Сайн байцгаана уу эрхэм сонсогчид оо. Манай өнөөдрийн зочноор АНУ-ын Boise State University-д магистр, University of Oklahoma-д докторын зэргээ эзэмшсэн Б.Нямбаяр оролцлоо. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Манай сонсогчдод өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.
Сайн байцгаана уу. Намайг энэхүү подкастандаа урьж оролцуулж буйд талархаж байна. Би 1998 онд МУИС-д бакалавраа төгсөөд, дараа нь Монголдоо Дэлхийн Байгаль Хамгаалах Санд ажиллаж байгаад, 2000 онд анх Америк руу суралцахаар явж байсан. 2001 онд сургуульдаа бүртгүүлээд, 2004 онд магистраа төгсөөд буцаж ирсэн. Дараа нь 2009 онд Америк руу буцаж очоод University of Oklahoma-д 4 жил суралцаад 2013 онд амжилттай хамгаалаад ирсэн.
Таны хүүхэд наснаас яриагаа эхэлье, 10 жилдээ хаана сурч байв, мөн яагаад Америкт суралцахаар болсон вэ?
Миний одоо хийж буй ажил маань Монголын Зэрлэг Амьтан Судлах, Хамгаалах төв ТББ-д ажиллаж байна. Бидний үндсэн ажил маань эрдэм шинжилгээний ажил, түүний зэрэгцээ байгаль хамгаалах болон сургалт сурталчилгаа явуулдаг үндсэн чиглэлтэй байгууллага байгаа юм. Миний хувьд хоёр нийгмийн тогтолцоог дамжин амьдарч байна. Намайг бага байхад үдээс хойших цаг маань их үр бүтээлтэй өнгөрдөг байлаа. Залуу байгальчдын станц гээд одоогийнхоор 11-р хороололд байдаг газар байсан юм. Тэнд 4–р ангиасаа эхлээд 10 төгсөх хүртлээ жил болгон дугуйланд хамрагдсан л даа. Барилга нь хоёр давхар, ургамал ногоо, цэцэг тарьдаг маш том талбайтай газар байсан юм. Хүүхэд байхаасаа байгаль, амьтан судлалтай өөрийгөө холбоод тэр маань ажил болтлоо урт зам туулсан гэх юм уу даа.
Ахлах ангиа төгсөөд их сургуулиа төгсөөд ажиллаж байгаад Boise State University-д орсон уу?
Би ахлах сургуулиа төгсөөд шууд их сургуульд орж чадаагүй. Би их сургуульд элсэх шалгалтдаа унаад тэнцээгүй юм. Тэнцээгүй учраас жилийн чөлөө авахаас өөр аргагүй. Тэр жилийнхээ намар нь Герман руу эгч дээрээ очиж сар гаруй хугацаанд амьдарсан. Эгчийнхээ ачаар олон сайхан зүйл үзээд, бас зүгээр байгаагүй, сонин зарж мөнгөтэй болоод буцаж байлаа. Буцах замаараа Москвад байдаг ах дээрээ очоод, хамт ажил хийгээд сургалтын төлбөрөө өөрөө олоод буцаж байлаа. Ахлах сургуулиа төгсөөд шууд дээд сургуульд орох, завсарлаад орох хоёр ялгаатай. Завсарлага авахад олж авсан хэдхэн сарын амьдралын туршлага дараа нь надад хүн болоход асар их нөлөөлсөн гэж боддог.
Хэдийгээр би жил алдаж байгаа боловч амьдралын ухаанаас суралцсан, ажил ч хийж үзсэн, тэр үеийг туулсандаа харамсдаггүй. Сурах миний чин хүсэл байсан учраас, дундаа завсардсан ч би хичээлээсээ хоцроогүй. Мэргэжил сонголтод багш нар их нөлөөлдөг юм байна лээ. Нэг үе мөөг судлаач болох дөхсөн шүү.
Намайг 3-р курст байхад Японы NHK-телевиз Мазаалайн тухай баримтат кино хийхээр болсон юм. Тэр үед би Шагдарсүрэн академичтай хамт бүргэдийн үүр хайх ажил дээр ажиллах боломж олдсон. Би хоёр сарын гэрээтэй өдрийн 20$-ын цалинтай оюутан байж болох байлаа. Тэр үед Сумьяа профессороос ирсэн өөр нэгэн санал нь Дорнод Монголын талд судалгаа хийх багийн гишүүнээр явах боломж байсан юм. Миний хувьд чухал шийдвэр гаргах үе ирлээ. Мөнгөө бодвол баримтат киноны төслийг, ирээдүйн мэргэжлээ бодвол судалгааны ажлыг сонгоно. Би хоёр дахыг нь сонгосон. Сумьяа профессорт одоог хүртэл баярлаж явдаг, тухайн үед амьдралыг минь зөв чиглэл рүү эргүүлэхэд маш үнэтэй зөвлөгөөнүүд өгч байсанд.
Харин дараа нь NHK-ынхан их сургуулиа олоход надад маш том тус болсон. 1999 онд Японд Азийн махчин шувуудын холбооны хурал зохион байгуулсан юм. NHK-ынхан миний зардлыг даагаад, тэр хуралд намайг урьсан юм. Тэнд очсон нь миний Америкт суралцах эхлэл болсон юм. Тэр үед миний магистрын ажлыг спонсорлсон байгууллагынхаа даргатай танилцсан юм. Монголын махчин шувуудын тухай тэр хүнд ярьж өгсөн л дөө. Хэдий би залуу бас Англи хэлний мэдлэг бага байсан ч би оролдсон. Юу гэмээр ч юм залуу хүний зориг, бага зэрэг тэнэглэл хоёрынхоо ачаар би спонсортой болж чадсан. Тэр хүн дараа нь Монголд ирж үзсэнийхээ дараа нь намайг Америкт 3 сарын турш махчин шувуу судлах дадлага хийхийг урьсан. Дадлага маань амжилттай болж байгууллага маань хэрвээ хүсвэл магистрт сурахад минь туслалцаа үзүүлж бүх зардлыг даахаар санал болгосон. Мэдээж саналыг хүлээж авсан. Очихоосоо өмнө англи хэлээ сайжруулах шаардлагатай болж TOEFL шалгалт 4 удаа өгч байсан. 3 дахь удаагаа өгөөд багшаа сольж үзсэн минь маш зөв шийдвэр байсан. Очоод Америк оюутнуудтай ижил хэмжээнд очихын тулд, намайг спонсорлсон хүмүүсийн итгэлийг даахын тулд их хичээсэн, бүх цагаа л хичээлдээ зарцуулдаг байсан. Амжилт, хөдөлмөр хоёр шугаман хамааралтай гэж боддог. Ингээд 2004 онд Магистрын зэргээ амжилттай хамгаалаад ирсэн.
Boise State University сургуулийн талаар бидэнд мэдээлэл өгөөч?
Boise State University нь Idaho мужид байдаг, мужийнхаа хамгийн том сургууль. Энэхүү муж нь Монголтой ойролцоо өргөрөгт байдаг. Хойд хэсгээрээ ус ургамал сайтай, ойтой, урд хэсгээрээ элсэн манхантай байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар юм. Манай сургууль Махчин шувуу судлалын чиглэлээр дагнасан мэргэшсэн хөтөлбөртэй, энэ чиглэлээр дэлхийн хамгийн шилдэг хөтөлбөртэй сургууль. Сургууль, орчин гээд бүх зүйлс нь надад тааламжтай санагдсан учраас энэ сургуулийг сонгосон. Хичээлийн хажуугаар, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж нөхцөл сайн. Олон төрлийн аяллын хөтөлбөртэй. Ууланд авирах, завиар аялахад тохиромжтой. Хүмүүс нь маш тусархаг, нөхөрсөг юм билээ.
Та тэтгэлэг өгсөн байгууллагатайгаа ямар гэрээтэй суралцаж байсан вэ?
Peregrine Fund гээд дэлхийн олон оронд салбартай, махчин шувуу хамгаалах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг, хөгжиж буй улсуудад capacity building туслалцаа үзүүлдэг олон улсын байгууллага байгаа юм. Гэрээний нэг заалт нь би сурч мэдсэн зүйлээ Монгол орны махчин шувуу хамгаалах ажилд зориулна гэсэн заалттай. Би хаана ч ажиллаж болно. Мэдлэг маань Монголын төлөө зориулагдах ёстой байсан л даа.
Монголоос Америкт очиход ямар нэг ялгаа мэдрэгдэж байсан уу?
2000 онд анх Америкт очоод хамгийн түрүүнд анзаарсан, бахархсан, гайхшируулсан зүйл нь номын сан байсан. Намайг анх очиж байсан үе гэхээр факс бий болоод удаагүй байсан үе л дээ. Одоогийнх шиг PDF гэж байгаагүй. Сар болгон оюутнуудад олгогддог $20-ын юм хэвлэх эрхээрээ би төгсөхдөө Монголд очоод бусдад маань хэрэг болно гэсэн үүднээс 4 шуудай болохоор материал канондоод авч ирж байлаа. Би номын санд бараг амьдардаг байсан гэхэд болно доо. Дотроо кофе шоп, амрах буйдантай, маш тухтай учраас миний хамгийн очих дуртай, ихэнх цагаа өнгөрөөсөн газар маань юм.
Докторт дахин Америкт сурахаар болсон тухайгаа бидэнд ярьж өгөөч?
Магистраа төгсөөд үргэлжлүүлэн спонсорын дэмжлэгтэй сурах боломж байсан. Харин миний хувьд Монголдоо буцаж ирэх, хийж бүтээх сонирхол нь их байсан учраас буцаж эх орондоо ирсэн. Иргэж ирээд Дэлхийн байгаль Хамгаалах Санд ажиллалаа. Манай багш нар намайг Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд оруулах гэж ятгаж байсан. Монголд ирээд ажиллах гэтэл Америкт сурч мэдсэн зүйл маань Монголын тэр үеийн системд тохироогүй. Тиймээс өөрөө төрийн бус байгууллага байгуулаад, $20,000-ын грант аваад хоёр оюутныг цалинжуулаад, фургон машин аваад, 4 жилийн хугацаанд Хустайн нуруу, Богд хаан уул, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаар гэх мэтчилэн олон газраар явж, олон ажил хийсэн.
Тун удалгүй Шувууны томуугийн төслөөр гаднын олон эрдэмтэдтэй хамт ажиллах боломж гарсан. Тэдний дунд Оклахома сургуулийн судалгааны баг нь шувууны томуугийн том төсөл эхлүүлчихсэн, тэр хүрээнд 10 гаруй оюутан авах төлөвлөгөөтэй байсан юм. Бүх төлбөрийг нь цаанаас даана гэсэн. Мэдээж би за гэсэн. Эхний семестр их шантарч байсан. Магистр, Докторын зэрэгт хамгийн хэцүү хичээл нь статистикийн хичээл байсан. Ажил хийх эрх байхгүй, цаанаасаа олгогддог 20 цагийн ажиллах эрхээ лабораторидоо л өнгөрөөдөг байлаа. Оклахома их сургуулийн кампусын онцлог нь судалгааны байрнууд нь шинээр бий болчихсон, том том лабораториудтай, сүүлийн бүх тоног төхөөрөмжүүд тэнд байдаг. Манай төслийн нэг онцлог нь судалгааны ажлаа Монголд хийгээд, Америкт хамгаалах боломжийг олгосон.
Америкт Докторт сурах үйл явц ямар байдаг вэ?
Өмнө нь Бакалавраа төгсөөд, магистр хамгаалсны дараа Докторт сурч болно гэдэг байсан. Одоо Бакалавраас шууд Докторт сурах боломжийг олон сургууль олгодог болж байна. Миний хувийн зөвлөгөө гэвэл Магистрын зэргээр дамжаад Докторт суралцаарай гэж хэлмээр байна. Докторын хувьд Магистр дээр кредит цуглуулна. Нэг хичээл дээр багаар бодоход 8 кредит цуглуулах ёстой. Магистр болон Докторын ялгаа нь чанарын хувьд өөр л дөө. Судлах кредит адил боловч, докторын түвшинд илүү нарийвчилсан судалгаа хийгдэнэ.
Гадаадын их, дээд сургуульд сурахаар бэлдэж байгаа бол хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Манай Монгол оюутнуудын хувьд сэтгэн бодох, дасан зохицох, хувирах чадвар маш өндөр байдаг. Цагийн менежмент манай оюутнуудад дутмаг байгаа харагддаг. Монгол оюутнуудын бие даан суралцах чадвар бага, багшаас хараат байдал ажиглагддаг. Америк болон Монгол оюутнууд, сайн дурын ажил хийж байгаа хүүхдүүдийн ялгаа нь, Америк хүүхдүүд суралцах хугацаагаа бүрэн ашиглаж чаддаг. Хичээлийн хажуугаар ажил хийж олсон мөнгөөрөө тэдгээр хүүхдүүд өөр улс оронд сайн дурын ажил хийж, туршлага хуримтлуулах боломжоо олж авдаг. Монгол хүүхдүүд багш юм уу өөр хэн нэгэн хэлэхээс нааш санаагаараа хөдөлдөггүй. Бакалаврын 4 жилээ 100% сурахад зарцуулах хэрэгтэй, зарим Монгол оюутнууд сурахын хажуугаар ажил хийгээд мөнгөтэй болчихно гэж боддог нь асар том алдаа. Оюутан байхдаа аль болох олон газар дадлага хийж, зарагдаж, загнуулж, шүүмжлүүлж үзээрэй гэж оюутнуудад зөвлөдөг.
Та Америкт суралцаж байх хугацааныхаа сайхан дурсамжаас бидэнтэй хуваалцвал?
2001 онд Монгол-Америкийн дипломат харилцаа тогтоосны ойн арга хэмжээний үеэр New York-ийн Байгалийн Түүхийн Музейд цуврал лекцүүд болоход би Монголын байгалийн талаар бүтэн цагийн лекц тавьсан минь их сайхан дурсамж болон үлдсэн. Анх удаа New York-д очиж үзээд музейг нь бүтэн өдөр дуустал үзэж байсан.
Яагаад Америкт төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлд орж ажиллахаар шийдсэн вэ?
Хөдөө орон нутгийн хүүхдүүд Америкт сурахад юун дээр анхаарах вэ гэсэн MASA-ын хөтөлбөрт өнгөрсөн жил хэрэгжиж байхыг харсан. Тэр нь надад их таалагдсан. Хүү маань ч бас төгсөх анги учраас гадаадын сургуулиудад материалаа өгөхөөр бэлдэж байгаа. Хийж байгаа ажлууд нь үнэхээр чухал санагдсан учраас зүгээр хараад суух биш өөрийн хувь нэмрээ оруулах зөв юм байна гэж үзээд материалаа явуулсан юм.
Америкт суралцаж байгаа олон залуус эргэж ирээд эх орондоо хувь нэмрээ оруулах нь чухал шүү дээ. Америкт хэрхэн суралцах талаар мэдээлэл их боловч, төгсөж ирээд яах вэ гэдэг талаар мэдээлэл бага юм билээ. Би Монголд их дээд сургуулиа төгссөн оюутнууд, Америкт ялангуяа магистр, докторт суралцсан оюутнуудыг хооронд нь хэрхэн холбох талаар ажиллана гэж бодож байна.
Манай подкастын сонсогчдод хандаж хэлэх, миний асуугаагүй асуулт байвал хэлээч?
Гадаадад өндөр мэргэжил эзэмшээд ирж байгаа оюутан залуусаа эх орондоо ирээд ажиллах, мэдлэг оюунаа зориулах цогц боломжоор хангах хэрэгтэй юм шиг санагддаг. Намайг сурч байх үед Хятад оюутнууд Америкт сураад, тэндээ үлдэж ажиллаж, амьдрах сонирхолтой байсан бол одоо хангамж орчин нөхцөл нь илүү сайжирсан, түүнийг нь Хятадын төрийн бодлогоор дэмжиж байгаа учраас нутаг буцах сонирхол нь илүү болсон байна.
Бидний урилгыг хүлээн авч, манай подкастын зочноор оролцсонд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Манай энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Баяртай эрхэм сонсогчид оо.