Сайн байцгаана уу? Манай өнөөдрийн дугаарт Фулбрайт болон Global UGRAD хөтөлбөрүүдийн төгсөгч Б. Оюу оролцож байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
Сайн байцгаана уу? Намайг Баярсайханы Оюу гэдэг. Би анх 2013 онд 20 настайдаа Global UGRAD хөтөлбөрт тэнцээд АНУ-ыг зорьж байсан. Дараа нь 2016-2018 онд Фулбрайт хөтөлбөрөөр Southern Illinois University-д хоёр жилийн хугацаанд суралцаад ирсэн.
Оюугийн хувьд Фулбрайт болон Global UGRAD-ыг амжилттай төгсөхөөс гадна Англи улсад суралцсан байгаа. АНУ-д суралцахаасаа өмнө хаана суралцаж байсан бэ?
Би 23-р сургуулийг төгссөн. Солонгос хэлний гүнзгийрүүлсэн ангид сурдаг байсан ба ЕБС-аа төгссөний дараагаар англи хэлийг сурч эхэлсэн. МУИС-ын нягтлан бодогчийн ангийг 2016 онд төгссөн. Харин 3-р курст байхдаа Global UGRAD хөтөлбөрөөр явж байсан.
Одоо ямар ажил эрхэлдэг вэ?
Үндэсний Аудитын газар аудитораар ажиллаж байгаа. Өмнө нь Фулбрайтын тэтгэлгээр явахаас өмнө аудитын байгууллагад аудитораар ажилладаг байсан. Авлигал, хээл хахуул гэсэн сэдвийг хөндөж Фулбрайтаа төгсөж ирээд төрийн байгууллагад ажиллаж байна.
АНУ-д суралцахад юу нөлөөлсөн бэ?
Ер нь бол багаасаа гадагшаа явж сурах мөрөөдөлтэй байсан. ЕБС төгссөний дараагаар сургалтад яваад, өөрөө бие даан англи хэл сурсан. Тухайн үедээ бол Англи, АНУ хоёрын аль аль руу нь л явахыг хүсдэг байсан. Яагаад АНУ вэ гэвэл бидний үздэг киноноос эхлүүлээд бүх зүйл нь сэтгэл татдаг, үнэхээр мөрөөдлийн улс байж чаддаг газар.
Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тэнцэхийн тулд яаж бэлдэж байсан бэ?
Global UGRAD хөтөлбөрийн хувьд тухайн үедээ гадаад явах мөрөөдөл байсан учраас тэтгэлгүүдийг маш их судалдаг байсан. Англи хэлээ сайжруулахын хажуугаар хүмүүсээс зөвлөгөө аваад энэ хөтөлбөрийг анх мэдэж авсан. Хөтөлбөрийнхөө талаар олж мэдсэнээс хойш TOFEL-ын оноог авч, эхлээд материалуудаа бүрдүүлээд өгч эхэлсэн. Жижигхэн биетэй маш том мөрөөдөлтэй охин байсан ч тухайн үед өөрийгөө чадна гэж төсөөлөөгүй. Global UGRAD хөтөлбөрөөрөө дамжуулан өөртөө итгэх итгэлийг олж авч байсан юм. Миний нүдийг нээж өгсөн маш сайхан хөтөлбөр байсан учраас үүнээс үүдэн би өөртөө зорилгуудыг тавьж эхэлсэн.
Фубрайтын хувьд маш их бэлтгэл шаардсан. Ямар ч байсан ажлын хоёр жилийн туршлагатай байх ёстой гэж заасан болохоор ажлаа маш сайн хийх хэрэгтэй юм байна гэж бодсон ч хоёр жилийн хугацаанд англи хэлээ эргээд мартаж болзошгүй байсан. Хэлээ хэрэглэхгүй удсан учраас мартагдах гээд хэцүү байсан. Ажлаа хийж хэлээ сурахынхаа хажуугаар сайн дурын ажлууд хийж тавьсан шаардлагуудад нь нийцэхийн тулд маш завгүй ажилласан. Сонгон шалгаруулалт нь нэг жилийн хугацаанд үргэлжилдэг болохоор нэг жил ажиллаад хоёр дахь жилээсээ материалаа өгөөд тэнцэж байсан түүхтэй байгаа.
Сурч байсан сургуулиуд хотуудынх нь онцлогийг бидэнтэй хуваалцаач.
Global UGRAD хөтөлбөрөөр явахдаа Кентаки мужид байрладаг Murray State University, Фулбрайт хөтөлбөрөөрөө Southern Illinois University Carbondale гэх хоёр их сургуульд суралцсан. Murray State University-д суралцаж байх үед жоохон охин байсан болоод ч тэр үү сониуч зандаа хөтлөгдөн маш олон асуултуудыг тавьдаг байсан. Харин магистртаа суралцахдаа илүү мэргэжлийн тал руугаа орчихсон. Бие даах чадвар маш их шаарддаг. Нэг авууштай тал нь дүн урамшуулахдаа маш сайн бөгөөд тэр нь таатай байдаг.
Оюугийн хувьд АНУ-д суралцахад хамгийн таатай байсан зүйлүүд нь юу байсан бэ?
Америк хүмүүсээс суралцахад маш таатай байсан. Тэтгэлгээр явсан учир санхүүгийн тал дээр надад санаа зовох зүйл байгаагүй. Харин бусад хүүхдүүдийг хараад би бол хажууд нь үнэн жаргаж байна даа л гэж боддог байсан. Ажил хийхийн хажуугаар нь хичээл гэрийн даалгавруудаа амжуулна гээд үнэхээр гайхалтай. Нэг удаа би тэсэлгүй “How can you survive? Чи яаж амьд явдаг юм бэ?” гэж асуухад “Өө витаминаар л амьдарчихдаг шүүдээ” гэж хариулж байсан удаатай /Инээв/. Би нэг хичээлээ хийх гэж өдөржин номын сангаас гаралгүй хийж байхад надтай хамт сурдаг байсан Америк охин маш хурдан бөгөөд үр дүнтэй хийж суралцаж байсан. Түүнээс хойш надад улам л илүү хичээх хэрэгтэй юм байна даа гэсэн бодол төрөх болсон. Өөртөө мөн тохирсон аргыг олж авах нь маш зөв шүү. Нэг сайхан зүйл нь оюутны хотхонтой болохоор олон найз нөхөдтэй болж чаддаг. Дээрээс нь багш нар нь үнэхээр сурагч нараа зөв таньж, зөв чиглүүлж үнэтэй зөвлөгөөнүүдийг өгч чаддаг. Ажил олгох тал дээрээ ч бүх орчин нөхцөлийг үнэхээр төгс бүрдүүлж чаддаг.
Таны хувьд гурван өөр газар суралцаж байсан. Энэ 3-ын ялгаа нь юу байсан бэ?
Монголыг бол ерөнхийдөө мэдэх байх. Магистрын түвшинд сайн харьцуулъя гэвэл АНУ-ын хувьд хоёр жилийн хугацаатай байдаг. Харин Англид сурахад нэг жилийн хугацаанд маш шахуу хуваарьтай суралцдаг. АНУ-д бол А гэдэг үнэлгээ аваад л яваад байдаг байсан болохоор өөртөө маш бардам Англид очоод шалгалт өгсөн чинь миний үнэлгээ бараг л 60-руу орчихсон. Энэ нь харьцуулбал В гэсэн үнэлгээ байсан. Үнэлгээ нь өөр байсан болохоор эхлээд үнэхээр шокт орсон. Кембрижийн хувьд нэг ангид 83 суралцагчтай, орон орноос ирсэн оюутнууд учир маш өрсөлдөөнтэй байдаг. Эхэндээ бол өөрийгөө их голсон. Яваандаа дасан зохицож сайжирсаар өөртөө итгэх итгэл ч бага багаар нэмэгдэж байсан.
АНУ-д суралцаж байсан дурсамжаасаа хуваалцаач. Хамгийн сайхан болон хамгийн хүнд хэцүү мөчүүд юу байсан бэ?
Фулбрайтаар суралцаж байх хугацаанд надад хоёр гадаад найз байсан. Тэр хоёр маань бие биедээ хайртай болоод хуримаа хийхээр болсон учраас суралцахынхаа хажуугаар ийм гоё хайр дурлалтай учирч болдог юм байна, үнэхээр гоё юмаа гэж бодогдож байсан. Магадгүй та ч гэсэн Фулбрайтаар явбал их зүйлийг сурч мэдэхээс гадна жинхэнэ хайраа ч олох боломжтой шүү /Инээв/. Бас нэг дурсамжтай сайхан үе нь бид нар NASA дээр очиж байсан юм. Тухайн үед очиход их гоё сэтгэгдэл үлдсэн. Мөн академик сорил, хувь хүний сорил гэж хоёр өөр сорилууд байдаг. Нэг сарын хугацаанд дөрвөн том шалгалт өгөх үе хүртэл тулгарч байсан. Тэр үедээ бүгдийг нь амжилттай өгч чадаагүй ч өөртөө цаг зав гаргах нь чухал юм байна гэдгийг сайн ойлгож байсан.
Мэргэжлээ сонгох гэж байгаа хүмүүст хандан юу гэж зөвлөх вэ?
Юунаас нь эхлэхээ сайн мэдэхгүй байна. Эхлээд сууриа зөв тавих гэж л үзэх хэрэгтэй. Яг ямар салбарт ажилламаар байгаагаа эхлээд тодорхойлох хэрэгтэй. Үүний дараа тэр салбарт чинь яг хэн амжилттай яваад манлайлж байна тэр хүмүүсээсээ зөвлөгөө авбал их зүгээр санагдсан. Хүмүүстэй илүү нээлттэй илэн далангүй харилцаж, зөвлөгөө авч байгаарай гэж хэлэх байна.
АНУ-д байх хугацаандаа аяллаар явж байсан уу?
Мэдээж АНУ-д байхад хамгийн гоё нэг хэсэг нь аялах байдаг. Анх Нью-Йорк, Чикаго гэх мэт том хотуудаар аялахад архитектурын шийдлийг нь хүртэл хараад үнэхээр гоё юмаа гээд зогсчихдог байсан. Хоёр дахь удаагаа явахад илүү олон мужуудаар аялахыг зорьсон. Фулбрайтын найзуудынхаа байгаа муж, сургуульд дээр нь очиж хичээл болон онцлогуудтай нь танилцаж байсан. Миссури, Кентаки гэх мужуудаас эхлэн аялсан. Бас дүүтэйгээ хамт Лас Вегас орж байсан.
Эсээнүүдээ хэрхэн бэлдэж байсан бэ? Юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
Эсээнийхээ санааг тодорхойлно, үүнийгээ мэргэжилтэйгээ холбож өгнө. Миний хувьд авлигал, хээл хахуулийг аудиттай холбон ажилладаг байсан. Америкт байхад том залилангийн хэргүүд дээр хүртэл ажиллаж байсан. Тэрийг судлахаар маш олон болох болохгүй санаанууд орж ирээд нэг талаараа мэдлэгээ тэлэхэд илүү ойр маш их тус болж өгсөн. Миний зүгээс өгч чадах хамгийн чухал зөвлөгөө бол товч бөгөөд тодорхой, чанартайгаар гол санаагаа гаргаж өгөх нь чухал. Хамгийн эхний өгүүлбэр бол тэр дундаа маш чухал, хэний ч сонирхлыг татахуйц хэмжээнд байх хэрэгтэй.
Англи хэл анх хэрхэн сурч байсан бэ? Өөрийнхөө туршлагаас хуваалцаач.
Ерөөсөө бүр томоор бодох шаардлагагүй гэж хэлмээр байна. Бага зүйлээс эхэлсэн ч тэр нь явцын дундаа том алхам болох боломжтой байдаг. Чиний гаргаж байгаа ахиц дэвшил өсөлт чинь чухал учраас өөртөө итгэх итгэлээ алдаж өөрийгөө голж болохгүй. Гол нь яагаад муу авсан гэх шалтгаанаа олоод түүнийгээ засаж залруулга хийх хэрэгтэй. Би бол яг ЕБС төгсөөд шаргуу сурч эхэлсэн. Багш бол чамайг чиглүүлж өгөх үүрэгтэй учраас чиний хичээл зүтгэл маш их чухал. Англи хэл сурахын тулд их бичдэг, өөрөө өөртэйгөө маш их ажилладаг байсан. Яг энэ тал дээр тулж ажиллахын тулд албан ёсны хаяг нээн зөвлөгөө авах гэж буй хүмүүстэйгээ илүү тулж ажиллах хэрэгтэй. Зөвлөгөө өгөхөд үргэлж нээлттэй байдаг шүү гэж хэлмээр байна.
АНУ-д сурсан нь таны амьдралд хэр их нөлөөлсөн бэ?
Бараг л 180 градус нөлөөлсөн байх аа. Хамгийн анх явах даа маш их урам зоригийг олж авч байсан. Фулбрайтын хувьд Америкт очоод хүсвэл юу ч хийж болдог юм байна, илүү олон боломжууд нь нээлттэй байдаг юм байна гэж бодсон. Тухайн үедээ хэцүү санагдаж байсан ч даваад гарсан хойноо буцаж ирээд эх орондоо жаахан ч гэсэн юм хийж хувь нэмэр оруулах юм сан гэсэн бодол төрж байсан.
Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой, үнэ цэнтэй туршлагаасаа хуваалцсанд маш их барлалаа. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. Үнэхээр сайхан яриа болж өрнөлөө. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.
Та бүхэн энэхүү яриа, подкастыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх платформуудыг ашиглан сонсоно уу.
SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.