Alumni stories

Д.Чинханд "Hubert Humphrey" хөтөлбөрийн төгсөгч

Сайн байна уу. Өөрийгөө манай сонсогчдод дэлгэрэнгүй танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.

Сайн байцгаана уу. Намайг Доржын Чинханд гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд Монголын радиод мэдээний сэтгүүлчээр ажиллаж байгаад, тэр хугацаандаа улс төрийн нэвтрүүлгийн редакци руу шилжиж ажилласан. Энэ үедээ АНУ-ын Аризонагын их сургуулийн 1 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдан суралцаад ирсэн.

Одоо та ямар ажил хийж байгаа вэ?

АНУ-д суралцаж ирээд, Монголын радиодоо дахин 1 жил ажилласан. Үүний дараа нь Америк компанид ‘’PR Officer’’ гэсэн мэргэжлээр 3 жил ажиллаад, уул уурхайн салбар луу орсон. Тэгээд дараа South GOBI science компанид Орон нутагтай харилцах хэлтсийн менежер хийж байгаад, одоо энэхүү мэргэжлээрээ ‘’BOROO Gold’’ компанид ажиллаж байна.

Hubert humphrey хөтөлбөрийн талаар хэрхэн олж мэдсэн вэ?

Би хөтөлбөрт хамрагдахаасаа өмнө найзаараа дамжуулаад Английн Manchester хотод очоод хэсэг хугацаанд ажилласан. Ингэж явахаасаа өмнө Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Англи хэлний чиглээр жил гаран сурсан л даа. Гэхдээ мэдээж сайн хангалттай хэмжээнд хүртэл сурч чадаагүй. Англид хэд хэдэн удаа очоод хэсэг хугацаанд ажиллаад ирснийхээ дараа би суралцах хэрэгтэй юм гэдгээ ойлгосон. Ингээд тэтгэлэг судалж байгаад, надад хамгийн тохирохоор нь энэ хөтөлбөр санагдсан учраас сонгосон.

Түрүүн хэлэхдээ 1 жил гаран Англид ажиллаж, амьдарсан гэсэн энэ нь танд хэрхэн нөлөөлсөн вэ?

Амьдралд хүн алхам бүртээ сонголттой нүүр тулж байдаг юм билээ. Хэрвээ би сурч чадна гэвэл, дараа дараагийн арга замаа хүн бодож эхэлдэг. Чадахгүй гээд бодчихвол энэ нь цаашаа өөр олон сонголт болоод задраад явчихдаг. Би Англид байхдаа давхар ажил хийгээд багахан мөнгө олж байсан уу гэвэл тийм. Харин ерөнхийд нь харвал ажлаас ажлын хооронд, нэг удаа Лондон орсноос өөрөөр аялж ч үзээгүй явсан байгаа юм. Тэгэхээр миний хувьд энэхүү хөтөлбөрт хамрагдсан нь надад томоохон өөрчлөлт авчирсан чухал шийдвэр байсан.

Hubert Humphrey хөтөлбөрт хамрагдаад, Arizona State University-г яагаад сонгох болсон вэ?

Сургуулийг цаанаас нь хуваарилж өгсөн. Тухайн сургуулиудаа бас тодорхой шаардлагын үндсэн дээр сонгодог юм билээ. Миний хувьд Аризонагийн их сургуульд энэхүү хөтөлбөрөөр дамжуулан суралцаж байгаа анхны Монгол оюутан болж байсан. Сэтгүүл зүйн чиглэлээр сурч байсан учраас, энэ чиглэлээр хамт суралцаж байгаа оюутнуудтай их ярилцдаг байсан. Манай орон л дайн тулаангүй амар амгалангийн орон юм билээ. Пакистан зэрэг орнуудад сэтгүүлчээр ажиллаж байхдаа барьцаалагдаж байсан гээд 2 ч оюутан ярьж байхыг сонссон юм. Бас сурвалжлах газраа очоод, байдал хяналтаас гарвал хаагуур хэрхэн зугтах вэ гэдгээ хамгийн түрүүнд хардаг гэж байсан.

Таныг суралцаж байхад бусад орны сэтгүүл зүйн салбар ямар байсан вэ?

Одоогийнхтой харьцуулахад арай хөгжил бага гэж хэлж болно. Одоо бүх зүйл цахим болсон байна. Тухайн үед яригдаж байсан зүйл нь юу гэхээр, иргэний сэтгүүл зүй маш хурдацтай хөгжиж байна шүү. Үүнтэй зэрэгцэж алхахын тулд онлайн орчинд сайн ажиллаж сурах хэрэгтэй гэдэг байсан. Гэхдээ ёс зүйтэй байх шаардлагатай. Хүссэн хүн бүхэн цахим орчныг ашиглаад янз бүрийн мэдээ мэдээлэл түгээнэ. Үнэн худлыг нь маш сайн нягталдаг байх нь чухал гэдэг нь 2010 оны үед яригдаж эхэлж байжээ.

Мэргэжлээ хэрхэн сонгосон вэ?

Манай аав, ээж 2 сэтгүүлч хүмүүс л дээ. Тэр нь надад нөлөөлсөн гэж боддог. Мэргэжилдээ дуртай юу гэвэл тийм гэж хэлнэ. Одоо хийж байгаа ажлын суурь нь миний мэргэжилтэй холбогддог л доо.

Аризона мужийн онцлогийн талаар бидэнд сонирхуулаач?

Америк улс Мексик улстай хиллэдэг тэр хэсэгт Аризона муж байдаг. Том, том кактус ургадаг. Үзэсгэлэнтэй гоё байгальтай газар. Цөл газар учраас маш их халуун. Өвөлдөө +20 хэм байдаг. Манай Монгол шиг мөнх хөх тэнгэртэй. Зуны улиралд усан сангүй бол хэцүү юм билээ.

Arizona State University-ийн хичээл хэрхэн орж байсан вэ?

Сэтгүүл зүйн чиглэлээр сурахаар очсон, дээрээс нь тухайн хөтөлбөрийн анхдагч оюутнууд гэдэг утгаараа бүх зүйлийг маш сайн бэлдсэн байсан. Манлайлалд чиглэсэн сургалтууд голлон ордог. Мөн нэмэлтээр өөр хичээл судалж болно. Миний хувьд тухайн цаг үе, мэргэжилтэйгээ уялдуулаад веб сайт хэрхэн хийх талаар сонгон судалж байсан. Үүний зэрэгцээ сэтгүүл зүйн салбарын улсдаа манлайлагч шилдгүүд нь бидэнд лекц орно.

Америкт сурч байхад хэцүү үе мэдээж байсан байлгүй. Үүнийгээ хэрхэн даван туулж байсан вэ?

Энэ дэлхий дээр олон хүн байдаг юм байна. Сурч мэдэх зүйл асар их юм байна. Аливаа ажлыг хийхэд хамтын хүч, оролцоо юунаас ч илүү чухал юм байна. Хүмүүс сурч мэдэхийн төлөө ингэж хичээдэг байх нь, үнэхээр сайн мэдлэг боловсролтой хүмүүс олон байх юм гэх мэт олон зүйлийг харж, биеэр мэдэрсэн үе байсан даа.

Америкт сурч байх үеийн сайхан нь юу байсан вэ?

Би хүүхдүүдээ авч очсон нь хамгийн зөв зүйл болсон. Тухайн үед том хүү маань 16 настай, бага хүү маань 6 настай байсан үе л дээ. Бага хүү маань ганцхан жилийн дотор Англи хэлийг маш сайн сурсан. Харин том хүү маань Америк хөл бөмбөгт дуртай. Үүнийхээ ачаар өндөр залуу болсон.

Мэргэжил сонголтын тухайд залуучууддаа юу гэж зөвлөх вэ?

Хүн бүрт өөр өөрийн өгөгдөл байгаа. Нэг үгээр хэлбэл, хүүхдийг өөрийнх нь генетикээр дамжуулан сонирхол, цаашид хийх ажил зэргийг нь тодорхойлж болдог болчихсон шүү дээ. Тиймээс ийм төрлийн тест өгөөд үзэхэд буруудахгүй. Сонирхдог чиглэлээрээ ажиллавал амжилттай байх магадлал их байна гэсэн үг болох юм байна лээ. Тэгэхгүйгээр аав нь тийм байсан, тийм чиглэлээр сур гэсэн ойлголт одоо хоцрогдсон ойлголт болно.

Англи хэлийг хэрхэн сурах талаар зөвлөгөө өгвөл?

Дан ганц дүрэм сайн сураад Англи хэлийг сурчихдаггүй юм билээ. Чамд ярианы, бичгийн, сонсох, унших чадвар бүгд хэрэг болно. Тийм болохоор дүрэмд баригдсан сэтгэлгээнээсээ гарах хэрэгтэй. Гадны Швейцар гэх мэт орнуудад залуучууд нь 3-4 хэлээр чөлөөтэй ярьж байна. Энэ зүйл тэнд хэрэглээ болсон байна гэсэн үг. Тиймээс ганцхан Англи хэл сурах нь чиний туйлын зорилго байж болохгүй нь байна шүү. Зөвхөн нэг шат нь л гэж ойлгох хэрэгтэй.

Америкт суралцахыг хүсэж байгаа залуустаа юу гэж зөвлөх вэ?

Америк ч юм уу өөр хаа нэг тийшээ сурахаар явах гэж байгаа бол биелэхгүй том зорилго битгий тавиарай гэж хэлмээр байна. Би TEDx-д оролцож байсан нэг залуугийн илтгэлийг сонссон юм. Тэр залуу 6 сарын дотор Герман хэлийг төгс сурсан гэнэ. Юу болсон вэ гэхээр ажилдаа ирж очихдоо зарцуулдаг 90 минутын туршид Герман хэлний хичээл сонссон байна. Утсан дээрх бүх дуугаа устгаад тэр 90 минутыг л өөртөө зарцуулдаг байсан гэсэн үг. Мөн өөр чөлөөт цаг гарахаар нь ямар нэг зүйл нэхсээр байгаад, Генниссийн номонд бичигдчихсэн. Энэ үедээ илүүдэл жинтэй болж эхэлсэн учраас орой бүр пүүзээ өмсөөд, гэрийнхээ хажуугийн ууланд алхаж гарсаар 3 сарын дараа хэвийн жиндээ очсон байгаа юм. Би юу хэлэх гээд байна гэхээр, чөлөөт цаг гарах бүрт өөрт хэрэгтэй зүйлд зарцуулаад байвал үр дүн нь гайхалтай байх болно гэж хэлмээр байна.

Танай сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутанд хэр ээлтэй вэ?

Тэргэнцэртэй хүн суралцах орчныг маш сайн бүрдүүлсэн юм байна гэж харсан. Автобуснууд хүртэл буудаг тавцантай, жолооч нь гүйж гарч ирээд суулгаж байгаа харагддаг. Нийгмийн нэг хэсэг гэдэг утгаар нь тэдгээр хүмүүст зориулаад бүх шатандаа сайн анхаардаг юм байна гэж харсан. Бидэнтэй л адил сурч боловсрох бүрэн эрхтэй шүү дээ. 

Бидний урилгыг хүлээн авч манай өнөөдрийн дугаарт оролцсонд баярлалаа. Ажлын амжилт хүсье.