Alumni stories

Э.Наранцацрал "KANSAS STATE UNIVERSITY"-ийн төгсөгч

Манай өнөөдрийн зочноор Fulbright хөтөлбөрийн 2019-2021 оны төгсөгч Kansas State University-д Аюулгүй байдал судлалаар магистрын зэрэг хамгаалсан Энхбатын Наранцацрал хүрэлцэн ирсэн байна. Сайн уу Наранцацрал аа.

Сайн. Сайн байна уу. Намайг Энхбатын Наранцацрал гэдэг. АНУ-ын Fulbright тэтгэлэгт  хөтөлбөрийн 2019-2021 оны төгсөгч, Kansas state university-д Аюулгүй байдал судлалаар магистрын зэрэг хамгаалаад ирсэн.

Өөрийгөө манай сонсогчдод дэлгэрэнгүй танилцуулаад, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүртэл ямар үйл явц өрнөсөн талаар бидэнтэй хуваалцаач? 

Ахлах сургуулиа Д. Сүхбаатарын нэрэмжит Баруун-Урт сумын 1-р 10 жилд суралцаж төгссөн. Үүний дараа МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд суралцаж төгссөн. Төгссөнийхөө дараа Үндэсний батлах хамгаалахын их сургуулийн гадаад хэлний төвд багшаар ажиллаад, магистраа Батлан хамгаалахын их сургуульд Аюулгүй байдал судлал мэргэжлээр сурчхаад, дараа нь АНУ-д тэр мэргэжлээрээ давтан магистрт суралцсан.

Fulbright хөтөлбөрийн талаар анх хэрхэн сонссон бэ?

Энэ хөтөлбөрийн талаар өмнө нь сонсож байсан. Хамрагдан суралцахын тулд юу бэлдэх шаардлагатай тэр зүйлүүдийг урьдчилж бэлдээд, сонгон шалгаруулалт зарлагдахад нь оролцоод тэнцсэн юм.

Эдгээр шалгуураас хамгийн хэцүү нь аль нь байсан бэ?

Эсээ хамгийн чухал бас хэцүү нь байсан. Уг хөтөлбөр хэрэгжиж байгаа гол шалтгаан нь, хөтөлбөрөөр дамжуулан Монгол залуучууд АНУ-д суралцаад сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжлийн төлөө зориулдаг байхад оршиж байгаа. Миний өөрийн хүсэл ч мөн ийм байгаа гэдгээ эсээгээрээ дамжуулан хэлэхийг хүссэн юм. Мөн тооны шалгалт байсан.

Fulbright хөтөлбөрт хамрагдахад сайн дурын ажил хийсэн байхыг шаарддаг уу? 

Тийм шаардлага байсан. Миний хувьд эсээн дээрээ мөн ярилцлагадаа энэ талаараа оруулж өгсөн. Монголд сайн дурын ажил хийж байгаагүй. Харин НҮБ-ын залуу элчээр ажиллаж, залуучуудын дуу хоолойг хүргэж байлаа. Мөн европын хамтын ажиллагааны байгууллагын залуу элчээр ажиллаж байсан.

Яагаад Америк орныг сонгон суралцах болсон бэ?

Юун түрүүнд Аюулгүй байдал судлал мэргэжлээр суралцахад хамгийн тохиромжтой орон, мөн сургуулийг судалж үзсэний үндсэн дээр АНУ-ыг сонгосон юм. Эхний шалтгаан нь сургалтын чанар байсан бол дараагийн шалтгаан нь цалинтай дадлага хийх боломжтой байсан учраас юм.

Fulbright хөтөлбөрт тэнцэхэд сургуулиа өөрөө сонгодог уу эсвэл цаанаас нь оноож өгдөг үү?

Ер нь хоёр талтай. Ямар сургуульд сурмаар байгаа хүсэлтээ гаргаад явуулж болно. Тэгэхэд өөрийн тань сонгосон мэргэжлээр ийм, ийм сургуулиудад суралцаж болох юм байна гэсэн хариу ирдэг. Тэр дундаас нь сонгоод суралцаж болно. Өөрийн тань сурахыг хүссэн сургууль нь цаанаас санал болгож байгаа сургуулиуд дунд байвал магадгүй давуу тал болох юм болов уу.

Аюулгүй байдал судлал мэргэжлийнхээ онцлогийн талаар ярьж өгөөч?

Дайн, зөрчилдөөн, энх тайван, терроризм зэрэг уламжлалт аюулгүй байдлын асуудлыг судалдаг. Энэ мэргэжлээр төгсөөд судлаач болно. Батлан хамгаалахын их сургуульд суралцаж, ажиллаж байсан маань энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн гэж боддог. Цагийн байдалд дүн шинжилгээ хийх чадвартай сайн боловсон хүчин байвал улс эх орныхоо бие даасан аюулгүй байдлыг хангахад бага боловч хувь нэмрээ оруулна шүү дээ.

Магистрын хичээлүүдээс хамгийн сонирхолтой нь ямар хичээл байсан бэ?

Терроризм болон олон улсын аюулгүй байдал зэрэг хичээлүүд маш сонирхолтой байсан.

Нэг мэргэжлээр эх орондоо, мөн Америкт магистр хамгаалахад ижил төстэй болоод ялгаатай ямар чанарууд байсан вэ? 

Монголд суралцахад батлан хамгаалах гэж юу вэ, манай улсын аюулгүй байдал хангагдаж чадаж байна уу гэх зэрэг хэрэгцээтэй бүх зүйлээ мэдэх боломжтой. Харин АНУ-д суралцахад олон улс болоод тив дэлхийн аюулгүй байдал, батлан хамгаалах гэж юу вэ гэдэг талаар судалдаг. Нэг талаараа надад давуу тал үүсэж байна гэсэн үг л дээ. Өөрийн орны батлан хамгаалах салбар дэлхийд аль түвшинд, хаана явааг мэдэх боломж, нөгөө талаас АНУ-д сурсан зүйлээ эргээд эх орондоо хэрэгжүүлэх боломжтой болж байгаагаараа онцлог юм.

Цагийн зохион байгуулалтын тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?

Би бүх ажлаа өдрөөр, сараар, жилээр төлөвлөдөг. Ямар ажил хийхэд ямар хугацаа орох вэ гэдгээ тооцох хэрэгтэй. Мэдээж өдөрт хийх бүх зүйлээ үүндээ оруулж өгнө. Амралт, чөлөөт цаг, зэрэг бүх зүйлээ багтаасан байвал илүү зүгээр юм билээ. Зөвхөн хийх ажлын төлөвлөгөө байж болохгүй.

Англи хэл сурахыг хүсэж байгаа залуустаа юу гэж зөвлөх вэ?

Миний суралцаж байсан үеэс одоо бүх зүйл ондоо болсон байна. Сонирхол, сахилга бат хоёр чамайг ямар нэг зүйлд заавал хүргэх болно, үр дүнтэй байх болно гэж хэлмээр байна.

Америк, Монголын соёлын ялгаа ямар байсан вэ?

Монголд найзууд хоорондоо олон цагаар утсаар ярих нь хэвийн зүйл байдаг бол АНУ-д эсрэгээрээ дэмий зүйлээр бусдын цагийг үрэхгүйг хичээдэг. Эелдэг байдал хүмүүсийнх нь нэрийн хуудас юм уу гэмээр байдаг. Мэндлэх, хүндлэх ёс өндөртэй орон юм билээ. Мөн дээрээс нь чадах зүйлээрээ бусдад туслахад бэлэн сэтгэл зүйтэй хүмүүс юм шиг санагдсан.

Танай сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүн суралцахад ээлтэй байж чаддаг уу?

Зөвхөн манайх гэлтгүй АНУ-ын бүхий л сургуулиудын хувьд хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурагчдад ээлтэй байдал хамгийн чухалд тооцогддог. Хариуцсан төв хүртэл ажилладаг. Үүний хажуугаар хоолой таних программ зэрэг технологийн дэвшлүүд олонтой. Тэдгээрийг нь эх орондоо бий болгохыг хүсдэг. Товчхондоо хөгжлийн бэрхшээлтэй суралцагч өөрийнхөө асуудал бэрхшээлийг мартаад хичээлдээ анхаарах бүх нөхцөл боломжоор нь хангаж ажилладаг.

Олон олон үнэтэй зөвлөгөө, бусдадаа хэрэгцээтэй мэдээллийг хүргэсэн танд баярлалаа. Манай энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзталаа түр баяртай.



⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

#MASA