Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулна уу?
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Дашнямын Номин гэдэг. Би MahoneyLiotta LLP олон улсын хуулийн фирмд хуульчаар ажилладаг. Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны Дэд Ерөнхийлөгчөөр 2019-2022 оны хооронд ажилласан. “Хобби” сургуулийг арван жилдээ суралцаж төгсөөд МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд Эрх зүйч мэргэжлээр Бакалаврын зэрэг хамгаалсан. Оюутнаар суралцаж байх хугацаанд АНУ-ын Засгийн Газрын Global UGRAD хөтөлбөрт хамрагдаж, 100 хувийн тэтгэлгээр нэг жил АНУ-ын Миссисипи мужийн Жексон хотод бизнес болон маркетингийн чиглэлээр суралцах боломж тохиосон. Уг хөтөлбөрт хамрагдаж ирснийхээ дараа МУИС-ийн Хууль Зүйн сургуулиа төгссөн. Түүний дараа АНУ-ын Аризона мужид байрладаг Аризонагийн Их Сургуульд Хууль Зүйн Доктор буюу “Juris Doctor” зэргээ хамгаалсан.
Та Global UGRAD тэтгэлэгт хөтөлбөрийн талаар хаанаас, хэрхэн мэдээлэл авч байсан бэ?
Би Global UGRAD хөтөлбөр Монголд хэрэгжиж эхлээд удаагүй байхад нь буюу хоёр дахь жилд нь хамрагдаж байсан. Тэр үед одоо үе шиг мэдээлэл хүртээмжтэй олддоггүй байсан. Тухайн үед вебсайт эсвэл өдөр тутмын сонин дээр гарсан байсан мэдээллийг манай үеэл эгч олж уншаад АНУ-д нэг жилийн хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах боломж байна, чи хүсэлт гаргаад үзэх хэрэгтэй гэж надад зөвлөж байсан юм.
Энэхүү хөтөлбөрт өргөдлөө илгээхдээ хэр удаан бэлдсэн бэ?
Хөтөлбөрийн материал хүлээж авах эцсийн хугацаа дөхчихсөн байхад мэдээлэл авсан тул бүрдүүлэх хэрэгтэй материалын жагсаалтыг нь харсан. Азаар ихэнх материал нь надад бэлэн байсан. Жишээ нь, би өмнө нь өөрийн сонирхлоороо TOEFL-ын шалгалт өгчихсөн байсан учраас хэлний шалгалтын оноо бэлэн байсан. Бас хичээлийн голч оноо хүрч байсан. Тэгээд багш нараасаа тодорхойлолт авах, эссэ бичих зэрэг бусад материалаа богино хугацаанд бэлтгэж бүрдүүлсэн. Одоо санахад бараг материал хүлээж авах эцсийн өдөр нь өгч байсан.
Global UGRAD хөтөлбөрөөр АНУ-д анх очихад танд ямар мэдрэмж төрж байсан вэ?
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа би анх удаа АНУ-д очиж үзсэн. Би өөрийгөө бусад оролцогч нараасаа илүү сонирхолтой, адал явдалтай байдлаар Америк улстай танилцсан гэж боддог. Яагаад их сонирхолтой байсан гэхээр тухайн үедээ Миссисипи муж өөрөө АНУ-ын хамгийн ядуу буурай муж байсан. Тэр мужийн нийслэл болох Жексон хотод байрладаг Африк Америкчуудад зориулсан түүхэн сургуульд би суралцсан. Нэгдүгээрт, Монголоос явж байгаа оюутнууд Миссисипи мужийг зорьж очих нь ховор. Хоёрдугаарт, яг Африк Америкчуудад зориулсан түүхэн сургуульд суралцах сонирхол нэг их байдаггүй байх гэж бодож байна. Намайг Global UGRAD хөтөлбөрөөс тэр сургуульд хуваарилсан байсан учраас би очиж суралцсан. Гэхдээ энэ туршлага намайг АНУ-тай бүр гүнээс нь танилцах боломжийг олгосон.
Яагаад таныг тус их сургуульд сонгон суралцуулсан гэж боддог бэ?
Global UGRAD хөтөлбөр маань Монгол оюутнуудыг зөвхөн АНУ-д сургахаас гадна, соёлын солилцооны хөтөлбөр гэж явдаг. Миний бодлоор гадаад оюутнууд Jackson State University-д өмнө дурдсан шалтгаанаас болоод төдийлөн суралцдаггүй байсан. Тийм учраас бид нарыг тухайн сургуульд хуваарилснаараа тус их сургуульд илүү даяаршлыг харуулж, мөн тэнд суралцдаг оюутнуудад олон улсын оюутнуудтай харилцах, соёлыг нь ойлгох боломжийг нээх зорилготой байсан болов уу. Тийм болохоор намайг урд нь Монгол хүн явж байгаагүй газарт хуваарилсан байх гэж бодсон. Тэнд гадаад оюутан бараг байдаггүй, жижигхэн сургууль байсан учир Монгол, Малайз, Итиоп зэрэг улсуудаас ирсэн гадаад оюутнууд их сонирхолтой, бусдыг өөртөө татах онцлогтой байсан. Мөн сургууль маань өөртөө донор олж авах боломж байсан учраас хаана л соёлын солилцоотой холбоотой хөтөлбөр болж байна бид нар тэнд үндэсний хувцсаа өмсөөд явж байдаг байсан. Мөн сургуулийн захиргааны зүгээс доноруудтай оройн хоол идэхээр болох үед бид нар бас л үндэсний хувцсаа өмсөөд нөгөө доноруудтайгаа улс орныхоо талаар ярилцаад явж байдаг байсан. Энэ нь өөрөө сургуулиа сурталчлах, дээрээс нь нэмээд улс орноо сурталчлах их том боломж болдог байсан.
Америк дахь солилцооны хөтөлбөрөө дуусгаад Монголдоо ирж МУИС-ийг төгссөн гэсэн. Үргэлжлүүлээд Монголдоо ажилласан уу? Аризонагийн Их Сургуульд хэзээ, яаж суралцахаар шийдсэн бэ?
Би МУИС-д Эрх зүйч мэргэжлээр суралцаж байх үедээ би ер нь хуульч хүн болох юм уу? Надад хуульч болох сонирхол үнэхээр байна уу? гээд нэлээн эргэлзсэн учраас өөртөө чөлөө олгоод үзье гэж бодсон. АНУ-д очихдоо бүр тэс өөр бизнес болон маркетингийн чиглэлээр нэг жил суралцаж үзсэн байдаг. Тэгээд би бизнес болон маркетингийн чиглэлээр суралцах сонирхолгүй байсан гэдгээ ойлгосон. Түүнийгээ олж мэдсэн нь миний хувьд хамгийн онцлог давуу тал болсон. Хөтөлбөрт оролцогчдын хувьд Монгол болон Америкт суралцсан хичээлийн кредитээ дүйцүүлэх боломжтой байдаг. Гэвч миний хувьд өөр чиглэлээр суралцсан тул Монголдоо эргэж ирээд нэг ч кредит шилжүүлэх боломжгүй байсан. Тийм учраас би таван жилийн хугацаанд сурч төгсдөг сургуулийг зургаан жил сурч төгссөн юм. Уг нь би төгсөөд ажил хийе гэж бодож байсан юм. Би 4 дүгээр курсийн оюутан байхаасаа л олон улсын хуулийн фирмд дадлагажигч оюутнаар ажиллаж байсан. Тэр ажил маань ч надад их таалагдсан. Монголдоо 2-3 жил ажилласныхаа дараа гадаадад сурна гэж төлөвлөж байсан. Гэвч 2012 онд сургуулиа төгсөөд шууд Аризонагийн Их Сургуульд суралцахаар явсан.
Яагаад Аризонагийн Их Сургуулийг сонгон суралцах болсон бэ?
АНУ-ын Аризонагийн Их Сургуулийг сонгон суралцсан шалтгаан маань ч бусад хүмүүсийнхээс бас өөр байсан. Би 4 дүгээр курстээ олон улсын хуулийн фирмд дадлагажигч оюутнаар ажиллаж байх хугацаандаа Монголд судалгааны ажил хийхээр нэг жилийн хугацаатай ирсэн АНУ-ын Аризонагийн Их Сургуульд хууль зүйн чиглэлээр профессор хийдэг багштай танилцсан. Тэр хүн намайг, чи МУИС-ийн хуулиар сурсан, дээрээс нь олон улсын хуулийн фирмд ажиллаж байгаа туршлага байгаа юм чинь АНУ-д хуулийн зэрэг хамгаалсан нь зүгээр гэж зөвлөсөн юм. Хоёр улсын хууль эрх зүйн тогтолцооны ялгааг судлаад илүү үр дүнтэй, олон улсын түвшинд хуулийн зөвлөгөө өгч ажиллаж чадна гэж хэлдэг байсан. Тэр тухайн үедээ би нэг их тоохгүй, ядаж би хоёр жил ажилламаар байна гээд явж байсан л даа. Тэгээд яг сургууль төгсөх дөхөөд ирсэн. Нөгөө профессор маань ч АНУ руу буцчихсан байсан. Над руу эргэж холбогдоод манай сургууль онцлог сонирхолтой шинэ хөтөлбөр АНУ-д нэвтрүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн анхны Монгол оюутны нэг нь чамайг байгаасай гэж хүсэж байна. Чи манай сургуульд өргөдлөө явуулаад үз гэж санал болгосон. Америкт арван жилээ төгсөөд шууд хуульчаар суралцах боломжгүй. Эхлээд бакалаврын зэргээ хамгаалаад 3 жил хуулийн сургуульд сурсны дараа шалгалт өгч тэнцээд хуульчаар ажиллах эрхээ авдаг. Миний хувьд шууд хуулийн сургуульд нь суралцах боломжтой байсан. Надад санал болгосон хөтөлбөр нь гурван жилийн сургалттай хөтөлбөрийг хоёр жил суралцах боломжтой түргэвчилсэн хөтөлбөр байсан юм. Тэгээд ганц мэддэг сургуульдаа өргөдөл гаргаж тэнцээд, очиж суралцсан. Мөн өмнө нь нэг жил сурч байсан кредитээ тооцуулаад Монголдоо хууль зүйн чиглэлээр сурсан, ажилласан туршлага байсан учраас шууд Juris Doctor зэрэгтэй төгссөн байгаа.
Сургалтын санхүүжилтийг яаж зохицуулж байсан бэ?
Миний сурсан Advanced Juris Doctor гэдэг хөтөлбөр маань АНУ-даа анх удаа явагдаж байсан хөтөлбөр. Би туршилтын хугацаанд нь өргөдлөө явуулсан. Тэгэхээр сургуулийн зүгээс туршилтын хугацаанд тэнцсэн оюутнуудад сургалтын төлбөрийн 2/3-ыг нь тэтгэлэг болгон өгч байсан. Үлдсэн төлбөрийн 1/3 дээр ч надад санхүүгийн асуудал гарсан л даа. АНУ-д хууль, бизнес болон анагаахын сургуулиуд нь их үнэтэй байдаг. Тэгэхээр хуулийн сургуулийн төлбөрөө би яаж олох вэ? Дээрээс нь ийм түргэвчилсэн сургалтад сууж байгаа болохоор надад ажил хийх ямар ч боломж байхгүй. Угаасаа ажил хийхийг цаанаас нь хориглодог. Тэгсэн чинь одоо миний ажиллаж байгаа MahoneyLiotta LLP олон улсын хуулийн фирм маань сургалтын төлбөрийг чинь төлье, дээрээс нь амьдрах зардлыг чинь даая гэсэн. Тэгээд эргэж ирээд ажиллах гэрээтэй, 100 хувь зардлаа даалгах боломж олдоод сурсан байгаа. Тэгэхээр бас их давуу талтай байсан. АНУ-д хуулийн сургуулийн оюутнууд төгсөөд яаж ажилд орох вэ гээд зөндөө өр тавиад сурчихдаг. Америкчууд чинь сургалтын зээл бас их авдаг. Ийм их хэмжээний өр тавиад сурчихсан хүмүүс чинь төгсөөд л шууд ажилд орох хэрэгтэй байдаг. Тэр дунд би чинь сургалтын төлбөр болон амьдрах зардлаа төлүүлчихсэн, төгсөөд ажлын байр нь бэлэн учраас их давуу талтай санаа амар сурч байгаад ирсэн.
АНУ-д хуулийн сургуульд суралцахад ачаалал хэр их байсан бэ?
Ачаалал маш өндөр. Би өмнө нь АНУ-д суралцахын хажуугаар ажил хийдэг байсан учраас өөрийгөө ачаалал дааж чаддаг гэж боддог байсан. Дараа нь АНУ-д хуулийн сургуульд очоод сурсан чинь өмнө нь би ачаалал гэдэг зүйлийг бараг мэддэггүй байсан юм байна гэж бодсон. АНУ-д хуулийн сургуулийн онцлог нь их бие даасан байдлаар хичээл хийдэг, харилцан яриа маягаар задалж, дүн шинжилгээ их хийлгэх байдлаар хичээл нь ордог. Профессор нь лекц уншихаасаа илүү өмнө уншиж судалсан зүйлсийн талаар ангид ярилцаад, тэр харилцан яриан дундаасаа суралцдаг арга барилтай. Тийм болохоор анги дүүрэн хүүхдүүд байж байхад гэнэт профессор чинь чамайг дуудаад тэр жишээний талаар ярь, тэр жишээний хууль нь юу байсан юм, факт нь юу байсан бэ? гээд асуучихдаг. Тэгэхээр зуу гаруй оюутнуудын өмнө санаа зовохгүйн тулд тэр олон жишээг урьдчилан уншиж, жишээн дээр дүн шинжилгээ хийсэн байх хэрэгтэй. Тийм болохоор өглөөнөөс орой хүртэл битүү хичээлийн хуваарьтай, хичээлдээ яваад, номын санд суугаад л их завгүй байсан даа.
АНУ-д хуулиийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд залууст ямар зөвлөгөө өгөх бэ?
Америкт хуулийн чиглэлээр суралцахад хоёр төрлийн боломж байгаа гэж би хардаг. Нэг нь LL.M. буюу хуулийн магистр хийх. Монголоос суралцаж байгаа оюутнуудын бараг 90 хувь нь энэ чиглэлийг сонгодог байх. Энэ нь Монголдоо эрх зүйн боловсролоо эзэмшээд АНУ-д магистрын зэргээ хамгаалдаг гэсэн үг. Нөгөө нэг боломж нь миний сурсан хөтөлбөр байгаа юм. Бас мэдээж бүтэн гурван жил суралцах боломж байгаа л даа. МУИС-д хуулийн чиглэлээр төгсчихөөд SAT, GRE зэрэг шалгалттай адилхан боловч зөвхөн хуулийн сургуульд орох оюутнууд өгдөг LSAT гэдэг шалгалтыг Монголдоо хамгийн ойрхон Бээжинд очиж өгөөд, хуулийн сургуульд орох бусад баримт бичгээ бүрдүүлээд гурван жилийн хөтөлбөрт хамрагдаж болно. Ингэснээр Juris Doctor зэргийг бүтэн цагаар гурван жилийн хугацаанд суралцаж болдог. Өөр нэг боломж гэвэл над шиг advanced Juris Doctor буюу ахисан түвшний хуулийн зэргээр суралцаад гурван жилийн хөтөлбөрийг хоёр жилийн хугацаанд суралцах боломжтой болчихсон.
Манай хөтөлбөр АНУ-даа анх удаа явагдаж байсан туршилтын хөтөлбөр байсан. Одоо тэр үеэс хойш бараг арваад жил өнгөрчихсөн учраас ганц Аризонагийн Их Сургууль биш өөр хуулийн сургуулиуд энэ хөтөлбөрийг санал болгодог болсон. Тэгэхээр тэр бүх сонголтуудаа хараад өөрт тохирохыг нь судлаарай гэж зөвлөмөөр байна. LL.M чиглэлээр суралцахад татварын мэргэжилтэн бэлтгэдэг татварын LL.M гэдэг сонголт бас байдаг. Монгол оюутнуудын суралцахаар явж буй чиглэлүүдийг нь харахаар нэг жилийн хугацаатай магистрын зэргээр АНУ-ын хууль эрх зүйн тогтолцоог хүмүүст таниулах, дээрээс нь олон улсын суурь ахисан түвшний ойлголтыг өгөх чиглэлээр илүү суралцдаг. Juris Doctor бол Монголд хууль, эрх зүйн чиглэлээр таван жил сурдаг шиг адилхан АНУ-д гурван жил сурдаг хөтөлбөр юм. Гэхдээ заавал бакалаврын зэрэгтэй оюутнууд сурдаг байгаа. Сүүлийн үед бас зарим шаардлагууд өөрчлөгдсөн байсан. Жишээ нь, зарим их сургуулиуд LLB буюу эрх зүйн бакалаврын хөтөлбөр санал болгодог гэсэн. Гэхдээ тэрний дараа заавал Juris Doctor хөтөлбөрт суралцаж байж ажиллах эрхийн шалгалт өгөх ёстой гэж сонссон.
Та өөрийнхөө мэргэжлээр өдөр тутамд хийдэг ажлынхаа онцлогийн талаар хүүхэд залуучуудад хуваалцана уу? Яг таны гаргасан зам мөрөөр сурах хүсэл мөрөөдөлтэй залуус байж магадгүй юм.
Би одоо Бизнесийн эрх зүй, Хөрөнгө оруулалтын чиглэлээр хуулийн зөвлөгөө өгдөг хуулийн фирмд ажилладаг. Тэр маань манай MahoneyLiotta LLP хуулийн фирм. Анх бакалавраа МУИС-д хууль эрх зүйн чиглэлээр суралцахдаа энэ чиглэлээр ажиллана гэж огт төсөөлж байгаагүй. Хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, консалтинг хийдэг хуулийн фирм байдаг гэсэн ойлголт ч надад байгаагүй. Тухайн үед сургуульд орохдоо хуульч хүнд гуравхан төрлийн сонголт байдаг юм байна. Нэг нь шүүгч болох, үгүй бол прокурор болох, нөгөө нь өмгөөлөгч болох гэж боддог байсан. Тэгээд бодоод байсан чинь ер нь шударга ёсыг сахиулах хамгийн боломжит арга нь прокурор болох юм байна гээд би хувьдаа дүгнэчихгүй юу, тэр үед юугаа ч мэдэхгүй жаахан байсан. Тэр үед надад Global UGRAD хөтөлбөрийг зөвлөж байсан эгч маань өөрөө эрх зүйч хүн л дээ. Эгч маань хуулийн фирмд дадлагажигчаар ажиллахыг мөн санал болгосон юм. Тэгээд тэр өмгөөллийн товчоонд англи хэлтэй хүүхэд ороод ирэхээр намайг их сонирхоод “Чи ер нь ирээдүйд ямар мэргэжилтэй болох сонирхолтой бэ” гээд надаас асуусан чинь “Би прокурор болно” гэсэн. Өмгөөллийн товчоон дээр оччихоод прокурор болно гээд яриад явахаар ямар ажилд орох вэ дээ (инээв). Тэгэхэд тэр өмгөөлөгч маань яг одоо бол тохиромжтой биш байна, хэрвээ чи санаа бодлоо өөрчлөх юм бол эргээд ирээрэй гэж хэлж байсан. Би тухайн үедээ прокурор нь юу хийдэг, өмгөөлөгч нь юу хийдэг гэдгийг ч мэдэхгүй л явж байсан. Тэгээд суралцаж байгаад дараа нь 4 дүгээр курст байхдаа олон улсын хуулийн фирмд дадлагажигч оюутнаар ажиллаж эхэлсэн. Тэнд гадны хөрөнгө оруулагч нартай шууд тулж ажилладаг Монгол улсад гадаадын хөрөнгө оруулагч нарыг татахад хууль зүйн зөвлөгөө өгдөг, туслалцаа үзүүлдэг байсан. Тийм ажил байдаг гэдгийг мэддэггүй байж байгаад, гэнэт тийм ажилд орсон чинь их сонирхолтой байсан. Монголд болж байгаа томоохон төслүүд дээр хуулийн зөвлөгөө өгөх боломж байдаг юм байна гэдгийг ойлгож байсан. Түүний дараа жил тэндээ ажилласан.
Одоо яг мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд хандаад ямар зөвлөгөө өгөх бэ?
Миний хувьд хуульч гэдэг мэргэжилдээ илүү дуртай болох, намайг хуульч болох ёстой хүн юм байна гэдгийг маань ойлгуулсан зүйл бол жилийн чөлөө авч хөтөлбөрт хамрагдсан маань байсан. Тэр үед жилийн чөлөө аваад өөр чиглэлээр сурч үзээгүй бол мэргэжлийнхээ давуу талыг, ямар сайхан мэргэжил гэдгийг нь ойлгохгүйгээр төгсчих байсан гэж би одоо хардаг. Яагаад гэвэл би арван жилээ арван зургаан настайдаа төгсөж байсан. Тэгэхээр би тэтгэвэрт гартлаа амьдралынхаа 40 жилийн турш ажиллах тэр мэргэжлээ арван зургаан насандаа сонгоно гэдэг чинь тийм ч амар зүйл биш шүү дээ. Хэрэв үнэхээр боломж нь байвал хэсэг хугацаанд өөрөө өөртөө тийм чөлөө олгох зүгээр юм болов уу гэж надад санагддаг. Тэр чөлөө авах боломж нь өөрөө Global UGRAD хөтөлбөр байгаа юм.
Та MASA-д яагаад элсэж орсон бэ? Сайн дурын хийдэг ажлуудаасаа бидэнтэй хуваалцана уу?
MASA-тай миний холбогдсон түүх гэвэл 2009 онд Global UGRAD хөтөлбөрөөр суралцаж ирээд MASA-гийн анхны Удирдах Зөвлөлийн хуралд би сайн дураараа оролцдог байсан. Тэр үед би оюутан байсан. Түүнээс хойш яг арван жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа бүрт нь байнга оролцож байгаад 2019 оны сүүлээр MASA-гийн Удирдах Зөвлөлд орсон. АНУ надад асар их зүйл өгсөн учраас өөрт байгаа зүйлсээ бусадтай хуваалцаж, эргүүлээд өгөх, өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс MASA-д элсэж орсон.
Танд баярлалаа. Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. За. Баярлалаа.

