Alumni stories

Б. Цолмонтуяа: "University of Hawaii' их сургуулийн төгсөгч

Сайн байцгаана уу? Өнөөдрийн манай зочноор Цолмонтуяа уригдан оролцож байна. Та бидэнд өөрийгөө танилцуулах уу? Бага насандаа ямар хүүхэд байсан вэ? Хаана өссөн бэ?

Баярлалаа. Миний бага нас гэвэл ерөнхийдөө Улаанбаатар хот болон Завхан аймгийн Тосонцэнгэл суманд өнгөрсөн. Тэнд жижигхэн сумын сургуульд сурдаг байсан. Дараа нь хотод хувийн “Оюуны Нахиа” хэмээх сургуульд сурч байгаад Student Exchange хөтөлбөрөөр АНУ-ын Коннектикут мужид ахлах сургуулиа төгсөж байсан. Тухайн үедээ 10-р ангид байх даа АНУ-д очоод ахлах сургуулийн ахлах ангийн диплом авч төгсөж байсан.

Хөтөлбөрийн талаар мэдээллээ хаанаас авч байсан бэ? Хэр удаан бэлдсэн бэ?

Би арав дугаар ангидаа сурч байхдаа солилцооны хөтөлбөрт явж байсан. Тэр жил манай улс дөнгөж арван хоёр жилийн сургалтын хөтөлбөр рүү шилжиж байсан болохоор АНУ-д очоод анги дэвшиж сурч байсан. Тухайн үедээ Сантис боловсролын төвд тийм хөтөлбөр байдаг байсан. Англи хэлний сургалтад сууж байгаад Сантисийн хөтөлбөрийн дагуу, Англи хэлнийхээ багшаараа дамжуулж явж байсан болохоор сургуулийнхаа чанар дээр их анхаарсан. Одоо харахаар АНУ-ын ахлах сургуулиудын дунд нэлээн дээгүүр жагсдаг сургуульд элсэж суралцсан юм байна гэж хардаг. Хөтөлбөр маань нэг жилийн солилцооны хөтөлбөрт байсан бөгөөд J1 визээр явж байсан. Гол зүйл нь ахлах сургуулийн диплом авахын тулд АНУ-ын системээр арван хоёр жилийн хөтөлбөрийг гүйцэж байж авах ёстой. Хичээл эхлээд сурлагаараа \ хоцрогдоогүй харин зарим хичээл дээрээ манлайлж байсан. Тийм болохоор сургууль маань голч оноо тооцож хүндэтгэлийн диплом өгч байсан учир Монголд ирээд их сургуулиудад элсэхэд боломжтой болсон. Ер нь ихэнх солилцооны хөтөлбөр диплом өгдөггүй, бас азаар дипломтой төгсөөд шууд Монголдоо их сургуулиа үргэлжлүүлээд сурч байсан.

Хаана анх Англи хэл сурч байсан бэ? Сумын сургуульд хэл сурч байв уу?

Сумын сургуульд хэл судалж байгаагүй. Хүүхэд байхдаа “Оюуны Нахиа” гэдэг сургуульд шилжиж орсон чинь математик, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байсан. Тэгээд азаар Англи хэл сураад, давхар өөрөө бие дааж их бэлддэг байсан. Кино их үзнэ, өөрөө сонирхлоороо л их нухаад суудаг байсан даа. Эхлээд үгээ зөв дуудаж мэдэхгүй байж байгаад АНУ-д багадаа очсон болохоор дуудлагын хувьд сайжирсан гэж боддог.

Монголдоо эргэж ирээд бакалавраа Монголдоо сурсан уу? Буцаад АНУ явж сурсан уу?

Би бакалавраа Монголд салбартай Сингапурийн Раффлс Интернэшнл Институт-д дүүргэж байсан. Маркетинг, бизнесийн чиглэлээр. Раффлсийн систем нь хоёр, гурван жилээр бакалавраа өгчихдөг, амралтгүй явж байгаад ахисан төвшний дипломтой төгсөж болдог. Тэгээд бакалавртаа  үргэлжлүүлж сурахаасаа өмнө ажилд орчихсон. Тэр дундаа Санхүү эдийн засгийн сургуулийн оройн ангид бакалавраа хоёр жилээр дүүргээд дараа нь магистрын зэргээ АНУ-ын Хавай мужийн их сургуульд дүүргэсэн байгаа. Нэлээн хэдэн жил ажиллачихсан байсан учраас сурах сонирхол маш их байсан, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө арай өөр төвшинд нээх сонирхолтой байсан. Тиймээс магистрын зэргээ заавал АНУ-д хийнэ гэж төлөвлөж байгаад, ажлын туршлагаа хангалттай авсны дараа, яг ямар чиглэлээр сурах сонирхолтой юм бэ? Ирээдүйн карьераа яаж төлөвлөх юм вэ? Хуримтлуулсан туршлага, сурсан мэдлэг дээрээс нь миний ажилласан чиглэл ч гэсэн ядуурлыг бууруулах төсөл байсан болохоор нийгмийн шинжлэх ухаанд сонирхолтой юм байна гээд нийгмийн шинжлэх ухааны салбарт төрийн удирдлага, эмэгтэйчүүд судлал гэсэн хоёр сэдвээр магистраа хийж ирсэн.

Хаанаас тэтгэлгийн мэдээлэл авсан вэ? Ямар тэтгэлгээр магистраа хийхээр явсан вэ?

Маш олон тэтгэлэг байдаг. Би 2015 оноос 2017 онд, хоёр жилийн хооронд байсан бүх тэтгэлэгүүдэд өргөдлөө тасралтгүй бүгд руу нь явуулж байсан. АНУ-д би өмнө нь очиж үзэж байсан болохоор АНУ надад илүү дөхөм санагдаад байсан. Дээрээс нь боловсрол эзэмшүүлэх тал дээр АНУ-д илүү чанартай боловсролтой гэж хардаг учраас сонгосон. Тэр үед Хонгорзулын гаргасан “Гадаад хэрхэн сурах вэ” гэдэг номоос бас их мэдээлэл авсан. Тэгээд их барьцтайгаар энэ сургууль ингэдэг юм байна гэх мэт мэдээлэлтэй болсон. Тэгээд Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн ярилцлагад тэнцээд бас Английн Chevening тэтгэлэгт хөтөлбөрт тэнцчихээд сонгох хэрэгтэй болсон. Тэгээд би яг юу хүсээд байгаа билээ, надад ямар амьдралын хэв маяг илүү таалагдаг билээ гэдгээ бодож үзээд Хавай мужийн их сургуулийн сонгож байсан.   

Миний авсан тэтгэлэг бол Азийн хөгжлийн тэтгэлэг байсан. Тэгэхээр Азийн хөгжлийн тэтгэлгээр маш олон улсад суралцах боломжтой байдаг. University of Hawaii at Manoa-д сурсан. Хавайн онцлог гэхээр мэдээж хүмүүс аялал жуулчлал гэж хардаг, газрын диваажин гэж мөн ярьдаг. Хавай гайхамшигтай, үзэсгэлэнтэй газар. Хавайд хоёр жил амьдрахад соёл нь их онцлог байсан. Хавай муж нь сүүлд АНУ-ын газар нутаг болсон муж, гэсэн хэдий ч соёлын хувьд асар их өөр өөр байдлын нэгдэл болсон. Жишээ нь далайн болон арлын орны соёл давамгайлдаг. Дээрээс нь уугуул иргэд одоо хүртэл амьдардаг. Тэгэхээр арлын орны соёл АНУ-тай хосолсон гэхээр АНУ-ыг шинээр таниж мэдэх нэг боломжийг олгож байгаа юм. Хавайд амьдрах нэг давуу тал нь АНУ-ын онцлог, ардчиллын тогтолцоо, дээрээс нь илүүтэйгээр энэ цаг үеийн болон ирээдүйн дараагийн зуун жилээ бодож урьдчилан харах манлайллыг яаж тусгаж өгөх ёстой юм гэдэг дээр илүү шинэ харах өнцөг надад суулгасан гэх боддог. Тэтгэлгийг Япон улсын Засгийн газраас санхүүжүүлдэг. Гэхдээ тэтгэлгийг удирдан авч явдаг байгууллага нь АНУ-ын конгресийн "East West" төв байдаг. "East West" төвийн чинхүү зорилго нь АНУ болоод Ази номхон далайн дипломат харилцаа боловсролын солилцоо, дээрээс нь судалгааг сайжруулах зорилготой соёлын төв байдаг. Энэ төв дээр суурилсан маш олон тэтгэлэг байдгийн нэг нь Азийн хөгжлийн тэтгэлэг юм. Магистрын болон докторын зэргийн оюутнуудыг сонгон шалгаруулж авдаг. Ер нь ямар байдлаар явагддаг вэ гэхээр арван хоёр сарын нэгний өдрийг хүртэл нээлттэйгээр тэтгэлгийн материалыг хүлээн авдаг. Ярилцлагын шат гэж байхгүй учир бүх шатууд бичгээр явагддаг, маш их бичих шаардлагатай зүйлс гардаг. Дээрээс нь тухайн хүний карьерийн чиглэлийг их сайн тооцож үздэг. Дээрээс нь Ази номхон далайн бүс нутгийн манлайлагч болох төлөвлөгөө, хэтийн зорилгыг голлон хардаг.


Хэдэн онд төгсөөд ирсэн вэ? Ирээд шууд Азийн санд ажилд орсон уу?

Тэгсэн. Би 2017 онд яваад 2019 оны зун магистрын зэргээ хамгаалаад Монголдоо ирээд East West төвийнхөө Монгол дахь албан ёсны төгсөгчдийн холбоонд ажиллаж байгаад Азийн санд эмэгтэйчүүдийн эдийн засгийг хариуцсан шинэ төсөл дээр ажилд орж байсан. East West төв маань өөрөө АНУ-ын засгийн газрын конгрессийн удирдлагаа дор байдаг. Улс төр болоод академик чиглэлийн нэлээн том институт. Ер нь засаглалын хувьд Азийн сантай төстэй. Маш олон Азийн орнуудад төвтэй. Дандаа магистрын, докторын зэрэг хамгаалсан дээд боловсролтой төгсөгчдөөр хязгаарладаггүй. Богино хугацааны олон төрлийн манлайллын  хөтөлбөрүүдэд хамрагдсан манай олон төгсөгчид байгаа. Тэгэхээр энэ бүхэнд хамтран оролцсон хүмүүс маань өөрсдөө East West Center-ын төгсөгчид болоод явчихдаг.

Яагаад Азийн санг сонгож ажилд орох болсон вэ? Энэ тулаараа хуваалцаач.

Би өмнө Азийн сангийн богино хугацааны манлайллын хөтөлбөрт өргөдлөө өгөөд айргийн тавд шалгарч байсан. Түүнээс хойш Монгол дахь оффисыг нь судалж үзэж байсан. Дээрээс нь Монголд ирчхээд East West-ээр дамжуулаад эмэгтэйчүүдтэй холбоотой тэтгэлэгт хөтөлбөрт хэрэгжүүлж байхад Азийн сангийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэгч төвтэй хамтарч байсан. Тэгээд маш их таалагдсан. Ер нь дотоод соёлыг нь их үнэлж ажилд орсон доо. Яагаад гэвэл амьдралынхаа нэг өдрийн гуравны нэгийг өнгөрөөх орчин маш эрүүл байх ёстой. Дээрээс нь хүний өсөн дэвшихэд нь дэмждэг соёлтой байгууллагыг эрэлхийлдэг байсан. Тэгээд яг энэ тал дээрээ Азийн сан их эрүүл харилцаатай, дээрээс нь хүн төвтэй, байгууллагын алсын хараа, ажилладаг чиглэлүүд үнэхээр миний өөрийн хувийн үнэт зүйлстэй зуун хувь уялдаж байсан болохоор сонгосон. Хүн хамт олноос сурч байх хэрэгтэй, хамт олон дунд ороод хүн үргэлж өсөж байх боломжтой байх хэрэгтэй. Энэ бүх зүйл Азийн санд байсан. 

АНУ-д арван жилдээ сурсан, мөн магистраа хийгээд ирсэн хүний хувьд одоо АНУ-д сурахаар төлөвлөж байгаа хүүхдүүдэд зөвлөх зүйл юу байна?

Хамгийн эхлээд хандлагын тухай ярих байх. АНУ бол соёлын хувьд, нийгэм эдийн засгийн хувьд өөр өөр гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Аливаа нэгэн соёлын зөрчлийг логикоор харж байна гээд тулгахгүй байх хамгийн эхний шатны алхам, соёлоос суралцана гэдэг нь хүн өөрөө маш их өсөн дэвжих боломж байдаг. Соёлд хүндэтгэлтэй ханддаг. Соёлын өөр өөр байдлыг ойлгож,  хүндэтгэлтэй хандах нь АНУ-ын мөн чанар байдаг. Тэгэхээр тэр хүндлэлийг залуучууд өөрөө өөртөө суулгаж өөрийгөө нийгэмд оролцож байгаа, үйл хөдлөл, хэл яриа тэр бүрдээ өөрөө өөрийгөө хянаж соёлын өөрчлөлтөд нээлттэй байх тусмаа илүү хурдан дэлхийн иргэн болж хөгжих болно, бүх соёлд нээлттэй, хүндэтгэлтэй хандаж байгаарай гэж л хэлмээр байна.

Сурах, заах арга зүй талаас нь Монгол улс, АНУ хоёр улсын ялгаа, одоо сурах хүүхдүүдэд юун дээр анхаараасай гэж зөвлөх вэ?

Энэ их анхаарах хэрэгтэй зүйл шүү. АНУ–д бол маш их унших даалгавар өгдөг. Хэн нэгэн багш орж ирээд чиний өмнө нь огт уншаагүй хичээл самбар дээр бичээд даалгавар өгдөггүй, урьдчилж ном унш гэдэг заавартай байдаг. Уншсаны дараа хүн түүн дээрээ өөрийн үзэл бодлоо эргэцүүлж бичдэг. Энэ надад их том шинээр сурах чадвар болж байсан. Залуучууд АНУ-д боловсрол эзэмших гэж байгаа бол, нэгдүгээрт шүүмжтэйгээр уншиж сурах хэрэгтэй юм. Монголд академик чадварыг харилцан ярианаас, эсвэл хэн нэгний бичсэн мэдээллээс аваад шууд дуурайх хандлагатай байдаг. Энэ бол ерөөсөө академик чадвар биш. Академик чадварыг хөгжиж буй оронд яаж харж байна вэ гэхээр, маш их мэдээллийг хүн өөрөө боловсруулж уншаад тэндээсээ өөрийн сонгож авсан аргументээ гаргаж ирээд батлах тийм чадвар сурдаг. Яг логикоор бодохоор их энгийн ч гэсэн маш их уншиж сурах л хэрэгтэй болдог юм. Тэгэхээр залуучууд аливаа нэгэн зүйл уншиж судалж байгаа бол шүүмжийг нь ч бас чадвал уншиж байх хэрэгтэй. Одооноос ингэж уншаад дадлагажаад байвал АНУ-д сурахдаа үүн дээр дахиж сурч цаг алдахгүй болно. 

Мэргэжил сонголт дээр залуучуудад юун дээр анхаараарай гэж зөвлөх вэ?

Мэргэжил сонголт дээр залуучууд жаахан хязгаарлагдмаар хараад байгаа юм шиг санагдаад байдаг. Өөрийнхөө хэмжээнд нарийн судлах хэрэгтэй гэж хардаг.

За их баярлалаа. Залуучуудад хандаж үнэтэй зөвлөгөө өгсөн Цолмонтуяадаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.  За баярлалаа.

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү



Америкт дээд боловсрол эзэмшин суралцахад хамгийн чухал, хэрэгтэй чадваруудын талаар онцолсон подкастын энэхүү дугаарыг дараах холбоосуудаар сонсоно уу.

⏩Stitcher энд дарна уу.
▶️SoundCloud 
энд  дарна уу.
⏯Anchor 
энд  дарна уу.
⏸Itunes 
энд  дарна уу.
⏏️Castbox 
энд  дарна уу.


Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: Г.Түвшинбаяр |  Постер дизайн: М.Ивээл