Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай өнөөдрийн зочноор Америкт Global UGRAD хөтөлбөрөөр суралцаж байгаа Хүслэн оролцож байна. Манай сонсогчдод өөрийгөө танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.
Сайн байна уу. Сонсогчиддоо энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б.Хүслэн гэдэг. Би АНУ-ын засгийн газрын тэтгэлэг болох Global UGRAD хөтөлбөрийн сарын дараа төгсөх гэж байгаа 2022 оны оролцогч байна.
Америкийн ямар мужид суралцаж байгаа вэ?
Би АНУ-ын Georgia мужид байрлах Атланта хотын хойд хэсэгт байрлах Oglethorpe University-д суралцаж байгаа.
Монголд ямар сургуульд сургуульд сурч төгссөн вэ?
Би МУИС-ын салбар сургууль болох Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн 3-р курст Олон улсын харилцааны мэргэжлээр суралцдаг.
Global UGRAD хөтөлбөрийг хаанаас хэрхэн мэдэж, оролцох болсон вэ мөн хэрхэн бэлдэж, тэнцсэн талаараа мэдээлэл өгөөч?
Анх энэ хөтөлбөрийн талаар Facebook-ээс олж мэдэж байлаа. Мөн нэг подкастнаас АНУ-ын элчингийн вэб сайт дээрээс хөтөлбөртэй холбоотой бүх мэдээллийг авч болно гэж сонсоод сайтаас нь мэдээлэл авсан. Global UGRAD хөтөлбөр нь 3 үе шаттайгаар оюутнуудыг сонгож авдаг. Эхний хэсэгт хувийн мэдээллээ оруулах, мөн 2-3 эсээ бичих даалгавар байдаг. Намайг материалаа өгч байхад 2 эсээ бичүүлж байсан. Эхнийх дээр нь яагаад энэ хөтөлбөрт хамрагдмаар байгаа вэ, хөтөлбөр надад яагаад хэрэгтэй вэ гэдэг тухай дэлгэрэнгүй бичнэ. Дараагийнх нь сонголттой асуулт байсан. Жил болгоны шалгуур өөр байж магадгүй.
Дараагийн үндсэн шат нь ярилцлагын шат байдаг. Хэрвээ ярилцлагадаа тэнцсэн бол сүүлийн шат нь TOEFL-ын шалгалт өгнө. TOEFL-ын шалгалтыг яагаад авдаг вэ гэхээр тухайн оюутан маань Америкт очоод хичээлээ ойлгох чадвар байгаа эсэхийг мөн очоод нийгмийн харилцаанд ороход хэлний бэрхшээлгүй эсэхийг шалгадаг гэсэн үг л дээ. Хэрвээ шалгаруулалтдаа тэнцсэн байвал 6 сарын сүүл үе эсвэл 7 сарын эхээр хариу нь ирдэг. Тэр үед ямар сургуульд сурахаар болсон бэ гэдэг хариу нь ирдэг.
Оюутан өөрөө сургуулиа сонгодоггүй гэсэн үг үү?
Миний бодлоор эсээ бичих хэсэг дээр хэрхэн хариулснаар нь, өөрөөр хэлбэл өөрийгөө хэрхэн тодорхойлж байгаагаар нь цаанаас нь сургуулийг нь сонгож өгдөг юм шиг байна лээ. Миний мэргэжил маань Олон улсын харилцаа. Миний суралцаж байгаа Oglethorpe их сургууль нь Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын чиглэлд суурилсан сургууль байгаа юм.
Анх удаа Америкт очсон сэтгэгдэл ямар байсан вэ?
Миний хувьд тухайн үед анх удаа гадаад руу явсан, маш онцгой байсан. Олон цагаар буюу 14 цагийн нислэг байсан. Тийм учраас ядарсан бас бага зэрэг түгшсэн. Анх удаа гаднын оронд очиж байгаа, таних хүнгүй гэдгээсээ болоод түгшсэн байх л даа. Харин онгоцны буудал дээр буусны дараа бүх зүйл ойлгомжтой байсан. Өөрийнхөө хэмжээнд Англи хэл мэддэг байсан учраас хүмүүсээс мэдэхгүй зүйлээ асуугаад зочид буудал руугаа явсан юм. Таних мэдэх хүнгүй ганцаараа байсан ч гэсэн бусдаас санаа зовохгүй асууж байх хэрэгтэй юм билээ. Нэрэлхүү гэх үү тийм зан магадгүй Монгол хүнд л байдаг байх.
Сурч байгаа сургуулийнхаа талаар бидэнтэй хуваалцаач?
Миний суралцаж байгаа Oglethorpe их сургууль нь Liberal Arts College гэдгээрээ надад их таалагддаг. Америкт Монголынхоос ялгаатай нь Коллеж болон их сургууль ялгаагүй дээд сургуулийн боловсролын системтэй. Хоорондын ялгаа нь сургалтын орчин буюу нэг профессорт хамаарагдах оюутны тооноос хамаардаг. Их сургуульд нэг багшид 60-100 оюутан ноогддог бол коллежид 15-25 оюутан ноогддог. Тийм болохоор оюутнуудтайгаа тулж, ойр ажиллах боломж нь манай сургуульд их байдаг. Тэр боломжоо би сайн ашиглаж байгаа. Манай сургуулийн өөр нэг онцлог нь угсаатны олон янз байдал бөгөөд Ази, Латин Америк суралцагчид их байдаг.
Оюутны хотхонд байрлаж байгаа юу?
Манай их сургуулийн оюутны хотхон жижиг хэмжээтэйд тооцогдох байх. Дотроо 6 оюутны байртай. Тэдгээрийн нэгэнд би байрлаж байна. Хоолны хувьд өглөө, өдөр, оройн хоолтой. Нэг гайхшируулсан зүйл нь хоолны порц маш ихтэй байсан.
Анх суралцахаар очиход хэлний мэдлэгийн зөрүү гарсан уу? Одоогоор хэдэн хичээл үзэж байгаа вэ?
Би одоогоор 4 хичээл сонгон судалж байна. Испани хэл, Дэлхийн утга уран зохиол, Африк гаралтай Америкчуудын түүх, Илтгэх урлаг гэсэн хичээлүүд судалж байна. Олон улсын оюутнуудтай хамт суралцаж байгаа болохоор Илтгэх урлагийн хичээлдээ илүү сонирхолтой. Олон соёлыг ойлгох чадварт суралцаж байна. Хэн нэг хүнтэй ярилцахаасаа өмнө, тухайн хүнийхээ улс орны соёлын онцлогийг ойлгоод, дараа нь ярилцахад илүү хялбар байдаг.
Олон улсын оюутнуудтай хамт илтгэх урлагийн хичээлд суух үеэр эхний хичээл дээр өөрсдийгөө танилцуулах байсан. Би Монгол орныхоо тухай тэдгээр хүүхдүүдэд ярьж өгсөн. Дараагийн хичээл дээр улс орондоо болдог онцлох үйл явдлыг ярих байсан. Миний хувьд цагаан сарын тухай ярьж байсан юм. Намайг цагаан сарын тухай ярьж байх үед, би цагаан сараар айраг, бууз иддэг тухайгаа хэлэхэд Киргизстанаас ирсэн оюутан манайд ч бас бууз иддэг. Буузыг бууз гэж хэлдэг гэсэн нь сонирхолтой санагдаж байсан шүү.
Америк сургуулийн сургалтын систем нь Монголтой харьцуулахад ямар байсан вэ?
Зарим ялгаатай талууд байдаг. Манай Oglethorpe их сургуулийн хувьд Student Success Center буюу оюутанд туслах төв гэж байдаг. Надад ямар нэг тусламж хэрэг гарвал тэр төвд хандаж болно. Мөн багш нартаа ч хандаж болно. Багш бүрд office hour буюу оюутанд зөвлөгөө, тусламж өгөх хуваарьт цагууд байдаг.
Эсээг хэрхэн сайн бичих вэ чиний бодлоор?
Монголд сурч байхад бага ангиасаа л эсээ бичихдээ тогтсон хэв загвараар бичдэг шүү дээ. Харин Америкт сурч байх хугацаанд бичсэн эсээ маань илүү шүүмжлэлт сэтгэлгээгээр, аливаад дүн шинжилгээ хийх байдлаар хандсан хэв маягтай болсон гэж хэлж болно. Америкт сурахаар шалгаруулалтад орохдоо бичиж байсан эсээндээ эхлээд яагаад би энэ хөтөлбөрт хамрагдах ёстой, юу хийсэн учраас хамрагдахыг хүсэж байгаа вэ гэдгээ сайн тайлбар бичнэ. Яаж анх Англи хэл сурсан, дараа нь хэл сурснаар Америкт сурах хүсэл бий болсон, дээрх бүх хугацаанд юу туулсан тухайгаа бичиж байсан юм. Сурсан, мэдсэн зүйлс маань надад болон миний хүрээлэлд хэрхэн сайнаар нөлөөлсөн, сайн дурын ямар ажил хийж байсан зэргээ бичсэн юм. Миний мэддэг зүйлүүд бол ийм, ийм гэхээсээ илүү би ийм алдаа гаргаад, алдаагаа ингэж зассан, алдаанаасаа суралцсаар байгаа гэдгээ тодотгож өгвөл зүгээр юм билээ.
Одоо сурч байгаа муж болон хотынхоо талаар бидэнтэй хуваалцаач?
Oglethorpe их сургууль маань Georgia мужийн Atlanta хотоос 30 минутын зайтай хотын зүүд хойд хэсэгт оршдог жижиг хот. Манай орны Дархан, Эрдэнэт хотуудтай ойролцоо хэмжээтэй гэсэн үг. Өндөр барилгууд их байдаггүй. Бидний сайн мэдэхээр 1996 оны зуны олимп Атланта хотод зохион байгуулагдаж байсан. Цаг агаарын хувьд чийглэг дулаан уур амьсгалтай. Цас бараг ордоггүй газар юм билээ.
Хичээлийнхээ хажуугаар аялах боломж гардаг уу?
Манай сургууль байдаг Georgia мужтай ойролцоо Florida муж байдаг. Энэхүү мужид Miami арал байдгаараа онцлогтой. Тэнд очоод анх удаа далай харсан. Би олон улсын оюутнуудтай их найзалдаг. Тэр дундаа Испани хэл үзэж байгаа болохоор Латин Америк оюутнуудтай хамт аялангаа Испани хэлээ сайжруулах боломж гарч байна.
Ахлах ангиа төгсөөд ямар дээд сургуульд орохоо хэрхэн шийдэж, хэрхэн бэлдэж байсан вэ?
Би ахлах сургуулиа төгссөний дараа Эрдэнэтээс Улаанбаатар хотод ирж ганцаараа амьдарсан. Их сургуульд орсны дараагаар завсар жил аваад Tomuujin академид суралцсан. Улсын сургуульд сурсан болохоор SAT гэдэг шалгалтыг мэдэхгүй орж байсан. Томуужин академид суралцаж байхдаа хэд хэдэн удаа SAT өгч байсан. Мөн тэр хугацаандаа Англи хэл дээр ном их уншдаг байсан л даа. 7 хоногт 1 ном уншина.
Олон удаа SAT mock test өгөөд оноонд маань сайн ахиц гарахгүй болохоор нь хэсэг хугацаанд завсарлаад ном уншсан. Хоёр сарын дараа дахиад SAT өгөхөд оноо маань мэдэгдэхүйц сайжирсан байсан. Дараагаар нь TOEFL-ын шалгалт өгөөд, тухайн үед Global UGRAD хөтөлбөрийн талаар олж хараад материалаа өгсөн юм. Материалаа өгөхдөө ямар мэргэжлээр сурахаа шийдээгүй гэдэг сонголтыг сонгоод явуулж болдог юм байна лээ. Харин ийм чиглэл байвал зүгээр гэдгээ бичих хэрэгтэй. Миний хувьд харилцааны чиглэлээр байвал зүгээр байна гэдгээ бичсэн юм. Нийт 15 сургуульд материалаа өгснөөс дийлэнх нь татгалдсан хариу өгсөн. Харин 2 сургуулиас тэнцсэн хариу ирсэн юм.
Мэргэжлээ яагаад сонгосон вэ? Мэргэжлээ сонгох гэж байгаа ахлах ангийнханд юу гэж зөвлөх вэ?
Хэлний чиглэлийн хичээлүүддээ дуртай байсан нь миний мэргэжлээ сонгоход нөлөөлсөн гэж боддог. Тийм учраас Олон улсын харилцааны мэргэжлийг сонгосон. Энэ мэргэжил маань хөрвөх чадвар сайтай гэж би ойлгодог. Өөр олон давуу тал байдгийн нэг нь өөр, өөр хэлийг суралцах боломж олгодог. Миний хувьд Япон хэлийг бие даагаад, Испани хэлийг Global UGRAD хөтөлбөрийн хүрээнд сурч байна.
Сурахаар сонгосон мэргэжилдээ сэтгэл хангалуун биш байвал, би өөрөө завсар жил авч байсан хүний хувьд, өөртөө бодох хугацаа олгоорой гэж хэлмээр байна. Хэрвээ завсар жил авахаар шийдсэн бол сайн дурын ажил зэрэг өөртөө туршлага хуримтлуулах зүйлсийг байнга хийгээрэй гэмээр байна.
Америкт суралцахаар зорьж байгаа залуустаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
Тууштай байгаарай гэж хэлмээр байна. Их, бага гэлтгүй оролдлого сайн хийгээрэй. Бусад нь чадаж байгаа бол чи ч бас чадна гэж хэлмээр байна. Зорьсон зүйл чинь бүтэхгүй бол өөртөө битгий хатуу хандаарай. Өөр арга зам байгаа шүү гэж хэлмээр байна.
Танай сургууль хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцахад ээлтэй юу?
Зөвхөн сургалтын систем биш орчин нь хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурахад маш ээлтэй гэж боддог. Мөн манай сургуулийн оюутны хөгжлийн төвөөс тухайн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад үргэлж дэмжлэг, туслалцаа үзүүлдэг. Манай сургуулийн оюутнууд кампус дээрээ ажил хийх боломжтой. Миний мэдэж байгаагаар нэг хөгжлийн бэрхшээлтэй оюутан маань гаднаас манай оюутны хотхоныг үзэхээр түр ирж байгаа хүмүүст хөтөч хийдэг.
Бидний урилгыг хүлээн авч, олон хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Манай өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Цаашдынх нь сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Дараагийн дугаараар дахин уулзталаа баяртай эрхэм сонсогчид оо.

