Alumni stories

Г. Тэргэл: "University of Michigan"-ийн төгсөгч

Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач:

За намайг Тэргэл гэдэг. 2016 онд Шинэ Монгол сургуулийг төгссөн. АНУ-ын “University of Michigan”-д дата анализ, статистик мэргэжлээр болон Ази Хятад хэлний туслах мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Одоо үргэлжлүүлээд Хятадын Чин Хуа-ийн их сургуулийг магистраа сурах гэж байгаа.

АНУ-руу явахдаа хэрхэн яаж бэлдэж байв тэр тухайгаа хуваалцаач.

Миний хувьд бараг гурван жилийн турш бэлдэж байсан. 11-р ангид байхаасаа ACT өгөхөөр бэлдэж байсан. Би 10 болон 11-р ангиа Австрали Сиднейд сурсан юм. Тэр хугацаандаа Сиднейн их сургуульд дээр улс төрийн хичээл орох үед Michigan-ын профессор хичээл заагаад тэр үеэс л Michigan-ын их сургуулийг сонирхож бэлдэж эхэлсэн байгаа. Би ACT-ын шалгалтаа бараг 4,5 нь удаа өгсөн, чадахгүй мэдэхгүй зүйл ч их байсан, дунд нь завсарлага авч байгаад хүртэл их удаан бэлдсэний үр дүнд шалгалтаа сайн өгч чадсан.

АНУ-ын их сургуулиудад ороход стандарт тестүүд өгөх хэрэгтэй болдог. Өөрийн чинь хувьд стандарт тестүүддээ хэрхэн бэлдэж байсан вэ?

Анх бол би хэд хэдэн ном судлаад хийж үзээд тодорхой оноонд хүсэн ч гэсэн яг тэр төвшнөөсөө ахихгүй гацаанд орчихсон байсан л даа. Тэгж байгаад нэг блог уншсан юм. Тэгсэн хүн ер нь шалгалтад бэлдэх дээ  вакум орчинд өөрийгөө бэлдвэл их үр дүнтэй байдаг гэж уншаад тэгэхээр нь сүүлийн шалгалтын өмнөх 10 хоногт нь лагартаа очоод өдөрт яг хоёр шалгалтын материал хийж байсан. Өглөө нэг шалгалтын материал хийгээд хоолоо идчихээд дараа нь материалаа засаад, үдээс хойш хоёр дахь шалгалтын материалаа хийгээд дараа нь засаад яг 10 хоног тэгж бэлдсэн чинь оноо маань нэлээн сайн ахиж чадсан. Тэгэхээр яг өөрийгөө тусгаарлаж байгаад бэлдэх юм бол илүү дүн дүнтэй байдаг юм билээ.

Тэргэл маань сая завсарлага авсан гэж байна. Энэ хугацаагаа өөртэй хэрхэн үр дүнтэйгээр зарцуулж чадсан вэ?

Миний хувьд яг тухайн хугацаандаа МУИС-д сурсан. Тэр хугацаандаа ACT-гээ бэлдээд их завгүй өнгөрсөн, эсээгээ өмнөх зун нь бэлдсэн. Элчин сайдад захиа бичиж өгдөг, сургуулиасаа дүнгээ авах тэр үйл явц мөн долоо хоног үргэлжилсэн. Цагийн хувиараа сайн гаргаад л цаг тухай бүрд нь хийвэл зүгээр санагдсан.

Ер нь яагаад заавал АНУ-д сурахаар шийдсэн вэ? Юу нөлөөлөв?

Түрүүн ярьсан Michigan-ын их сургуулийн профессорын хичээл их нөлөөлсөн. Тухайн үед би яг ямар мэргэжлээр сурахаа сайн шийдээгүй байсан учраас АНУ эхний нэг хоёр жил хүссэн хичээлүүдээ авч сураад дараа нь мэргэжлээ сонгож болно. Тэгээд мөн чанартай боловсрол олгодог гэсэн утгаараа АНУ бол яах аргагүй миний эхний сонголт байсан. 

Мэргэжлийнхээ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Яг юу хийдэг мэргэжил вэ?

Анх арван жилээ төгсөхдөө хууль сурахаар шийдсэн байсан. АНУ явахдаа ч гэсэн хуулиар сурна гэж очсон. АНУ-д хуулиар сурахад эхний дөрвөн жил хуулийн сургуульд бэлдэх маягаар сурчхаад дараагийн гурван жил нарын мэргэжлээр сураад ерөнхийдөө долоон жил сурдаг.

Тэгээд би статистикийн хичээл нэг улиралдаа авч сурсан чинь тэр хичээл үнэхээр хэцүү байсан. Гэвч ч яг яагаад хэцүү байгаа нь надад их сонирхолтой санагдаад улам л энэ чиглэлээр хичээлүүд нэмж авсан. Тоон шинжилгээ нь, гарч байгаа үр дүн нь их сонирхолтой, тэгэж байх хугацаандаа статистикийг сонгож сурсан. Энгийнээр бол математик, математикийн шинжлэх ухаан хоёрын яг голоор нь гэсэн үг юм.  Математик суурьтай тооцоолол, бодлого хэр нь нөгөө талаараа компьютерын код бичдэг ийм мэргэжил байгаа.

АНУ-д сурахад зардал их өндөр байдаг. Санхүүгээ хэрхэн тооцоолж байсан вэ?

Би анх АНУ-д сурахаар төлөвлөж байхдаа төрийн сангийн топ 20 сургуульд тэнцчих юм бол тэтгэлэг өгнө гээд зарлагдсан байсан. Тухайн үед Michigan-ын их сургууль 18-д байсан. Гэвч тэр жил нь тэр тэтгэлэг зогсоочихсон юм. Миний хувьд сургалтын төлбөрөө эхний хоёр жил нь ээж ааваасаа авч байсан. Гурав дахь жил нь тухайн тэтгэлэг дахин зарлагдаад тэтгэлэг авч байсан.

Тэгэхээр төрийн сангийн тэтгэлэгт ямар шалгуур тавигдаж байсан вэ?

Эхний шатанд яг сургуульдаа өргөдөл гаргаж байгаадаа адилхан шаардлагыг тавьж байсан. Миний хувьд 3-р круст байх даа авсан болохоор мэргэжил сонголт, дүн, багшийн болон сургуулийн тодорхойлолт, яагаад энэ сургуульд сурах болсон тухай эссэ болон энэ мэргэжил маань Монгол улсад ямар хэрэгтэй вэ?  ирээдүйд юу хийж бүтээх вэ гэдэг эссэ хэрэгтэй болсон. Тэгээд хоёр дугаар шатанд ярилцлага авсан.

АНУ-д дөрвөн жилийг өнгөрөөж байх хугацаандаа сэтгэлд тань үлдсэн сайхан дурсамжуудаасаа бидэнтэй хуваалцаач.

Мэдээж маш их дурсамжууд үлдээсэн. Манай Michigan-ын их сургууль дээр Монголын соёлын байгууллага гэж байдаг. Бид сургууль дээрээ кампусаас гадна Монгол соёлыг таниулах тийм үйл ажиллагаа хийдэг. Тэр дундаа Michigan-ын хамгийн том хотуудынх нь нэг Тетрод Artists институт бид морин хуур тоглоод, Монгол бүжиг бүжиглээд, Монгол улсаа сурталчилсан уйл ажиллагаанууд хийж байсан. Мөн кампус дээрээ Монгол соёлын өдөрлөг зохион байгуулдаг байсан тэр үе их сайхан байдаг байсан.

Америкт очоод эх орно, гэр бүлээ санадаг байв уу? АНУ-д хичээлийнхээ хажуугаар найз нөхдийн хүрээллээ яаж бий болгодог байсан вэ?

Ер нь эхний нэг жил гэрээ их санадаг байсан. Найз нөхдийн хувьд өрөөнийхөө охинтой найзалж байгаа юм. Тэнд Монгол соёлын байгууллага байсан учраас мөн эхний улиралдаа сургуулийнхаа дотуур байранд амьдарсан болохоор найз нөхдийн хүрээлэлтэй болох нь тийм хүндрэлтэй байгаагүй. Хичээлүүд дээр мөн бүлгээр ажилладаг тэгэхээр санаа бодол нэгддэг хүмүүстэйгээ нөхөрлөж байгаа юм.

Америкт сурсан туршлага чинь одоо харахаар өөрт тань яаж нөлөөлсөн гэж боддог бэ?

Америк улс өөрөө маш олон төрлийн, олон угсаа гаралтай олон хүн байдаг улс тэр утгаараа миний хувьд ямар ч хүн байсан яг байгаагаар нь хүлээж авах, ямар ч байсан ойлгохыг хичээх, хичээн надаас их өөр хүн байсан ч гэсэн энэ хүнд ч гэсэн сурах зүйл байгаа, иний мэдэхгүй түүхүүд олон бий гэж бодох нэг тийм нээлттэй байхыг сургасан юм уу даа.

Тэргэлийн хувьд ковидын нөхцөл байдалтай холбоотой сургуулийн сүүлийн нэг жилийг Монголдоо ирж онлайнаар сурсан гэсэн. Энэ туршлагаасаа хуваалцаач.

Michigan-ын их сургуулийн байрлал Монголоос 12 цагийн зөрүүтэй. Миний хувьд 4-р курсийн хичээлүүддээ бүгдэд нь цахимаар оролцож байсан. Тэгэхээр өглөө босоод хичээлийнхээ бичлэгийг үзэх тийм боломж бол байхгүй шууд явдаг учраас орой 11-ээс эхлээд өглөө 7 хүртэл суугаад л хичээлээ хийдэг байсан. Тэгэхээр өмнө нь нээх их анзаардаггүй амархан байсан зүйлүүд энд ирээд шөнөөр хичээлээ хийхэд их хүнд болж ирж байсан. Жишээ нь: Номын санд очоод л 4 нь цаг нам суугаад хичээлээ хийх амархан шүү дээ. Харин Монголд бол газар олж суух, үгүй бол үүрээр хичээлээ хийх, яг шалгалтаа өгөх болоход нөхцөл боломж зарим даа үүсэхгүй гэх мэт зүйлүүд хүндрэлтэй байдаг байсан.

Одоо мэргэжил дээшлүүлэх цаашдын төлөвлөгөөнийхөө тухай хуваалцаач.

Ер нь би төгсөөд ажиллах бодолтой байсан ч үргэлжлүүлж сурахаар шийдсэн. Сурах сурахдаа Хятадад сурахаар шийдсэн шалтгаан нь одоо л Хятад хэлийг сурахдаа магистраа сурна гэж Хятадын Чин Хуа-ийг сонгосон байгаа. Статистик бол математик, шинжлэх ухаан хоёрын хослол байдаг бол дегре сайнс (Degree Science), статистик компьютер сайнс (Statistic Computer Science) хоёрын нийлбэр гэж хэлж болно. Ер нь миний сурах ёстой чиглэл гэж санагдсан учраас би энэ мэргэжлийг сонгосон байгаа.

Англи хэлийг хэрхэн яаж сурсан бэ? Бие дааж сурсан уу?

Тийм ер нь бол бие дааж сурсан гэж хэлж болно. Шалгалтад бэлдэх материалуудаа өөрөө бие дааж сурсан. Яриа бичих чадвараа Австралид Сиднейд ахлах сургуульд сурч байхдаа бүх хичээл англи хэл дээр явагддаг байсан учраас хүндрэл байхгүй сурсан нь азтай байсан.

Танай “University of Michigan”-ны сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад хэр ээлтэй орчин нөхцөлтэй сургууль байсан вэ?

Миний ажигласнаар бол ээлтэй байсан. Жишээ нь би дотуур байранд нүүж орж байхад нэг тэргэнцэртэй охин нүүж ирж байсан. Тэр охинд туслах хүмүүс гаргаж өгөөд, цайны газартай ойрхон цахилгаан шаттай ойрхон өрөөнд оруулах гэх мэт бусад хүмүүстэй адилхан боломжоор хангаж өгч их хичээж ажилладаг. Хичээлийн тухайд гэвэл шалгалт дээр арай илүү цаг гаргаж өгдөг мөн лекцээ тэмдэглэж өгдөг. Хөгжлийн бэрхшээлтэй оюутныг дэмжих оффис оюутны төвд байдаг. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад их ээлтэй сургууль гэж би бодож байна.

За ингээд EducationUSA Mongolia хөтөлбөрөөс эрхлэн гаргадаг подкастанд маань ирж өөрийн сургамжтай дурсамжтай түүхүүдээсээ хуваалцсанд баярлалаа. Цаашдын ажил сурлагад нь өндрөөс өндөр амжилт хүсье.

За намайг урьсанд баярлалаа.


Подкастын энэхүү дугаарыг та заавал доор платформыг ашиглан сонсоорой!

▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

Дохионы орчуулгатай бичлэг үзэх: