Alumni stories

Д. Занабазар "University of Virginia" LEAD Mongolia хөтөлбөрийн төгсөгч

Эрхэм хүндэт уншигчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн зочноор Вержиниягийн их сургуульд суралцаад ирсэн Д.Загабазар оролцож байна. Өөрийгөө бидэнд танилцуулаач. 

Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Д. Загабазар гэдэг. Би 2017 онд LEAD Mongolia АНУ-ын дахь солилцооны хөтөлбөрөөр Вержиниягийн их сургуульд суралцаад ирсэн байгаа. 

Манай нэвтрүүлэгт LEAD MONGOLIA хөтөлбөрөөр суралцсан хүмүүс их ховор оролцсон. Өөрөө анхдагч зочин болж оролцож байна. Тэгэхээр энэ хөтөлбөрийн талаар бидэнд мэдээлэл өгөөч. 

LEAD Mongolia хөтөлбөр нь анх 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. 25-45 насны бүх хүмүүст нээлттэй хөтөлбөр байгаа. Хамгийн сонирхолтой зүйл нь салбар салбаруудын лидерүүд оролцож нийгэмдээ нөлөө үзүүлэн аливаа асуудлыг цэгцлэх үүднээс олон төсөл хөтөлбөрүүдийг хийдэг. АНУ-ын сургуулиудад сарын хугацаатай эрчимжүүлсэн сургалтад суудаг. Мөн нийгэмтэй холбоотой сургалт семинар уулзалтууд болж бодит байдал дээр ажилладаг. Энэ нь гурван том хэсэгт хуваагддаг буюу авлигал хээл хахуулын эсрэг, ажилгүйдлийг багасган ядуурлыг бууруулах арга зам, байгаль орчныг хамгаалах гэсэн хэсгүүд багтдаг.

Монголоос хэчнээн хүмүүс энэ хөтөлбөрт явж байсан бэ? 

Маш нэр хүндтэй хөтөлбөр учраас олон хүмүүс хүсэлтээ өгдөг. Үүнээс шалгаруулан эцсийн байдлаар 30 хүнийг АНУ руу явуулдаг. Хамгийн гоё зүйл нь маш олон салбарын манлайлагч хүмүүстэй танилцах учир юмыг их олон талаас нь харах өнцөг нээгдэж өгдөг. 

Хөтөлбөрт тэнцэхийн тулд ямар гол шалгууруудыг давах ёстой байдаг вэ? 

Хамгийн эхний шалгуур бол эсээ бичиж явуулах байдаг. Яг аль салбарт нь юу хийхээ тодорхойлж бичиж өгөх хэрэгтэй. Дараагийн шат бол ярилцлага. Ярилцлагаа давсан бол “Тавтай морил” гээд хүлээгээд авдаг. Намайг явсан жил бол тийм байсан. Хамгийн гоё тал нь нийгмийн аль ч түвшний хүмүүсийг хамруулдаг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч эрх тэгш ханддаг. 

Нэг сарын эрчимжүүлсэн сургалтад юу ордог вэ? Энэ сургалтаар дамжуулан та юу олж мэдэж авч чадсан бэ? 

Эрчимжүүлсэн сургалтын хамгийн гол хэсэг нь нийгэмдээ яаж ямар нөлөөтэй зүйлс хийх вэ, тэр дундаа яг юу юуг анхаарах вэ гэсэн зорилго байдаг. Буцаж эх орондоо ирээд багт хуваагдан 4-5 сарын хугацаатай төсөл боловсруулах шаардлагатай. Яг ямар зүйл хэрэгжүүлбэл эх орондоо нийгэмд хэрэгтэй үр бүтээлтэй зүйл хийж чадах вэ гэсэн ерөнхий мэдлэгийг олж авна гэсэн үг. Товчхондоо анзаарагдахгүй хэр нь нийгэмд хэрэгтэй байдаг ардчиллын үнэт зүйлийн талаар мэдлэгээ өгдөг. Хөтөлбөр маань өөрөө их нэр хүндтэй хөтөлбөр байсан. Цагаан ордонд хүртэл орон нэг бүрчлэн танилцаж байсан. 

Сургалтынхаа хажуугаар АНУ-тай танилцах эсвэл аялах боломж гарч байсан уу? 

Сургалт маань өглөөний 7 цагаас эхлээд өдрийн 3-4 цаг хүртэл явагддаг. Дууссаны дараагаар Вержиниягийн түүхэн соёл түүхэн газрууд музей гэх мэт газруудаар аялдаг байсан. Яг хөтөлбөрийн дагуу явах ёстой байдаг бөгөөд хөтөлбөрөөс гадуур ямар нэгэн өөр газар өөр хот руу явахыг хориглодог. Үүнээс гадна сарын хугацаанд оюутны хотхонд амьдрах нь их гоё байсан. Би өөрөө Шанхай хотод суралцаж байсан. Шанхай хотын оюутны хотхоноос үнэхээр өөр, соёлын ялгаа бол их байсан. Маш нээлттэй, хүссэн зүйлээ хийхэд чөлөөтэйгөөс гадна спорт цогцолбор нь ч гэсэн их таалагдсан.  

АНУ руу явахаас өмнөх төсөөлөл бодит байдалтай чинь нийцэж байсан уу? Хэр өөр байсан бэ? 

Төсөөлснөөс бага зэрэг өөр байсан ч би өмнө нь АНУ-руу явж байсан болохоор мэдээлэлтэй байсан.  Харин баруун зүүн хоёр эрэг ялгаа ихтэй. Баруун эргийнхний өмссөн хувцаснаас нь авхуулаад маш чөлөөтэй илэн далангүй дулаахан хүмүүс байсан бол зүүн эргийнхний хүн болгон маш завгүй ажил ажил бас дахин ажил гэсэн ажил хэрэгч хүмүүс шиг санагдаж байсан. Аргагүй л улсын нийслэл юм даа гэж бодогдсон.

Анх хэрхэн англи хэл сурч байсан бэ? Англи хэл дээр эсээгээ бичих үед юуг анхаарсан бэ? 

Англи хэлний хувьд гэвэл би 6 настайгаасаа эхлэн сурч байсан. Хөтөлбөртөө тэнцэхийн тулд хамгийн гол нь миний хувьд агуулга, найруулга, үгний сонголт дээрээ маш их анхаарч эсээгээ бичсэн. Уншаад ойлгомжтой байх талаас нь бичихийг хичээсэн. Үүний дараа маш сайн 2-3 удаа шалгаж, засаж сайжруулах хэрэгтэй. Англи хэл сурах нь чухал ч гэсэн миний хувьд өдөрт нэг подкаст сонсох гэх мэтээр ажиллавал бага ч гэсэн шинэ зүйлийг сураад мэдлэг туршлагатай болох боломжтой юм шиг санагддаг. Энэ бол миний хувьд үр дүнтэй хэл сурах арга, дадал байсан. 

Англи хэлнээс гадна Испани болон Хятад хэлтэй гэж байсан. Хэл сурах тал дээр туршлагатай учраас хэл сурч буй хүмүүст зөвлөгөө өгвөл? 

Хятадад сурдаг байсан болохоор тэндээ Хятад хэлээ сурахынхаа хажуугаар Испаниар ярьдаг хүмүүстэй маш их танилцаж байсан. Тэр үед ямар гоё хэл вэ гэж бодоод өөрийн сонирхлоор сурсан. Гол нь орчинд нь сурахаар их хурдан сурдаг юм билээ. Дуртай зүйлээрээ дамжуулан суралцах юм бол амар байдаг. Испани хэл сурсны давуу тал нь 2019 онд Өмнөд Америкийн бараг бүх хотоор нь аялаад ирсэн. Испани хэлтэй учраас Бразилаас бусад бүх орны хүмүүстэй харилцахад амар байсан.  

Сургалт дууссаны дараагаар дахиж Америк явах хүсэл төрж байсан уу? 

Мэдээж хүсэлтэй байсан. Америк улс чинь өөрөө 51 мужтай маш том улс шүү дээ. Бүх мужаар нь машинтай тойрон аялал хийхийг хүсдэг. 

LEAD хөтөлбөр таны карьерт хэрхэн нөлөөлсөн бэ? 

Яг хамгийн чухал нь оюутан болоод төгсөөд мэргэжлээрээ ажиллах хугацаанд яг л нэг тойрог дотроо нэг хүрээлэлдээ байсан. Харин энэ хөтөлбөрт явснаар тэр тойргоосоо гараад маш олон төрлийн салбарын хүмүүстэй танилцах боломж нээгдэж өгсөн. 

Ирээдүйдээ АНУ-д суралцахаар төлөвлөж буй ЕБС-ийн болон оюутан залуучууд дүү нартаа хандан ямар зөвлөгөө өгөх вэ?

Соёлын ялгаа бол мэдээж байгаа түүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хамгийн гол зүйл нь маш их тэвчээр болон цаг баримтлал буюу цагийн зохион байгуулалттай байх хэрэгтэй. Аливаа зүйлд нямбай чин сэтгэлээсээ хандаж байгаарай. Үүнээс гадна өөрөө өөрийгөө олж дотоод хүнээ гаргаж ирэх нь чухал.  Хичээл зүтгэл л хамгийн чухал шүү гэж хэлмээр байна даа.

Вержиниягий их сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутанд хэр ээлтэй орчин бүрдүүлж чадсан гэж та харсан бэ? 

Бүрдүүлж чадсан гэж бодож байгаа. Анзаараад харахад сургуулиуд нь бүгд хараагүй хүмүүст зориулсан гэрлэн дохио, налуу зам зэрэгтэй бөгөөд яг стандартын дагуу бүх газруудад байрласан байдаг. Манай хөтөлбөрөөр дохионы хэлтэй хүн явж байсан. Тэр хүнд бүтэн сургалтын турш 2 дохионы хэлний хэлмэрч бэлдэж өгсөн. Тэр бол үнэхээр хүмүүнлэг эрх тэгш байдлыг хангаж байгаа хэрэг юм. Харахад ч гэсэн маш гоё санагдаж байсан. Үүнээс бүх хүнд эрх тэгш болоод хүртээмжтэй байдлын талаар маш сайн суралцаж авсан. 

Бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Энэ хүрээд манай өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Цаашдын ажил амьдралд нь өндөр амжилтыг хүсэж байна. 

Баярлалаа та бүхэнд ч бас амжилт хүсье.


Та бүхэн энэхүү дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч сонсоно уу.

▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.