Alumni stories

Г. Хулан: University of Massachusetts Boston-ий төгсөгч

Сайн байцаана уу ? Манай өнөөдрийн дугаар эхэлж байна. За ингээд зочин маань манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй сайхан танилцуулна уу.

 

Юуны өмнө намайг урьсанд баярлалаа. Намайг Хулан гэдэг. Би University of Massachusetts Boston-д 2014 онд анх очиж сураад 2019 онд байгаль орчны шинжлэх ухаан гэсэн мэргэжлээр төгсөөд ирсэн.

 

Одоо хаана, ямар ажил хийдэг вэ?

 

Байгаль шинжлэх ухааны төсөл дээр мэргэжилээрээ 6 сар гаруй World Bank-д ажиллаж байгаад одоо мэргэжлээ бага зэрэг солин Номинд менежер хийж байгаа.

 

АНУ руу явахаасаа өмнө хаана сурч байсан бэ?

 

Би зургаа дугаар ангиасаа хойш Улаанбаатар дахь Америк сургуульд сурч байсан. Түүнээс өмнө англи хэл огт мэддэг байгаагүй, ер нь сайн мэддэггүй байлаа. Эхний 2 жилдээ их олон муу авдаг байсан. Сүүлдээ маш их хичээгээд, кино үзэж, дуу сонсоод, найзуудаасаа асуугаад л ингэж явсаар байгаад нэг мэдэхэд ойлгоод эхэлчихсэн байсан.  

 

Шалгалт өгч байх эсвэл материал бүрдүүлж байхад гээд хамгийн хүнд хэцүү сорилттой санагдаж байсан үе байгаа юу?

 

Миний хувьд анх AST шалгалтандаа бэлдэх PAST шалгалт өгөх нь хэцүү байсан. Хичээлдээ сайн сураад байгаа хэр нь шалгалт өгөхдөө олон хүнтэй газар анхаарлаа төвлөрүүлж чадахгүй өөрийнхөө хичээснээрээ сайн хийж чадаагүй, өөрийгөө хүчлээд л яваад байсан. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд тохирсон оноогоо авж чадсан. Аппликэйшний эсээ бичих гэж өөрийгөө бас нэлээн зовоосон.


Төрийн сангийн тэтгэлгийг амжилттай авахад юу нөлөөлсөн гэж боддог бэ? Энэ тэтгэлгийнхээ талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч.

 

Төрийн сангийн тэтгэлэг авахад нэлээн шалгуур өндөр хэцүү, амаргүй байсан. Маш их хөөцөлдөж хичээсний эцэст ямар ч байсан авж чадсан. Миний оролцдог жил нэлээн олон ч хүүхэд хасагдсан, мөн тэр жил төрийн сангаас амьжиргааны зардал өгөхгүй зөвхөн тэтгэлэг өгч байсан юм.

 

 Ер нь АНУ-ыг зориход хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?

 

Кино- Home Alone. Яагаад ч юм Нью Йоркод очиж үзмээр санагддаг байсан. Уг нь өөр коллежид жижиг тэтгэлэг авчихсан байсан юм. Тэгээд анх бол Бостон явна гэж огт бодоогүй байсан ч гэсэн харж байгаад Нью Йорктой ойрхон 4 цагийн зайтай автобусаар очиж болдог юм байна, за болно гээд л явсан чинь Бостон хот маань их гоё, цэвэрхэн хот байсан. Маш олон коллежууд байдаг маш гоё залуулаг хот байсан учраас сэтгэлд хоногшиж чадсан газруудын нэг болж чадсан.

 

Мэдээж ийм гоё хотод амьдарч байсан юм чинь сэтгэл зүрхэнд тань үлдсэн гоё дурсамжууд олон байгаа байхаа, заримаас нь хуваалцаач.

 

Маш олон гоё дурсамжууд байна. АНУ-д сурахад, мэргэжлээрээ сурахаас гадна өөрийгөө нээх боломж маш олон байдаг. Би бүжгийн хичээл сонгосон нь өөрийгөө их нээж байсан. Йорк хот руу яваад маш олон найз нөхөдтэй болоод зураг авалтад хүртэл орж үзсэн. Эхэндээ бас гэрээ маш их санаад жаахан гутарсан. Манай сургуульд оюутны байр байгаагүй. Байр түрээсэлж амьдардаг байхад манай байранд гал гараад хамаг зүйлсээ алдаж байсан юм. Маш хэцүү санагдаад яахаа мэдэхгүй сургуульдаа хандтал надад хандив цуглуулж өгч байсан. Хэдий би хамаг зүйлсээ алдсан ч тэр маань миний шинэ эхлэл байсан. Ер нь шинэ эхлэл хэрэгтэй байсан учраас үсээ хүртэл хусаж байсан. Тэгээд буцаж очоод найз нөхөдгүй болох байхдаа гэж бодтол харин ч эсрэгээрээ урам зориг өгөх хүмүүс маш олон байсан. Тэгэж шинээр өөрийгөө бүтээх маш гоё байсан. Эхлээд жаахан ичиж байсан ч их нээлттэй хүмүүс байдаг учраас хүрээллээ тэлэхэд амар байсан. Групп нээн их олон найз нөхөдтэй болохоос гадна миний дүнгийн тал дээр ч гэсэн ахиц гарч байсан. Ахлах сургуульд байхад их шүүмжлэгддэгээс гадна өөрийгөө ч шүүмжилдэг байсан бол АНУ-д очиход хүмүүс нь их чөлөөтэй, задгай маш нээлттэй өөрийнхөөрөө байж чаддаг хүмүүс байсан.

 

Оюутны байрандаа ажиллаж байсан туршлагаасаа хуваалцаач.

 

Танилцуулга хийдэг ажил маань цалинтай байсан. Тодорхой хэмжээний шалгууртай. 2-3 долоо хоног ажилладаг. Хажуугаар нь би сургуулийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалдаг ажилд орсон. Харааны бэрхшээлтэй иргэдийн ном хичээлийг бэлдэж өгөх, өөр бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг шийдэж өгөх эцэг эхтэй нь харилцах ажил хийдэг байсан. Ажиллаж байх хугацаандаа би олон төрлийн суралцах чадвар байдгийг мэдэж авсан. Хэрвээ төвлөрч чадахгүй, нэг л болж өгөхгүй бол сэтгэл зүйчид хандаж бүх бэрхшээлээ хэлэхэд сэтгэл зүйч маань бичиг баримт бүрдүүлж өгөх гээд л асуудлыг шийдвэрлэж өгөхөд тусалж байсан. Суралцахад хүндрэлтэй байгаа сурагчдад номыг нь аудио хэлбэрээр бэлдэж өгдөг байсан. Магадгүй чи өөрийгөө голдог муу сурдаг ойлгодоггүй гэж боддог байх. Тэгвэл зүгээр л суралцах арга барилаа солиод үзээрэй. Хүн болгон өөрийн гэсэн онцлогтой гурвалжин гурвалжиндаа л таардаг бөөрөнхий бөөрөнхийдөө л таардаг шүү дээ.

 

АНУ-ын нэг давуу тал нь ганц мэргэжил эзэмших биш үндсэн мэргэжлээсээ өөр мэргэжил давхар эзэмшиж болдог давуу талтай байдаг. Таны үндсэн мэргэжлээсээ гадуур өөр мэргэжлээрээ ажиллаж байгаа гэж сонссон. Тэр талаараа бидэнтэй хуваалцаач.

 

Маш гоё асуулт байна. Ер нь бол байнга нэг төрлийн хичээл хийж явж байгаад ахлах сургуульдаа өөр сонирхолтой гэдгээ мэдээгүй явсан. Ер нь ахлах сургуульдаа байж байгаад ирээдүйн мэргэжлээ сонгох өсвөр насан дээрээ байгаа хүүхдүүдэд хүнд шийдвэр гэж би хувьдаа боддог. Би хажуугаар нь бүжгийн хичээлд явдаг байсан. Тэр маань намайг стрэссээс чөлөөлж өгдөг маш том давуу талтай. Нэг удаа анимейшн хийдэг хичээлд сууж үзээд 15 минутын бичлэг хийж үзсэн чинь би бүр уйлж байсан. Тэгээд надад би ер нь юу хийгээд яваад байгаа юм бэ? Энэ чадвараа хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж энэ сонирхлоо мэргэжил болгож байсан. Ер нь бол өмнөх мэргэжлээ хаясан гэж ойлгодоггүй. Яагаад гэвэл би тэр мэргэжлээ ирээдүйд хэрэглэж болно. Зүгээр л одоо хийж байгаа мэргэжлээсээ илүү их таашаал авдаг гэж хэлж болно. Өөрийгөө хүчлээд байх шаардлага байхгүй гэдгийг л маш сайн ойлгосон.

 

Маш их баярлалаа. Манай уншигчид маань энэ удаагийн дугаараас маш үнэтэй зөвлөгөө сургамжуудыг ойлгож авсан байх гэж найдаж байна. Цааш цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.


Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа.


Подкастын энэхүү дугаарыг та заавал доор платформыг ашиглан сонсоорой!

▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

Дохионы орчуулгатай бичлэг үзэх:


Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа |  Нийтлэсэн: Э. Эгшиглэн | Хянасан: Н.Доржнамжин