Alumni stories

Б.Наранбилэг "Fulbright" хөтөлбөрийн төгсөгч

Сайн байцгаана уу эрхэм сонсогчид оо. Америкт суралцсан миний түүх цуврал подкастын маань энэ улаагийн дугаар ийнхүү эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарт Батжаргалын Наранбилэг оролцож байна. 

Наранбилэг маань 2017-2019 онд Fulbright –ын тэтгэлгээр Purdue University-д суралцаж төгссөн ийм бүсгүй байна. Манай сонсогчдод өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье

Сайн байцгаана уу. Намайг энэхүү подкастанд урьж оролцуулж байгаад баярлалаа. Намайг Батжаргалын Наранбилэг гэдэг. Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн. Тэнд 11 –р ангиа төгсөөд, хотод ирээд МУИС-ыг химич мэргэжлээр бакалавр, болон магистрын зэргээ хамгаалсан. Их сургуулиа төгсөөд уул уурхайн компанид химич мэргэжлээр 5 жил ажиллаад, үүний дараагаар 2017-2019 онд Fulbright-ын тэтгэлгээр Бизнесийн удирдлагын магистр мэргэжлээр эрдмийн зэргээ хамгаалсан. Fulbright-ын тэтгэлэгт хамрагдсан оюутнууд сургуулиа төгсөөд 6 сар дадлага хийх боломжтой байдаг. Миний хувьд тэр боломжоо ашиглаад багшийн туслах, entrepreneurship хийж байсан. Мөн жижиг гарааны бизнес эхлүүлэх оролдлого хийж байсан юм.

Fulbright-ын тэтгэлэгт хэрхэн бэлдэж байсан вэ?

TOEFL, IELTS-ын оноо сайн байхыг шаарддаг. Ямар чиглэлээр сурахаас хамаараад онооны босго нь өөр өөр. IBT дээр 90 оноо авсан байх ёстой. Дараагийн шалгуур нь эссэ бичлэг. Би хэн бэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй юм билээ.Тоглоомоор найзуудаасаа, гэр бүлийнхнээсээ хүртэл асууж байсан. Эссэ бичихэд урт хугацааг зарцуулсан шүү. Эссэг Америк хүмүүст ойлгомжтой байдлаар бичих нь зөв. Танихгүй гадаад хүн дээр очоод та юу ойлгож байгаагаа хэлээд өгөөрэй гээд явдаг байлаа. Бас ичих хэрэггүй. Чи өөрийнхөө төлөө явж байгаа шүү дээ. Ярилцлагадаа маш их бэлдсэн. Номын санд оюутнуудад ярина, нөхөртэйгөө ярина. Бэлтгэл сайн бол сандрал бараг байдаггүй.

Америкийн аль хотод очиж сурсан вэ?

Би АНУ-ын Индиана мужийн West Lafayette хотод сурсан. Уур амьсгалын хувьд Монголтой төстэй. Чикаго хотоос 100 гаруй милл зайтай, амьдрахад маш тайван гоё хот л доо. Их сургууль дээр суурилсан жижиг хотдоо ордог. Санхүүгийн эх үүсвэр нь их сургууль болдог. Одоо бодоход амьдрахад хамгийн амар тайван, нам гүм, таатай орчинтой хот юм билээ.

Яагаад Америк оронд сурахаар сонгосон вэ?

Эртнээс бодож байсан гэх үү дээ. Миний үзсэн кинон дээр ногоон зүлгэн дээр нэг оюутан хэвтээд ном уншиж байгаагаар гардаг. Цаана нь их сургууль харагдаж байдаг юм.  Багадаа үзэж байснаа санаж байна. Тэр зураглал миний ой ухаанд гүн суусан юм шиг байгаа юм. Сүүлд нь тэр зургийг олж авч хэвлүүлээд байнга өөртөө авч явах болсон. Намайг мөрөөдөлд хөтөлсөн зураг шүү дээ. 2017 онд Америкт ирээд сургуулийнхаа урд ном уншаад, дээшээ хараад хэвтсэн байдаг юм.

Америкт сурч байх үеийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

Олон улсын найзуудтай болсон нь надад сайхан дурсамж болж үлдсэн.  Өөр өөр соёл, үзэл бодолтой хүмүүстэй хамт байхад, аливааг харах өнцөг эрс өөрчлөгддөг.

Суралцаж байх үед хэцүү цаг үе тохиолдож байв уу? Хэрхэн даван туулж байсан вэ?

Хичээлийн эхний улирал амаргүй өнгөрсөн. Монголд ажиллаж байгаад очсон болохоор эхэндээ бусдынхаа яриаг ойлгохгүй.  Чихээ таглуулчихсан юм шиг л. Энэ асуудлаа даван туулахад манай гэр бүлийн хүн надад сайн тусалсан. Бас олон улсын оюутнуудтай нэг баг болгоод хуваарилчихдаг. Соёлын ялгаанаас үүдэлтэй ойлголцохгүй зүйлс гардаг байлаа.

Нэг удаа оюутнууд тойрч суугаад нэгнийхээ хоббиг асуусан юм. Би их зүйл бодоогүй. Бага зэрэг сэлдэг, волейбол, гитар, сагс тоглодог гээд хэлчихсэн. Тэр үед нэг залуу машины хоббитой гэж хэлж байсан. Хэдэн сарын дараа нөгөө залуугийн грашд бөөндөө очиход өөрөө машин янзалдаг, түүнийгээ хобби болгосон байсан. Манай сургууль дээр том компаниуд ирж танилцуулга хийж, сайн оюутнуудыг ажилд урьдаг байсан юм. Нэг удаа Tesla компаниас хийсэн үйл ажиллагааны үеэр нөгөө грашдаа машин засвар хийдэг залуу маань төгсөөд шууд тэнд бүтэн цагийн ажилтнаар орохоор сонгогдсон. Эндээс харахад хобби гэдэг нь хааяа нэг хийдэг зүйл биш чиний сонирхол төдийгүй, цаашдын шинэ түвшинд гарах суурь болдог юм билээ. Давуу талын хувьд стресс тайлагдана. Ирээдүйд орлогын чинь эх үүсвэр болох боломжтой. Нэмж хэлэхэд, хобби хүнийг тууштай, оролдлоготой байхад сургадаг. Тиймээс ажил олгогчдын хувьд чиний ямар хоббитой байх нь чухал ач холбогдолтой гэсэн үг.

Англи хэлийг хэрхэн сурсан вэ?

Би Өмнөговь аймагт 10 жилээ сурч төгссөн гээд хэлж байсан даа. Тэр үедээ англи хэл сураагүй. Оюутан болоод анх сурч эхэлсэн. Олон ч сургалтын төвд явсан даа. Дараа нь өөрөө бие дааж сурсан. Хамгийн чухал нь тасралтгүй суралцах явдал юм билээ. Хэсэг хугацаанд орхичихвол мартана. Би TOEFL, IELTS-ын шалгалтад багадаа 90 онооны шалгуурт тэнцэхийн тулд 7 жил бэлдсэн. Нийт 9 удаа шалгалт өгсөн. Англи хэл сурахын тулд эхлээд унших, сонсох чадвараа сайжруулаад, дараа нь бичих, ярих чадвараа сайжруулах нь зүгээр юм билээ. Ойлгохгүй байсан ч хамаагүй, гол нь тууштай байдал чухал. Өдөрт 20 минут ямар нэг зүйл сонсдог. Найзууд маань, чи ойлгож байгаа юм уу гээд асуудаг. Би үгүй л гэдэг. Гэхдээ би оролдохоо болиогүй. TOEFL өгөхөд ч тийм байсан. Шалгалт өгөх бүрт мөнгөөр өгч байгаа, зарим мөнгөө бүр хүнээс зээлсэн. Гэхдээ эцсийн зорилго нь тэнцэх шүү дээ. Хоёр, гурван удаа өгөөд больчихгүй.

Америкт сурсан 2 жил өөрт тань хэрхэн нөлөөлсөн вэ?

Олон зүйл өөрчлөгдсөн байсан. Монголд ирээд 1 жил болохдоо сайн анзаарсан. Өмнө нь химич мэргэжлийнхээ онцлогоор ганцаараа лабораторид туршилт хийдэг хүн байлаа. Одоо илүү нээлттэй нэгэн болсон байна. Яг одоо яриад сууж байгаа нь ч бас тэр өөрчлөлтийн нэг хэсэг нь. Их сургууль дээр, өөрийн бизнес санаагаа ангийнхандаа танилцуулаад дэмжсэн оюутнуудтайгаа нэг баг болоод гадуур судалгаа хийх хичээл орж байсан. Миний хувьд завгүй амьдралын хэмнэлтэй байсан учраас автомат хоолны машины санаа олсон юм. Автомат аяга, таваг угаагч гэдэгтэй адилхан. Багшийн өгсөн даалгавар нь гадуур яваад 20 хүнээс энэ санаа чинь бодит болж болохыг эсэхийг, зорилтот зах зээл нь юу болохыг асууж ирээрэй гэдэг байсан. Энэ явдал намайг өөрийн тухтай бүсээсээ гарч, бусдад өөрийгөө ойлгомжтой илэрхийлж сурах үндэс болсон гэж боддог. Монголд ирсний дараа найзууд маань ч хэлж байсан. Би өмнө нь сонсогч байсан юм байна лээ. Одоо бол яриан дотор орчихсон, инээж хөөрөөд явж байдаг. Ажлын байранд дээр ч мөн ялгаагүй шууд мэдэгдсэн. Би Монголд ирээд Төслийн менежерээр ажилд орсон. Ажлын маань ихэнхи хувь нь харилцаан дээр тулгуурлаж явагддаг болохоор нээлттэй зан чанар их хэрэг болдог.

Мэргэжлээ хэрхэн сонгосон талаараа хуваалцвал?

Би химийн бодлого болох дуртай хүүхэд байсан. Түүнийгээ дагаад элсэлтийн шалгалт өгч, МУИС-ын химчийн ангид орсон. Их сургуульд сурч байх явцдаа хичээлдээ үнэхээр дуртай байсан уу гэвэл үгүй гэж хэлнэ. Харин сургуулиа төгссөний дараа лабораторит ажиллаж байх үедээ мэргэжлийнхээ сайхныг мэдэрсэн. Өдөр бүр л ямар нэг зүйлийг сайжруулахын тулд туршилт хийгддэг. Тэр нь бараа бүтээгдэхүүн болоод хэрэглэгчдийн гар дээр очдог. Хүнд өгч байгаа үнэ цэнэ гэдэг утгаараа ажил маань надад сайхан мэдрэмж төрүүлдэг. Харин ажлаа удаан хийх явцад эрүүл мэндийн асуудал үүсч эхэлсэн учраас өөр чиглэлээр сураад, ажиллахаар шийдэж Бизнесийн удирдлага мэргэжлийг сонгосон. Лаборатори, бизнес ялгаагүй бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгддэг учраас надад ойр байсан юм уу даа. Мэргэжил сонголтын тал дээр сонирхож байгаа чиглэлийн компанитайгаа очиж уулзаад дадлага хийж болно. Магадгүй зүгээр танилцах өдөрлөг ч юм уу тийм зүйл байж болно. Эсвэл тухайн компанид ажилладаг хүнтэй уулзаад асуух зүйлээ асууж болно. Эрэлхийлж хайж чадвал аливаа зүйлийн гарц гаргалгаа харагдана шүү дээ. Тэр явцдаа яг хүссэн мэргэжил, ирээдүйн ажил чинь мөн байна уу гэдгээ харж болно.

Автомат хоол хийгч машиныхаа төслийг үргэлжлүүлж чадсан уу?

Америкт суралцахын сайн тал нь надад бизнес санаа байвал түүнд маань итгээд хөрөнгө оруулдаг хүмүүс байдаг. Түүний ачаар өөрийн санаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх боломж гарсан. Бас нэг сайхан зүйл нь манай сургуульд инновац хөгжлийн төв байдаг. Хэрэгтэй тоног төхөөрөмжөө үйлдвэрлэж болно гэсэн үг л дээ. Ямартай ч автомат шөл хийгч машин хийж чадсан шүү. Харин Монголд тийм төхөөрөмж хийх нөөц байхгүй. Байгаа зарим нь өндөр үнэтэй байх жишээтэй.

Purdue University хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцахад ээлтэй юу?

Энэ тал дээр маш ээлтэй сургууль гэж хэлж болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төв байдаг. Тэнд бүтэн цагийн ажилтнууд байх ба хөгжлийн бэрхшээлтэй хүнд хэрэгцээтэй байгаа тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Сургуулийн орчин, барилга, зам талбай, цахилгаан шат тэргэнцэртэй хүн чөлөөтэй зорчиход зориулагдсан. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг бусад оюутнуудтай холбож өгөх зорилгоор тогтмол үйл ажиллагаа зохион явуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээрээ аливаа үйл ажиллагаанаас хоцрооно гэсэн ойлголт байхгүй. Хөл бөмбөг тоглож байлаа гэхэд, дунд оролцоод явж байх жишээтэй.

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлд яагаад ажиллахаар шийдсэн вэ?

Би анх Америкт суралцах гээд шалгаруулалтад орж байхдаа Америк-Монголын гүүр болно гээд хэлж байсан. Түүнийхээ дагуу нийгэмд хувь нэмрээ оруулахыг хүссэн. 

Ялангуяа алслагдсан сум орон нутагт мэдээ мэдээлэл бага байдаг шүү дээ. Харин MASA-гийн зүгээс нийгэмд чиглэсэн олон чухал арга хэмжээг зохион байгуулдаг шүү дээ. Энэ нь миний хүсэл зорилготой нийцэж байсан болохоор орж ажиллахаар шийдсэн юм.

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсье.