Сайн байцгаан уу. Америкт суралцсан миний түүх цуврал подкастын нэгэн шинэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарт Энхсайхан овогтой Зул оролцож байна. Зул маань University of Washington-г 2016 онд төгсөж ирээд, одоогоор Орчлон олон улсын сургуульд конслер хийдэг.
Сайн байна уу Зулаа. Манай сонсогчдод өөрийгөө танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.
Сайн байна уу. Би 20016 онд University of Washington-г Political Science - International Studies Miner-тай төгссөн. Америк суралцсан түүх маань би 10-р ангид байхад сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан, АНУ-д ахлах сургуульд очиж суралцсанаар эхэлсэн. Тус үйл явдал миний амьдралд томоохон өөрчлөлтийг бий болгосон гэж хардаг. Тухайн үед 16 настай охин 80% нь өнгөт арьст хүүхдүүдтэй Виржиниа мужийн сургуульд очиж суралцаж байсан. Суралцах хугацаанд сургууль маань миний оролцохыг хүссэн бүх зүйлээр маш сайн дэмжиж урамшуулдаг байсан. Сургуулийнхаа сагсан бөмбөг, хөл бөмбөг, бейсболын багт тоглодог байлаа. Чадахгүй байсан ч хамаагүй оролдож үздэг байсан юм. Багаараа бусад бүс нутагт очиж тэмцээнд оролцох боломжуудаар хүртэл хангаж байсан. Маш гоё дурсамж бүтээсэн.
Хөтөлбөрийн хүрээнд би Америк аавтай, Филиппин ээжтэй дөрвөн хүүхэдтэй гэр бүлд очиж амьдарсан юм. Тэр айл маань надад зөв төлөвшил суулгахад их нөлөөлсөн гэж боддог. Манай Америк гэр бүл цаг хугацааг маш үр дүнтэй өнгөрүүлдэг байв. Тэднийд зурагт байдаг ч кабелийн олон суваггүй. Ням гарагт гэр бүлээрээ DVD-ээр кино үздэг. Бусад үедээ ном уншдаг, puzzle эргүүлдэг, юм нэхдэг байсан. Миний өсвөр насыг маш сонирхолтой, өвөрмөц байдлаар өнгөрүүлэхэд тусалсан хүмүүс юм. Миний хувьд ээж дүүтэйгээ амьдардаг байсан ба манай гэр бүлийн хувьд нэгэндээ зарцуулах цаг бага байсан юм. Харин Америк гэр бүл маань маш олон зүйлийг хийдэг байсан. Тэдний ачаар би номд дуртай болсон. Хүн дургүй зүйлээ хийгээд үзэхэд дургүй юм байна гэдгээ мэддэг. Харин дуртай зүйлээ хийж үзээгүй бол дуртай гэдгээ мэдэх боломжгүй.
Манай аав, ээж хоёр намайг бага байхад Монголын хүүхдийн ордонд өрөө түрээсэлж ажилладаг байсан. Түүний ачаар бүх дугуйланд нь явж үзсэн дээ. Аав, ээж маань өөрсдөд нь олдоогүй боломжоо надад өгөхийг хүссэн байх. Энэ нь намайг өөрийгөө олоход их тусалсан. Өөрийгөө олно гэдэг нээлт гэж ойлгох нь өрөөсгөл ойлголт шүү. Би ч сайн хичээдэг байсан. Мөн аав ээж хоёр маань надад ‘чи чадна’ гэсэн сэтгэлгээг сайн суулгасан гэж боддог. Миний бодлоор чаддаг эсэхийг үл харгалзан өсвөр насанд хүнд сурах ёстой хоёр зүйл байдаг. Өөрийгөө илэрхийлэх ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглож сурах, сонирхох. Мөн хүнд тэвчээр, багийн ажилд суулгах спортын аль нэг төрлөөр хичээллэх нь зүйтэй. Энэ нь гадагшаа их сургуулийн өргөдөл явуулахад сурагчийг холистик буюу бүх зүйлд ижил тэгш оролцоотой, чадвартай гэдгийг харуулах боломж үүсгэдэг.
Вашингтоны их сургуульд бакалавр, докторын хөтөлбөрийн алинд нь сурсан вэ?
Би арван жилээ төгсөөд бакалаврын зэргээ Монголдоо сурч эхэлсэн. Нэг өвлийн амралтаар манай гадаад явсан найзууд ирээд, уулзахдаа нэг найз маань BUBBLE TEA уусан тухайгаа ярьсан юм. Би түүнийх нь талаар мэдэхгүй байсан дээр надад тэр үед, цаг үеэсээ хоцрогдож байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Дараа нь найз залуутайгаа хамт сарын хугацаатай IELTS-ын курст суугаад, Community College-д орон, суралцаж байхдаа TOEFL өгсөн. Бид хоёр Сиэтл (Seattle) яваад, тэндээ үргэлжлүүлэн сурсан. Би улс төр судлалаар сурах сонирхолтой байсан юм. Харин хамгийн тохирох нь Вашингтоны их сургууль санагдсан учраас сонгосон юм.
Community College-ын хувьд одоог хүртэл дээд боловсрол эзэмшээгүй хүмүүст, ахлах ангийн сурагчид, цэргийнхэн гэх мэт тэдгээр хүмүүс хямд зардлаар сурах боломжийг олгодог. Боломжийн нөхцөлүүдийг харгалзан үзэн би эхний хоёр жилээ Community College -д суралцсан. Би олон улсын оюутнуудыг авах сонирхолтой коллежийг сонгон суралцсан. Community College гэхээр сайн биш гэх ойлголт байдаг. Гэхдээ Америкт сурах гэж буй хүн өөрийн боломж, нөхцөл байдалд тохируулан өөрт тохирсон сургуулийг сонгох нь чухал. Хаана, ямар чиглэлээр сурах вэ, ямар орчинд очих вэ, санхүүгийн нөхцөл хэр байх зэргийг сайн тооцоолох хэрэгтэй. Очсон газартаа ганцаараа ази хүн байвал хэцүү. Өсвөр үе дүү нар маань дуртай зүйлээ мэдэхгүй байж болно. Харин дургүй зүйлээ мэднэ шүү дээ. Би сурагчдадаа хэлдэг зүйл маань чи сурах сургуулиа хэрхэн гэж төсөөлж байна вэ? Хотжилттой хэсэгт сургуульд сурмаар байна уу, байгальтай ойр сургуульд сурмаар байна уу. Түүнийгээ сайн төсөөлж бас төлөвлөх хэрэгтэй гэдэг. Үүн дээр нэмдэг нь санхүүгийн байдлаа зөв тооцоолох чухал учир нь хүн бүр хүссэн хэмжээндээ тэтгэлэг авч чадахгүй шүү дээ.
Community College - оос Их сургууль уруу шилжин орсон тухайгаа ярина уу. Ялгаа нь юу байсан бэ?
Би анх Америк руу очихдоо Монголчуудын групп дээр очих тухайгаа бичээд наад руу 2 хүн холбогдсон юм. Очсоныхоо дараа дээд ангийн ах, эгч нараас зөвлөгөө авсан. Надад өгсөн нэг чухал зөвлөгөө нь АНУ-д их сургууль таныг мөнгө хийх боломж гэж харж байгаа тиймээс шилжих гэж байгаа бол кредитүүдээ сайн харж байгаарай гэсэн юм. Чамайг ийм тийм зүйл сурна гэхээр хэрэгцээгүй олон ангиуд санал болгоод олон кредитэд мөнгө төлөх вий гэж сануулж хэлсэн юм. Сургууль дотор шилжих магадлал шууд элсэж орохоос муу байдаг. TOEFL-ийн оноо шаардана. Азаар нэг эгзэгтэй мөчид TOEFL-ийн боломжийн оноо аван University of Washington, University of Minnesota, University of California, Irvine, University of California, Davis, болон UCLA сургуулиудад материалаа явуулан UCLA-ээс бусад бүх сургуульд тэнцэж байсан. Тухайн үед тэтгэлэг авах хэцүү байсан. Манай хамаатан садан, гэр бүлийнхэн мөнгөө нийлүүлж байж миний эхний семестрийн төлбөрийг төлж байсан. Би үүнд маш их талархдаг. Хувийн сургуулийн төлбөрийг өөрөө төлөх маш хэцүү. Ээж маань байдаг бүх зүйлээ заран миний төлбөрийг хийхэд туслан их зүдэрсэн. Мөн сүүлд $1000-$2000 хүмүүсийн нэрэмжит тэтгэлгүүдэд оролцох боломжтой байсныг хожим ойлгосон. Гэтэл study abroad буюу нэг төрлийн солилцооны хөтөлбөр. Өөрөөр хэлбэл Америкийн сургуулийн хөтөлбөрийг өөр улсад байрлах салбар дээрээс авбал илүү хямд болдог байсныг олж мэдсэн. Жишээ нь University of Washington сургууль нийт 4 салбартай нэг нь Италид байсан ба түүний семестрийн төлбөр нь $6000 доллар байсан. Би эцсийн мөчид энэ хөтөлбөрт хамрагдан 1 семестрийг Италид, дараагийн семестрийг Грект сурч төлбөрөө хэмнэсэн юм.
Америкт төгсөж ирээд Монголдоо юу хийж байгаа вэ?
Сургуулиа төгсөөд 1 жил ажиллах эрх өгдөг ба тэр эрхээрээ би банканд ажилласан. Монголд 2017 оны хавар ирээд, олон газар ажиллаж үзсэн. Тэр дунд хамгийн сайн чаддаг, мэддэг, хялбар мөн хүсэж байсан ажил маань сургуулийн хүүхдүүдэд Америкт хэрхэн хүссэн сургуульдаа явах тал дээр зөвлөгөө өгөх байсан юм. Анх энэ маань ажлын хажуугаар хийдэг зүйл байсан. Үндсэн цагаараа барилга, маркетинг, худалдан авалтын компаниудад ажиллаж байсан. Гэхдээ тэр хугацаандаа Америкт суралцах хүсэлтэй 3,4 хүүхдэд жилдээ зөвлөгөө, мэдээлэл өгдөг байсан. Сүүлд Орчлон сургуульд конслероор ажиллаж байна. Өөрийн хайж байсан ажлаа олсон гэж боддог.
Конслер гэдэг нь ямар ажил үүрэгтэй хүн бэ?
Монгол сургуульд анги удирдсан багш нь конслерийн ажлыг хийгээд явж байдаг. Мэргэжил сонголт гээд анги удирдсан багш нар их ачаалалтай ажиглагддаг. Конслерийн хувьд 9-р ангиас нь хүүхдүүдэд их сургууль, мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгнө. Сургууль дээр үйл ажиллагаанууд зохион байгуулдаг, хүмүүс ирж яриа өгдөг, гадаад сургуулиудын танилцуулга явагддаг, сэтгэл зүйч нартай хамтраад сурагчдаасаа судалгаа авна. Конслер багш гэдэг нь хүүхэд, эцэг эх, сургуулийг холбох гүүр гэсэн үг. Хэн юу хүсэж байна гэдгийг харилцан ярилцаж тодруулан, эхлэх болон хүрэх цэгийг тодорхойлон түүнд хүрэх гаргалгааг ярилцаж олоход тусалдаг хүн. Эцэг эхийн зүгээс сонирхож буй чиглэлийг нь дэмжих, тухайн чиглэлийн хүнтэй уулзаж ярилцах боломжоор хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг тал дээр тусалдаг бол хүүхэд өөрөө яг юу хийж байж өргөдлөө сайн бэлдэх тал дээр анхаарна. Харин миний зүгээс хаана, ямар түвшний сургуулиуд тухайн хүүхдэд тохиромжтойг судлан санал болгох, хэр их тэтгэлэг олгох боломжтой зэргийг судлан тусалдаг. Бид нарын бас нэг үүрэг нь сургуулиа төгсөөд гадаадад сурахыг хүсэж байгаа сурагчдынхаа тодорхойлох захидлыг бичиж өгнө. Түүндээ сурагчийг хувь хүний, нийгмийн, болон гэр бүлийн байдлаас тодорхойлон бичдэг. Суралцагчийн онцлог чанар, нарийн нандин зүйлс, амьдралын байдлыг хэлж ойлгуулах, нэмэлт мэдээллээр хангах нь миний үүргийн нэг юм. Жишээ нь өвөө, эмээ дээрээ өссөн ч юм уу, олон дүү нартай хэдий ч сурах хүсэлтэй хүүхдүүдийнхээ энэ талыг би сурах гэж байгаа сургуульд нь хэлж ойлгуулдаг. Хүүхэд өөрөө бичих нь өрөвдүүлэх тактик шиг харагддаг тул тэднээс илүү би ойлгуулах дээр хувилбар байдаг. Бас нэг зүйл нь бид хүүхдийг боломжгүй зүйл рүү тэмүүлэхээс зайлс хийхэд тусалдаг. Өөрийнхөө санхүүгийн боломжид тохируулж сургуулиа сонгох тал дээр зөвлөгөө өгдөг. Миний хувьд л гэхэд сураад явж байх ёстой хугацаандаа өөрийнхөө амьдрах зардлыг олохоор хэд хэдэн ажил хийж байхдаа маш олон боломжийг алдаж байсан.
Гадаад руу суралцахаар төлөвлөж байгаа бол хэзээнээс бэлдэж эхлэх вэ?
Өргөдлөө 9-р ангиасаа бодож, төлөвлөж эхлэх хэрэгтэй. Англи хэлээ сайжруулах хэрэгтэй. Уншиж сурах хэрэгтэй. Суралцахад сурах хэрэгтэй. Төвлөрч, сууж сурах чадварт сурах хэрэгтэй. Дээрээс нь 10,11-р ангидаа TOEFL, IELTS, SAT өгөөд үзэх хэрэгтэй. Instagram-аар New York Times, Harvard Business Review, Wall street зэрэг сонинуудыг уншин, ямар үг хэллэгийг хэзээ, хэрхэн хэрэглэж байгааг нь харж сурах хэрэгтэй. Үүнээс гадна 10, 11-р ангийн зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрөөх хэрэгтэй. Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд сайн оролцох нь чухал. Ингэхдээ нэг газраа тууштай байх хэрэгтэй. Олон газар руу богино хугацаанд сайн дурын ажилд оролцохоос илүүтэй. Гадаад сургуулиуд элсэгчдээсээ юуг чухалчилж хардаг вэ гэвэл хүн бүрд адил өгөгддөг 24 цагаа чи хэрхэн ашиглаж байна вэ гэдгийг хардаг. Унтаж амрах, сурах, автобусанд өнгөрүүлэх цагаас гадна, цаана үлдэж байгаа цагийг хэрхэн ашиглаж байна вэ гэдэг нь чухал юм. Гэртээ хариад сэлгүүцэж өнгөрөөж байна уу, хүнд тусалж байна уу гэдгийг хардаг. Гэхдээ хүүхэд бүрийн өгөгдөл, амьдралын болон сурах нөхцөл өөр учир тул түүнийгээ илэрхийлэх нь мөн чухал. Ямар ч сургуульд сурч байж болно. Гол нь таныг өөр өгөгдөлтэй хүүхдүүдтэй хариуцуулдаггүй харин таны байгаа орчинд өөрийгөө юуг, яаж ашиглан өөрийгөө хөгжүүлж байна вэ гэдгийг харах гэдэг шүү.
Гадаад руу сургуульд өргөдлөө илгээхдээ хэзээ нь явуулбал зүгээр вэ?
Материал хүлээж авах хугацаа эхэлмэгц өгвөл давуу тал болно. Ядаж материалаа түрүүлээд бэлдэнэ. Эрт материалаа явуулбал тэтгэлэг авах магадлал мөн өндөр байдаг. Хэрэв эрт материалаа явуулж тэнцэж байгаа бол тэтгэлэг авах эрмэлзлээ илэрхийлэх нь зүйтэй. Бодит байдал дээр топ сургуулиудад цөөн хувийг эзлэх топ сурагчид тэтгэлгийг нь авдаг. Түүний дараа төлбөрөө төлөөд сурах бүлэг нь элсэж ордог. Тэгэхээр бусад боломжууд болох судалгаанд суурилсан улсын хэр нь чансаа дээгүүр их дээд сургуулиуд гэж байгаа. Дараагаар Монголд танигдаагүй судалгаа сайтай хувийн их сургуулиуд гэж байдаг. Эдгээр сургуулиуд руу маш сайн бэлдсэн өргөдлөө илгээгээд тэнцэн анхны Монгол оюутан болох мөн 100% тэтгэлгээр сурах боломж бий. Мөн материалаа хэзээ ч хамаагүй өгч болдог сургуулиуд ч байдаг. Ерөнхийдөө бид сургуулийг голж огт болохгүй учир нь бүх хөтөлбөр, орчин нөхцөл стандартын дагуу л явагдаж байгаа. Та сургуулиасаа юу авах гэж байгаа дээрээ л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Жишээ нь би инженерээр сурах гэж байгаа бол Америкийн хойд хэсгийн сургуулиудад сураасай гэж хүсдэг. Хасах хэм рүү ордог, цутгалт хийж болохуйц нөхцөлийг нь судлах нь зүйтэй. Мэргэжлээ их бодолцож байж сурах газраа шийдэх нь зүйтэй.
Сонгосон мэргэжлийнхээ дагуу сургуулиа сонгохдоо ямар судалгаа хийвэл зүгээр байдаг вэ?
Суралцагч өөрийн аюулгүй байдлыг хангах нь маш чухал. Аюулгүй байдалд арьс өнгө болон рационализм зэргээр ялгаварлан гадуурхах үзэл мөн буудлага халдлага байгаа зэргийг судлах нь чухал. Мөн ямар боловсон хүчинтэй, ямар судалгааны ажил явуулдаг вэ, профессоруудад нь ямар судалгаанд оролцож байсан, одоо ажиллаж байгаа судалгааны ажил нь юу вэ гэдэг нь чухал асуудал юм. Сайн профессортой харилцаа тогтоон, ментор болгож чадвал чиний цаашдын судалгааны ажил, дараагийн шатны сургалтад чухал нөлөө үзүүлнэ. Америкт чи өөрөө өөрийнхөө төлөө хичээх ёстой. Хэн ч чамайг шахаж шаардахгүй.
Та сурагчдад Liberal Arts College -д элсэхийг санал болгох уу?
Санал болгоно. Тэтгэлэг сайн олгож буй жижиг Liberal Arts College болон том их сургуулийн сонголт ирвэл Тэтгэлэг сайн олгож буй жижиг Liberal Arts College ийг сонгоосой гэж хүсдэг. Учир нь тэнд та өөрийн гэсэн профессортой болно. Тэр хүн тантай илүү ажиллана. Таны ирээдүйд эергээр нөлөөлж чадна. Liberal Arts College -ууд нийгмийн шинжлэх ухааны чиглэлд илүү суурилсан, цөөн суралцагчидтай гэхдээ санхүүжилт их сайтай байдаг учир тэтгэлэг олох магадлал маш өндөр байдаг.
Америкт сурахаар бэлдэж буй залуустаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
Эсээ дээр хүүхдүүд их гацаж байгаа харагддаг. Бусдын гоё түүнийг сонсоод адилхан байлгах гэж хичээдэг тал ажиглагддаг. Эсээндээ өөрийнхөө талаар бичээрэй. Хүний түүх хэзээ ч гоё байдаггүй. Таны мундаг өвөө эмээ, ээжийн түүхээс илүү таны хэн бэ гэдэг түүх илүү сонирхолтой. Та хэн бэ, өөрийгөө илэрхийлэхдээ юу гэж боддог вэ буюу хэн гэдгээ эхлээд бичээрэй. Ямар хүсэл сонирхолтой вэ гэдгээ бичнэ. Үүнийхээ төлөө юу хийснээ бичнэ. Энэ сургуульд сурвал юу хийх тухайгаа бичих хэрэгтэй. Үнэн байх хэрэгтэй. Огт худлаа ярьж болохгүй шүү.
Бакалаврын түвшинд тэтгэлгээр сурах боломж ямар байдаг вэ?
Америкт сурахаар очсоны дараа 500-5000$ хүртэлх хэмжээтэй тэтгэлгүүд зарлагддаг. Тэдгээр тэтгэлгүүдийн талаар мэдээлтэй байгаарай. Оролцдог байгаарай. Зарим нь 50% хүртэлх тэтгэлэг ч байдаг. Үүнийг авахын тулд дүн сайн байх мөн байнгын өсөлттэй байх хэрэгтэй. Сайн уншигч байгаарай. Уншдаг хүн бичдэг.
Бидний бэлтгэсэн подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж, оюутан залуустаа хэрэгцээтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Дараа дахин уулзталаа байртай эрхэм сонсогчид оо.

