Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач.
Сайн байцгаана уу? Намайг Ганбаатар овогтой Гантулга гэдэг. Би арван жилээ 21-р сургуулийг төгссөн. Монголдоо нэг жил хэлний курст явж байгаад дахиад нэг жил Mongolia International University (MIU) гэдэг сургуульд сурч байгаад АНУ–руу явж тэндээ бакалавр, магистрын зэргээ хамгаалаад 2014 онд Монголдоо ирсэн ийм нэгэн залуу байна. Одоо Азийн Сангийн хөтөлбөр хариуцсан менежерийн ажил эрхэлдэг байгаа.
АНУ-д бакалавр, магистрын зэргээр сурахдаа ямар нэгэн тэтгэлгээр сурсан уу? Ямар сургуульд, ямар мэргэжлээр сурсан вэ?
Тэтгэлгээр сураагүй, манай аав, ээж миний зардлыг даагаад сурч байсан. Би АНУ-ын Colorado мужийн Denver хотод амьдарч сурсан. Эхлээд Community College of Denver-д сурч associate degree буюу бакалавраас арай бага хоёр жилийн дэд бакалаврын зэргээ хамгаалаад дараа нь Metropolitan State University of Denver гээд их сургуульд бакалаврын зэргээ зочид буудал, рестораны менежмент буюу аялал жуулчлалын чиглэлээр суралцсан. Дараа нь магистрын зэргээ бизнесийн удирдлагаар Colorado Heights University гэдэг хувийн жижигхэн их сургуульд дүүргэж ирсэн.
Монголд 21-р сургуулийг төгссөн гэсэн. Улсын сургуульд сурч байхдаа англи хэл сурч байсан уу? Америкт очоод хэлний бэрхшээл хэр гарсан бэ?
Манай 21-р сургууль нь энгийн улсын сургууль, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт байгаагүй. Харин манай аав, ээж хоёр боловсролд их анхаарал хандуулдаг хүмүүс байсан учраас хүүхдийн ордны англи хэлний сургалтад намайг явуулж байсан. Бас 7-10-р ангид байхдаа англи хэлний сургалтын төвүүдэд явж байсан учраас англи хэлээ тодорхой хэмжээгээр сурсан байсан. Тэгээд TOEFL-ын шалгалтад хоёр жилийн гүнзгийрүүлсэн сургалттай англи хэлний курст бас сурч байгаад анх АНУ руу явсан байгаа.
Яагаад заавал Америкт сурахаар шийдсэн бэ?
Хоёр шалтгаантай байсан. Манай ах, эгч хоёр тэр үед АНУ-ын Colorado мужийн Denver хотод сурахаар явсан байсан. Тэр хоёрынхоо замналыг дагаад шууд АНУ-ыг сонгосон хэрэг. Дараагийн шалтгаан нь би 2002 онд арван жилээ төгссөн. Тэр үед мэдээж АНУ бол хамгийн шилдэг, боловсрол олгодог гэсэн яриа байдаг байсан. Үзэж байсан кино ч дандаа л Hollywood-ын кинонууд байсан. Тэгээд АНУ-д сурах хүсэлтэй болсон, очиж сурсандаа ч баяртай байдаг.
Америкт сурахаар бэлдэж байхад тулгарч байсан саад бэрхшээл байсан уу? Хэрэв байсан бол хэрхэн даван туулах талаар зөвлөгөө бидэнд өгөөч?
Явахаасаа өмнө арван жилд сурч байхдаа англи хэл сурч байгаад төгсөөд TOEFL-ын бэлтгэлд яваад шалгалтаа өгч байсан. Одоо бол бас IELTS гэж аваад байгаа. Миний хувьд TOEFL-доо нэлээн бэлдэж байгаад шалгалтаа өгсөн чинь 515 оноо авсан юм. Миний АНУ-д яг очиж сурмаар байсан сургууль 525 онооны босготой байсан. Тэгээд хоёр дахь сонголтын сургууль руу орж байсан юм. Миний хувьд хамгийн гол хүндрэлтэй зүйл АНУ-ын визний ярилцлага байсан. Анх удаа визний ярилцлагадаа нэлээн сандарсан. Өөрийгөө ангил хэлийг овоо эзэмшчихсэн гэж бодсон байсан ч яг Америк хүнтэй анх удаа тулаад ярьсан чинь хөлс гараад, ярьж байгаа зүйлийг нь сонсохгүй, ойлгохгүй тохиолдол гарч байсан юм. Тэгээд чадах чинээгээрээ өөрийгөө ойлгуулаад, юу хийх гээд байгаагаа, яагаад АНУ явах гээд байгаагаа хэлсэн. Тэр үед ямар нэгэн шалтгаан хэлээгүй ч гэсэн буцаж ирэх хангалттай нотолгоо алга гээд виз өгөөгүй. Уг нь бол санхүүгийн баталгаа байгаа, сургуулиас бүх эрхийн бичиг ирчихсэн, бүх юм нь бүрдчихээд байхад намайг эхний удаа тэнцүүлээгүй юм.
Тэгээд сэтгэлээр нэлээн унаад, аав ээжтэйгээ ярилцаад ярилцлага дээрээ алдаа гаргасан юм шиг санагдаж, ярилцлага өгөх ур чадвараа сайжруулаад, сарын дараа дахиж ярилцлагад оръё гэж шийдсэн. Дараа сард нь дахин орж, яг адилхан хариу авсан бөгөөд хар тамга хоёр удаа даруулсан. Мэдээж сэтгэлээр их унаад, "за, бүтэхгүй юм байна" гэж бодоод, Монголдоо сурах гэж шийдээд Mongolia International University-д элсэж орсон. Нэг жил сурах хугацаандаа англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. Дундуур нь өвлийн амралтаараа Солонгос улс руу аялаад ирсэн. Тэгээд ирэх жил нь маш сайн бэлдэж байгаад, эцсийн удаа ярилцлагад орж, визээ авсан. Ингээд 2004 онд Америк руу явах боломж нээгдсэн.
Community College-ын талаар мэдээлэл өгөөч? Яагаад эхлээд Community College-ыг сонгох болсон бэ?
Анх би Denver хотын улсын сургуульд орхыг хүсэж байсан. Гэтэл миний шалгалтын оноо арай хүрээгүй байсан тул дараагийн сонголт нь Community College of Denver болсон. Тэр үед би Community College-ийн талаар мэдээлэл, ойлголт муу байсан. Яг ямар сургууль байдаг, ямар сургалтын хөтөлбөртэй гэдгийг мэдэхгүй байсан. Ер нь бол засгийн газрын тэтгэлэгтэй, тэнцэх босго өндөргүй, хөрөнгө мөнгө багатай хүмүүс их сургуульд сурах гараагаа эхлэх боломжтой юм байна лээ. Community College нь бакалаврын зэргээс арай доогуур боловч бакалаврын зэрэг олгодог, харин магистр болон докторын зэрэг олгодоггүй онцлогтой. Би Community College-д эхлээд суралцсандаа баярладаг. Яагаад гэвэл улсын сургууль нь төлбөрийн хувьд хамаагүй үнэтэй байсан.
Та арван жил АНУ-д сураад ирсэн. Сурахын хажуугаар ажил хийж байсан уу?
Би 2004 онд АНУ-руу явж, 2014 онд буцаж ирсэн. Энэ хугацаанд Community College-д дэд бакалаврын зэрэг, Metropolitan State University of Denver-д бакалаврын зэрэг, Colorado Heights University-д магистрын зэрэг хамгаалсан.
АНУ-д олон улсын оюутнуудад тодорхой эрдмийн зэрэг хамгаалсны дараа нэг жилийн хугацаанд ажиллах эрх олгодог Optional Practical Training (OPT) хөтөлбөр байдаг. Энэ нь сурсан мэдлэгээ практик дээр хэрэгжүүлэх, тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй болох боломж олгодог. Би энэ хөтөлбөрийг гурван удаа ашиглаж, нийт гурван жил ажиллах боломжтой болсон. Гэхдээ энэ хугацаанд надад томоохон бэрхшээл тулгарсан нь ажлын туршлагагүй, англи хэлний мэдлэг муутай байсан явдал байв. Үүнээс шалтгаалаад дэд бакалавраа төгсөөд шууд мэргэжлийн оффис ажилд орох боломжгүй байсан тул зөөгчийн ажил хийж эхэлсэн. Ингэж би бараг тав зургаан жилийн турш зөөгч хийсэн.
Одоо бодоход зөөгч хийж байх үеийн хамгийн том давуу тал нь миний англи хэлний чадвар эрс сайжирсан явдал юм. Үүнээс гадна хүмүүстэй харилцах чадвар, харилцааны соёл, хандлага, түүнчлэн тэсвэр хатуужил нэмэгдсэн. Ажилласан цалин маань байр, хоол, унааны зардалд нэмэр болохоос гадна магистрын сургалтын төлбөрийн 70%-ийг төлөх боломжийг олгосон.
АНУ-д сурч байхад сул тал байсан уу? Үүнийг анзаарсан уу?
2014 оноос хойш Монголд ажиллах зургаан жилийн хугацаанд хэд хэдэн бэрхшээл тулгарсан. Нэгдүгээрт, Монгол хэлний мэдлэгийн дутагдал. АНУ-д арван жил суралцах хугацаанд би зөвхөн англи хэлээ хөгжүүлж, бүх ажил, сургууль англи хэл дээр явагддаг байсан тул Монгол хэлээ гүнзгийрүүлж сураагүй. Монголдоо эргэн ирээд ажиллахад бичгийн болон ярианы чадвар маань дутмаг байгааг анзаарсан.
Хоёрдугаарт, opportunity cost гэж байдаг. АНУ-д их зүйл сурч, олон талын туршлага хуримтлуулсан ч, хэрэв би Монголдоо их сургуулиа төгсөөд, эх орондоо ажилласан бол илүү өргөн танилын хүрээтэй, найз нөхөдтэй байх байсан болов уу. Мөн зургаа, долоон жил Монголдоо ажилласан бол карьерын хувьд одоо байгаагаас илүү ахиц гаргах боломжтой байсан юм болов уу гэж бодсон.
Монголдоо эргэж ирэхэд сэтгэгдэл ямар байсан вэ? Одоо ямар ажил хийдэг вэ?
Бакалавраа төгсөөд Монгол руу буцах уу, үргэлжлүүлэн сурах уу гэсэн чухал шийдвэр гаргах шаардлага тулгарсан. Тухайн үед би АНУ-д долоон жил орчим болсон байсан бөгөөд үргэлжлүүлэн суралцах, ажиллах хүсэлтэй байсан тул магистрт сурахаар шийдсэн.
Тэгээд Монголдоо буцаж ирэх шийдвэр гаргахад амаргүй байлаа. Олон жил эх орондоо ирээгүй, Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэлгүй, зөвхөн хаяа нэг мэдээ уншдаг байсан болохоор эргэж ирээд хэрхэн амжилттай ажиллах вэ гэдэгт ихээхэн санаа зовж байв. Гэсэн ч эргэцүүлж бодсоны эцэст Монголдоо буцах шийдвэр гаргасан.
Ирээд удаагүй байхад Азийн сангаас хотын үйлчилгээг сайжруулах төсөл дээр ажилтан шалгаруулж авна гэсэн зарын мэдээллийг найзаасаа авсан. Миний магистрын мэргэжил бизнесийн удирдлага, байгаль орчны менежмент чиглэлтэй байсан тул энэ ажил хог хаягдлын менежменттэй холбоотой, миний суралцсан чиглэлтэй тодорхой хэмжээнд уялдаж байна гэж үзсэн. Тиймээс анкетаа өгч, ярилцлагад орсноор тэнцэж, Монголд ирснээсээ хойш гуравхан долоо хоногийн дараа ажилд орсон. Ажилдаа орсноор завгүй болж, шинэ орчиндоо хурдан дассан нь Монголын амьдралд илүү амархан уусахад нөлөөлсөн гэж боддог.
Азийн санд зургаан жил ажиллаж байгаа гэлээ, байгууллагынхаа талаар яриач?
Азийн сан бол АНУ-д төвтэй олон улсын хөгжлийн байгууллага. Манай байгууллага 60 гаруй жилийн өмнө АНУ-д байгуулагдаж, Ази тивийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор Азийн сан нь 18 Азийн оронд оффистой, АНУ-ын хоёр хотод төвтэйгээр үйл ажиллагаа явуулдаг, 600-700 гаруй ажилтантай нэлээд том байгууллага юм. Монгол дахь Азийн сангийн төлөөлөгчийн газар нь коммунизм нуран унаж, ардчилал дөнгөж хөгжиж эхэлж байсан үед буюу 1992 онд байгуулагдсан. Тус сан Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлж, төрийн зүтгэлтнүүдийг АНУ руу явуулан туршлага судлах боломжоор хангаж, ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд засаглал, байгаль орчин, эмэгтэйчүүдийн эрх, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг олон чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байгууллага юм.
Та төрийн департаментийн хөтөлбөр хариуцсан менежер, ажлынхаа тухай хуваалцаач?
Манай байгууллага нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага. Донор байгууллагууд бидэнд итгэл хүлээлгэн, тодорхой чиг үүрэг өгч, хэрэгжүүлэх ажлуудыг даалгаж санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл, Канад, Швейцарь, Солонгос, Австрали, АНУ зэрэг олон улсын засгийн газруудаас санхүүгийн дэмжлэг авч, төслүүдийг хэрэгжүүлдэг.
Миний хувьд АНУ-ын Төрийн департаментын санхүүжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийг хариуцан ажилладаг. Анх АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хянах хэлтсээс санхүүжүүлсэн төсөлд менежерээр ажиллаж эхэлсэн. Харин сүүлд нь тус департаментын Олон улсын хууль сахиулах болон Наркотик буюу мансууруулах бодистой тэмцэх хэлтэс рүү шилжин, Монголын шүүх эрх мэдлийн тогтолцоог сайжруулах, бэхжүүлэх төсөл дээр ажиллаж байна.
За баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд одоо АНУ-д сурахаар бэлдэж байгаа хүүхэд залууст хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?
Би өмнө нь энэ талаар сонсож байсан. Одоо АНУ-д маш олон их, дээд сургууль бий. Гэхдээ уулын мод урттай, богинотой гэдэг шиг чанартай, чанаргүй, үнэтэй, хямдхан сургуулиуд холилдсон байдаг. Тиймээс АНУ-д сурахаар төлөвлөж буй Монгол залуус сургуулиа маш сайн судлах хэрэгтэй гэж боддог.
Мөн АНУ-д боловсрол эзэмшсэн болон Монголд суралцсан ахлах ангийн сурагчдын ялгааг би ажигласан. Монголын ахлах сургуулиудад analytical thinking (дүн шинжилгээ хийх сэтгэлгээ), critical thinking (шүүмжлэлтэй сэтгэлгээ) хангалттай заадаггүй юм шиг санагдсан. Иймд ахлах сургуулийн сурагчид эдгээр чадваруудаа илүү хөгжүүлэхэд анхаараасай гэж хүсэж байна. Учир нь эдгээр нь ирээдүйд амжилттай суралцах, ажиллахад маш чухал ур чадварууд шүү гэж хэлэхийг хүсч байна.
Өнөөдөр манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирээд, өөрийн туршлага түүхээ хуваалцсан танд баярлалаа. Таны цаашдын ажил нь өндөр амжилт хүсье.
Намайг урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. Залуус минь шантралгүй Олон улс юм уу Монголдоо боловсролоо сайн эзэмшээрэй. Залуучуудын маань хувь нэмэр Монгол улсын хөгжилд маш чухал гэдгийг та бүхэн бүгд мэдэж байгаа. Бүгдэд нь амжилт хүсье, баярлалаа.
Та бүхэн Г.Гантулгын оролцсон Подкастыг бүрэн эхээр нь доорх холбоосоор орж дуустал сонсоорой!
SoundCloud: https://bit.ly/2FFhvVa
Anchor: https://bit.ly/2HbiMUM
Itunes: https://apple.co/2Lsk1NP
Castbox: https://bit.ly/2HbVZIu
Stitcher: https://bit.ly/2RT0Bp4

