Alumni stories

Д. Шүрэнцэцэг "University of Arkansas" TEA хөтөлбөрийн төгсөгч

Энэ удаагийн дугаарт  АНУ-ын Арканзасын их сургуульд  ТЕА хөтөлбөрөөр амжилттай суралцаад ирсэн Д.Шүрэнцэцэг оролцож байна. Өөрийгөө бидэнд танилцуулаач.   

Сайн байцгаана уу. Намайг зочноор урьсан MASA, EducationUSA-ын хамт олонд баярлалаа. Намайг Д.Шүрэнцэцэг гэдэг. Ховд аймгийн Ховд их сургуулийн лицей ахлах сургуульд англи хэлний багшаар ажилладаг. 2020 онд АНУ-ын Арканзасын их сургуульд ТЕА хөтөлбөрөөр амжилттай суралцаад ирсэн.

Яагаад заавал АНУ-д суралцах шийдвэр гаргасан бэ? 

Миний хувьд 2012 онд Ховд их сургуулийг англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ажиллаад 9 жил болж байгаа. 2014 онд Хэл шинжлэлийн ухаанаар магистрын зэргээ хамгаалж байсан. Яагаад АНУ-ыг зорих болсон бэ гэвэл мэдээж миний мэргэжилтэй холбоотой учраас АНУ-д очиж үзэх юм сан, тэр улсын соёлоос суралцах юм сан гэсэн мөрөөдөлтэй байсан. Манай сурагчид энэ хөтөлбөрт оролцох түлхэц болж өгсөн. Би өөрөө АНУ-ыг нүдээр үзэн очиж суралцаж байж цаашдаа сурагчдадаа “Та нарт ч гэсэн боломж үргэлж нээлттэй байгаа. Хөдөө орон нутгаас ч гэсэн Америкт суралцаж болдог шүү” гэдгийг харуулан урам зоригийг өгөхийн тулд АНУ-д суралцахаар шийдэж байсан. 

Өөрийн хамрагдсан хөтөлбөрийнхөө талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Яг ямар шалгууртай хэр хугацаанд үргэлжилдэг мөн энэ хөтөлбөрөөс юуг сурч мэдэж авсан талаараа бидэнтэй хуваалцаач. 

Энэ хөтөлбөр маань Фулбрайтын ТЕА буюу дунд сургуулийн англи хэл, нийгмийн ухаан, математик, болон бусад шинжлэх ухааны багш нарт зориулсан 5-6 долоон хоногийн турш туршлага солилцдог хөтөлбөр юм. Хавар, намар гээд жилдээ хоёр удаа багш нарыг шалгаруулан хөтөлбөрт хамруулдаг. Жилдээ 2-5 багш хамрагддаг. Мэргэжлээ дээшлүүлэх, туршлага солилцох, АНУ-ын талаар мэдлэгтэй болон түүнийгээ хичээлтэйгээ уялдан холбогдуулах, заах арга зүй сургалтын стратеги, хичээлийн төлөвлөгөө, шинэ шинэлэг технологиудад суралцах гэх мэт маш олон зүйлсийг сурч мэдэж авдаг. Мөн 100%-ийн тэтгэлэгтэй хөтөлбөр учраас тээврийн зардал, аялал, амьдрах байр, хоол хүнс, эрүүл мэндийн даатгал гэх мэт зардлуудыг хөтөлбөрөөс гаргадаг.

Хөтөлбөрийн талаар анх хаанаас олж мэдэж авч байсан бэ? 

Ямар нэгэн тэтгэлэгт хөтөлбөр сонирхон тэр дундаа АНУ-ыг зорихоор шийдсэн бол АНУ-ын Элчин Сайдын Яамны албан ёсны веб сайтын мэдээлэлтэй ойр байх хэрэгтэй. Цахим ертөнц маш сайн хөгжсөн учир цаг алдалгүй мэдээллүүдийг авах боломжтой. Миний хувьд анх 2018 онд энэ хөтөлбөрийн талаар сонсож байсан. Тэгээд 2019 онд шалгаруулалтдаа оролцоод 2020 онд явж байсан. 

Сая та хэллээ л дээ, хэлний шалгалтууд өгдөг гэж. Хэдийгээр та англи хэлний багш мэргэжилтэй ч гэсэн хэлний шалгалтаа өгөх үйл явц ямар байсан вэ? Хэр хүндрэлтэй санагдаж байсан бэ? 

Мэдээж iBT TOEFL-ын шалгалт өгнө гэдэг нь тийм ч амархан зүйл биш. Мөн ажиллаж байгаа багш нарын хувьд өөртөө цаг зав гаргах нь бага байдаг. Ажлын ачааллаас хамаараад шалгалтад бэлдэхэд надад цагийн менежмент хийх нь их хүндрэлтэй байсан. Шалгалт өгөхөөсөө өмнө заавал туршилтын тестүүдийг ажиллаж үзэх хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна. Тэгээд цагаа сайн төлөвлөөд өөрөө зохион байгуулалттай байх юм бол хүндрэл ер нь гарахгүй. 

Хамгийн сорилт ихтэй шалгуур нь таны хувьд юу байсан бэ?

Анх бөглөж байхад асуултууд дээрээ ахин дахин ажиллаад санаа хоёрдож нэг бөглөсөн асуултаа олон удаа солин найруулж нэг санаан дээрээ тогтож чадахгүй байсан. Тиймээс надад бага зэрэг бэрхшээлтэй байж цаг алдаад тэр жилдээ материалаа өгч чадаагүй. Тийм учраас эхлээд санаагаа төвлөрүүлээд өөрийнхөө юу хийх гэж байгааг олох нь чухал. Яг юуны тулд суралцах, буцаж ирээд юу хийж бүтээх гэх мэт зүйлсээ маш тод гаргаж өгөх хэрэгтэй. Эсээнүүд надад хүндрэлтэй санагдаж байсан. Бусдаар бол хөтөлбөр хариуцсан хүмүүс маш сайн зааварчилгаа өгдөг учраас бидэнд маш их тус болсон.

Анх АНУ-д очиход танд ямар санагдаж байсан бэ?

Би Америк явсан энэ дурсамжийнхаа талаар ярих маш дуртай. Арканзасын сургуулийн  хувьд Фулбрайтын нэрэмжит сургууль гэдгээрээ онцлогтой байсан. Миний хувьд очоод өрөөний гурван хамтрагчтайгаа зочид буудалд байрласан бөгөөд нийт 25 орны 27 багш ТЕА хөтөлбөрөөр ирсэн байсан. Олон улсын багш нартай харилцан холбоо тогтооход маш гоё байдаг.  Ер нь бол бид зочин айлд байрлаагүй хэдий ч бидэнд зочин айл байсан. Энэ нь бидэнд олон улсын соёлын үйл ажиллагаа болон сайн дурын үйл ажиллагаануудад оролцох, Америк найзуудтай болох, аялах гэх мэт боломжуудыг олгосон. Ер нь Америктай танилцахад зочин айл маань их тусалсан.

Энэхүү хөтөлбөр хувь хүний хувьд мөн цаашдын ажил амьдралд тань яаж нөлөөлсөн бэ? 

Хөтөлбөрийн 45 хоног миний хувьд маш хурдан болж өнгөрсөн. Олон орны өөр өөр соёлуудтай танилцана гэдэг үнэхээр сонирхолтой байсан. Явахаасаа өмнө хөдөө орон нутгийн багш нарт ер нь боломж байдаггүй гэж бодож байсан ч өөрөө явсныхаа дараа боломж хүн бүрд нээлттэй байдаг гэдгийг ойлгоод улам илүү итгэлтэй болж ирсэн. Дээрээс нь орон орны багш нараас маш олон зүйлийг суралцаж хамтарч ажилласан. Хөтөлбөр дууссан ч гэсэн хамт байсан багш нартайгаа үргэлж холбоотой байж цаашдаа олон зүйлсийг хэрэгжүүлэх боломжтой байдаг. 

Багш хүний зүгээс АНУ-ыг зорихоор шийдсэн шагналтандаа бэлдэж буй оюутан сурагчдад юу гэж зөвлөх вэ? Англи хэлийг үр дүнтэйгээр суралцах ямар арга байдаг талаар зөвлөгөө өгөөч. 

Миний сурагчдадаа байнга хэлдэг үг бол аливаа зүйлийг сайн суръя гэвэл тухайн зүйлдээ сэтгэлээсээ хандаж, өдөр бүр тогтмол цаг зав гарган бага багаар хийх нь үр дүнтэй. Цагийн зөв зохицуулалттай байна гэдэг дан ганц хэл сурахаас гадна маш олон зүйлд хэрэг болдог чадвар юм. Шалгалтад бэлдэж байгаа хүүхдүүдийн хувьд тухайн шалгалтынхаа бүтцийг сайн судлаад урьдчилан ажиллаж үзээд өөрийнхөө алдаа дээр ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Мөн өөрийгөө урамшуулаад, өөртөө зорилго тавьдаг байгаарай. Миний хувьд би англи хэлийг их сургуулийн дөрвөн жилийн дотор сурч байсан. Дунд сургуульд байхдаа би Орос хэл заадаг ангид сурдаг байлаа. Зөвхөн мессеж бичдэг л оюутан орж байсан гэсэн үг. Тэгээд англи хэл дээр ном уншдаг, их хичээл зүтгэл гаргадаг байсан учраас эхний жилийн хавар нь сайжирч байсан. Тийм учраас аливаа зүйлийг тогтмол хийвэл хурдан сайжирч болдог шүү.

Арканзасын их сургууль хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр ээлтэй байсан бэ? 

Арканзасын их сургууль хөгжлийн бэрхшээлтэй иргэд суралцахад их ээлтэй байсан. Ер нь АНУ бүх хүмүүсийн оролцоог тэгш хүртээмжтэй байлгах дээр маш их анхаардаг. Хөтөлбөрийн хүрээнд Арканзасын сургуулиуд дээр дадлага хийсэн. Тэр дадлагынхаа хүрээнд сургуулиудад зочлоод явж байхад тэргэнцэртэй сурагчдад ямар ч саад байгаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд очин суралцахад маш ээлтэй санаа зовох зүйлгүй суралцах орчныг бүрдүүлж өгч чадсан байсан. 

Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Манай уншигчдад хандан ямар ном уншаарай гэж зөвлөх вэ? 

Опра Уинфригийн бичсэн “Миний сайн мэдэх зүйлс” гээд ном байдаг. Тэр ном дээр тухайн хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх талаар өгүүлдэг. Амьдралд үргэлж талархалтай байдлаар хандах хэрэгтэй гэсэн санааг агуулсан, сэтгэлээр унасан үедээ эсвэл хүнд хэцүү үедээ ахин дахин уншвал маш их тус дэм болж чаддаг ном байгаа. 

Бидэнд үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн танд маш их баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна. 

Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. 


Та бүхэн энэхүү дугаарыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч сонсоно уу.

 ▶️SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

▶️Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.