Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Манай сонсогчдод өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаад яриагаа эхэлье.
Сайн байцгаана уу. Намайг Мөнхжигүүр гэдэг. Би 2018 онд төрийн департаментын тэтгэлгээр SUSI for Women’s Global Leadership Program буюу эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт бүрэн тэтгэлгээр суралцаад ирсэн. Мэргэжлийн хувьд МУИС-ын Олон улсын харилцааны сургуулийг 2021 онд төгссөн. Одоогоор “Гэр өргөө” ТББ-д ажилладаг.
Яг одоо биднийг сонсож байгаа хүмүүст хандаад SUSI for Women’s Global Leadership Program гэж ямар хөтөлбөр байдаг талаар мэдээлэл өгөөч?
Энэ нь бакалаврын түвшинд суралцаж байгаа эмэгтэй оюутнуудад зориулсан хөтөлбөр бөгөөд 25-аас доош насныхан хамрагддаг. АНУ-д таван 7 хоногийн хугацаатай очоод, эмэгтэйчүүдийн манлайлал гэсэн сэдвийн дагуу суралцдаг хөтөлбөр юм. Монголоос очсоны дараа Washington DC хотод дэлхийн 25 гаруй орны 80 орчим эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болсон. Энэ үеэр АНУ-д салбар бүртээ манлайлж яваа эмэгтэйчүүд ирж бидэнтэй ярилцлага өрнүүлдэг. Үүний дараа үндсэн хөтөлбөр болох University of Kansas-д очиж дөрвөн 7 хоногийн хугацаанд академик мэдлэгээ дээшлүүлэх сургалт болсон. Энэ нь зөвхөн ном уншихыг хэлэхгүй, бодит үйл явдлын судалгаа хийж, олон хүмүүстэй уулзаж ярилцана, хувь хүнийхээ үнэт зүйлээ тодорхойлно, өөрийн сонирхсон төслөө боловсруулах гэх мэт хэсэгтэй.
Жилдээ хэдэн оюутан шалгаруулж авдаг вэ?
Сая дурдсанчлан дэлхийн 25 гаруй орноос 80 орчим эмэгтэйчүүд ирж оролцдог. Нэг улсаас 3-4 оюутан гэж заасан байдаг.
Шалгаруулалт нь хэрхэн явагддаг вэ?
Эхний шалгуур нь яагаад энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байгаа талаараа бичнэ. Дараа нь тодорхойлох захидал авсан байна. Эхний шатанд тэнцвэл АНУ-ын элчин сайдын яаманд биечлэн ярилцлагад орно. Үүний дараа улсаасаа шалгарвал Washington-ы оффис руу нэр нь очоод, тэндээ сүүлийн шатны шалгаруулалтад оролцдог.
TOEFL, IELTS-ын оноо шаардаж байсан уу? Их сургуулийн хэддүгээр курсийнхэнд зориулсан хөтөлбөр вэ?
Тухайн хөтөлбөрөөр сурахаар очихдоо төгсөх курсийн бус оюутан байх ёстой юм билээ. Мөн ямар нэг шалгалтын оноо шаарддаггүй учраас өөрийгөө эсээ дээрээ хэрхэн илэрхийлж байгааг нь илүүтэй хардаг.
Тодорхойлох захидлыг хэнээс авбал илүү оновчтой гэж зөвлөх вэ?
Намайг 2-р курсийн оюутан байхад нэг л тодорхойлох захидал шаардлагатай гэж үзэж байсан. Одоо магадгүй тоо нь нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Ямар нэр нөлөө бүхий хүнээс авах вэ гэдгээс илүү чамайг бүх талаас нь сайн тодорхойлж чадах тийм хүнээс тодорхойлох захидлаа авбал илүү зүгээр санагдсан. Хамгийн дуртай хичээлийнхээ багшаас ч юм уу авч болно. Нэг анхаарах зүйл нь тодорхойлох захидал бичиж байгаа хүн нь чамтай ямар нэг хамаарал бүхий хүн байж болохгүй. Хэрвээ тийм багш байхгүй бол сайн дурын ажил хийж байсан газраасаа авч болно.
Шалгаруулалтад оролцоход энэ зүйл дээр илүү анхаарвал зүгээр шүү гэмээр анхааруулах зүйл нь юу байсан вэ?
Миний эсээний ерөнхий санаа нь нэг л зүйлийг илэрхийлж байсан. Тэр нь олон зүйл рүү орох гэж оролдоогүй гэсэн үг л дээ. Мөн Монголд жендерийн асуудал ийм тийм байна гэхээсээ илүү, чиний эргэн тойронд болсон бодит үйл явдал байвал илүү зүгээр гэсэн үг. Ерөнхий том зүйл ярих биш, жижиг сэдэв олоод түүнийхээ гаргалгааг хайгаад үзээрэй л гэж хэлж байгаа юм. Энэ нь чиний аливаад хэрхэн ханддаг, жижиг зүйлсийг ч анхааралгүй орхихгүй байх чадвартай хүн гэдгийг бусдад илэрхийлнэ гэж ойлгож болно.
Чиний хувьд англи хэлийг хэрхэн сурсан вэ?
Би 10-р ангиа төгсөх хүртлээ Өмнөговьд сурсан. Ахлах ангидаа өөрөө хичээгээд, илүү их цаг гаргаад суралцаж байсан. Гэхдээ миний гаргасан алдаа нь дүрэмд хэт ач холбогдол өгсөн гэж боддог. Илүү сайн сурсан үе нь гэвэл сонирхлоо дагаад МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд орсон тэр үе л дээ. Мэдээж олон газраас ирсэн хүүхдүүд дунд хичээлдээ сайн хүүхдүүд их байсан. Тийм хүүхдүүдтэй нэг орчинд байна гэдэг нь надад хэлээ сайжруулахад илүү нөлөөлсөн гэж боддог.
Англи хэлээ сайжруулахыг хүсэж байгаа залуустаа хандаж юу хэлэх вэ?
Нэгдүгээрт ном уншаарай гэж хэлнэ. Учир нь үүний ачаар хүний аливааг харах өнцөг өөрчлөгддөг. Өөрөө ч мэддэг гэдгээ мэдэхгүй үгнүүдээ хэрэглэчихсэн байх жишээтэй. Дараагийнх нь гэвэл илүү чөлөөтэй сэтгэж шинэлэг аргуудыг туршиж үзээрэй. Дүрэм их үзэх нь тийм ч сайн зүйл биш. Мэдээж тодорхой хэмжээнд байх нь зөв. Чи юунд дуртай байна тэр зүйлээрээ дамжуулж сураарай. Хоол хийх дуртай бол хоолны нэвтрүүлэг үзэж болно шүү дээ.
SUSI for Women’s Global Leadership Program хөтөлбөрт хамрагдахад юу сурч мэдэж болох вэ?
Монголоос эхлээд Washington DС-д очсоны дараа дэлхийн 25 орноос ирсэн 80 гаруй эмэгтэйчүүдтэй чуулга уулзалтад оролцдог гээд хэлсэн шүү дээ. Энэ үед эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлаар өргөн хүрээний мэдлэг олж авах боломж бүрддэг. Мөн салбартаа манлайлагч хүмүүсийн туршлагыг сонсоно. Надад байдаг асуудлууд бусад хүнд ч бас байдаг юм байна гэдгийг ойлгосон. Канзасын их сургуульд байх дөрвөн 7 хоногийн хугацаа маш шахуу, бүтэн өдрийн хуваарьтай байдаг. Үдээс өмнө лекц ороод, үдээс хойш өөрийнхөө авсан төсөл дээр ажиллах юм уу хувь хүнээ тодорхойлох төрөл бүрийн сорил дээр ажилладаг. Мөн тэр үеэр АНУ-ын тусгаар тогтнолын баярын жагсаал үзэж, гадаад оюутнуудыг гэртээ амьдруулдаг гэр бүлээр зочилж, бие хамгаалах урлагаар хичээллэх боломж гардаг.
Өөрийнхөө мэргэжлийн онцлогийн талаар бидэнтэй хуваалцаач?
Миний мэргэжил Олон улсын харилцааны чиглэлээр болохоор маш сонирхолтой. Эдийн засаг, улс төр, хэл шинжлэл гэх мэт олон салбарыг сонгон судлах боломжтой. Нэг талаараа энэ нь давуу тал болдог хэдий ч, нөгөө талаар эдгээр салбаруудаас чи яг алыг нь сонгох вэ гэдгээ эртнээс бодсон байх хэрэгтэй юм билээ. Миний бодлоор энэ хөтөлбөрт хамрагдсанаар мэргэжлээ хэрхэн зөв сонгох тал дээр маш сайн ойлголттой болсон, өөрийгөө илүү сайн сонсож, хүсэж байгаа зүйлээ таньж сурсан гэж хэлж болно.
Суралцаж байх үеийн хамгийн сайн ойлгож авсан зүйл юу байсан вэ?
Маш гоё асуулт байна. Бие даан зохицох чадвартай манлайллын тухай ойлголтыг сайн авсан гэж боддог. Нөхцөл байдал үргэлж өөрчлөгдөж байдаг учраас, ямар ч төгс төлөвлөгөөнд асуудал үүснэ. Түүнд өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ, яаж даван гарах вэ гэдэг талаар ойлголттой болж чадсан.
Тухайн үед сурсан зүйлүүдээс үүнийг амьдралдаа хэрэглээд, туршаад үзээрэй гэж санал болгомоор зүйл юу байсан вэ?
Бид нар хоёр хоёроороо баг болоод биеэсээ нэг асуултыг асуудаг байсан. Яагаад энэ сэдвийг сонгосон вэ? Хариулах үед нь дахиад яагаад гэж асууна. Энэ асуултад олон хариулаад ирэхээр ерөнхий байсан санаа чинь илүү бодит болж задарч ирнэ, нөгөөтээгүүр миний сонирхсон сэдэв баттай мөн эсэхээ мэдэж авах боломжтой болдог юм байна лээ.
Суралцаж байх хугацаанд хүнд хэцүү санагдаж байсан үе бий юу?
Энэхүү хөтөлбөр маань бүрэн тэтгэлэгт хөтөлбөр учраас, мөн дээрээс нь богино хугацаатай сар гаруй үргэлжилдэг хөтөлбөр болохоор, гэрээ санах ч юм уу, санхүүгийн хүндрэл үүсэх асуудал гарахгүй гэсэн үг. Яахав, нэг зүйл байсан нь юу вэ гэвэл, маш шахуу хөтөлбөрт орно, богино хугацаанд өргөн хүрээний мэдлэг авах учраас аль нэг сэдэв дээр төвлөрөх боломж дутмаг байсан.
SUSI for Women’s Global Leadership Program-д хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хамрагдах боломж байдаг уу?
Би боломжтой гэж бодож байна. 25 өөр орноос ирсэн олон хүмүүс дунд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байсан гэж бодож байна. Сургуулийн хувьд хүртээмжтэй, тухайн хүмүүст ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлсэн байсан.
SUSI for Woman’s Global Leadership Program-ыг сонгон суралцах гэж байгаа залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?
Хүн бүрийн амьдралын орчин нөхцөл, мэдлэг туршлага өөр өөр байдаг. Ирээдүйд хийх зүйлсээ тодорхойлоод төлөвлөчихсөн, энэ дотор нь тухайн хөтөлбөрт хамрагдах зорилго багтсан бол өөрийгөө битгий дутуу үнэлээрэй. Чамаас сайн хэн нэгэн байх байсан ч, оролдоод үзэх хэрэгтэй. Боломж үргэлж байдаг гэж хэлмээр байна.
За, бидний урилгыг хүлээн авч, манай подкастанд оролцож уншигчдад олон хэрэгцээтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.
Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье