Сайн байна уу, эрхэм сонсогчид оо. Америкт суралцсан миний түүх цуврал подкастын нэгэн шинэ дугаар ийнхүү эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Анагаах ухааны доктор, эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Батболдын Дөлгөөн оролцож байна. Та өөрийгөө манай сонсогчдод танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.
Сайн байцгаана уу? Намайг Дөлгөөн гэдэг. Би эрүү нүүрний мэс заслын эмч мэргэжилтэй, анагаах ухааны докторын зэргээ Японд хамгаалсан. Анагаах ухааны салбарт клиник буюу эмнэл зүй, эмнэлгийн удирдлага чиглэлээр ажиллаж байгаад одоо эрүүл мэндийн яаманд бодлогын төвшинд ажиллаж байна.
Та АНУ-д магистраа хамгаалахдаа өөрийн төлбөрөөр сурсан уу эсвэл тэтгэлэг аван суралцсан уу?
Би АНУ-ын Атланта хотын Georgia State University-д 2011-2013 оны хооронд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 2 жил сурч магистрын зэргээ хамгаалсан. Тухайн үедээ АНУ-ын засгийн газрын Фулбрайтын Оюутны хөтөлбөр тэтгэлэгт хамрагдан суралцсан.
Фулбрайтын тэтгэлэгт хэрхэн хамрагдсан мөн яагаад хамрагдах болсон талаар товч танилцуулна уу.
Намайг материалаа өгч байсан 2011 оны үед тэтгэлгийн талаарх мэдээ мэдээлэл хомс, цөөн тооны тэтгэлэг зарлагддаг байсан санагдаж байна. Японы засгийн газрын тэтгэлэг, АНУ-ын засгийн газрын тэтгэлгүүд байсан. Би ямартай ч материалаа өгөөд үзье гээд явуулж байсан. Тэнцэнэ гэсэн хүлээлт их байгаагүй ч би сонгогдсон байсан.
Тухайн үеийн тэтгэлгийн материалууд болоод шалгуурууд нь юу байсан вэ?
Эхний шатад эсээ бичих даалгавар ирснийг сайн санадаг юм. Миний хувьд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан 2, 3 хүн дээр очиж заавар зөвлөгөө авч, засвар оруулж, заримаар нь загнуулж явсан даа. Дараагийн шат нь ярилцлагын шат байсан. Ажлын өдрийн өглөө ярилцлагын цагаа товлоод, ярилцлага болох цагаасаа 20 минутын өмнө гэхэд би зам дээр түгжрээд зогсож байсан. Азаар гэх уу, өөрөө ч мэдэлгүй түгжрэлгүй зам олж яваад ярилцлага эхлэхээс 2 минутын өмнө амжиж орсон юм. Тухайн үедээ, би хоцорсон учир тэнцэхгүй гэж итгэсэн учир ярилцлагадаа хэт санаа зовохгүй орж байсан. Энэ нь миний ярилцлагад сайнаар нөлөөлсөн гэж боддог. Ярилцлагын үер би Монгол улс маань хөгжих хэрэгтэй байна. Үүний тулд залуус бид хөгжих хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлж байсан.
Би Бакалаврын зэргээ Бүгд Найрамдах Куба улсад шүдний эмчээр төгссөн. Сүүлд бодохдоо Куба улсад хийж байсан олон тооны нийгмийн, сайн дурын ажил намайг Фулбрайтын тэтгэлэг хүртэхэд чухал хүчин зүйл болсон гэж дүгнэсэн. Кубад 5-р курст суралцаж байхад дүүрэг, хороодоор яван амны хөндийн үзлэг хийнэ, шаардлагатай хүмүүсийг нь эмнэлэгт ирж эмчлүүлэх цаг өгөөд явдаг байсан. Түүнчлэн, Кубад сурч байхдаа зуны амралтаараа Монголд ирээд хөтөч, орчуулагч хийдэг байсан. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад сайн дураар ажиллана бас орчуулга хийх зэргээр нийгэмд чиглэн хийж байсан ажлууд маань Фулбрайтын ярилцлагын үер өөрийгөө илэрхийлэхэд өмнөөс маань ярьж өгсөн гэж боддог. Түүнчлэн, АНУ-д төгссөн найзуудаар дамжуулан тухайн улсын талаарх мэдээлэл их авсан, их тус болсон. Найзууд, нөхөрлөл, нэтворк амьдралд чухал нөлөөтэй гэж залуучууддаа хэлмээр байна.
Бакалавраас Докторын зэргээр гурван өөр улсын засгийн газрын тэтгэлгээр суралцах явцад ажигласан зүйл минь гэвэл улс хоорондын тэтгэлэг гэдэг нь дэлхий нэг нэгнийгээ дэмжиж буй төсөл юм. Тэтгэлэг хэнд очих нь чухал биш буюу гадаад иргэдийн татвар төлөгчдийн мөнгөөр босгож буй тэтгэлэг нь Дөлгөөн гэдэг хувь хүнд биш харин хүнээр нь дамжуулж Монгол улсад хийж буй хөрөнгө оруулалт гэж ойлгосон. Японд сургуулиа төгсөөд олон сонголтын өмнө ирээд эргэцүүлэл хийхдээ эдгээр тэтгэлгүүд намайг Монгол улсад хүнд чиглэсэн бодлогоор, эрүүл мэндийн салбартаа өөрийн хувь нэмрээ оруулаарай гэж олгосон. Яг үнэндээ би өөрөө хүслээрээ намайг сонгооч би тэр ажлыг хийж чадна гээд авсан. Тийм учраас өөрийн шийдвэртээ үнэнч байхын тулд эх орондоо ирээд өөрийн чаддаг зүйлсээрээ хувь нэмрээ оруулна гэсэн үүднээс Монголдоо ажиллаж байна.
Таны тавьсан асуултын хариултыг ерөнхийд нь дүгнэвэл, тэтгэлэг авахын тулд хэлээ сайжруулах, өндөр оноонууд авах ёстой, сайн эсээ бичих ёстой гэдэг нь шалгуур үзүүлэлтүүд буюу эдгээр нь байх ёстой наад захын шалгуурууд. Харин чи яг хэн бэ, ямар үзэл бодолтой, юу зорьж, хүсэж, тэмүүлж байна, цаг хугацааг юунд зарцуулж ирсэн юм гэдгийг илүү чухалчилж харах болно. Чи зөв бодол санаа, үйлдлээрээ бий болгосон үнэт зүйлс, туршлагаа эсээгээр гаргаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэлбэрт нь биш агуулгад нь ач холбогдол өгч хандаасай гэж хүсэж байна.
Америкт сурч байсан сургууль, муж, хотынхоо талаар хуваалцана уу.
Атланта хот нь Жоржиа мужийн төв мөн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дэлхийн төв гэж хэлж болохуйц газар. Нийгмийн эрүүл мэндийн бүх том удирдах байгууллагуудын төвүүд Атланта хотод суурьшсан байдаг. Миний сурсан Georgia State University тухайн үед салбарынхаа том лидерийг авчраад, сайн багш нартайгаар нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн боловсон хүчнийг бэлдэж эхлээд удаагүй байсан үе. Тухайн үед манай сургуулийн барьж байсан бодлогуудын нэг нь Фулбрайтын тэтгэлгээр ирэх оюутнуудыг олноор элсүүлэх байсан юм. Манай курст л гэхэд 20 гаруй Фулбрайтаар ирсэн оюутан байсан. Өмнө нь Кубад 6 жил сурахдаа сэтгэлгээ, үзэл бодлын хувьд хязгаарлагдмал байсан бол Америкт эсрэгээрээ бүх зүйл эрх чөлөөтэй байсан. Америкийн бас нэг онцгой зүйл нь Дэлхийн төвд ирсэн юм шиг мэдрэмж өгдөг. Америк хувь хүний бодол санаа үг үйлдлийг хянадаг биш хүн яг өөрөөрөө л байдаг нь сонин сайхан байсан. Эрх чөлөөгүй газраас эрх чөлөөний оронд ирэхэд хүн нэг бол сайн явна, үгүй бол муу явна. Харин их сургууль дээр чамайг сайн байхад чиглүүлэх бүх зүйлсийг нээлттэй өгдөг. Харин сурах эсэхийг чи өөрөө шийддэг. Хүнийг сурах эсэхэд хяналтгүй хаях үед илүү сайн сурах боломжтой санагдсан. Би тийм мэдрэмжийг өөр хаанаас ч авч үзээгүй учир хувь хүнд минь том өөрчлөлт авчирсан гэж боддог.
Яагаад Америкт суралцахаар шийдсэн вэ?
Хамгийн шилдэг тэтгэлэг нь Фулбрайтын тэтгэлэг байсан. Гэхдээ би тэнцэнэ гэдэгтээ итгээгүй гээд хэлж байсан даа. Материалаа өгөх ёстой гэдгээ л мэдэж байсан.
Америкт байх үеийн хамгийн хүнд сорилтууд юу байсан вэ?
Би эхнэр хүүхэдтэйгээ явсан ба очоод манай эхнэр бие давхар болсон юм. Хэдий би тэтгэлгийн хүрээнд эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байсан ч манай эхнэрийн хувьд би хувиараа даатгалыг нь төлдөг байсан учир хамгийн багаар 100 гаруй доллароор төлж байсан юм. Манай мужид эрүүл мэндийн даатгалд жирэмслэлийн төлбөрийг маш үнэтэй багцаар хамруулдаг байсан. Би оюутан байсан учир үнэтэй багцын төлбөр төлөх боломжгүй. Тэнд төрөхөд хэдэн доллар болох талаар тооцоо гаргахаар эмч нараас тоо асуухад надад багцын үнэ хэлдэггүй байсан. Сүүлд нь 10-100 мянган доллар гэж хэлсэн. Тухайн тогтолцоо нь цагаа тулхаар хатуу бас харгис санагдсан. Азаар тэр асуудал маань шийдэгдсэн. Тухайн үед засгийн газраас орлого багатай хүмүүст зориулан 2 жилийн хугацаанд 500 доллароос эхлээд дэмжлэг үзүүлэхээр болж, жирэмсний бүртгэлийг хамгийн хямдаар хийж өгсөн.
Мэргэжлийнхээ тухай, яагаад сонгох болсон тухайгаа бидэнтэй хуваалцана уу?
Монгол улсад анх удаа 1960 оны үед шүдний эмч бэлтгэж төгссөн нь манай өвөө байсан юм. Би өвөөгийнхөө мэргэжлийг өвлөж авсан. Аав маань бас зүрх судасны эмч хүн байдаг. Нэгдүгээр эмнэлэгт зүрх судасны эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Удмын мэргэжил болон сонгоод явж байна.
Мэргэжлээ сонгох гэж байгаа залуустаа хандаж юу гэж зөвлөх вэ?
Аав маань эмч байсан болохоор намайг бага байхаас эмч болгох гэж ярьдаг, чиглүүлдэг байсан. Надад ийм тийм гэсэн сонголт байгаагүй. Гэхдээ надад өөрийн хүссэн өөр мэргэжлийн хүсэл бас байгаагүй. Залуучууддаа зөвлөхөд чи үнэхээр хүссэн зүйлээ олсон бол түүнийгээ дагах нь зөв. Хүссэн зүйлээ олно гэдэг их том аз бас завшаан юм. Тийм зүйлээ олоогүй бол хүндээр тусгаж авах шаардлагагүй. Ойр дотнын хүмүүсээсээ зөвлөгөө ав мөн өөрийн боломж бололцоо, чадамж дээр суурилан шийдвэр гаргаж болно. Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байгаа нь төлөвлөгөөг бүтээхэд хэцүү болгож байна. Бид харин ямар ч нөхцөлд өөрчлөгдөх, дасан зохицох чадварт суралцах нь чухал.
Аавынхаа хүслээр эмч мэргэжлийг сонгоод, ажиллаж байгаа хүний хувьд, одоо юу гэж боддог вэ? Ажилдаа дуртай юу?
Анагаах ухааны салбарын мэргэжил бол маш сайхан, хүнийг их хөгжүүлдэг мэргэжил. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд эмч нарын амьдрал, цалин хөлсний байдал сэтгэл хангалуун бус байдалд нөлөөлж байна. Би хүүхдээ эмч болгох тал дээр эргэлзэж явдаг. Миний хувьд гомдох зүйл огт байдаггүй. Би энэ мэргэжлийн ачаар хангалттай сайхан амьдарсан, олон газарт очиж, хангалттай боловсрол олж, ажил хийн, олон хүмүүст тусалсан. Одоо хийж ажиллаж буй ажлынхаа үр дүн сайн гарна гэдэгт итгэдэг. Энэ нь миний амьдралын зорилго болоод явж байна.
Өөрт тохиолдсон нэг түүхийн тухай хуваалцахад би шүд эрүү нүүрний чиглэлээр Америк эмч нарын дунд 1 сар ажиллах болсон юм. Тэр үед хамт ажиллаж байсан Том гэх залуу төгсөх гэж буй эмч маань тансаг зэрэглэлийн байр машин авах төлөвлөгөөгөө хэлсэн юм. Тухайн үед надад ийм бодол төрсөн. Ажил мэргэжлийн хувьд надтай ижил түвшний хүний ирэх жилийн төлөвлөгөө ийм байхад Монголд ямар билээ гэх бодол төрсөн. Тухайн үед манай улсад ажиллаж байсан зөвлөх эмчийн амьдралын түвшин Томынхоос тэнгэр газар шиг ялгаатай байсан юм. Өөр талаас нь харахад тэр эмч тийм төлөвлөгөө гаргах хэмжээнд хүрэхэд, өмнөх үеийнхэн нь сайн нийгмийг бүтээжээ гэж харагдаж байна. Тэгвэл би дараагийн үеэ санхүүгийн боломжтой, сэтгэл хангалуун амьдруулахын тулд хичээх ёстой юм байна гэж бодож, тэр бодол маань өнөөдрийг хүртэл намайг хурцалсаар байна.
Америкт суралцахаар төлөвлөж байгаа залуустаа юу гэж зөвлөх вэ?
Хамгийн түрүүнд түрүүн ярьсан агуулгаа бэлдэх хэрэгтэй. Та юунд цаг зарцуулж байна гэдгээ сайн бодож төлөвлөж байж зарцуулаарай. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй залуус маань нийгэм рүү чиглэсэн сайн дурын ажил сайн хийгээрэй. Тэр хугацаандаа чи өөрийнхөө ямар хүн болохоо ойлгоно мөн чамайг хөгжүүлэх боломж юм. Чи нийгмээ танин мэднэ, амьдарлаа танин мэднэ. Мөн хэл сурах нь нэг шалгуур үзүүлэлт тул үүнийг давахаас өөр арга байхгүй. Хэл сурах илүү хялбар болсоор байна. Сургалтын төв гэхээсээ илүү бүх хичээл сурах арга цахим ертөнцөөр дүүрэн болсон учир цаг зарцуулах хэрэгтэй. Сүүлд нь эсээ бичих загварыг ойлгохын тулд зөвлөгөө авах шаардлагатай. Зарим хүмүүс агуулгаа олчхоод түүнийг зөв илэрхийлэх, зөв бүтэцтэйгээр эсээгээ бичих зэрэг жижиг зүйлс дээр унадаг учир тусламж авах хэрэгтэй.
Georgia State University хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурахад ээлтэй юу?
Америкийн хаана ч очсон энэ асуудлыг бодлогын түвшинд авч үздэг юм шиг байгаа юм. Бүх орц гарц, дэд бүтэц нь эрх тэгш нийгэм бүтээхийн төлөө чиглэсэн. Сургуулиуддаа мөн тийм шаардлага тавьдаг. Түүнийг хангасан сургуулиудтай засгийн газар нь хамтарна гэсэн үүднээс тэгш байдлыг их анхаардаг.
Сүүлийн хэдэн хормыг танд үлдээе. Сонсогчдодоо хандаж юу хэлэх вэ?
Хүсэж тэмүүлж байгаа зүйлээ мөрөөд, түүндээ тэмүүл мөн бүү ай. Гэхдээ яг тэр хэмжээгээр хөдөлмөр, зүтгэлээ зориулаарай. Яг түүнтэй дүйцэхүйц ажлыг хийх ёстой шүү гэж хэлмээр байна. Хүсэл тэмүүлэл, хөдөлмөр хоёр үргэлж хамт явдаг шүү.
Бидний урилгыг хүлээн авч манай сонсогчдод үнэ цэнтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд амжилт хүсье.

