Alumni stories

Э.Дөлгөөн "PENNSYLVANIA STATE UNIVERSITY" -ийн төгсөгч

Сайн байна уу. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Хоёулаа манай сонсогчдод дэлгэрэнгүй танилцуулаад яриагаа эхэлье.

Сайн байна уу. Намайг энэхүү подкастанд урьж оролцуулж байгаад баярлалаа. Намайг Эрдэнэбулганы Дөлгөөн гэдэг. Хуульч мэргэжилтэй. Одоогоор Mahoney Liotta хуулийн фирмд хуульчаар ажилладаг. Анх Орос 14-р сургуульд суралцаж байсан. Тухайн сургууль маань 3-р ангиасаа Орос хэлний зэрэгцээгээр Англи хэл үзэж эхэлсэн. Үүний дараагаар Саруул ирээдүй цогцолбор сургууль руу шилжин суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд МУИС-ийн Хууль зүйн сургуульд бакалавраа сурсан. Үүний дараагаар "The Pennsylvania State University"-д мастерын зэргээ хамгаалсан.

Америкийн хуулийн сургуулийн систем ямар байсан бэ?  Монголоос юугаараа ялгаатай байсан бэ?

Монголд бакалаврын зэрэг авахын тулд 5 жил суралцаад, мастераар суралцах боломжтой болдог. Америкийн хуулийн сургуулийн хувьд тухайн оюутан заавал бакалаврын зэргээ авсан байхыг шаарддаг. Тийм учраас ахлах сургуулиа төгсөөд хуулийн чиглэлээр очоод сурна гэвэл боломжгүй. Америкт хэр удаан байх вэ, сурч төгсөөд эх орон руугаа буцах эсэхээс хамаараад 3 төрлийн сургалтын программаас сонгон суралцдаг.

Америкт хуулийн сургууль төгсөөд, тэндээ ажиллах боломж бий юу?

Сая сургалтын 3 программ байдаг тухай дурдсан. Эдгээрийн нэг нь буюу 1 жилийн хугацаатай программаар сураад төгссөнийхөө дараа 1 жил ажиллах боломжтой байдаг. Ингэхийн тулд ажил олгогчоос ажлын санал авсан байх шаардлагатай.

Америкт хуулийн сургуульд суралцахын тулд ямар материал бүрдүүлж, хэрхэн бэлдэж байсан бэ?

Би 2013 онд МУИС-ийг төгссөн. Тэр үед одоогийнхыг бодвол мэдээлэл хомс байсан л даа. Тухайн үед МУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж байсан ч магистрын тэтгэлэг хасагдаад зөвхөн бакалаврт олгогдож байсан. Тийм учраас өөрөө тэтгэлэг олох шаардлага үүссэн. Би 3 сургууль руу материалаа илгээсний нэг нь Penn State University байсан юм. Сургуулиа сонгосон шалтгаануудын нэг нь тэтгэлгийн хэмжээ байсан юм. Хуулийн сургуульд материал илгээхэд өөрийн танилцуулга, товч мэдээлэл, TOEFL оноо, бичиг баримт, дипломын хуулбар хэрэгтэй.

Сургуулиа хэрхэн сонгосон бэ?

Нэгдүгээрт Washington DC, New York зэрэг хотуудтай ойр учраас байршлыг нь харсан. Дараа нь тэтгэлгийн хэмжээ, мөн цаг агаар зэргийг нь харж тухайн сургуулийг сонгосон.

Сургалтын төлбөрөө хэрхэн санхүүжүүлсэн бэ?

Сургуулиасаа 50 хувь 20 мянган долларын тэтгэлэг авч чадсан. Үлдсэн 20 мянган долларыг өөрөө олох шаардлагатай болсон. Дээр нь нэмээд даатгалын 2500 орчим доллар төлөх шаардлагатай. Тэтгэлэг маань зөвхөн сургалтын төлбөрийнх учраас амьдрах зардлаа өөрөө олох хэрэгтэй. Амьдрах өртгийн хувьд нэг хүний байрны түрээс сарын 500 орчим байдаг. Автобусны карт нь сарын 15 доллар гэх мэт, өртгийн хувьд тийм ч үнэтэй биш ангилалдаа ордог. Би анх сургуульд очихдоо л тэтгэлэг авах ямар боломж байгааг судалж эхэлсэн. Сайн сурвал тэтгэлгийн хэмжээ нэмэгддэг. Миний хувьд 2 дахь семистрээсээ 60%-ийн тэтгэлэг авч сурсан.

МУИС болон Penn State University-ийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахад таныг оролцсон гэж сонссон. Энэ талаараа ярьж өгөөч?

Намайг Penn State University-д элсэж орох үед би анхны Монгол оюутан болж суралцаж байсан. Тухайн үед биднийг хариуцдаг оюутан хариуцсан багш, мөн манай профессор Steve Burns, бид 3 хамтраад, намайг хууль зүйн чиглэлээр мастерын зэргээр энэ сургуульд суралцах хүсэлтэй оюутнууд их байдаг тухай хэлэхэд саналыг маань хүлээн авч, профессор өөрөө манай оронд ирээд МУИС-ийн Хууль зүйн сургуультай танилцаад буцсан байдаг. Үүнээс жилийн дараа хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан. Энэ санамж бичиг байгуулагдсанаас хойш 50-аад оюутан тухайн сургуульд элсэн суралцсан.

Хуулийн сургууль төгссөн хүний хувьд, энэ чиглэлээр суралцах сонирхолтой залуустаа юу гэж зөвлөх вэ?

Нэгэнт зорилго чинь тодорхой бол эрт эхлээрэй гэж хэлмээр байна. TOEFL-д бэлтгэхэд, тодорхойлох захидал авахад гэх мэтчилэн цаг их орох учраас бүх зүйлээ эртнээс төлөвлөөд сайн бэлдээрэй гэж хэлмээр байна. Дараагийнх нь, хууль уншиж судлахын хажуугаар бодит, тохиолдсон үйл явдлуудын тухай унших нь Америкт хуулийн чиглэлээр сурахад илүү хэрэг болно. Гуравдугаарт, англи хэлээ сайжруулах хэрэгтэй. Ахисан түвшинд бусадтай хуулийн талаар ярилцаад, багшдаа өөрийн үзэл бодол, байр сууриа тухайн хичээл дээр илэрхийлж чаддаг байх нь их чухал юм.

Хууль болон анагаахын чиглэлээр суралцахад ойролцоо, бас хүнд гэж ярьдаг. Америкт ямар байсан бэ?

Мэдээж амаргүй байдаг. Намайг анх очих үед 500 гаран хуудастай ном унших шаардлага гарч байсан. Арай ч бүгдийг нь уншихгүй байх гэхэд, жилийн дараа уншаад дууссан байсан. Учир нь хичээл бүрийн дараа маргааш нь орох хичээлийг уншихын тулд өдрийн турш номын санд суудаг. Мөн манай ангийнхан 3 жил суралцдаг оюутнуудтай хамт зарим хичээлд суудаг учраас, тэдний ажиллаж байсан материал, уншиж  байсан бодит кейс зэргийг харах, хичээлтэйгээ уялдуулж ойлгоход илүү хялбар байсан. Тиймээс бусадтайгаа илүү нээлттэй, харилцаатай байгаарай гэж хэлэх байна.

Америкт байх үеийн хамгийн сорилттой үе хэзээ байсан бэ?

Анх очоод 14 хонож байх үед юм байна. Би өрөөнийхөө гэрлийг солих шаардлагатай болсон. Өмнө нь ийм зүйл хийж байгаагүй болохоор, бас боолт нь эргэхгүй хэцүү санагдаад уйлж байсан. Бас дэлгүүрээс хүнд тортой зүйл өргөөд явах үе ч байсан. Гэхдээ сайн тал нь гэвэл шинэ оюутанд тохиолддог эдгээр асуудлын үед яах вэ гэдэг талаас нь сургуулийн зүгээс их анхаардаг. Чамд ийм, ийм зүйл тохиолдоно, үүнийг ингэж даван туулах хэрэгтэй гэдэг талаас нь анхаардаг. Мөн сургуулийн номын сан 24 цаг болохоор хонож болдог. Тэндээ дуртай учраас хоноод өглөө нь шүршүүрт ороод хичээлдээ явж болдог байсан.                                                                         

Тэтгэлгийн хэмжээ харилцан адилгүй байдаг шүү дээ. Чиний бодлоор яавал өндөр дүнтэй тэтгэлэг авах вэ?

Нэгдүгээрт сайн дүнтэй байх хэрэгтэй. Дараагийнх нь TOEFL-ын оноо сайн байх шаардлагатай. Мөн өөрийн танилцуулгаа богино, тодорхой ойлгомжтой бичиж чадвал бусдаасаа ялгарах болно. Өөрийгөө тодорхойлох эсээ чухал нөлөөтэй байдаг. Ажлын туршлага арвин байх ийм, ийм тодорхой ажил хийх зорилготой гэдгээ бичиж өгвөл бас зүгээр. Гэхдээ эдгээр нь зөвхөн манай сургуулийн тухайд ярьж байгаа юм.

Англи хэлийг яаж сурсан вэ?

Миний хувьд бага ангиасаа Орос хэлний хажуугаар 7 хоногт 2 удаа Англи хэл үздэг байсан нь нөлөөлсөн гэж хэлж болно. Амралтын өдрөөр бямба гаригт мөн нэмэлтээр давтлага авдаг байсан. Мэдээж хуулийн чиглэлээр сурахад мэргэжлийн үг хэллэг их учраас тухайн хуулийн чиглэлийн материалуудыг нэмэлтээр их уншсан.

Хуулийн чиглэлээр мэргэжлээ сонгох гэж байгаа ахлах ангийнханд ямар зөвлөгөө өгөх вэ?

Би хуульч болмоор байна гээд эртнээс шийдээд, өөрийн хүслээ тодорхойлчихсон бол сурахад илүү хялбар байна. Мэдээж маш сайхан мэргэжил. Хүнийг сайн төлөвшүүлдэг. Бусдад аливаа асуудал тулгарахад хуулийн хүрээнд мэдлэгтэй байх нь чухал учраас олон хүнд тусалдаг. Хүнлэг иргэн болж төлөвшдөг.

Америкт сурсан нь танд хэрхэн нөлөөлсөн вэ?

Маш их нөлөөлсөн гэж хэлнэ. Хувь хүний хувьд аливааг сайн төлөвлөж сурсан. Нэг төлөвлөгөө гаргачихсан байхад гэнэтийн зүйл болоод байдаггүй. Монголд харин өөр байдаг шүү дээ.

Танай сургууль хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад хэр ээлтэй вэ?

Нийтэд нээлттэй сургууль учраас бүх талын дэмжлэг байдаг гэж болно. Тэтгэлгийн хэмжээ илүү өндөр байдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй оюутны төв гэж байдаг. Төгсөх шалгалт дээр илүү уян хатан ханддаг. Тухайн оюутан хичээлдээ ирж чадахааргүй бол онлайнаар шалгалтаа өгч болно. Эсвэл шалгалтынх нь хуваарийг хойшлуулж өгдөг гэх мэт олон боломжууд байдаг.

Бидний урилгыг хүлээн авч хуулийн мэргэжлийн талаар, Америкт хуулийн чиглэлээр суралцахад ямар байдаг талаар үнэтэй мэдээллийг бусад даа өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье.

Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танай хамт олонд баярлалаа.




Та бүхэн доорх холбоосоор орж түүний ярилцлагыг бүрэн эхээр нь сонсоорой.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

#MASA