Alumni stories

Б.Түшигжаргал "Fulbright" хөтөлбөрийн төгсөгч

Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Манай сонсогчдод өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.

Сайн байцгаана уу. Намайг Түшигжаргал гэдэг. Одоогоор АНУ-ын Харвардын их сургуульд Хууль зүйн мастерын чиглэлээр суралцаж байна. Эндээс өмнө МУИС-ийн Хууль зүйн сургуульд Эрх зүйн бакалаврын зэрэгтэй төгссөн. Сургуулиа төгсөөд Монголдоо Номин Юнайтед компанийн хуулийн фирмд 3 жил гаруй ажиллаж байгаад, энэ жилийн намар 8 сараас эхлээд Харвардад суралцаж байгаа. Би 1-9 ангиа 97-р сургуульд суралцаад 10, 11-р ангиа ШУТИС-ийн харьяа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурч ахлах ангиа дүүргэсэн. Улсын сургуулиас хувийн сургуульд суралцах үед сургалтын чанарын ялгааг их мэдэрсэн гэж хэлж болно.

Улсын олон хувийн сургуулийн ялгаа ямар байсан талаар манай сонсогчидтой хуваалцаач?

Би улсын сургуульд сурч байхдаа математик болон шинжлэх ухааны төрлийн хичээлүүддээ өөрийгөө сайн сурагч гэж бодож байсан ч математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сураад, өөрийгөө нэлээн хоцрогдолтой байгаагаа мэдэрсэн. Тэр сургуулийн хүүхдүүдийн ихэнх хувь нь мэдэх бодлого миний хувьд шинэ зүйл байх жишээтэй.

Ахлах сургуулиа төгсөөд SUSI FOR WOMAN’S LEADERSHIP PROGRAM-д хамрагдаж байсан гэж сонссон энэ талаараа бидэнд ярьж өгөөч?

Би 2018 онд SUSI хөтөлбөрт хамрагдаж байсан. Энэ хөтөлбөр нь зуны амралтынхаа хугацаанд Америкт очоод, өөр олон орны сурагчидтай хамтраад олон төрлийн хөтөлбөрт оролцдог, эмэгтэй сурагчдад зориулсан манлайллын хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан нь миний хувьд маш хэрэгтэй зүйл болсон. АНУ-д ирж суралцахаасаа өмнө, тухайн орны орчин, соёл, хүмүүс гээд бүх зүйлийн талаар тодорхой ойлголтой болж чадсан юм шүү дээ.

Харвардад сурах ямар байна вэ?

Анх сурахаар ирэхэд орчин, хүмүүс, сургалтын арга барил гээд бүгд шинэ содон байсан. Бага багаар орчиндоо дасаад одоо л суралцаж эхэлж байна даа гэж бодож байна. Харвардын хуулийн сургуулийн хөтөлбөр нь дотроо JD болон LLM гэсэн 2 янз байдаг. Миний хувьд магистраар суралцаж байгаа учраас LLM буюу 1 жилийн хөтөлбөрт нь хамрагдан суралцаж байна.

Түшигжаргалын хувьд Харвардын сургуульд суралцах болсон түүхээсээ бидэнтэй хуваалцаач?

Улсын сургуулиас хувийн сургуульд шилжээд математикийг гүнзгийрүүлэн сурахаар сонгосон нь аливаад цэгцтэй хандаж сургасан, Харвардад сурахад нөлөөлсөн гэж боддог. Дараа нь МУИС-ийн хууль зүйн сургуулийг сонгон суралцаад, сайн багш нараар хичээл заалгасны үр дүн гэж боддог. Мөн оюутнуудыг сурч байгаа чиглэлээрээ өөрийгөө сайн сорьж дотоод, гадаадын тэмцээн уралдаанд оролцох нь чамайг илүү хөгжүүлэх болно гэж хэлмээр байна. Мөн SUSI хөтөлбөр надад их нөлөө үзүүлсэн. Эдгээр дээр нэмээд гэр бүлийн орчин, дэмжлэг хамгийн чухал нь санагддаг.

Америкт магистрт сурахын тулд, ажлын туршлагатай байх шаардлагатай байдаг шүү дээ. Эхнээсээ Харвардыг сонгоод бэлдэж байсан уу?

Монголд их сургуульд сурч байх хугацаандаа, мэргэжлийн дагуух тэмцээн, уралдаан зарлагдвал оролцдог. Гадагшаа Япон руу хүртэл тэмцээнээр явж байсан. Энэ нь миний хувьд багагүй туршлага болж үлдсэн л дээ. Миний оролцсон тэмцээн нэг удаа хуулийн фирм дээр болсон нь Nomin United компанийн хуулийн фирмд байсан нь, миний тухайн компанид 3 жил ажиллах эхлэл болсон гэж хэлж болно. Их сургуулиа төгсөөд JD зэрэг буюу 3 жилийн магистрын хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байсан ч, сургалтын төлбөрөөс шалтгаалаад боломжгүй болсон юм. Тийм учраас 1 жилийн хугацаатай магистрын хөтөлбөрт хамрагдаад суралцаж байна.

Харвардын их сургуульд суралцахын тулд хэрхэн бэлдэж, ямар, ямар үе шатуудыг давж тэнцсэн вэ?

Миний хувьд Харвардын их сургуульд материалаа илгээх үйл явц 2 жил гаран үргэлжилсэн. Эхлээд би Fulbright-ын тэтгэлэгт бэлдэж байсан юм. Сонгосон мэргэжлийнхээ дагуу 4 сургууль руу материалаа явуулсны нэг нь Харвард байлаа. Тухайн сургуулиудаа сонгохдоо өөрийн тэнцэх магадлалыг бодоод бүх хувилбараа шилдэг сургуулиар сонгож болохгүй. Харвардадын шалгууруудаас хамгийн чухал санагдсан 2 зүйл нь тодорхойлох захидал болон эссэ юм байна лээ. Эссэ нь дотроо 2 төрөл байна. Нэг нь үндсэн буюу өөрийгөө тодорхойлох эссэ байна. Нөгөө нь хуулийн ямар нэг асуудал хөндсөн аналитик чадвараа илүү харуулсан эссэ байх хэрэгтэй. Өөрийгөө тодорхойлох эссэн дээрээ миний дуу хөгжимд дуртай, бичгийн тодорхой чадвартай, шинжлэх ухаанд сониуч, эдгээр зан чанарыг маань нэгтгэсэн мэргэжил бол хуульч юм байна гэж үзээд түүнийгээ бичиж байлаа. Тодорхойлох захидал 3 байх шаардлагатай. Нэгийг нь их сургуулийн багшаасаа, нөгөөг нь ажил хийж байсан бол ажил олгогчоосоо, сүүлийнхийг нь чамайг хувь хүн талаас нь мэддэг ментор буюу зөвлөх хүнээсээ авбал зүгээр юм байна лээ.

Дээрх 2 шалгуураас гадна өөр ямар шалгуур байдаг вэ?

Онлайн аппликейшн буюу хэд хэдэн асуултууд байдаг. Ирээдүйгээ ямараар харж байна вэ? гэх мэт асуултууд байсан санагдаж байна. Мөн Бакалаврын диплом болон дүнгийн хуулбар, TOEFL-ийн оноо зэргийг шаарддаг. TOEFL-ийн шалгалтын хувьд 4 хэсэг тус бүр дээр 25 ба түүнээс дээш оноо авсан байх шаардлагатай.

Түшигжаргалын хувьд TOEFL-ийн шалгалт өгч байсан уу?

Миний хувьд Fulbright-д бэлдэж байхдаа нэг удаа өгөөд, дараа нь онооны хүчинтэй хугацаа дуусах гээд байсан учраас нэг удаа өгч байсан. IELTS өгөөд оноогоо хөрвүүлж болдог л доо. Гэхдээ АНУ-д, тэр дундаа Харвардад сурах гэж байгаа бол TOEFL-ийн оноо хүчин төгөлдөр байдаг. Мөн АНУ-д хуульч мэргэжлээр JD зэргээр гэж байгаа бол SAT өгнө. Асуултууд илүү логик талын чиг хандлагатай байдаг. Мөн бэлдэхэд багагүй хугацаа орно.

TOEFL, IBT шалгалтад хэрхэн бэлдэж байсан вэ? Англи хэлийг хэрхэн сурсан вэ?

Миний хувьд анх оюутан байхдаа TOEFL-ийн шалгалт өгч байсан. Тухайн үед SUSI хөтөлбөрт бэлдэж байсан үе л дээ. Дараа нь 2, 3 удаа TOEFL өгсөн. Америкт төгсөгчдийн холбооны номын санд бэлдэж байснаа санаж байна.

Миний хувьд Англи хэлийг сурахад багадаа хүүхэлдэй буюу cartoon network үзэж байсан нь, сонирхлоороо Харри поттерын цуврал номнууд уншиж байсан нь нөлөөлсөн гэж боддог. Дээр нь нэмээд Нацагдоржийн номын сангийн American coгrner-т болдог Америкийн тухай ярилцдаг клубт идэвхитэй явдаг байсан. Мөн Crash course гээд хүүхдэд зориулсан танин мэдэхүйн нэвтрүүлэг гардаг байсан. Бүх нэвтрүүлэг нь доороо хадмал орчуулгатай. Энэ нэвтрүүлэг үгийн сангаа нэмэгдүүлэхэд болон академик мэдлэг олж авахад чухал нөлөө үзүүлсэн юм.

Харвардын их сургууль хэдэн бүрэлдэхүүн сургуультай вэ?

Миний хувьд хуулийн сургуульд нь суралцдаг. Энэ нь дотроо сургалтын олон хөтөлбөртэй. Докторын зэрэг олгох хөтөлбөр ч байдаг. Үүнээс гадна Харвардын их сургуулийн коллеж гэж бий. Энэ нь бакалаврын зэрэг олгох хөтөлбөр юм.

Харвард Кеннедигийн их сургууль нь удирдлага, төрийн албаны чиглэлийн хөтөлбөртэй. Мөн санхүү эдийн засгийн хөтөлбөрүүд байдаг. Би хуулийн сургуулийн оюутан байсан ч, хүсвэл бусад сургуулийн хичээлээс үзэх боломжтой.

Харвардын бизнесийн сургуулийн хувьд бакалаврын зэргийн оюутнуудад хичээл ордог.

Мөн Харвардын инженер, шинжлэх ухааны сургууль гэж байгаа. Миний бодлоор ахлах сургуулиа төгсөөд шууд эдгээр бүрэлдэхүүн сургуулиудын аль нэгэнд ирээд суралцвал сургуулийнхаа хотхонд амьдрангаа суралцаад гоё байх юм шиг санагдсан.

Харвардын оюутны хотхоноос хамгийн их таалагддаг зүйл нь юу вэ?

Нөөц маш сайтай. Оюутанд хэрэгцээтэй бүх зүйлээр нь хангаж өгдөг. Ямар нэг зүйл хэвлэх бол принтер бэлэн байх жишээтэй. Мөн Жонн Харвардын талбай гээд, битүү зүлэгтэй талбай байдаг. Тэнд сууж байхдаа би үнэхээр дэлхийн сургуульд сурч байгаа юм байна гэдгээ мэдэрдэг.

Сургалтын төлбөрөө хэрхэн санхүүжүүлсэн талаараа бидэнд мэдээлэл өгөөч?

Миний хувьд сургуулиа төгсөөд Fulbright-д материалаа өгөөд, тэнцэж байсан. Харвардад тэнцсэнийхээ дараа financial eid буюу санхүүгийн тэтгэлэгт нь материалаа өгч байсан. Fulbright-ийн тэтгэлгийн хэмжээ нь бүрэн тэтгэлэг биш учраас үлдсэн санхүүжилтээ өөрөө олох ёстой шүү гэж байсан. Харвардад эссэ болон тодорхойлох захидал гэх мэт бүрдэл хэсгээс гадна санхүүгийн тэтгэлгийн аппликейшнд материалаа бүрдүүлж өгнө. Гэхдээ сургуульдаа тэнцсэн тохиолдолд л энэхүү аппликейшнийг бөглөж өгнө гэсэн үг. Онц сурдаг эсэх нь Хардардын энэхүү тэтгэлгийг авахад төдийлөн чухал биш юм. Тухайн оюутны санхүүгийн чадамжид тохируулан тэтгэлэгт хамруулах эсэхээ шийддэг гэж хэлж болно. Миний хувьд Харвардад суралцахад 107000 мянган доллар хэрэг болсон. Үүний 67 мянга нь сургалтын төлбөр, үлдсэн нь амьдрах зардалд зарцуулагдана. Би Харвардаас 40 мянган долларын тэтгэлэг авч, үлдсэн төлбөрийг нь Fulbright-с санхүүжүүлсэн. Мөн дээр нь Fulbright-аас өөр нэг тэтгэлэг санал болгоод, энэ бүгд нийлээд суралцах боломж маань бүрдсэн.

Харвардад тэнцсэн мэдээг анх сонсох ямар байсан вэ?

Материалаа өгчхөөд хариугаа онлайн порталаас харах байсан. Тэр сайт руугаа өдөр бүр орж шалгадаг. Нэг өглөө сэрэхэд надад захидал ирсэн байсан. Ороод харахад, Баяр хүргэе гэсэн байсан. Хамгийн түрүүнд энэ мэдээгээ ээждээ хэлсэн. Үнэхээр итгэж чадаагүй. Сургуульдаа очсоныхоо дараа л үнэн байж гэж боддог юм билээ.

Суралцаж байх хугацаандаа хаана амьдарч байна вэ?

Миний хувьд сургуулийнхаа дотуур байранд амьдарч байгаа. Харвардын оюутнуудын дотуур байр нь дотроо янз бүр байдаг. Сугалааны системээр байрандаа хамрагддаг. Хардардад сурах гэж байгаа бол хаана амьдрахаа эртнээс бодох хэрэгтэй юм билээ. Зөвхөн оюутны хотхон биш ойр хавийн түрээсийн байраа судлах хэрэгтэй гэсэн үг. Мөн энд суралцсан оюутнуудаас асууж болох юм. Харвардын хуулийн сургуульд 4 дотуур байр байдаг. Эдгээр нь байршил, өрөөний хамтрагчтай эсэх, шинэ, хуучин зэргээсээ хамаараад янз бүр байдаг.

Харвардад хэдэн Монгол оюутан суралцаж байна вэ?

Миний мэдэхээр Харвардын бүрэлдэхүүн сургууль болгонд олон Монгол оюутнууд суралцдаг юм билээ. Харвардад суралцдаг Монгол оюутнуудын чуулга уулзалт болдог. Уулзалтад Монголд томоохон ажлууд хийж байгаад олон чадварлаг оюутнууд ирдэг.

Одоогоор ямар хичээлүүд үзэж байна вэ?

Миний LLM буюу 1 жилийн хугацаа сурч байгаагийн давуу тал нь АНУ-ын New-York мужийн хуульчаар ажиллах боломжтой байдаг. Үүний тулд үзэх ёстой хичээлүүд байдаг. Миний хувьд АНУ-ын үндсэн хууль, хүний эрх болон олон улсын эрх зүй, хууль зүйн бичих чадвар, олон улсын хөрөнгө оруулалтын арбитр гэсэн хичээлүүдийг үзэж байна. Хичээл орох арга барил нь Монголоос өөр байсан. Зөвхөн лекц, зөвхөн семинар ордог хичээлүүд байна. Мөн шууд үйлчлүүлэгчтэй ажиллах хичээлүүд байдаг. Мөн сонсгол, унших зэрэг хичээлүүд тус тусдаа ордог. Мөн хамт суугаад хичээл бичдэг, ном уншаад түүнийгээ ярилцдаг хичээлүүд ч байдаг.

Харвардын хичээлийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өглөө босоод хичээлдээ явна. Хичээлээ үзэхийнхээ хажуугаар уншиж судлах материалуудаа судална. Манай эхний хичээл дандаа АНУ-ын үндсэн хууль ордог. Хичээл тараад үдийн цайгаа уудаг. Энэ үеэр Харвард болон бусад сургуулийн профессорууд оюутнуудад яриа хийдэг. Энэ нь өдөр болгон болдог. Дараа нь дараагийнхаа хичээлд бэлдэнэ, түүндээ сууна. Нэг хичээл дээр 70-аас дээш хуудас материал унших учраас, хичээл орохын өмнө уншсаар байгаад л таардаг даа. Нэг хичээлээс нөгөө хичээлийн хооронд өдөр өнгөрдөг. 

SUSI хөтөлбөрт хамрагдсан нь чамд хэрхэн нөлөөлсөн вэ?

Оюутан байхдаа суралцсан, маш их мэдлэг, ойлголт олж авсан хөтөлбөр гэж боддог. Энэ хөтөлбөрөөр дамжуулж анх Америк оронтой танилцаж, ангийн хүүхдүүдийн аливаад хандаж байгаа хандлага нь миний хувьд шинэ зүйл байлаа. Мөн олон орноос ирсэн хүмүүстэй ярилцаж, тэдний санал сэтгэгдлийг сонсох нь маш өгөөжтэй зүйл байсан. Тухайн үед нэг өрөөнд цуг амьдарч байсан охин Афганистанаас ирсэн Хазаар үндэстэн байсан. Бид хамтдаа Монгол улсынхаа тухай олон зүйлийг ярилцсан. Мөн энэхүү хөтөлбөр нь манлайллын хөтөлбөр учраас Хардардад тэнцэхэд хөтөлбөрт хамрагдсан гэдэг нь том нөлөө үзүүлсэн гэж боддог.

За энд хүрээд бидний яриа өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч манай подкастанд оролцсонд баярлалаа. Цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.