Сайн байцгаана уу. Эрхэм сонсогчид оо. Манай өнөөдрийн дугаарт АНУ-ын “Washington D.C.” хотод байрладаг “American University”-д суралцаж төгссөн Э.Уранзаяа маань оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Сонсогчдодоо өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу.
Намайг энэхүү подкастанд урьж оролцуулсанд баярлалаа. Намайг Эрдэнэболдын Уранзаяа гэдэг. Би Дархан хотод төрж өссөн. Үүний дараа СЭЗДС-ийг төгсөөд, дараа нь сая хэлсэнчлэн АНУ-ын “American University”-д “Sustainability Management” мэргэжлээр магистрын зэргээ хамгаалаад ирсэн.
“Sustainability Management” мэргэжлээ илүү дэлгэрэнгүй тайлбарлаач?
Бакалаврт эдийн засгийн чиглэлээр сурч байхад байгаль орчны эдийн засгийн тухай хичээл ордог байсан нь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн гэж боддог. Мөн тухайн үед Монгол улсад уул уурхайн салбар эрчимжиж байсан үе байсан. Уул уурхайн эдийн засагт үзүүлэх нөлөө сайн хэдий ч нөхөн сэргээлтийн асуудал чухал ач холбогдолтой тийм үе байсан. Мэргэжлээ ерөнхийд нь тайлбарлавал байгаль орчин, олон нийтийн бодлого, бизнесийн удирдлагыг нэгтгэсэн гэж хэлж болно.
Америкт суралцахаас өмнө хаана сурч байсан вэ?
Санхүү эдийн засгийн дээд сургуульд Бизнесийн эдийн засагч мэргэжлээр суралцаад, мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилласан. Намайг төгсөх ангид байхад манай эгч Fulbright-ын тэтгэлэг аваад Америкт суралцахаар явж байсан. Эгч маань харааны бэрхшээлтэй байсан учраас би СЭЗИС-д ороод суралцаж байхдаа дундуур нь чөлөө аваад эгчтэйгээ цуг Америкт амьдарч байсан. Тэр үед гадаад орон гэдэг ийм байдаг юм байна, Америкт суралцах ийм байдаг байх нь, их сургуулийнх нь орчин ямар гоё юм бэ гэх зэргээр надад их таалагдсан. Би ч бас хичээвэл ингэж сурч болох нь ээ гэсэн бодол тэр үед төрсөн. Мөн Англи хэлийг сайн сурах ёстой юм байна гэх бодол төрсөн. Эгчийнхээ сургуулийн хэлний бэлтгэлд суралцаад миний Англи хэл их сайжирсан. Буцаж ирээд бакалавртаа үргэлжлүүлэн сурч байхдаа ч гэсэн хэлний мэдлэгээ дээшлүүлсээр байсан.
Яагаад мэргэжлээ сольж АНУ-д суралцахаар болсон вэ?
Өөр мэргэжлээр сольсон гэхээсээ илүү, өмнөх мэргэжлээ илүү гүнзгийрүүлж сурсан гэвэл зөв байх. Бизнес, эдийн засагт ч мөн тогтвортой байдал хэрэгтэй шүү дээ. Мөн эдийн засаг гэдэг нь өөрөө олон бизнесүүдээс тогтож байдаг.
Америкт сурахаар очсон хотынхоо талаар бидэнд ярьж өгөөч?
Би АНУ-ын нийслэл “Washington D.C.” хотод очиж сурсан. Сурахаар явахаасаа өмнө хэд хэдэн удаа очиж байсан. Тайван, дулаахан, үзэж харах зүйлс ихтэй гоё хот юм шиг санагдсан. Том музей ихтэй. Тэдгээр нь бүгд үнэгүй. Хуучны хөшөө дурсгалт барилгууд ихтэй. Хоёр жил байх юм чинь бүгдийг нь үзнэ гэж бодсон ч, ажил, хичээл гээд зорьж очсон хэдэн газраа л үзсэн дээ. Вашингтон хот нь Америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр нэрлэгдсэн. Тэр утгаараа үе үеийн ерөнхийлөгчидтэй холбоотой дурсгалт хөшөө, газрууд ихтэй. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үеийн дурсгал бас байдаг.
Америкт хоёр Вашингтон нэртэй газар байдаг. Ялгааг нь хүмүүст хэлж өгөөч?
Эхнийх нь баруун эргийн Вашингтон муж юм. Seattle гэх мэт хотууд нь тэр мужид байдаг. Нөгөөх нь “Washington D.C.”. D.C. гэдэг нь “District of Columbia” буюу аль ч мужид харьяалагддаггүй дүүрэг гэж ойлгож болно.
Америкт суралцаж байх үеийн сайхан дурсамж юу байсан вэ?
Хэцүү бас сайхан дурсамж аль аль нь байсан. Анх Америкт сурахаар шийдээд, түүндээ бэлдэх, тэтгэлэг авах нь амаргүй байсан л даа. Харин очоод яг мэргэжлээрээ суралцах үед бүх хичээл Англи хэл дээр явагддаг, унших, тэмдэглэх зүйлс ихтэй маш завгүй үе өнгөрсөн. Зарим үед шантрах үе гардаг байлаа. Харин шалгалтын дүнгүүд маань тэнд сурч байсан хүүхдүүдтэй адил, зарим хичээл дээр сайн гарсан нь надад сайхан мэдрэмж өгсөн. Би энэ хүүхдүүдтэй ижил түвшинд сурч байгаа юм байна. Хэн нэгнээс дутах зүйл байхгүй гэдэг сэтгэл ханамжийг мэдрэх нь Америкт сурахаар очоод эхний улирал хэцүү байсан хүний хувьд их хүч өгсөн.
Америкт суралцахаар төлөвлөж байгаа залуустаа хандаж юу гэж зөвлөх вэ?
Чиний элсэж суралцахыг хүсэж байгаа сургуулийн элсэгчдийнхээ материалыг хүлээж авах эцсийн хугацаа гэж байдаг. Түүнийг нь сайн судалж хугацааг нь тулгахгүйгээр материалаа өгөх хэрэгтэй. Мөн тодорхойлох захидлыг 2-3 хүнээс авах хэрэгтэй болно. Сургууль болгон өөр өөр учраас зарим нь 4 захидал авах хэрэгтэй үе ч гарна. Чамд тухайн тодорхойлох захидлыг бичиж өгөх хүмүүс завгүй их ажилтай байж болно. Тийм болохоор эртнээс асууж тодруулаад, боломжтой эсэхийг нь асууж болно. Дараа нь ярилцлагын шат байна. Тухайн хүмүүст чи өөрөө хэн болох, төгсөж ирээд эх орондоо юу хийж бүтээх нь чухал байдаг. Дээр нь чи суралцаж байх хугацаандаа юу хийх вэ гэдэг нь бас чухал ойлголт юм. Миний хувьд уул уурхайн байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн талаар, Монголд тухайн үед байдал ямар байсан талаар ярьж байсан. Мөн манай улс хэдийгээр том газар нутагтай боловч жижиг эдийн засагтай. Монгол орны талаар хүмүүст тэр бүр ойлголт байдаггүй. Тиймээс би Монгол хүн шүү гэдгээ түүх, өв соёлынхоо талаар сурталчлан таниулахыг хүсэж байгаагаа мөн ярьсан юм.
Америкт сурсан нь өөрт тань хэрхэн нөлөөлсөн вэ?
Хүнд маш их боломж олгодог газар. Би яг үнэхээр үүнийг хийхийг хүсэж байна уу. Тийм бол арга нь заавал олдоно гэж хэлмээр байна. Одоогийн миний амьдралд, ажил дээр, харилцаа, бүхий л зүйл дээр хэрэг болдог зүйл нь би үүнийг үнэхээр хүсэж байна уу үгүй юу гэдгээ ялгаж мэддэг болсон юм болов уу.
Америкт сурч байх үеийн сайхан дурсамжаасаа хуваалцвал?
Хичээлийн цаг шахуу, үргэлж завгүй өдрүүд өнгөрдөг. Нэмэлт хичээлүүд авч судлах хэрэгтэй болдог байсан. Хичээлийн сүүлийн улиралд Хүрээлэн буй орчны эрсдэлийн тухай хичээл ороод, би Монголын агаарын бохирдлын асуудлын тухай бичээд багшдаа хураалгаж байсан. Монголынхоор улирал дундын шалгалт шиг гэж хэлж болно. Тэр үед сайн бичвэрийг нь багш маань бусад оюутнуудад уншиж танилцуулдаг байсан. Миний бичвэрийг уншина гэж би бодоогүй л дээ. Учир нь байгаль орчны чиглэлийн оюутнууд илүү сонгодог, нарийн мэргэжлийн талдаа хичээл байсан тул би тэр хичээлийг дэмий сонгосон юм шиг санагдах үе олон байсан. Харин багшийг уншаад эхлэх үед өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсан.
Танай сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурахад ээлтэй сургууль мөн үү?
Манай сургууль тэр тал дээр ямар ч асуудалгүй сургууль байсан. Манай эгч харааны бэрхшээлтэй гээд би түрүүн хэлсэн дээ. Тийм болохоор налуу зам байна уу, олон давхар барилга бол цахилгаан шаттай юу гэх зэргийг манай эгч хамгийн түрүүнд анзаардаг. Би эгчтэйгээ хамт хэсэг хугацаанд амьдрахаар Америкт очихдоо анзаарсан зүйл нь настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдээ түрээд явж байгаа хүнд бүх шатны бүх байгууллага маш ээлтэй юм байна гэдгийг анзаарсан. Энэ нь өөрөө бүх хүний эрхийг тэгш хангаж байгаа нэг хэлбэр шүү дээ. Манай сургуулийн хувьд ялгаагүй. Тэргэнцэртэй хүн сурахаар байвал бүх хичээлийг нь нэг давхарт ордог болгох зохицуулалт хийж өгдөг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг хариуцсан төв манай сургууль дээр ажилладаг. Тэнд тухайн хөгжлийн бэрхшээлтэй оюутан маань өөрт тулгамдсан асуудлаа хэлэхэд шийдэж өгөх боломжтой гэсэн үг.
Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоонд яагаад элсэх болсон вэ?
Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны нийгэмд явуулж буй үйл ажиллагаануудыг үргэлж хардаг, дэмждэг байсан. Энэ подкаст ч ялгаагүй нийгэмдээ чиглэсэн нэг чухал үйл ажиллагаа шүү дээ. Яагаад өөрөө удирдах зөвлөлд нь орж ажиллах болсон вэ гэхээр энд болж байгаа бүх үйл ажиллагаа сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа. Тийм болохоор гадаад оронд сурч мэдсэн зүйлээ нийгэмдээ хүргэхэд миний оруулах хувь нэмэр энэ байж болох юм гэсэн үүднээс Америкт төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байна. Мөн түүнчлэн сайн дурын ажлын үнэ цэн, ойлголтыг нийгэмдээ хүргэхийг хүсэж байна.
Манай сонсогчдод хандаад нэмж хэлэх зүйл байвал?
Зорилгоо тодорхой болгоорой. Чи хаана ямар сургуульд сурахыг хүсэж байна? Тэр сургуульд элсэхэд юу шаардлагатай байна. Чиний нөхцөл байдал, боломж нь байна уу гэдгийг тодорхой болгох нь чухал юм байна лээ. Хүрэх цэгээ тодорхойлно. Дараа нь түүнд хүрэх замаа төлөвлөнө. Үнэхээр хүссэн зүйл чинь мөн бол чи ард нь гарах болно гэж хэлмээр байна.
Баярлалаа.