шинээр гарч ирсэн Нобелийн шагнал авсан технологи дээр ажиллаж 3 туршилтын зарим нь амжилттай болж, миний нойр булчирхайн хорт хавдар дээр хийсэн туршилт маань маш амжилттай болсон юм.
Хийсэн судалгаа маань амжилттай явсаар хорт хавдрын сэтгүүл дундаа эхний гуравт багтдаг, нэр хүндтэй сэтгүүл дээр нийтлэгдэхээр болсон. Үүний дараа туршилт судалгаагаа улам өргөжүүлэн зөвхөн ганц генийг биш 2-3 генийг давхар дарангуйлах судалгааг эхлүүлж амжилттай гүйцэтгэсэн. Судалгаан дээр чинь хамтарч ажилламаар байна гэсэн хүсэлтүүд ар араасаа ирж эхэлсэн. Олон жил зовсны эцэст нэр хүндтэй томоохон сургуулиудаас санал ирэхэд надад үнэхээр таатай байсан. Нэг зүйлийн оргилд нь гараад урд явж байгаагаа мэдэрсэн. Надад Япон доо үлдээд өндөр цалинтай ажил хийх үү, эсвэл цаашдаа үргэлжлүүлэн суралцах уу гэсэн хоёр сонголт байлаа. Эцэст нь Харвардын их сургуульд үргэлжлүүлэн суралцахаар шийдсэн нь ахын маань өгсөн зөвлөгөө байсан юм.
Post Doctor-ын хөтөлбөр гэдэг нь яг ямар хөтөлбөр байдаг вэ? Цаашдаа энэ хөтөлбөрөөр суралцах гэж буй оюутан залууст зөвлөгөө өгөөч.
Маш зөв асуулт байна. Үүнийг сонирхож байгаа залуус зөндөө байгаа. Post Doctor болоход хэд хэдэн зүйл нөлөөлдөг. Нэгдүгээрт цалин авах эсэх нөлөөлдөг. Цалинтай суралцах тохиолдолд босго маш өндөр болж эхэлдэг. Харвардын их сургуульд цалинтай ажиллахын тулд хоёр зам байна гэж харж болно. Нэг нь хэрэв чи өөрөө маш чадвартай, туршлагатай байвал хүссэн сургууль чинь өөрөө дуудах болно. Нөгөө талаараа танил тал хэрэгтэй байдаг. Бусад замууд нь маш зовлон ихтэй ч гэсэн огт боломжгүй зүйл бол биш. Чиний хичээл зүтгэл, хийсэн зүйл болон чи ямар хүн бэ гэдгээс шууд хамаарна. Миний хувьд үнэхээр бахархууштай нь гэвэл өөрийн бүтээсэн үр дүнгээ үзээд уригдаж очсон явдал юм.
Монгол хүн дэлхийн топ сургуульд уригдан очиж өөрийн мэдлэгээ бусдад түгээнэ гэдэг үнэхээр бахархмаар байна. Таны хувьд Америкт очин судалгаагаа хийхэд ямар байсан бэ?
Миний хийж бүтээсэн технологи судалгаагаар сүүлд компани байгуулагдсан байсан. Японд байх хугацаандаа хийсэн зүйлээ патентлуулах гэсэн боловч надад мөнгө байгаагүй. Байнгын тодорхой хэмжээгээр мөнгө төлөх боломжгүй байсан учир орхичихсон юм. Монголд ирснээс хойш тав зургаан жилийн дараа миний технологийг ашигласан компаниуд гарч ирсэн. Үүнийг харсан надад энэ чинь миний технологи гэж харамлах сэтгэгдэл биш баярлах сэтгэгдэл төрж байлаа. Миний хийсэн зүйл хүн төрөлхтөнд хэрэгтэй бүтээгдэхүүн болоод явж байсан. Хүмүүст хэрэгтэй зүйл хийсэндээ би маш их баяртай байгаа.
Харвардын их сургуульд Post Doctor-оор сурч байхдаа та цалин авдаг байсан уу?
Тийм ээ. Би цалинтай ажилладаг байсан. Жилийн 30,000- 40,000 ам.долларын цалинтай ажилладаг. Мэдээж гэр бүлээрээ явсан.
Америкт гэр бүлээрээ амьдрах ямар байсан бэ?
Америкчуудын сэтгэлгээ нийгмийн дэг журам нь ч Япончуудынхаас арай өөр байсан. Жишээ нь Японд профессор хүнээс түрүүлээд лабораториосоо гарсан тохиолдолд ёс зүйгүй хүндлэлгүй муу хүн шиг харагддаг бол Америкт хамаагүй эрх чөлөөтэй байдаг. Америкчууд арьс өнгөний үзлийг маш ноцтойгоор хүлээн авдаг. Нэгдсэн улс гэдэг утгаараа гадаадаас ирж байгаа хүнийг ч гэсэн Америк хүн болох боломжтой гэж хүлээж авдаг.
Та Америкт байхдаа ихэвчлэн ямар сэдэв авч судлалдаг байсан бэ?
Ерөнхийдөө хавдар судлал, тэр дундаа молекул, эс, гений түвшний судалгаанууд байсан. Хавдрын эсийг дарангуйлж ямар өөрчлөлт гаргаж буйг ажиглан тэмдэглэдэг байсан юм. Миний хувьд хэцүү байсан нь зүйл нь би шашинтай учраас амьтан дээр туршилт хийж нэг бүрчлэн задлан шинжилгээ хийх шаардлагатай болдог нь хүндрэлтэй байлаа. Нэг амьтны төлөө нөгөө амьтны амийг үгүй хийнэ гэдэг үнэхээр байж боломгүй зүйл болохоор үр дүнгээ гүйцэд харахад хэцүү байсан.
Монголдоо эргэн ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач.
Хүн гэдэг чинь бүр цаанаасаа эх орноо үгүйлээд, гэр бүл ээж ааваа санаад эхэлдэг юм билээ. Сэтгэл дотор хэзээ би явах вэ гэсэн маш том хүлээлттэй асуулт байнга бодогддог байсан. Гадаадад амьдарч байгаа хүмүүсийн хувьд хамгийн өрөвдөлтэй нь эцэг эх гэр бүлтэй хэр нь уулзаж чаддаггүй явдал юм. Ээж аавынхаа ачийг хариулах юм сан гэсэн бодол байнга эргэлдэж элэг бүтэн халуун дулаан уур амьсгалыг үргэлж хүсдэг байсан. Мэдээж хэрэг гадны улсад өөр орчинд цалин мөнгө өндөр амьдарна гэдэг сайхан боловч эх орноосоо хол арван жил байна гэдэг хэцүү л дээ. Цаашид Америк улсдаа цалин өндөртэй хангалуун амьдарч болох байсан ч буцаж ирэхийг сонгосон. Хийж бүтээсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлж тус нэмэр болохыг хүссэн. Тухайн үед Монгол улсад маань элэгний вирус элэгний хорт хавдар маш том сэдэв газар авчихсан түүнийгээ эмчлэх аргаа олохгүй хүнд байдалтай байсан. Тэгээд Монголдоо элэгний вирусийг тоолдог лаборатори байгуулъя гэсэн бодол төрөөд орж ирсэн юм. Гадаадаас тоног төхөөрөмж оруулж ирээд таньж мэддэг хүмүүстэйгээ хамтран Монгол улсад анх удаа элэгний вирусийг тоолдог лаборатори байгуулан элэгний В С дельта вирусийг анх удаа тоолсон. Түүний дараагаар зөвхөн элэгний вирусээр зогсоогүй ДОХ-ын вирусийг анх тоолж байсан түүхтэй юм.
Гадны улсад сурч зүтгэж эргээд Монголдоо ирэн ард түмэндээ хамгийн хэрэгтэй байгаа зүйлийг зохион бүтээж хэрэгжүүлсэнд тань Монгол түмнийхээ өнхөөс баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Америк улсад суралцаж байхад тань хамгийн сайхан мөн хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байсан бэ?
Мэдээж хэрэг нөгөө алдартай кинонууд дээр гардаг Лос Анжелес, Холливуд, Лас Вегас, Вашингтон ДС, Нью-Йорк гээд олон гайхалтай газруудад өөрийн биеэр амьдарч үзэх нь үнэхээр сайхан байсан. Америкчуудын нэг гоё тал нь гэр бүлээ эрхэмлэж дээдэлдэг. Чөлөөт цагаа маш гоё спортлог зөвөөр өнгөрөөж чаддаг. Түүнээс гадна чөлөөтэй сэтгэлгээтэй болохоор гадуурхал хамаагүй бага. Маш олон үндэстэн цугласан орон учраас үнэхээр сонирхолтой. Нэг удаа галт тэргээр явж байхад надад амьтны хүрээлэнд байгаа юм шиг мэдрэмж төрж байсан юм. Яагаад тийм мэдрэмж төрсөн гэхээр бүх төрлийн өөр өөр арьсны өнгөтэй хүмүүс тэнд байсан.
Хэцүү нь гэвэл нөгөө л нэг туршилт маань бүтэлгүйтэх эсвэл үр дүн гарахгүй нурах үеүд байсан. Дэлхийн хэмжээний том технологи дээр цаашдаа ч гэсэн үргэлжлүүлэн ажилласан бол ямар байх бол гэж зарим үед бодогддог. Гэхдээ би тухайн үеийнхээ шийдвэрийг их зөв, нүдээ олсон шийдвэр гэж боддог. Өмнө нь манай Монгол улс элэгний В С вирусээ гадаад улс руу явж тоолуулдаг байсан гээд боддоо. Харин одоо Монгол улс даа 50,000 мянган төгрөгөөр тоолуулах боломжтой болсон шүү дээ. Ингэснээр эдийн засаг болоод цаг хугацааны хувьд ямар их хэчнээн их хэмнэж чадсан билээ. Үүнийгээ дагаад маш олон хүний амь насыг аварч байна гэж боддог учраас ажлаасаа маш их уран зоригийг авдаг аз жаргалтай ажилладаг. Маш олон хүний хорт хавдрыг эрт илрүүлсний үр дүнд нь маш олон хүний амь насыг аварч байна гэж бодохоор урамтайгаар сэтгэлээ тэжээж ажилладаг, мэргэжилдээ хайртай байдаг юм.
Манай уншигчдад мэргэжлээ хэрхэн яаж сонгох талаар зөвлөгөө өгөөч?
Энэ бол сэтгэлийн хөөрлөөр шийдэх асуудал биш. Хэдэн жилийн дараа гэхэд эрэлт хэрэгцээтэй хэвээр байх мэргэжлийг сонгох хэрэгтэй. 20 жилийн дараа компьютерын аргаар магадгүй роботууд ч ажиллаж байхыг үгүйсгэхгүй. Тэгээд үүний дараа цалингийн хэмжээ нөлөөлөх байх. Манай Монголд эмч нарыг байгаа хэмжээнээс нь доогуур үнэлэгдэг. Харин гадаадад Монголд авдаг цалингаа хэд дахин нугалж авах боломжтой. Чиний хувь хүн чинь эмч болоход хэр тохиромжтой хүн бэ, хэр их алдаа гаргадаг вэ, чи аливаа юманд хянуур, нухацтай хандаж чаддаг уу, чи юмыг гүнзгий бодож чаддаг уу, чи хүнд сэтгэл гаргаж сэтгэлээсээ хандаж чаддаг уу, гэх зэрэг зүйлсийг анхаарч бодох хэрэгтэй. Хэн нэгний дарамт шахалтаар өөрийн хүсээгүй мэргэжлийг сонгосноор өөрийгөө маш их зовоох болно.
Таны хувьд англи хэлийг хэрхэн сурч байсан бэ? Хэл сурч буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
Ер нь бол хэлийг амьдралын шаардлагаар өөрийн хичээл зүтгэлээр сурдаг. Миний хувьд англи хэлийг маш чухал гэдгийг ойлгосон учраас өөрийн хүсэл эрмэлзлээр сурч байсан. Зах зээлээ дагаад англи хэл бол ирээдүй юм байна гэдгийг ойлгож авсан. Анх оюутан байхдаа англи хэлний олимпиадад ороод багагүй амжилт гаргасан нь надад том түлхэц болж өгсөн. Тухайн үедээ түрүүлж чадаагүй болохоор шарандаа уйлж байлаа. Монголчууд хэл сурахдаа харьцангуй сайн байдаг.
Бидний урилгыг хүлээж авч үнэхээр сонирхолтой сайхан яриа өрнүүлсэнд танд маш их баярлалаа. Цааш цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсье.
Намайг ч бас энэ сайхан нэвтрүүлэгт урьж оруулсанд баярлалаа. Сайхан цаг хугацаагаар минь аялуулсан ярилцлага байлаа.
Та бүхэн энэхүү яриа, подкастын дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх платформуудыг ашиглан сонсоно уу.
SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.