Сайн байцгаана уу эрхэм сонсогчид оо. Манай энэ удаагийн дугаарт Harvard Law School-д магистрын зэргээ хамгаалсан Мандуул эгч маань оролцож байна. Манай сонсогчдод өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаад хоёулаа яриагаа эхэлье.
Сайн байцгаана уу. Намайг Мандуул гэдэг. Бизнесийн хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн хуульч, өөр олон зүйл хийнэ. Цааш нь дэлгэрүүлээд ярих байх тийм ээ.
Хүүхэд ахуй цагаа хаана өнгөрөөсөн вэ? Ахлах сургуулиа хаана төгссөн вэ?
Монголын бүтээгдэхүүн гэж өөрийгөө хэлэх дуртай. Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуулийг төгссөн. Дараа нь МУИС-ын Хууль Зүйн Сургуульд 5 жил сураад, дараа нь 3 удаа магистрт сурсны сүүлийнх нь Харвардын Их Сургууль байгаа юм. Бусад бүх сургуулиа дотооддоо сурсан. 2007 онд МУИС-ын бакалавраа төгсөөд, 2009 онд мөн сургуулийнхаа магистрын хөтөлбөрийг төгссөн. Дараа нь Англид Варвикийн Их Сургуульд Олон улсын банкны засаглал, санхүүгийн зохицуулалт гэсэн сэдвээр магистраа хамгаалсан. Үүнээс 10 гаруй жилийн дараа буюу 2019 онд Харвардад Компани, татвар, хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн зохицуулалтын чиглэлээр мэргэшиж суралцаад төгссөн.
Сурахаас бусад үед 15 жилийн ажлын туршлагатай хуульч. Хийдэг ажил маань гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд зохицуулах, эрх зүй, хууль зүйн зөвлөгөө үзүүлэх чиглэлээр ажилласан. Миний ажил олон хуулийн фирмд орж ажиллах боломж олгосон. 2012 онд Австралийн Алленс хуулийн фирмийн Мельбурн, Бризбэйн хотууд болон Хонг Конгын салбарт нь ажиллаж байгаад дараа нь Монголд оффисоо байгуулахад нь ирж суурин ажилсан. Одоогоор өөрийн бие даасан хуулийн фирмээрээ хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлж байна. Мөн 2016 оноос хойш өөрийн төрлөх МУИС-д цагаар багшилж байна. Саяхнаас СЭЗИС-ийн Эрх зүйн магистрын хөтөлбөрт багшлах боломж олдсон. Үүний хажуугаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр дахь Бизнес ба хүний эрх төсөлд зөвлөхөөр ажиллаж байна.
Харвардад, тэр дундаа хуулиар чиглэлээр суралцдаг оюутнууд олон байдаг уу?
Хүмүүсийн дунд нийтлэг байдаг нэг ойлголт нь Харвард гэх мэт нэр хүндтэй сургуульд сурах нь жирийн нэг оюутны хувьд боломжгүй юм шиг ойлгодог. Өнөөгийн нийгэм, цаг үед маш олон сайн сургууль байгаа. Мөн өөрөө хүсвэл гэрээсээ боловсрол олж авах боломж бий болчихсон байна. Харвард гэх мэт сургуулийн онцлог нь юу гэвэл, мэргэших хүсэл сонирхол, ямар хүмүүсийн дунд байх вэ, тэндээс юуг олж авах вэ гэдэг хувь хүний сонголт байх. Би Харвардад сурахаар сонгохдоо нэр хүндэд нь болоогүй. Надад юу өгч чадах вэ, би юу сурч мэдэх вэ гэдгээ харж сургуулиа сонгосон. Өөрийн ажилладаг салбартаа хийсэн зүйлтэй байх, өөртөө зорилготой, тодорхой судалгааны чиглэлтэй байх нь Харвард ч бай аль ч сургуульд элсэж ороход чухал гэж боддог. Таны алсын зорилгод сургуулийн тань хөтөлбөр нийцэж байх нь л чухал юм. Жишээ нь олон улсын, нийтийн эрх зүйгээр мэргэшье гэж байгаа бол New York University сайн сургалттай гэх мэт сургалт бүрд мэргэжилтэн бэлтгэх өөрийн онцлог бий. Миний хувьд Харвардыг сонгосон шалтгаан нь миний сонирхдог чиглэл болох law and economics буюу эдийн засаг ба эрх зүйн чиглэлээр сайн сургалттай учраас сонгосон.
Ахлах сургуулиа төгсөөд хуулийн чиглэлээр гадаадад сурах гэж байгаа залуустаа юу гэж зөвлөх вэ?
Хаана ажиллах хүсэлтэй байгаагаа эхнээс нь мэдэхгүй бол цаг их алдана. Америкт хуулиар сурахын тулд эхлээд бакалаврын зэргээ хамгаална, дараа нь practicing degree буюу Juris Doctor(JD) хамгаалж байж хуулийн үйл ажиллагаа явуулах боломжтой болдог. Магистрт сурахад JD-с их ялгаа байхгүй ч ажилд ороход ялгаа нь гардаг. Тиймээс Америкт ажиллая гэвэл JD-ээ тэнд хийх хэрэгтэй. Харин Монголдоо эсвэл өөр улсад ажиллая гэвэл заавал Америкт JD хийх шаардлагагүй.
Таны хувьд Харвардад хэрхэн суралцах болсон вэ?
Би Харвардын их сургуульд орчхоод татварын эрх зүйн эхний хичээлд сууж байсан юм. Тэр үед багш бидэнд хэлэхдээ Харвардыг та нар сургууль гэж бодож байна уу? Үгүй, энэ бол маш том бизнесийн байгууллага, түүний дэргэдэх сургалтын төв нь энэ сургууль шүү гэж хэлж байсан юм. Харвардыг хэт шүтсэн байдлыг би няцаахыг хүсдэг. Сайн сургууль мөн үү гэвэл мөн. Хамгийн чухал нь таны зорилго, чиглэлтэй нийцэх ёстой. Та Харвардад сурахыг хүсвэл үнэхээр чин хүсэлтэй, нарийн тодорхой зорилготой байх ёстой. Мөн чиний хүсэл сонирхолд нийцсэн мэдлэгийг олгож чадах сургууль нь танайх юм аа гэдгийг ойлгуулах нь чухал юм. Мөн сургуульд та “ашигтай” байх ёстой. Манай сургуулийн эрдмийн үйл ажиллагааг цааш нь дэлгэрүүлж чадах хүн үү гэдгийг харна гэсэн үг. Өрөвдүүлэх арга эсээ бичихэд сайнаар нөлөөлөхөө больчихсон гэсэн үг. Би Харвардад ийм учраас сурахыг хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд би эдгээр зүйлсийг хийж ирсэн. Энэ нь миний танай сургуульд сурах суурь болно гэж итгэж байна гэх жишээтэй. Чи уран сайн ярьдаг байлаа гээд хүссэн сургуульдаа орчихно гэсэн үг биш.
Харвард болон бусад нэр хүндтэй сургуульд сурах нь эцсийн зогсоол биш, түүнээс сурсан мэдлэгээрээ цаашаа юу хийх вэ гэдэг нь гол асуудал юм. Үндсэн хуулийн эрх зүйн багш маань бидэнд төгсөлтийн ёслол дээр хэлсэн үг нь одоо та нарын “outraged” буюу өлсгөлөн, дайчин байх үе ирлээ. Ажлын байрандаа чи юу хийж чадахаа харуулах цаг чинь болсон гэсэн юм.
Харвардын их сургуульд сурахад ачаалал хэр байдаг вэ?
Америкт зөвхөн хуулийн биш бүх чиглэлийн оюутнууд ачаалалтай байдаг. Хуулийн чиглэлээр сурч байгаа бол бусдаасаа илүү ачаалал ихтэй байна гэж ойлгох хэрэгтэй. Бүтэн цагийн ажлыг өдөр бүр хийснээс илүү ачаалал авна. Гэхдээ сурахын чухлыг ойлгосон хүмүүст тэр асуудал болохгүй. Мөн хичээл нь хэн нэгний бодлыг асуух бус, Сократын арга барил буюу нийт оюутны дунд хэлэлцүүлэг “ном хаялцах” маягаар явагддаг учраас оюуны өрсөлдөөний талбар гэвэл болох байх. Чи бүх хичээлээ урьдчилаад уншсан, асуулт бүрд бэлэн байх ёстой болно. Аливаа асуултыг маш сайн боловсруулж задлан шинжилж internalize буюу өөртөө наасан байх учиртай. Америкт хэн сайн өөрийгөө гадагшаа бусдадаа илэрхийлж чадаж байгаа нь үнэлэгддэг. Харин Англи, Монгол орнуудын хувьд чи өөрт оногдсон даалгавраа хийгээд чимээгүйхэн явж байвал болдог шүү дээ. Англи, Америкийн хууль шүүхийн системийн онцлог нь хуульд суурилахаас гадна case law буюу ижил төсөөт бусад хэргүүд хэрхэн шийдвэрлэгдэж байсныг харж, түүнтэй уялдуулж шийдвэрээ гаргадаг. Монгол оюутнууд Америкт хуулиар сурахаасаа өмнө ачаалал дааж сурсан, цагийн менежмент сайтай байх ёстой. Америкт очоод сурна гэвэл оройтсон байх болно.
Англи болон Америкт сурч байгаа Монгол оюутнуудын сурлагын хандлагын зөрүү ямар байдаг вэ?
Тэнгэр газар шиг өөр байдаг. Монголд болон Америкт магистраар сурсан хүний өнцгөөс харахад Монгол оюутнууд маш хангалтгүй байдаг. Хувь хүний хандлагын асуудал бий ч гэлээ нөгөө талаараа боловсролын тогтолцооны асуудал юм билээ. Тогтсон арга зүйн зөрүүнээс үүдэлтэй болов уу гэж боддог. Илүү өргөн утгаар нь авч үзвэл зах зээлийн онцлогоос үүдэлтэй. Соёл гэх мэт бусад асуудал руу бурууг өгч болох ч, нэн түрүүнд хувь хүнтэй холбоотой асуудал шүү дээ. МУИС-ийн Хууль зүйн сургуульд бусад орны сургуулиас дутах зүйл байхгүй. Гол ялгаа нь оюутан өөрийгөө дайчилж хичээн суралцаж байна уу үгүй юу л гэдэгт учир байна. Манай Монголын хуулийн сургуулийн багш нар бусад улсынхаас дутуу байна гэж байхгүй. Мөн боловсролын тогтолцоо, түүний арга барилын асуудал байна. Оюутнууд мэтгэлцээнд бэлэн байхыг Америкт шаарддагтай адил чи бүх асуултад хариулах бэлэн, түүнээс гадна тухайн сэдвээрээ багштайгаа хүртэл мэтгэлцэх хэмжээнд байх ёстой. Мөн сургуулийн материаллаг бааз ямар байна гэдэг асуудал бас байна. Монголд ном сурах бичиг цөөн, байгаа зарим нь Орос эсвэл Англи хэл дээр байх жишээтэй. Өөртөө өндөр шаардлагатай хүн сайн суралцагч байж чадна. Мөн зах зээлийн онцлог байна, сүүлийн үеийн Монголд хуульч, эрх зүйч хэт олон байна гэдгийг би няцаадаг. Хуулийн фирмүүд өдөр болгон сайн хуульч хайж байна.
Харвардад сурахад сургалтын төлбөрөө хэрхэн санхүүжүүлсэн вэ?
Хуулийн мэргэжлээр Америкт сурахад тэтгэлэг бараг байхгүй гэхэд болно. Сургуулиас онцгой боломж олгодоггүй л юм бол олоход хэцүү байдаг. Нийгэмд ашиг тустай байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэргэжилд тэтгэлэг олгоно. Бусад мэргэжлийнхэн олоход хэцүү. Миний хувьд санхүүжилтийнхээ тал хувийг өөрөө олоод, тал хувь нь Харвадын их сургуулийн өөрийнх нь санхүүгийн туслалцааны хөтөлбөрт хамрагдсан. Би 10 жилийн хугацаатай зээлд хамрагдсан. Одоо төлөөд явж байгаа. Дипломоо барьцаанд үлдээнэ. Зээлийн хүү ямар вэ гэдгийг судлах хэрэгтэй. Америкийн холбооны тэтгэлгийн хөтөлбөрт Монгол хүн орох боломжгүй байдаг. Яагаад гэвэл иргэн нь биш учраас. Буцалтгүй тусламж хэлбэрээр гардаггүй. Ихэнхдээ зээл хэлбэрээр гардаг. Мэдээж өөрийн санхүүгийн байдлаа сайн тооцоолсны үндсэн дээр зээл авах хэрэгтэй. Би материалаа өгөөд дараа нь санхүүгээ зохицуулна гэж бодсон нь буруу байсан.
Оюутны зээл хүсэхдээ хэрэгцээнд чин хүрэхээргүй байвал нэмэх хүсэлт гаргаж болно. Америкт үйлчилдэг үндсэн зарчим бол асуух л хэрэгтэй. Буруудах зүйл байхгүй шүү дээ. Бусдад өөрийгөө сайн илэрхийлдэг байх хэрэгтэй. Харвардын их сургуулийн банк санхүүгийн нэгдлээс хувь хүний зээлийг гаргадаг юм билээ. Өөр нэг боломж нь чиний ах дүү, хамаатан чинь Америкт амьдардаг бол баталгаа гаргаад холбооны зээлд хамрагдах боломжтой. Зарим үед засгаас тийм оюутны зээлийг тэглэчихдэг. Зарим өөр орны оюутнууд Fulbright-ын тэтгэлгээр ирж суралцдаг. Бүрэн тэтгэлэг биш, тодорхой хувийг гаргадаг юм шиг байгаа юм. Монголд Fulbright ямар бодлого барьж байгааг судлаарай. Зөвхөн миний ярьсан зүйлд итгэж битгий хөдлөөрэй.
Төгссөний дараа ажил, амьдрал, зээлтэй бол зээлийн ачаалал ямар байдаг вэ?
Бэлтгэлтэй байх хэрэгтэй. Төгсөөд эхний хэдэн сар ажилгүй байж магадгүй. Ажилд орсон ч авч байгаа цалин нь зээлээ төлөхөд хүрэхгүй байж болно. Зээлийн дарамтыг сайн тооцох хэрэгтэй. Сайн сургууль төгссөн юм чинь сайн ажилд орно гэсэн хүлээлтгүй байгаарай. Гэрээ байгуулсан баталгаат цалинтай ажил биш бол баталгаагүй шүү дээ.
Америкт суралцаж байх үеийн сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?
Шинэ орчин, хүмүүс, хичээлийн арга барилд дасан зохицоод, хэцүү үеэ даваад би энэ газарт байх эрхтэй хүн мөн юм байна гэсэн бодол надад төрсөн үе надад их сайхан байсан. Сократын мэтгэлцээний арга барилд дасан зохицоод, урьдчилан бүх хичээлээ бэлддэг болоод, түүндээ дасах хүртэл нэг улирал зарцуулсан. Би энд байх эрхгүй хүн юм болов уу гэсэн бодлоос энэ миний байх газар мөн юм байна гэж бодох хүртэл тодорхой хугацаа, зориулалт, сорилттой нүүр тулсан.
Одоогийн танд Америкт сурсан нь хэрхэн нөлөөлсөн вэ?
Би 23 настайдаа магистраа хамгаалсан. Үүний дараагаар мэргэжлийнхээ хувьд илүү мэргэшмээр, гүнзгийрүүлж судалмаар санагдах үе олон байсан учраас, мөн цаг хугацаа өнгөрөх тусам гэр бүлээрээ очоод сурч ажиллах нөхцөл маань багасах юм шиг санагдаад Харвардад магистрт сурахаар шийдсэн.
Би сурахаар очоод удаагүй байхдаа автомашины осолд орсон юм. Тэр үед ангийнхан надад маш их санаа тавьж, гэр бүлд маань бас надад хоол хийчихсэн таксигаар хүрээд ирдэг байсан. Сургуулийн зүгээс ч их анхаарал тавьж байсан. Бие чинь ямар байна. Сэтгэл зүй ямар байна, хичээлийн хуваарь яаж байна. Яаж өөрчилбөл чамд болохоор байна. Хүүхэд чинь яаж байна гэх зэргээр оюутандаа их анхаардаг юм байна лээ. Манай ангийн өөр хэн нэгэн өвдсөн бол би ингэж тусалж анхаарах байсан уу гэдэг бодол өөрийн эрхгүй төрсөн. Сайн сургууль гэдэгт зөвхөн сургалтын чанар ордоггүй юм байна. Хүнлэг чанар, хүний харилцаа, тусч зан бол сургалтын чанараас дутахааргүй чухал зүйл юм байна гэдгийг тэр үед ойлгосон. Хүүхдийг чинь хараад өгье, хүнсийг чинь цуглуулаад ирэх үү гэж асуухад нь гайхах баярлах зэрэгцсэн. Тэдгээр оюутнууд маш завгүй, өөр өөрийн асуудал, ачаалалтай байгаа шүү дээ.
Харвардад суралцаад Монголдоо ирж ажиллах ямар байсан вэ?
Би Монголд хуулийн чиглэлээр суралцаж төгсөөд явсан учраас төсөөрсөн зүйл байхгүй. Америкт сураад эргэж ирээд ямар ажил хийхээ сайн мэдэж байсан. Монголдоо ирээд ажиллаж байхад дээд боловсролын системийн ялгаа, хуульч мэргэжлийг хүмүүс юу гэж харж байгаа нь ойлголтын зөрүүтэй санагдсан.
Таны хувьд Англи хэлийг хэрхэн сурсан вэ?
Би 6 настайгаасаа Улаанбаатарын Олон Улсын сургуульд орж суралцсан. Тийм учраас танхимаар юм уу бие дааж сурснаас ялгаатай. Харин хуулийн чиглэлээр сурах гэж байгаа бол мэргэжлийн үг хэллэгээ мэддэг байх хэрэгтэй. Англи хэл сурах гэж байгаа залуустаа хэлэхэд сайн уншигч байгаарай. Тэгвэл чи ярьж чадна. Зөвхөн дүрэм, үг цээжлэх нь үр дүн багатай санагддаг.
Хуулийн чиглэлээр сурах гэж байгаа залууст хандаж юу зөвлөх вэ?
Мэдээллийн олон төрлийн эх сурвалжтай байх хэрэгтэй. Мөн олон хэл дээр байвал бүр ч сайн. Мөн хаана сурах, юу хийх тухайгаа урьдчилаад маш сайн судлаарай. Тооцоо судалгаа дутуу бол дараа нь цаг хугацаа их алдана. Миний тэр алдааг битийг давтаарай гэж хэлье.
Бидний урилгыг хүлээн авч сонсогчдод маань үнэтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажил амьдралд амжилт хүсье. Бидний бэлтгэсэн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараа дахин уулзталаа баяртай эрхэм сонсогчид оо.