Уншигч нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн зочноор Батдэлгэрийн Баясал өөрийн АНУ-д сурсан түүхээсээ хуваалцахаар ирсэн байна. Юуны өмнө өөрийгөө танилцуулаач.
Урьж оролцуулж байгаад баярлалаа. Батдэлгэрийн Баясал таван хүүхэдтэй айлын том, энгийн гэр бүлд өсөж төрсөн. Аав ээж хоёр маань хоёулаа багш хүн байдаг. Би арван жилийн 6-р дунд сургуулийн хими биологийн ангийг төгсөөд ШУТИС-ийн Компьютер, Техникийн сургуульд програм хангамжийн мэргэжлээр сурч төгссөн. Одоо "Оюу толгой" ХХК-д Гүний уурхайн мэдээлэл технологийн хэлтэст ажиллаж байгаа.
Хими биологийн ангид сурч байсан гэлээ. Яагаад програмын мэргэжлээр сонгосон вэ?
Уг нь бол би эмч болно гэж боддог байсан юм. Намайг сургуулиа төгсөх жил анагаахын сургууль сурах хугацаагаа хоёр жилээр урт болоод, заавал төгсөөд дадлага хийж байж эмч болно гэсэн тийм шаардлагатай болчихсон. Гэтэл би чинь таван хүүхэдтэй айлын том нь ганцаараа сураад яваад байж болохгүй. Бүх шийдвэр санхүүтэй холбоотой байсан л даа. Тэгэхээр аль болох хурдан ээж аавдаа туслах боломжтой тийм мэргэжлийг сонгох юмсан гэдэг бодол бас нөлөөлсөн.
Яг Америкт суралцах тэр шийдвэрийг хэзээ, яагаад гаргасан бэ?
Ер нь бусадтай харьцуулбал миний түүх их ээдрээтэй гэж хэлж болно. Бакалаврын төвшинд сурч байгаа хүмүүс тэтгэлэгт хамрагдах боломж тэр үед бага байсан. Магистрт явдаг хүмүүс нь Фулбрайтаар явдаг гэж л сонсож байсан. АНУ-ын Засгийн газрын тэтгэлгээр явдаг. Гэвч сонгогддог хүмүүс нь маш өндөр шалгуураар шалгагдаад, жилдээ хоёроос гурван хүн л сонгогдоод явдаг гэж сонсчхоод “за би түүнд нь тэнцэхгүй байх” гэж бодоод явж байсан.
Тэгээд би тухайн үед Зориг сангийн “Залуу манлайлагчдын хөтөлбөр”-т хамрагдаж байсан юм. Ер нь идэвхтэй ардчилсан иргэн байя. Энэ бүх зүйлд дуу хоолойгоо оруулдаг байя. Хэрэв үнэхээр миний сэтгэл зүрхэнд, миний сонголтод нийцэхгүй байвал түүнтэй холбоотой дуу хоолойгоо өргөдөг байя гэдэг хүсэлтэй явдаг байсан юм. Тухайн үедээ 2008 онд 7 сарын 1-ний хөдөлгөөн болж байхад би талбай дээр очсон юм. Тэр үед бүх зүйл 180 градус эргэсэн. Ер нь бол улс төрийн ойлголтгүй бол оролцох хэцүү юм байна гэж бодсон. Би хувьдаа ганцаараа бүх зүйлийг шийдэж чадахгүй юм байна. Хувьсгал бол арай өөр замаар хийх гаргалгаа юм байна. Миний хувьд өөрийнхөө салбарт чаддаг юм аа тултал нь хийе гэж бодсон. Тийм болохоор өөрийнхөө салбарт дараагийн алхмаар яаж сайжруулж болох уу? Тэр гаргалгааг хайж эхэлсэн юм. Тэгээд Англи хэлээ сайжруулахын сургалтын төвд явсан. Тэгсэн манай Англи хэлний багш энд нэг тэтгэлэг байгаа чи оролдоод үзээч гэж санал болгосон. Тэгж би үүний дагуу өргөдөл гаргаад тэнцээд АНУ руу явж байсан юм.
АНУ-д сурах болсон шалтгаан чинь өөрийнхөө мэргэжлийн дагуу өөрийгөө илүү хөгжүүлье гэсэн үндэслэл дээр шийдвэр гаргасан гэсэн үг үү?
Ер нь нийгэмдээ хувь нэмэр оруулахын тулд би юу хийж чадах вэ? Хувь хүний зүгээс идэвхтэй иргэн байхын тулд би юу хийж чадах вэ гэдэг гарагалгааг хайгаад л яваад байсан гэсэн үг л дээ. Би яг ямар байдлаар Монгол улсдаа хувь нэмрээ оруулаад, өтлөхийн цагт сэтгэл амар байх вэ гэдэг тэр гаргалгааг одоо болтол хайсаар л явж байгаа.
Тэгэхээр хүмүүс ийм гаргалгаа хайж явахдаа аль нэг чиглэлийг сонгож аваад суралцдаг шүү дээ. Чиний хувьд сурсан чиглэл чинь яг юу билээ?
Миний хувьд “мэдээллийн технологийн удирдлага” гэсэн сэдвээр сурсан. Тухайн үед АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль мөн болсон. Тэгээд ажиглаад харж байхад сонгуулийн дүн их ил тод, шударга байсан. Тэр бол ерөөсөө л мэдээллийн технологийн хөгжил байгаа юм. Түүнийг нь хараад яагаад бид энэ хөгжлийг Монголдоо хэрэгжүүлж болдоггүй юм. Яг улс төрийн төвшинд ч гэсэн, төрийн байгууллагын төвшинд ч гэсэн бүх шатных нь төвшинд яагаад үүнийг хэрэгжүүлж болохгүй гэж бодсон. Үүний цаана мэдээллийн технологийг ашиглаж зах зээл нэвтрүүлэх үйл явц нь юу байж болох уу? Ямар хүний нөөцөөр хийж болох уу гээд энэ бүхэн сонирхолтой санагдсан учраас энэ чиглэлийг сонгож сурсан юм.
АНУ-д сурна гэдэг нь амархан сонголт биш гэж чи хүртэл бодож явсан гэлээ шүү дээ. Яг АНУ-д сурахаар бэлдэж байхад хамгийн цаг хугацаа шаардсан хүнд зүйл нь юу байсан бэ?
Англи хэл байсан. TOEFL-ын шалгалт заавал өгөх ёстой байдаг. Сургуулиа дөнгөж төгсөөд л ажил дээр гарчихсан байсан. Тэгэхээр ажлаа хийж байхдаа хэлээ сайжруулна гэдэг чухал зүйл. Ер нь хэл сурах гэж бараг гурав, дөрвөн жил явсан байх шүү. Дөнгөж ажилд орчихсон байгаа хүн өөрийгөө тодорхой хэмжээгээр харуулах шаардлагатай болдог. Тэгээд оройн цагаар, амралтаараа мөн хэлээ сайжруулах хэлний төвдөө очно гээд их цаг зарцуулсан.
За Фулбрайтад бэлдэхэд үйл явц нь ямар байсан бэ? Эсээгээ хэрхэн бичсэн бэ?
Миний хувьд түрүүн хэлсэнчлэн би Монгол улсдаа ямар байдлаар хувь нэмрээ оруулж болох уу? Миний оруулах өчүүхэн тус нэмэр юу байх вэ гэдэг талаасаа үргэлж бодож явдаг учраас энэ талаа илүү гаргаж бичсэн юм. Би мундаг хүн болно гэхээсээ илүү, би ямар байдлаар улсдаа хувь нэмэр оруулах вэ гэж эсээгээ бичиж байсан.
Фулбрайтын тэтгэлэг ер нь ямар ямар шалгалт өгдөг вэ?
АНУ-ын элчингээс шалгалтын ваучер гэж өгч байсан. Түүнийгээ аваад шалгалт өгдөг газрууддаа шалгалтуудаа өгсөн. Тэнцсэн гэдэг мэдээг авах хүртэл шалгалтын бүх зардлууд байсан. Задлаад хэлбэл эхлээд “тавтай морил” гэсэн мөнгө байдаг. Тэнд болохоор нислэгийн тийз, очоод суурьших зардал, мөн ном аваарай, нөүтбүүкээ аваарай гэсэн мөнгө өгдөг. Тэгээд бас хэрэглээний зүйлээ аваарай гээд бүх зардлуудийг өгдөг юм. Мөн сар бүр тэтгэлэг нь орж ирдэг байсан. Сургалтын төлбөр нь шууд сургууль руу орчихдог. Тэгэхээр ямар нэгэн байдлаар өөрөөс нь зардал гарахгүйгээр зөвхөн хичээлдээ анхаарах бүрэн боломжтой байсан.
Тэгэхээр яг очоод магистртаа сурахад ямар байсан талаар сонирхуулаач?
Манай ШУТИС-ийн Компьютер техник, менежментийн сургууль кредит системтэй анхдагч сургууль байсан учраас Монголдоо анхдагч хичээлээ өөрөө сонгодог байлаа. Тэр нь АНУ-ын хичээл сонголтын системтэй ижилхэн. Гэхдээ би ойлгосон гэхээр манай Монголчууд сууж сураагүй байдаг юм байна. Жишээ нь: Би ерөөсөө сууж сураагүй байсан. Долоо хоног тутамд даалгавар өгнө. Тэр нь зуу, хоёр зуун хуудас зүйл уншаад нөгөөгөө таван хуудас болгоод бичнэ. Тэгэхэд юун Англи хэл дээр зуун хуудас бүү хэл Монголд эх хэл дээрээ зуун хуудас материал уншаад түүнийгээ бичдэг хичээл, даалгавар өгдөг сургууль байхгүй шүү дээ. Ялангуяа би шинжлэх ухааны сэдвээр сурсан учраас тийм дадал надад огт байгаагүй. Тэгэхээр эхний улиралд бол нэлээн уйлсан. Эхний улиралд хамгийн хэцүү байсан. Түүнээс хойш унших дадалд сураад, хэв маягт нь дасаад гайгүй болоод ирсэн. Тэгээд унших гэдгээс илүү шүүмжлэгч сэтгэлгээгээр, энэ яагаад ийм байна гэж задалж уншаад бичнэ гэсэн үг юм. Манайхан яг ширээний ард хоёр, гурван цаг суугаад өөрийгөө төвлөрүүлэх тийм дадал ер нь цэцэрлэгт, арван жилд, их сургуульд ч тийм систем байдаггүй. Харин нөгөө талаараа Монголчууд дасан зохицох хурд бол гайхалтай байдаг. Бусад хамт ирсэн хүүхдүүдтэй харьцуулж харахад ганцхан улирал л хангалттай манайхан тэр тал дээр их мундаг байдаг юм байна лээ.
АНУ-ын хаана байрладаг, ямар сургуульд сурсан вэ? Сургуулийнхаа тухай ярьвал?
Би Небраска мужийн Омаха гэдэг хотод байдаг "University of Nebraska Omaha"-ийг төгссөн. Тэнд "Менежмент, мэдээллийн системийн удирдлага” гэдэг чиглэлээр сурсан. Омаха гэдэг хот маань АНУ-ын яг зүрхэнд оршдог, байрлалын хувьд. Дата төвүүд, банк, IT компани их байдаг болохоор IT-ийн боловсон хүчин бэлдэх сургалт нь илүү сайн байсан. Тэгээд манай кампус их том. Небраскагийн иргэд нь их найрсаг хүмүүс байдаг, гэр бүлүүдэд зориулсан үйл ажиллагаанууд их болдог байсан.
Мөн манай сургуульд долоо хоног тутам, сар тутам арга хэмжээнүүд зохион байгуулагдаг байсан. Тэр арга хэмжээнд бид их оролцож Монголынхоо нэрийг гаргаж сурталчилна. Мөн янз бүрийн сайн дурын үйл ажиллагаа их хийдэг. Тэр нь миний бодлоор Фулбрайтийн хамгийн гоё дурсамжтай үе байсан. Би сургуульдаа ажил хийсэн гэхдээ Фулбрайтаар сурч байгаа тул цалин авч болохгүй. Цалин авсан тохиолдолд тэр нь тэтгэлгээс нь хасагдаад явдаг. Тэгэхээр би АНУ-д ажил хийх ямар байдаг юм гээд цалингүй ажил хийж үзсэн. Тэр нь надад их өөр туршлага байсан. Ер нь маш завгүй хоёр жил өнгөрсөн. Хэрэв хүмүүст боломж нь байвал ийм олон нийтийн арга хэмжээнд оролцоод, соёлын солилцооны хөтөлбөрүүдэд өөрийнхөө цагийг гаргаад орж байх хэрэгтэй. Тэр чинь өөрөө онлайнаар хичээл аваад үзсэнээс илүү туршлага төлөвшилт өгдөг шүү.
Одоо магистраар сурч байгаа хүний хувьд нэг өдөр нь хэрхэн яаж өнгөрдөг байсан бэ?
Би Монголд байхдаа биеийн тамираар хичээллэдэггүй байсан юм. АНУ-д очоод манай кампусын бие тамирын заал нь их том, маш гоё, танхимын сургалтад нь татагдаж ороод өөрийнхөө нэг төрлийн зуршил болгосон. Тэр хичээлтэй холбоотой миний амьдрал их эрч хүчтэй явсан гэж хэлж болно. Өглөө 6 цаг гэхэд иогийн хичээлээр эхэлдэг байсан. Долоо хоногт гурван удаа ордог. Түүний дараа хоолоо идчихээд хичээлдээ хийнэ. Номын санд илүү сууж хийдэг байсан. 11 цагаас нэг цаг хүртэл үндсэн коллеж дээрээ очоод туслах ажлуудаа хийнэ. Сургууль дээрээ ажилласан гэж ярьсан даа. Хичээл маань ер нь нэгээс, гурван цагаас эхэлдэг байсан. Тухайн өдрийнхөө байдлаас шалтгаалаад хичээл эрт тарах юм бол долоогоос найман цагийн хооронд дасгалаа хийнэ. Оройтож тарвал үргэлжлүүлээд арван нэгэн цаг хүртэл номын санд суудаг байсан.
Мэдээллийн системийн удирдлага гэсэн чиглэлээр суралцаад ирсэн Монголд ажлын байр ямар байсан бэ?
Би төгсөж ирээд шууд хуучин ажиллаж байсан “Монгол Контент” компанидаа ажилласан. Нэг жил судалгаа хөгжүүлэлтийн алба дээр нь ажилласан юм. Яг тухайн ажилд ажиллаж байхдаа тоолоод үзсэн чинь нийтдээ 25 төсөл дээр ажиллачихсан байсан. Мэдээллийн технологитой холбоотой аппликэйшин, жижиг том төсөл гээд л. Хүн өөрөө л зорилготой нийцэж байна гэж үзэх юм бол ажлын байр бол хангалттай байдаг. Ажлын байранд АНУ-аас олж ирсэн мэдлэг их хэрэгтэй байдаг юм байна лээ. Яагаад гэвэл бүтэцтэй, дэс дараалалтай тийм системтэйгээр сурсан хүмүүс манай Монголын нийгэмд үгүйлэгдээд байгаа юм болов уу гэж харагдсан.
Одоо Оюу толгойд ажиллаж байгаа шүү дээ. Чиний өмнөх туршлага чинь одоо хийж байгаа ажил дээр чинь яаж нөлөөлсөн бэ?
"Оюу толгой" ХХК-д би бизнес сайжруулалтын албанд ахлах төслийн зохицуулагч гэдэг албан тушаалд ажилд орсон юм. Орсон шалтгаан нь бол өмнө нь "FIRE Mongolia"-ийг үүсгэн байгуулж байхад олон эрч хүчтэй залуучууд "Оюу толгой" ХХК-ийн боловсон хүчин байсныг хараад тухайн залуучуудтай хамтарч ажиллаж, мөр зэрэгцээд, энэ улс орныг тэжээж явж байгаа, энэ хөдөлгөөний эрэг байж үзэх юмсан гэсэн хүсэл мөрөөдлөөр "Оюу толгой" ХХК-даа орсон. Ажилд орсон минь зөв байсан гэж харж байгаа. Яагаад гэвэл дөрвөн жил ажиллахад тэр зохион байгуулалт, тэр удирдлага манай Монголчуудад дутагдаад байгаа юм байна гэдгийг их олж харж байна. Тэгээд дараа дараагийн Оюу толгой шиг төслүүдийг бид нар шиг Монгол залуучууд өөрсдөө эхлүүлээд удирдаад, зохион байгуулалтыг нь хийгээд явах тэр үндэс угсааг нь тавьж байгаа гэж харж байгаа.
MASA-д өмнө нь удирдах зөвлөлд байсан шүү дээ. Ер нь ажлын хажуугаар яагаад сайн дурын ажил хийгээд байдаг юм вэ? Яагаад сайн дурын чухал гэж боддог юм бэ?
АНУ-д очоод Фулбрайтийн нэг хэсэг нь улиралдаа арван цаг билүү, арван таван цаг сайн дурын ажил хийх ёстой гэсэн тийм шаардлага тавьдаг юм. Тэр нь ямар ч хэлбэрээр байж болно. Тэндээс юу харсан вэ гэхээр, яг тухайн хүмүүс яаж амьдарч байна. Соёл иргэншил нь юу юм, гэр бүлийн амьдрал нь ямар байдаг юм. Тэр бүхнийг би хэзээ ч номоос олж уншиж чадахгүй зүйлүүд байдаг. Ер нь бол энэ сайн дурын ажил хүний оюуны цар хүрээг арай өөр байдлаар хөгжүүлж өгдөг гэж харсан.
За, бидний яриа өндөрлөх тийшээ хандаж байна. Яг одоо АНУ явах хүсэлтэй байгаа залуучуудад чиний хувьд өгөх зөвлөгөө гэвэл чи юу гэж хэлэх вэ?
Эхлээд өөрийгөө сонсоод үз л гэж хэлнэ. Ер нь бол юу хүсээд байгаа юм түүнийгээ сайн ойлгох хэрэгтэй. Би юу хийвэл надад илүү жаргалтай гэдэг тэр зүйлээ илүү мэдрэх хэрэгтэй. Өөрийгөө ойлгох хэрэгтэй. Үүний тулд юу хийх шаардлагатай вэ? Өөрөө өөртөө цаг гаргаад өөрийн зорилгоо тодорхойлоод үзээрэй. Миний хувьд зорилго их жижигхэн зүйлээс эхэлдэг гэж боддог. Эхлээд нэг зүйлийг хийж чадахаар дараа дараагийн алхмууд нээгдээд илүү тод харагдаад эхэлдэг. Их том зорилго тавьчхаад сэтгэлээр унах хэрэггүй. Юуг хийж чадаж байна. Түүнийгээ яаж сайжруулах уу гэдгээ эхлээд харчхаад бага багаар зорилгоо биелүүлээд явах хэрэгтэй юм.
За, Их баярлалаа. Өнөөдөр өөрийнхөө зорилгоо биелүүлж Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан чамд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
2011-2013 онд Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрөөр Америкт суралцсан Б.Баясалын түүхийг бүрэн эхээр нь доорх холбоосоор орж сонсоно уу!
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү
Itunes: энд дарж сонсоно уу
Anchor: энд дарж сонсоно уу
Castbox: энд дарж сонсоно уу
Stitcher: энд дарж сонсоно уу
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: Г.Түвшинбаяр | Постер дизайн: М.Ивээл

