Alumni stories

Г. Намуун Global UGRAD хөтөлбөрийн төгсөгч, Fulbright хөтөлбөрийн grantee, Lewis Clark коллежийн төгсөгч

Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаарт маань Global UGRAD тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч Г. Намуун оролцож байна. Манай унчигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.

Сайн байна уу? Намайг Гансүхийн Намуун гэдэг. Би Монгол Туркийн хамтарсан ахлах сургуулийг төгсөөд Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд бизнесийн удирдлага чиглэлээр суралцсан. Суралцаж байх хугацаандаа Америкийн засгийн газрын GlobalUGRAD тэтгэлэгт хөтөлбөрт шалгараад Idaho мужийн Lewis-Clark коллежд бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаад ирсэн. Буцаж ирээд Санхүү Эдийн Засгийн Сургуульдаа үргэлжлүүлэн сурч бакалаврын зэргээ хамгаалахын хажуугаар Lewis-Clark коллежд тэтгэлэг аваад онлайнаар суралцаж төгссөний дараа банк болон финтекийн салбарт бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон төслийн удирдлага чиглэлээр ажиллаж байна. Одоогийн байдлаар Энэтхэгийн PayTM Unicorn startup компанид ажиллаж байна.

UGRAD хөтөлбөр ямар шалгууртай байсан бэ? Энэ хөтөлбөрийг хаанаас олж мэдэж байсан бэ?

Би анх UGRAD хөтөлбөрийн талаар Америк Соёл Мэдээлэлийн Төвөөс олж мэдсэн. Уг төв СЭЗИС-аас ойрхон байсан тул чөлөөт цагаараа очиж номын санд нь суудаг байв. Номын сан нь англи ном ихтэй  ба Англи хэлээ хөгжүүлэх боломжоор бүрэн хангадаг газар байдаг. Тэнд хөтөлбөрийн зөвлөгөө өгдөг эгч “Америк явах сонирхолтой байгаа юм уу? Ийм хөтөлбөр байдаг шүү” гээд нэрийг нь хэлж байсан. GlobalUGRAD тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол улсын ямар нэгэн их дээд сургуульд суралцаж байгаа, төгсөх курсын биш оюутнуудад зориулагдсан ба Америкийн их дээд сургууль болон коллежид нэг жилийн хугацаатайгаар суралцаад ирэх боломжоор хангадаг. Сургалтын болон амжиргааны зардлыг хангадаг тун өгөөжтэй тэтгэлэг байгаа. Намайг анх материалаа өгч байхад дүнгийн голч 3-аас дээш байх, эсээ, тодорхойлох захидал явуулах гэх мэт шалгуурууд байсан. 2017 оноос хойш шалгуурууд нь өөрчлөгдсөн байж магад. UGRAD хөтөлбөрийн бас нэг шалгуур нь буцаж ирээд 1 семестер сурах ёстой гэж заадаг. Элчин сайдын яамны вебсайт дээр мэдээллүүд нь маш дэлгэрэнгүй байгаа.

Намууны хувьд тэтгэлэг авахад өөрийн чинь ямар давуу талыг харгалзан үзсэн гэж боддог вэ?

Би хийсэн зүйлсийнхээ талаар тодорхой бөгөөд түүний үр дүнгийнх нь талаар бичсэн. Жишээлбэл, мод тарьсан үйл ажиллагаанд яг хэдэн мод тарьсан бэ гэдгээ тодорхойлж бичсэн. Тэгэхээр энэ хүн идэвхтэй мөн үр дүн гаргадаг юм байна, Америкд ирээд идэвхтэй үр дүнтэй байх юм байна гэж харсан юм болов уу гэж бодсон.

Idaho мужийн талаар манай уншигчдад сонирхуулаач.

UGRAD хөтөлбөр сургуулийг нь сонгож өгдөг. Чи ямар хот, ямар газар баймаар байна, хүйтэн үү гэх зэрэг 3-4 асуулт асуусан. Хамт явсан найзууд маань их хүнтэй хотод амьдармаар байна гэж бичсэн учир New York-д суралцсан. Миний хувьд тайван жижиг газар суралцах хүсэлтэй байсан ба Idaho мужийн Lewiston хотод сурсан. Манайх ерөнхийдөө жижиг коллеж, кампус нь үзвэр үйлчилгээний газруудаасаа хол зайтай байрладаг. Чөлөөт цагаа найзуудтайгаа кампус дээрээ өнгөрүүлдэг. Тэр утгаараа үргэлж сургуулийн талбай дээр оюутнуудад зориулан олон хүн бужигнасан тэмцээн уралдаан зохион байгуулагддаг байв. Тийм л сонирхолтой сургууль байсан.

Америкт мэргэжлээрээ сурахад ямар байсан бэ? Монголын боловсролын системтэй харьцуулахад давуу болон сул талууд юу байсан бэ?

Анх Америкт очоод хоёр давуу талыг анзаарсан. Нэгдүгээрт, ямар ч хичээл үзсэн тухайн судлаж буй сургалтын материал эсвэл номон дээр гарсан зүйлийг асуухаас гадна нээлттэй асуултууд шалгалтан дээр их ирдэг нь таалагдсан. Бүх асуултанд номноос цээжилснээс илүүтэй анализ хийж хариулах хэрэгтэй. Хоёрдугаарт, судалгаа хийх эх сурвалжийг зөв сонгох түүнийгээ зөв ашиглах чадварыг суралцсан. Монголд байхдаа би янз бүрийн ном, вэбсайтаас мэдээлэл олоод хичээлдээ бэлддэг байсан бол АНУ-д аль эх сурвалж чанартай, үнэн зөв болох мөн хэрхэн зөв дурдахыг сурч авсан. Монголд боловсролын системийнхээ дагуу  эх хэл дээрээ мэргэжлийн хичээлүүд үзээд, олимпиадуудад оролцсон минь Америкд очоод номыг гурван удаа бус ганц удаа уншаад ойлгодог давуу талыг бий болгосон  байв. 

Уг тэтгэлэгээр очиход сайн дурын ажлуудад оролцох ёстой гэсэн шалгуур байдаг. Чиний хувьд хичээлээс гадуур ямар хөтөлбөрүүдэд оролцож байв?

Миний хувьд хүүхдүүд рүү чиглэсэн сайн дурын ажил хийх дуртай, түүнээсээ их аз жаргал авдаг. Тийм ч учраас өөр улсын найзуудтайгаа хамт тухайн хотод хүүхдүүдэд зориулсан ямар л өдөрлөг болж байна тэр бүгдэд аль болох эртхэн бүртгүүлээд очиж оролцдог байв. Миний сэтгэлд хамгийн тод үлдсэн хөтөлбөр нь бизнесийн чиглэлээр АНУ-д суралцдаг байсан найзуудтайгаа “Business case challenge” тэмцээнд оролцоод нэгдүгээр байранд шалгаран шагнал авсан явдал. Шагналын мөнгөө Lewiston хотод байрладаг Child Care Entity төвийн хүүхдүүдэд хандивласан. Тэнд нэг өдрийг хүүхдүүдтэй тоглонгоо өөрсдийн улс орны тухай ярилцаж өнгөрүүлсэн. Хичээлээс гадуур үйл ажиллагаанд эх орныхоо соёлыг сурталчлах үүрэг даалгавар их ирдэг. Очсон хүүхдүүд сар болгон өөрсдийн улсын талаар нэг өдөрлөг зохиодог байсан. 

Манай нийтлэлийг уншиж байгаа сурагчдад өөрийн мэргэжлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж зөвлөгөө өгөөч.

Монголд бизнесийн удирдлагын чиглэлээр ахлах ангийн хүүхдүүдэд зөвлөгөө өгч, тэдэнтэй ярилцахад “Энэ мэргэжлээр суралцах нь илүүдэлтэй мэргэжил гээд байх юм. Та юу гэж боддог вэ?” гэж их асуусан нь их гайхшруулж байсан. Судлаад үзэхэд тиймэрхүү мэдээллүүд интернэтэд маш их байсан. Миний хувиас зөвлөхөд хэн нэгний үгнээс илүүтэйгээр өөрийнхөө хүсэж байгаа мэргэжлээ сонгоорой гэж хэлмээр байна. Би 10 жилдээ математикийн хичээлдээ их сонирхолтой, IQ-гийн олимпиадуудад их оролцдог байсан учир математиктай хоблоотой хичээлүүдийг илүү үздэг ямар мэргэжил байна гэж судалсан. Бизнесийн удирдлагын чиглэлээр ордог хичээлүүдээс дурдахад хүний нөөцийн менежмент, маркетингийн менежмент, төслийн менежмент гэх мэт ерөнхийдөө бизнесийн салбарт ажиллахад эсвэл ямар нэгэн төсөлд хамрагдахад хэрэгтэй ерөнхий ур чадваруудыг бүгдийг нь зааж өгдөг мэргэжил учих сайн судалж байгаад сонгоорой гэж хэлмээр байна.

Америкт байх хугацаандаа аялсан уу?

Хөтөлбөрийн төгсгөлд 100 гаруй орноос ирсэн 150-160 хүүхдүүд Вашингтон ДС хотод цуглараад 4-5 өдрийн хөтөлбөрт хамрагддаг. Тухайн байрлаж буй газраасаа өөр газрууд руу аялж, алдартай хүмүүсийн яриа сонсож, семинарт суух гэх мэтчилэн  өглөөнөөс орой хүртэл маш завгүй өдрүүдийг өнгөрүүлдэг. Мөн өөрийнхөө цаг заваа тохируулан аяллаа эртхэн төлөвлөөд, хөтөлбөр хариуцсан хүндээ мэдэгдээд аялж болдог. Би хамт сурч байсан  найзуудтайгаа Талархлын баярын амралтаар New York хот руу аялсан.

Энэхүү тэтгэлэгээр суралцаж ирээд чамд ямар боломжуудыг нээж өгсөн бэ?

Уг тэтгэлэгт хөтөлбөр  нь Миний амьдралд маш том өөрчлөлт оруулсан. Давуу талаас нь дурдвал Networking хийх боломжийг нээж өгдөг. Би олон орны найзуудтайгаа overwatch гэх тоглоом тоглодог байсан ба бид цаашид холбоотой байхын тулд өөрсдөө тоглоом хөгжүүлэхээр шийдсэн. Бидний хөгжүүлсэн 3 тоглоом 2016 оноос хойш хөгжүүлэлт хийгдсээр,  2020 онд hyper-casual game төрлийн тоглоомын топ 100-д багтсан. Энэ жил урамшаад илүү гоё тоглоом хөгжүүлэх зорилготой байгаа. Олон орны хүмүүсээс сонирхолтой зөндөө өөр санаа гардаг байсан учир маш шинэлэг байсан. Олон орны найзуудтай болоорой гэж бас зөвлөмөөр байна. 

Би өмнө нь дурдсанчлан business case challenge-д байнга оролцдог байсан минь тэтгэлэг авахад их тус болсон ба Монголд ирээд СЭЗИС-д сурж байхдаа онлайнаар давхар хичээлүүдээ үзээд associate зэргээ хамгаалсан. Очоод идэвхитэй байх юм бол маш олон боломжуудыг нээж өгдөг гоё хөтөлбөр шүү, заавал зориод үзээрэй гэж хэлмээр байна.

Fullbright-ийн тэтгэлэгт хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?

Би одоо management of information systems мэргэжлээр мастерын зэргээ хамгаалах гэж байна. UGRAD-аар суралцаж байх үеээсээ л Fullbright-ийн талаар мэдээлэлтэй болсон. Танай подкаст болон АНУ-ын элчин сайдын яамнаас олон мэдээлэл өгөх хөтөлбөрүүд үргэлж зохион байгуулагдаж байдаг. Тэрний ачаар өөрт шаардлагатай мэдээллүүдээ олж авсан. 

Fullbright-ийн тэтгэлэгт материалаа илгээхдээ тодорхойлох захидал хэрхэн авч байсан бэ?

GlobalUGRAD хөтөлбөрт хоёр хүн гэдэг бол Fullbright хөтөлбөрт гурван хүнээс тодорхойлолт авдаг. Яг ийм хүн гэсэн шаардага тавьдаггүй тул янз бүрийн хүнээс тодорхойлолт авч болдог. Амжилтыг минь дурдах үүднээс надтай илүү ойр ажилладаг хүмүүс буюу шууд удирдлага, компаний зөвлөх болон багш гурваасаа би  тодорхойлох захидал авсан. 

Fullbright-ийн ярилцлаганд ороход юун дээр анхаарах ёстой вэ?

Хамгийн чухал үе шатандаа эртхэн бэлдэж жижиг зүйл дээр ч гэлтгүй цагаа барьж анхаарах хэрэгтэй. Ярилцлага маш товч, 10-15 минут үргэлжилдэг. Эсээ нь дээр таны уг хүний талаар, яагаад энэ мэргэжлээр сурах хүсэлтэй, сурч ирээд юу хийх гэж байгаа вэ гэдэг тодорхой асуултуудыг асуудаг. Хүмүүс сандарснаас болж тэнцээгүй тохиолдлууд ч гардаг. 

Би номноос “Та өргөдлийн үе шатанд тэнцсэн гэдэг нь та хүчтэй нэр дэвшигчдийн нэг юм” гэж уншиж байв. Ярилцлаганд тантай ижил түвшний хүмүүс оролцож буй учир айж сандралгүйгээр өөрийнхөөрөө л байгаарай гэж хэлмээр байна. Мөн нөгөө хүндээ  зорилгоо тодорхой, тойруулахгүйгээр илрэхийлэх  хэрэгтэй.

Тэтгэлэгт тэнцсэний дараа ямар шалгууруудыг давдаг вэ?

GlobalUGRAD 1 жилийн хугацаатай, Fullbright 1 жил гарангийн хугацаатай өрнөдөг тэтгэлэгт хөтөлбөрүүд. Би одоогоор Fullbright-д өргөдлөө өгч  шалгаран ярилцлагадаа ороод тэнцсэн байгаа. Дараа жилийн намар хүртэл сургуульдаа өргөдлөө явуулаад тэнцэх эсэх үе шат үргэлжилнэ. Fullbright-ийн тэтгэлгээс дөрвөн сургууль сонгоод аль нэг сургуульд нь өргөдлөө өгөх боломжийг олгох ба тухайн сургууль болон хөтөлбөрт шаардагдах шалгалтуудыг өгнө. Мөн шинээр эсээ бичих, тодорхойлох захидал авах, зааврын дагуу видео бичлэг хийж явуулах гэх мэт нарийн шаардлагуудыг хангасны дараа аль сургуульд суралцах нь тодорхой болдог. 

Fullbright болон UGRAD хөтөлбөрт хамрагдаж өргөдөл гаргах гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд ямар зөвлөгөө өгөх вэ? 

Хүмүүс интернэтээр судалгаа хийлгүй шууд төгсөөд ирсэн хүмүүстэй холбогддог. Эхлээд интернэтээс мэдээлэл аваад дараа нь хүмүүсээс өөрт хэрэгтэй мэдээллээ олж аваарай гэж зөвлөмөөр байна. Тэтгэлэгт хамрагдах гэж байгаа оюутнууддаа хэлэхэд маш сайн хүчин чармайлт гаргаарай. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Амжилт хүсье.

Та бүхэн подкастын энэ дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх доорх платформуудыг ашиглан сонсоно уу.