Өөрийгөө илүү дэлгэрэнгүй манай уншигчдад танилцуулаач?
Урьсанд баярлалаа. Би арван жилээ Эрдэнэтийн Мон-Турк сургуулийг төгсөн. Анх бол АНУ руу яаж явах учраа олоогүй, асууж тодруулах хүн ч байхгүй. Ямар ч байсан TOEFL-ийн шалгалтаа өгөх хэрэгтэй гээд өгчихсөн байсан. Тэгээд нэг агентлагт 500 доллар төлж зуучлуулж АНУ руу явж байсан юм. Сүүлд нь АНУ-д очоод өөр сургууль руу шилжих боломж байдаг гэдгийг мэдээд шилжиж байсан. Тэгээд гурван жил сурсны дараа төгссөн. Төгсөөд Америкт ажиллаж байгаад АНУ-аасаа Европ руу очиж ажиллаж байсан юм.
University of Miami- руу яагаад шилжиж сурсан вэ? Шилжиж сурсан тухайгаа дэлгэрэнгүй хуваалцаач?
АНУ-д анх Мissouri мужийн Lindenwood гэдэг их сургуульд эхлээд орсон юм. Тэнд жил суралцаж байгаад шилжих боломж байдаг гэж мэдээд, шилжих материалуудаа бүрдүүлж эхэлсэн. Нэгэнт АНУ-д их сургуульд сурч байгаад шилжиж сурахаар TOEFL, IELTS оноо шаардахгүй. Нэмэлтээр сурч байгаа сургалтын дүнгүүдээ мөн ямар хичээлүүд авч үзсэн гэдгээ хавсаргаад явуулах ёстой байдаг. Тэгээд яагаад шилжиж сурах гэж байгаа тухайгаа тусгасан эсээгээ бичиж өгөх хэрэгтэй. Одоогийн сургуульдаа ямар амжилтууд гаргасан гэдгээ бичиж өгвөл бас зүгээр байдаг. Миний хувьд Lindenwood University-д Ширээний теннисийн багт тоглодог байсан. Эмэгтэй баг нь яг дөрвөн хүнтэй байж тэмцээнүүддээ ордог. Манай сургууль яг эмэгтэй нь гурвуулаа болчхоод дөрөв дөх хүнээ хайж байхад нь би сайн тоглодоггүй ч гэсэн сонирхлоороо орчихсон юм. Тэр нь миний хувьд азтай тохиолдол болсон.
Дараа нь би сургуулийн өргөдөл дээр би сургуулийнхаа багт тоглодог гээд дурдаад өнгөртөл Миами мужийн их сургуулиас урилга ирэхдээ спортын тэтгэлэгтэй санал ирж байсан. Тэр нь миний хувьд их гайхмаар байсан. Яагаад гэхээр би сурлагадаа сайн л гэж боддог байсан атал хэзээ ч спортын тэтгэлэг авна гэж бодоогүй юм. Гэхдээ би эсээн дээрээ сургуулиа төлөөлөөд тоглодог гэж бичсэн маань тэтгэлэг авахад том нөлөө үзүүлсэн байсан. АНУ дотроо бол эхний хоёр жилийн кредит асуудалгүй шилждэг. Би гурав дахь семестр дээрээ шилжсэн болохоор бүүр илүү амархан байсан. University of Miami-ийг яагаад сонгосон бэ гэдгээр нэгэнт би LST–ын шалгалтыг өгөөд өндөр оноо авч чадаагүй. Тэгэхээр том сургуульд явна гэдэг нь миний хувьд хэцүү байна гэдгийг ойлгочихсон байсан юм. Өөр ямар боломжууд байсан вэ гэхээр арай өөр газар амьдарч үзье, далайн эрэгтэй ойрхон гээд Калифорниа эргийн сургуулиуд руу өргөдлөө явуулсан. Ер нь орчинд нь болж сургуулиа сонгож байсан. Нэлээн хэдэн сургууль руу хүсэлт явуулснаас надад спортын тэтгэлэг өгсөн учраас University of Miami-ийг сонгосон байгаа.
Спортын тэтгэлгийг яаж авдаг вэ? Энэ талаар илүү тодорхой мэдээлэл өгөөч?
Спортын тэтгэлэг авах магадлал нэлээн өндөр байдаг. Ихэнх сургуулиуд өөрсдийгөө хөл бөмбөгийн бага, сагсны багаараа сурталчлах сонирхолтой байдаг юм. Хүн бүр өөрсдийгөө сурлагаараа харуулдаг. Харин спортын тэтгэлэгт өрсөлдөх хүмүүс цөөхөн байдаг учраас авах магадлал их өндөр байдаг. Тэгэхээр ямар нэгэн спортоор хичээллэдэг бол түүнийгээ эсээн дээрээ бичиж өгвөл давуу тал болно. Тэгээд давхар тухайн тэтгэлгийн шаардлагуудыг хараад өөрийн давуу талаа бариад бичвэл илүү өндөр магадлалтай байдаг. Ширээний теннисний спортод хүмүүс үзүүлэлтээрээ 200 - аас дээш оноотой байж тодорхой зэрэгтэй гэж үнэлэгддэг бол миний хувьд зэрэг нь бараг 600 дээр, их муу байсан. Гэлээ ч гэсэн багаараа хамт тоглоод явж байсан. Багийн тоглолт сайтай байсан, тэр талаараа өөрийгөө илүү тодотгож бичээд өргөдлөө өгөхөд буцаад тийм л түвшинд байх ёстой гэсэн шаардлага тавиагүй. Нэгэнт тэтгэлэг авчихсан тохиолдолд тухайн сургуульдаа багт нь ороод үргэлжлүүлээд ширээний теннисээ тоглоорой гэсэн санал тавьж байсан. Түүнээс биш өөр хэцүү зүйл огт байгаагүй ээ.
Ширээний теннисээр тоглож байх үеийн дурсамжуудаасаа хуваалцаач?
University of Miami-д очоод би баг бүрдүүлэх гэсэн чинь эмэгтэй баг бүрдэж чадаагүй ээ. Эмэгтэй ширээний теннисээр тоглодог хүмүүс нь цөөхөн байсан юм. Харин Lindenwood-д байхдаа бид нар их амжилттай байсан. NSSTE гээд тэмцээнд эмэгтэй багаараа шалгарч байсан юм. Манай гурав бол их мундаг тоглодог. Би оноог нь дарсаар байгаад, намайг чирсээр байгаад бид нар түрүүлж байсан. Манайхан намайг муу тоглохыг мэддэг ч гэсэн багийн тоглолт өндөр байсан тул дэмжээд явдаг байсан. Тэгээд багийн спорт учраас их гоё байдаг байсан. Техас мужид бүх шалгарсан сургуулийн баг ирээд тоглодог тийм том тэмцээн болсон. Түүгээрээ ч их бахархдаг тэр нь их том тэмцээн болдог. Өөр сургуулиудаас багууд ирж тоглодог юм. Олон найз нөхөдтэй болсон.
Спортоор хичээллэж байх үед чинь хичээлүүд яаж явдаг байсан вэ?
Сургуулийн багт байдаг тул тэмцээний төлөвлөгөө жилээрээ гарчихдаг байсан. Тэр бүрийг нь багш нар маань хүлээн зөвшөөрдөг байсан тул дэмждэг байсан. Сургуулиасаа спортоор хичээллэдэг багууддаа хангамж өндөртэй байдаг. Бид нар бас цалинжаад явдаг байсан. Ер нь их давуу талуудтай байсан. Сургуулийн багт байсан болохоор цаанаасаа тэмцээн уралдааны хувиар гаргачихсан байдаг. Шалгалтыг бол өөрсдөө нөхөж өгөх ёстой. Сургалтын хөтөлбөрүүд угаасаа цахимаар байгаа. Тэгэхээр автобусанд явж байхдаа ч хичээлээ уншаад явдаг байсан.
Чиний хувьд хос мэргэжлээр сурсан. Хос мэргэжлийг яагаад сонгох болов?
Би одоо болтол мэргэжил сонголт дээрээ бага зэрэг харамсдаг. Яагаад намайг арван жил төгсөж байхад МУИС-ийн эдийн засагт орох нь хэцүү учраас энэ бол гоё мэргэжил гэдэг моод байсан. Нэг тиймэрхүү хандлага байсан тул эдийн засгаар сурна гээд шийдэж байсан юм. АНУ-д очоод анзаарсан зүйл нь Монголчууд бид математикт сайн байдаг. Тэгээд хичээлүүдээсээ гадна илүү хичээл нэмж авч болдог. Зөвхөн таван хичээл биш, долоон хичээл авч үзэж болдог боломжууд бас байдаг. Яг нэг мэргэжлээрээ сурах юм бол би сургуулиа 3,5 жил сурч төгсөх боломжтой байсан. Хоёр мэргэжлээр давхар сурвал дөрвөн жилдээ багтааж сурах боломжтой байсан. Түүнийгээ ашиглая гэж бодсон. Тэгээд дээрээс нь нэмээд санхүүгийн чиглэлээр сурсан. Тэр нь ч гэсэн надад дараа нь ажилд ороход нэмэр болсон гэж боддог. Сургуулиа төгсөөд АНУ-д ажилд орно гэдэг нь нэлээн хэцүү зүйл байсан. Нэг гоё зүйл нь цаанаасаа нэг жилийн ажиллах эрх өгдөг учраас үүнийгээ тултал нь ашиглая гэдэг хүсэл гурав дугаар курст байхаасаа хойш л төрсөн. Гурав дугаар курсээсээ хойш ширээний теннисээ тоглохоо больсон. Өөр хоббигоо хийхээ больсон, ажилд орно л гэдэг ганцхан зорилготой хоёр жил бэлдсэн байсан.
Ажилд орсон тухайгаа яривал, ямар кампанид хандаж, яаж энэ ажилд орсон вэ?
Walmart гээд АНУ хамгийн том бүхэл зүйлүүдийг зардаг газар нь дадлага хийх боломж олдож байсан юм. Ихэнх сургуулиуд дээр Career Website гэж байдаг. Түүн дээр Флорида мужийн бүх ажил олгогчид нь манай сургуульд дадлага хайж байгаа хүмүүсийнхээ мэдээллийг оруулдаг. Түүнд би Эдийн засаг, Санхүүгээр сурсны ач тус гарсан. Тэнд яг тийм түүхтэй хүүхдүүдийг дадлагажуулах ажлын санал байсан юм. Үүнд нь ороод дадлагын ажил хийж байсан туршлага маань хэрэг болсон. АНУ–даа хамгийн том кампанид дадлагаар ажиллаж байсан гэдэг утгаараа дараа нь ажилд ороход хэрэг болсон. Мөн спортоор хичээллэдэг байсан, багийн тоглолт сайн хийж чадна гэдэг нь давуу тал болсон.
Өөр нэг давуу тал нь Монгол оюутан гэдэг маань тус болсон. University of Miami-д Монгол оюутан байгаагүй. Миний өмнө нэг сурч байсан нь төгсөөд явчихсан. Ажилд орохын тулд гуравдугаар курсээсээ хойш бараг 100 гаруй газар руу өргөдлөө явуулсан. Их сургуулийн вебсайтад орсон бүх кампани руу л өргөдлөө явуулсан. Манай сургуулийн надтай адилхан гурав дугаар курсийн бүх оюутнууд бас өргөдлөө явуулж байгаа. Яг үнэндээ 100 газраас буцаагаад 15 газар нь ярилцлагад дуудаж хариу бичсэн. Тэгээд ярилцлагын дараа хоёр, гурав дахь ярилцлага хийгээд бүгдээс нь үгүй гэсэн хариу авчхаад гурав дугаар курст байхдаа сэтгэл санаагаар их унаж байсан. За би ингээд ажилд орж чадахгүй юм байна.
АНУ-д миний хамгийн сайн анзаарсан зүйл нь хичээл дээр багш нь ганцаараа яриад байх биш, та нар юу гэж бодож байна гээд л байнга хэлэлцүүлэг өрнүүлдэг, тэгэхээр оролцоо их чухал. Тэгээд би их оролцдог байсан. Би ингэж бодож байна. Манай Монголд ингэдэггүй гэдгийг л их ярьдаг байсан юм. Тэгээд хичээлийн дараа манай нэг багш чи Монголоос ирсэн үү? Би 90-ээд оны үед Монголд ажилладаг байсан, гээд надтай ярилцаад, тэр багштайгаа их сайн харилцаатай болоод миний монитор болсон юм. Тэр багшдаа би 100 өргөдөл явуулаад дампуураад сууж байна. Намайг хэн ч ажилд авсангүй ээ, гээд хэлсэн чинь чи угаасаа ингэж ажилд орж чадахгүй. Яг ажилд ормоор байна гэсэн таван газраа сонгоод аваад ир гэсэн. Манай тэр багш надтай бүтэн семестр зууралдсан. Тэр багшийнхаа ачаар би ажилд орсон гэж боддог. Тэгээд энэ таван газарт ажилд орохын тулд газар тус бүрд нь таван өөр өргөдөл бэлдэнэ. Ярилцлагад дуудах учраас чи таван өөр ярилцлагын бэлтгэл хийх ёстой болсон. Бүх юм аа бэлдсэний дараа материалаа явуулна. Тэгээд таван газрын нэг нь Маккензи, бусад нь санхүүгээр сурсан учраас банкнууд байсан юм.
Манай багшийн баримталсан бодлого бол би Маккензид ажилладаг хүмүүстэй эхлээд найзлах хэрэгтэй. Өмнө нь Маккензид орсон юм уу, холбоотой хүнтэй чи холбогдоод, тэр хүмүүсээ яагаад ажилд орохыг хүсэж байгаагаа тайлбарлаад СV-гээ өгөхөөр тэр хүмүүс чинь дотооддоо хүний нөөц руу би энэ хүнд итгэж байна, таньдаг хүн байгаа юм гээд дамжуулаад өгнө. Тэгж CV-г маань өгөхөөр дамжиж өгсөн мэдээллийг нь заавал үзэх нөхцөл байдаг юм байна. Тэгэхээр хэдэн зуун хүн вебсайтаар нь материалаа явуулчихсан тохиолдолд магадлал их бага, таньдаг хүнээрээ хүний нөөцөд нь хүргүүлэх нь буцаад чи чадсангүй, эсвэл шаардлага хангасан байна гээд ядаж холбогдож хариу өгдөг. Тэгээд нөгөө 5 газраасаа 2 нь холбогдоод, үлдсэн 3 нь тэнцсэнгүй гэж хариу өгч байсан юм.
Европт ажилласан, АНУ-д ажилласан туршлагын хооронд ямар ялгаа байсан вэ?
АНУ-д би оюутан байхдаа энэ чинь бас хэцүү юм байна гэж боддог байсан. Тэгээд дараа нь ажил дээр гараад жинхэнээсээ миний сурсан зүйл бол юу ч биш юм байна гэж мэдэрсэн. АНУ-д бүтэн жил ажиллахдаа өглөө 6 цагаас босоод л Америк чинь юмнууд нь хол бараг 40 минут яваад өглөө 7 гэж ажил дээр очоод 8-аас хурлынхаа өмнө бүх юмаа бэлдээд ордог байсан. Өдөржин ажиллаж байгаад орой 8, 9 гээд ажлаасаа гараад замаараа түргэн хоол авч идчихээд гэр лүүгээ харина. Хувийн амьдрал гэж ерөөсөө байхгүй. Ялангуяа чи том кампанид орсон бол өөрийгөө чадаж байгаа гэдгээ цаанаасаа харуулах АНУ-д өрсөлдөөнтэй соёл их байдаг. АНУ-ын корпораци бол маш богинохон хугацаанд маш их ажлыг амжуулж чаддаг. Харин Европ руу би очоод Маккинзегийн яг адилхан салбарт, яг адилхан ажил хийж үзсэн. Тэд бол харьцангуй өрсөлдөөн нь бага, цаанаасаа би нэгдүгээрт гэдэг өөрийнхөө хувийн амьдралыг нэгдүгээрт тавьдаг соёлтой. АНУ-д бол миний анзаарснаар ажлаа нэгдүгээрт тавьдаг юм шиг санагдсан. Ялангуяа залуучууд нь өөрсдийгөө батлах тийм шаардлага байдаг. Европт бол амьдрал болон ажлын тэнцвэр нь илүү дээр санагдсан.
Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Сүүлийн асуулт болгоод одоо мэргэжлээ сонгох гэж байгаа арван жилийн хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
АНУ-д эхний хоёр жил мэргэжлээ сонгох албагүйгээр сураад яваад байж болдог. Эхлээд дадлага хийж үзэх, энд тэнд сайн дурын ажил хийж үзэх хэрэгтэй. Тиймэрхүү байдлаар би яг юунд дуртай юм вэ? гэдгээ олчхоод дараа нь мэргэжлээ сонгох нь их зүгээр санагдсан. Арван жилийн дараа юу моодонд орохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө хүссэн зүйлийг туршиж үзэж байгаад л сонголтоо хийх нь зөв санагдсан. Залуучуудад илүү судалгаа хийж байгаад мэргэжлээ, сургуулиа сонгоорой гэж зөвлөх байна. Миний хувьд яг хаана хандах учраа сайн мэдэхгүй байснаараа ганцхан агентлагт хандаад мөнгө төлөөд явсан юм. Түүндээ одоо жаахан харамсдаг, өөрөө судлаад мэдээлэлтэй байсан бол мөнгө төлөхгүй сургуулиуд руу өргөдөл гаргаж болох байсан зүйл дээр. Тэгэхээр илүү судалгаатай байгаарай л гэж зөвлөх байна.
За их баярлалаа. Залуучуудад өөрийн туршлагаа хуваалцаж сайхан ярилцлаа.

