Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өөрийгөө манай сонсогчдод дэлгэрэнгүй танилцуулаач?
Урилга илгээсэнд баярлалаа. Энхжаргалын Өсөхбаяр гэдэг. Би University of Michigan-д Үйлдвэрлэл, үйл ажиллагааны инженер мэргэжлээр төгссөн.
Америк явахаасаа өмнө хаана сурсан вэ?
Би 1-р сургуулийг төгссөн. Намайг сурч байх үед дээд ангийн ах эгч нар тэтгэлгээр Америк, Япон руу их явж суралцаж байсан. Тухайн үед тэднийг тэтгэлэг аваад, гадагшаа сурахын тулд яаж бэлдэж байгааг хараад, сургуулиа төгсөөд 2 жилийн чөлөө аваад бэлдэж байгаад Америкт очиж суралцсан. Энэ хугацаанд TOEFL-ийн шалгалтыг 4-5 удаа өгч үзсэн байдаг юм.
Ахлах ангиа төгсөөд жилийн чөлөө аваад их сургууль, ямар нэгэн тэтгэлэгт бэлдэх ямар байдаг вэ?
Жилийн чөлөө авах нь ер нь дарамттай зүйл л дээ. Миний хувьд 8 цагаас өмнө босоод номын сан орж чадахгүй бол гэр орны ойр зуурын ажилд томилогдчих гээд байдаг байсан л даа. Аав, ээж маань намайг тодорхой хэмжээнд шахаж, төвлөрөхөд дэм болж байсан гэж ойлгож болно. Гэр бүлтэйгээ сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй юм билээ. Эхнээсээ өөрийгөө сайн ойлгуулчихвал чамайг сайн дэмжинэ.
Шалгалтандаа хэрхэн бэлдэж байсан бэ?
Эхнээсээ маш цэгцтэй хурдтай суралцаж чадвал илүү зүгээр юм билээ. Тест хэлбэрээр аливаа дасгалаа ажиллаад, юун дээр алдсан байна гэдэг дээрээ дүгнэлт хийгээд, маш хурдтайгаар аливаа дасгалыг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сургалтын хэрэглэгдэхүүний тухайд технологийн дэвшлийг сайн ашиглаж чадвал давуу тал болно гэсэн үг.
Амьдарч байсан мужийнхаа онцлогийн талаар сонирхуулбал?
Уур амьсгалын хувьд Монголтой төстэй. Өвөлдөө цас их ордог, газар зүйн хувьд өндөрлөг хэсэгт оршдог. Нэг багш маань бидэнд хэлэхдээ хэрвээ чи хүүхэддээ өв хөрөнгө үлдээмээр байвал Michigan-д газар аваарай гэж хэлдэг. Ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэнэ гэж үздэг юм билээ. Бас Америктаа хамгийн залуу хот гэж хэлж болно. Нийт барилгынх нь 70% нь сургуулийн байр байдаг.
Хоёр жилийн чөлөөтэй байсан учраас сургууль сонголтыг сайн бодож байгаад хийсэн байх. Яагаад University of Michigan-г сонгосон бэ?
Намайг сургууль сонголт хийж байсан үе гэхээр 2014 онд гэсэн үг. Тухайн үед ерөнхийлөгчийн тэтгэлэг зарлагдсан. Тэр нь дэлхийн шилдэг 100 их сургуульд тэтгэлгээр суралцуулна. Тэр дундаасаа шилдэг 20 сургуульд нь мэргэжил хамаарахгүй тэтгэлэг олгох байсан. Дээрээс нь миний сонгосон сургууль инжерчлэлийн чиглэлийн сургалтаараа эхний 5 дотор багтаж байсан учраас сонгосон юм. Өөр нэг шалтгаан нь тухайн сургуулийн сагсны баг байсан л даа.
Тэтгэлгээ авч чадсан уу?
Тэгсэн, тэтгэлгээ авч чадсан. Тухайн үед 70 гаруй хүүхэд энэхүү хөтөлбөрт хамрагдаад, бүгд тэтгэлэг авч байсан. Харин дараа жил нь 30 хүүхдэд, түүний дараа жил 20 хүүхдэд тэтгэлэг олгож байгаад сүүлдээ зогсоосон юм билээ. Одоогоор ерөнхий сайдын нэрэмжит дэлхийн шилдэг 100 сургуульд сургах тэтгэлэг, ерөнхийлөгчийн нэрэмжит сум, дүүргээс шалгаруулдаг тэтгэлгүүд байгаа юм байна лээ.
Засгийн газрын тэтгэлэгт юу, юу багтаж байсан вэ?
Зөвхөн сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал багтаж байсан. Өөр нэг боломж байдаг нь суралцаж байх хугацаандаа дүн чинь сайн бол нэмэлт тэтгэлэг авч болно. Мөн 7 хоногт 20 цаг ажил хийх боломжтой. Энэ боломжоо ашиглаад амьдрах зардлаа олоод, миний хувьд болоод л байсан.
Анх Америкт очсон сэтгэгдэл чинь хүлээлтээс илүү байсан уу? Эсвэл дутуу байсан уу?
Мичиган нь өөрөө манайхаар бол хөдөө газар учраас эхэндээ, би хаана ирчхэв ээ гэж бодох үе байсан. Гэхдээ гоё сайхан нь өндөр барилгадаа биш орчиндоо, бас хүндээ байдаг болохоор миний хувьд сайхан байсан.
Шалгалтандаа хэрхэн бэлдэж байсан вэ? Тодорхойлох захидлаа хэнээс авч байв? Мөн эсээгээ хэрхэн бичиж байсан бэ?
Ахлах ангид ороход ч гэлтгүй Монголын сурагчдын хувийн хэрэг дээр маш ерөнхий тодорхойлолт байдаг шүү дээ. Харин Америкт эсрэгээрээ тодорхой байхыг шаарддаг. Энэ хүүхэд зан ааш, ёс суртахууны хувьд ямар вэ? Ямар хичээл дээр илүү идэвхтэй байдаг вэ гэх мэт. Намайг сурч байх үед сургуулийн багш нараасаа тодорхойлох захидал авахыг хүсэж байгаагаа хэлэхэд чи өөрөө бичээд надаар гарын үсэг зуруулчих гэдэг байсан. Дээд ангийн ах эгч нараасаа асуух үед ижил хариулт, сонсдог байсан л даа. Одоо энэ талаар сурагчид, багш нар илүү ойлголттой байдаг болчихсон байна. Харин эсээний тухайд гэвэл, би Монголд социализмын үед аж үйлдвэрлэл харьцангуй сайн хөгжсөн байжээ. Одоо үүнийг сэргээж дахин үйлдвэрүүд байгуулбал, түүхий эд материал нь одоо ч байсаар байна гэдэг талаар бичиж байсан юм. Бас нэг зүйлийг хэлмээр байгаа нь чи эсээгээ өөрөө бичсэн байна уу үгүй юу гэдгийг өдөрт хэдэн зуун эсээ угшиж байгаа хүмүүс хараад л шууд мэднэ. Тиймээс оновчтой, товч, тодорхой, хэт ерөнхий биш, энгийн байлгаж чадвал болно гэж хэлмээр байна.
Америкт суралцахаар очсоны дараах үе хэрхэн өнгөрсөн вэ?
Кинон дээр гардагтай ихэнх зүйл нь адилхан байсан. Миний хувьд хүний хөл дээр санаандгүй байдлаар гишгэчхээд гар барих гэж оролдож байсан маань, өөр орны өөр соёлтой хүмүүст сонин санагдсан байж магадгүй. Бас нэг зүйл нь аль нэг байгууллагын хаалгаар орсныхоо дараа, араас ирж байгаа хүндээ хаалгаа барьж өгөх нь тэнд тархсан нэг соёл байсан. Үүнийг мэдэхгүй 2 сар орчим явсан. Зарим хүний хувьд бүдүүлэг санагдсан байж болох юм.
Америкт байх хугацаанд хамгийн сайхан байсан үеэ бидэнтэй хуваалцаач?
Хамгийн хэцүү санагдсан үе гэвэл нэг хичээл дээрээ 58 оноо авсан байсан юм. Анх удаа ийм дүн авсан болохоор 2 хоног гайхах, балмагдах зэрэгцэж өнгөрсөн. Монголд би хичээл дээр, ялангуяа өөрийнхөө дуртай хичээл дээр ийм дүн авсан удаа байхгүй. Дараагийнх нь би машин барьж яваад осол гаргаж байсан. Гайхмаар зүйл нь юу байсан вэ гэхээр хэдийгээр миний буруу ч гэсэн машины даатгалтай байсан учраас 25000 доллар орчмын төлбөр даатгалаас гарсан юм. Миний хувьд анх удаа Америкт очсон байсныг хэлэх үү, одоо бөөн төлбөр болно доо гэж бодоод сэтгэл унах шинжтэй болчихсон зогсож байсан. Харин осол болсноос хойш бүх зүйл шийдэгдэх хүртэл ердөө 9 минут болсон. Тийм болохоор даатгал чухал юм байна лээ шүү гэж хэлмээр байна.
Хамгийн сайхан санагдсан үе нь ангийнхаа хүүхдүүдтэй хамт олимпиадад орж байсан үе. Дараагийнх нь төгсөх мөч байсан. Нэг хичээл дээр сайн дүн авах хэрэгтэй. Тэгж чадвал төгсөөд бэлэн ажлын байран дээр очих боломжтой болох юм л даа. Энэ хугацаанд хичээх хэрэгтэй болсон. Ерөнхийдөө сайхан дурсамж, 2 таагүй дурсамж үлдсэн байна.
Багшийн туслах хийх нь ямар ач холбогдолтой байдаг вэ?
Office hour гэж байдаг. Тэр нь хичээлээ ойлгохгүй байгаа хүүхдүүдэд 1 цагийн давтлага өгөх үйл явцыг хэлнэ. Би математикийн хичээлийн багшийн туслах хийж байсан. Энэ ажлаас би юу сурсан вэ гэвэл бусадтай илүү тэвчээртэй хүлээцтэй харьцаж, тухайн оюутны ойлгохгүй байгаа зүйлийг нь хэлээд өгчих юм сан гэсэн бодолтой, илүү анхаарал хандуулж ажилладаг болсон. Ярианы чадвар маань илүү сайжирсан гэж хэлнэ. Дурсгалтай нь гэвэл надаар хичээл заалгаж байсан оюутан тухайн хичээлийн шалгалтаа амжилттай өгсөн гээд надад бугуйн цаг бэлэглэж байсан юм.
7 хоногт 20 цаг ажиллахыг зөвшөөрдөг шүү дээ. Ямар ажил хийж байсан вэ?
Эхнийх нь багшийн туслахын ажил. Дараагийнх нь хөгжлийн бэрхшээлтэй оюутны хичээлийн тэмдэглэл хийх ажил байсан. Энэ нь яах вэ гэхээр тухайн нэг өдөр хөгжлийн бэрхшээлтэй оюутан хичээлдээ ирэх боломжгүй боллоо гэж бодоход, би түүний оронд суух ёстой байсан хичээлүүд дээр нь сууж өгнө гэсэн үг. Өөрөө цалин авчихна, үзэж байгаагүй хичээл байвал туршлага судалчихна. Надад энэ ажил их таалагдаж байсан.
Сургуулиа төгсөөд Америкт ажиллах боломжоо хэрхэн олж авсан вэ?
Ямар мэргэжлээр суралцаж байгаагаасаа хамаараад, 1-3 жилийн ажлын виз авч болдог шүү дээ. Миний хувьд инженерийн чиглэлээр сурч байсан учраас төгсөөд 3 жил ажиллах боломжтой гэсэн үг. Үүний дараа ажиллаж байгаа байгууллага чинь хүсэлт өгвөл 6 жил ажиллаж болно. Өөр нэг боломж нь юу байдаг вэ гэхээр, дадлага хийж байгаа газартаа ажилтнаар үлдэх боломжтой гэсэн үг. Үүний тулд өөрийгөө ямархуу ажиллах хүчин вэ гэдгээ тухайн компанидаа үнэлүүлэх нь чухал юм билээ.
Яагаад үйлдвэрлэлийн инженерийн мэргэжлийг сонгосон вэ?
Багаасаа математикийн хичээлд сонирхолтой хүүхэд байсан нь нөлөөлсөн байх. Мөн ээж маань жижигхэн цех ажиллуулдаг, би ажилд нь туслах шаардлагатай байдаг. Ийм учраас инженерийн мэргэжлийг сонгосон. Харин яагаад үйлдвэрлэлийг сонгосон вэ гэхээр, тухайн үед ийм мэргэжил сонговол ийм хичээлүүд үзнэ гэсэн хувиар байсан. Тэр дундаас нь харж байгаад энэ мэргэжлээ сонгосон.
Үйлдвэрлэлийн инженерчлэлийн цаашдын төлвийг юу гэж харж байна вэ?
Аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгал буюу дижитал эрин үеийн талаар хэдийн яриад зарим улс оронд хийгээд, туршаад эхэлсэн байна. Ойрын хугацаанд үйлдвэржилт дижитал хэлбэрт шилжинэ. Дээр нь нэмээд роботууд ажиллах хүчний тоог бүрдүүлэх нь ихэснэ. Гурав ба түүнээс олон дамжлагатай үйлдэл дээр роботууд одоохондоо яахаа мэдэхгүй болох, зогсох шинжтэй байгаа хэдий ч, энэ байдал удахгүй өөрчлөгдөөд, илүү хөгжих нь тодорхой. AI технологи буюу хиймэл оюун ухаан илүү сайн хөгжсөөр дижитал эринд шилжих үйл явц илүү хурдасна. Харин манай оронд, бид үйлдвэржсэн орон байсан учраас буцаад тийм болох хэрэгтэй гэсэн санаа явж байна лээ. Үйлдвэржилт хэрэгтэй, санаа нь зөв боловч технологийг хэрхэн ашиглахаас үр өгөөж нь хамаарах юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Амьдарч байсан оюутны хотхоныхоо талаар бидэнд сонирхуулаач?
Маш том, гоё газар байдаг. Үндсэн том 4 хэсгээс бүрддэг. Нэг захаас нөгөөд нь хүрэхийн тулд нэг цаг зарцуулдаг. Зундаа Real Madrid, Manchester гэх мэт багууд ирж тоглодог. Сүүлд манай найзын хэлснээр жолоочгүй автобус яваад эхэлсэн байна лээ.
Инженерчлэлийн чиглэлээр сурахад онол, практикийн хувьд ямар байсан вэ? Монголоос өөр тал байсан уу?
Миний мэргэжил инженер учраас хичээлийн ихэнх хэсэг практикаас бүрддэг. Хувьдаа би юу гэж боддог вэ гэхээр дан ганц онолын мэдлэгтэй хүн хичээл заах нэг өөр, практик дээр ажиллаж байсан хүн заах хоёр өөр гэж боддог. Америкт дадлага хийлгэж байсан багш нарын зарим нь Ford, General motors зэрэг том компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүмүүс байсан нь надад онцгой сэтгэгдэл төрүүлж байсан.
Танай сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүн сурахад хэр ээлтэй байсан вэ?
Манай сургуулийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй оюутанд маш ээлтэй сургууль гэж хэлж болно. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй оюутны хичээл бичдэг ажил хийж байсан хүний хувьд харахад, энэ ажлын үнэлэмж жишээ нь цагийн 18$ байдаг. Надаас гадна олон оюутан энэ ажлыг хийдэг гэхээр манай сургууль энэ асуудалд их анхаарал хандуулдаг юм байна гэж бодсон. Мөн сургуулийн доторх орчин, анги танхим гээд бүх зүйл хөгжлийн бэрхшээлтэй оюутныг хүртээмжтэй сургахад зориулагдсан байдаг.
Бидний урилгыг хүлээн авч олон хэрэгцээтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзъя баяртай эрхэм сонсогчид оо.

