Ярилцлагад урьсанд баярлалаа. Залуучууддаа өөрийн туршлага мэдлэгээсээ хуваалцах гэж зорьж ирлээ. Би арван жилээ "Ирээдүй цогцолбор" буюу 81-р сургуулийг төгсөөд, техникийн сургуулийн харьяа болох Компьютер Техник Менежментийн Их Сургууль /одоогийн Бизнесийн Ухааны Хүмүүнлэгийн Их Сургууль/-ийг төгссөн. Дараа нь сургуульдаа багшилж байгаад Тайландын Бангкок хот руу Азийн Технологийн Институц Олон Улсын Их Сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан. Мөн Францын Засгийн газрын тэтгэлгээр Франц улсын Нисе хотод Олон улсын санхүүгийн чиглэлээр шинжлэх ухааны магистр буюу “Master of Science” хамгаалсан. Дараа нь Монголдоо ирээд НҮБ-ын "Ядуурлыг бууруулах төсөл" болон “Mercy Corps” АНУ-ын хөгжлийн байгууллагын санхүүжилтээр говийн бүсийн эдийн засгийг хөгжүүлэх санаачилга бүхий төслүүдэд ажилласан. Мөн 2010 оноос 2011 оны хооронд “Hubert H. Humphrey Felloweship” тэтгэлгийг авч Америкт жилийн хугацаатай суралцсан. Америкаас ирээд “Нээлттэй Нийгэм Форум”-д ажиллаж байгаад, одоо улс төр, нийгмийн чиглэлээр
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн эрчим хүчний үр ашиг мөн Үндэсний стратегийн хүрээлэн төрийн бус байгууллага ажиллуулах гэх мэт ажлуудыг давхар хийж байна.
АНУ-д Hubert H. Humphrey тэтгэлгээр сурсан тухайгаа хуваалцаач?
Hubert H. Humphrey тэтгэлэгт хөтөлбөрт эдийн засгийн чиглэлээр Мичиганы их сургуульд сурсан. Энэ хөтөлбөрийн онцлог нь өөрөө сургуулиа сонгохгүй зөвхөн мэргэжил, сурах салбараа сонгоно. Харин АНУ-ын Засгийн газар host буюу хүлээн авагч их сургуулийг өөрийн мэргэжлийн чиглэлээр нь хүлээж авах сургуулиудыг сонгож өгдөг. Hubert H. Humphrey хөтөлбөр нь бусад зэрэг горилж байгаа программуудаас өөр. Энэ нь тодорхой хэмжээний дунд шатнаас болон түүнээс дээш шатны карьераа ахиулах гэж байгаа хүмүүст зориулсан. Өөрийгөө тодорхой хэмжээний удирдах төвшинд ажиллаж байгаа гэж үзэж байгаа, бусдад нөлөө бүхий leadership skill буюу удирдахуйн ухааны чадвар олгодог, өөрийнхөө судалдаг салбарын чиглэлээр хүрээгээ тэлэх хүсэлтэй хүмүүст зориулсан хөтөлбөр юм. Доод тал нь таван жил тухайн салбарт ажилласан байх ёстой. Мөн өмнө нь АНУ-д таван жилийн хугацаанд явж суралцаагүй байх, мөн хэлний мэдлэгтэй байх ёстой байдаг.
Hubert Humphrey тэтгэлэгт хөтөлбөрт заавал TOEFL IBT шалгалтын өндөр оноотой хүмүүс хамрагдана гэсэн шаардлага тавиагүй, дундаас дээш төвшний Англи хэлтэй байхад болно. Англи хэлний шаардлага хангахгүй ч гэсэн бусад шаардлагад маш сайн нийцэж байвал 3 сарын хугацаатай хэлний бэлтгэлд суралцаад өөрийнхөө салбарын сургуульд очиж суралцах боломжтой байдаг.
Нэмж хэлэхэд дараа нь би “Hubert H. Humphrey” хөтөлбөрийн сонгон шалгаруулах ярилцлага авах комисст ажиллаж байсан. Тэр үед олж авсан туршлага болон ярилцлагад орохдоо юуг анхаарах талаар хуваалцмаар байна. Нэгдүгээрт, материалуудаа тухайн жилд тавигдаж буй нөхцөлийнхөө дагуу маш сайн бүрдүүлэх хэрэгтэй. Мөн ямар ч тэтгэлэгт хөтөлбөрт эссе бичдэг, эссе бол өөрийгөө илэрхийлэх маш том боломж гэсэн үг. Ингээд хэрвээ ярилцлагадаа шалгарч чадах юм бол танд хэсэг хугацааны дараа шалгарсан гэсэн мэдэгдэл ирдэг. Гэсэн хэдий ч өөр бүс нутагтай өрсөлддөг учраас дор хаяж жилийн хугацаатай хүлээх болдог. Бүсийн хэмжээнд шалгаруулалт явагддаг.
Та их олон оронд суралцсан туршлага дээрээ үндэслэн олон орнуудын боловсролын тогтолцооны ялгаатай, адил талууд, ажигласан зүйлүүдээсээ бидэнтэй хуваалцвал?
Би анх 25 насандаа Тайланд Бангкок хотод Азийн Технологийн Институцэд Японы засгийн газрын тэтгэлгээр сурч байсан. Тухайн үед бол дүнгийн голч 3.5-с дээш байх ёстой гэсэн шаардлагатай. Тиймээс магистрын зэрэг авах гэж байгаа болохоор маш уйгагүй, чөлөө завгүй, суудаг байсан. Мөн манай сургуулийн сурах орчин маш сайн. Бангкок хот бол өвөл болдоггүй халуун орон. Дараа нь Францын Засгийн газрын тэтгэлэг авсан. Тэгээд Бангкок хотоосоо шууд Францын Нисе хот уруу нисэж байсан. Тэнд нөхцөл байдал арай өөр, сургуулиасаа гадуур өөрөө байраа олж түрээсэлж байсан. Тэгээд сургууль уруугаа очихдоо 25 минут орчим автобусаар яваад, дараа нь дахиад 25 минут вагоноор явдаг байсан. Вагон нь яг далайн эргийн урдуур явдаг. Их гоё орчинтой, далай уруу явмаар байдаг боловч оюутан хүний амьдрал болохоор их завгүй. Өдөржин, шөнөжин хичээл хийнэ. Шалгалтад бэлдэнэ. Тэгээд сүүлийн хэдэн сар нь ажил хийх боломжтойг мэдээд өвлийнхөө амралтаар Германд байдаг найз уруугаа явж зочид буудалд, ресторанд ажил хайж эхэлсэн. Ажил маань өглөө эрт 5:30-с эхэлнэ, өдрийн 11 цаг хүртэл ажиллаж, үдээс хойш нь хичээл даалгавраа хийдэг байсан. Сүүлийн хоёр сар нь тэгж ажилласан.
Та тэтгэлэгт хөтөлбөрт өөрийгөө яаж бэлдэж байсан бэ?
Миний хэлэх дуртай үг бол “Эзэн хичээвэл Заяа хичээнэ”. Миний хувьд социализмын нийгмийн хүүхэд. Манай ээж ганцаараа гурван хүүхэд өсгөсөн. Тэр үед бол харьцангуй тэгш боломж байсан. Хүүхэд болгон үнэгүй боловсрол эзэмшдэг. Манай ээж байнга “Онц сур, Сайн анхаар, Даалгавраа сайн хий” гэж хэлдэг байлаа. Тиймээс хичээлдээ арван жилээсээ онц сурч, сайн дүнтэй төгссөн. Дараа нь мөн компьютер, техник менежментийн сургуулийг онц дүнтэй төгссөн. Тийм ч учраас багшлах санал ирж байсан. Тэгэхээр “Эзэн хичээвэл Заяа хичээнэ” гэдэг нь заавал нэг зүйлд тэнцэхийн тулд ямар нэгэн зүйл олж авахын тулд хичээлээ хийдэг биш. Жигд онц сайн сурах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Ямар ч үед аль болох бэлтгэлтэй бай, ямар ч зүйлийг чанартай хий. Хичээлдээ анхаарч, багшийн зааж өгсөн зүйлийг цаг тухайд нь сайн анхаар гэж хэлмээр байна. Цаг хугацаа эргэж олдохгүй.
За, мэргэжил сонголт бол маш чухал. Өнгөрсөн хавар бид нар АНУ-ын элчин сайдтай болон MASA-аараа Увс болон Ховд аймгуудаар явж ЕБС-ийн хүүхдүүдтэй уулзаад, АНУ-ын сургуулиудад хэрхэн тэтгэлэгтэй явах боломжтой талаар, мөн мэргэжил сонголтын тухай ярьж зөвлөгөө өгсөн. Дэлхийн эдийн засгийн форумын тодорхойлж байгаагаар технологийн чиглэлийн мэргэжлүүд орчин үед эрэлттэй байгаа ч гэсэн олон улсын байгууллагууд, судалгааны байгууллагуудаас хэлэхдээ орчин үед ямар ч мэргэжил дээр “Зөөлөн чанарын ур чадвар” буюу уян хатан чадвар, хөрвөх чадвар хэрэгцээтэй болж байгаа гэж байгаа. Үүнд бусдыг хүндэлдэг, хүний хэлснийг сонсдог, сонсоод ойлгодог, цаг барьдаг, зохион байгуулах чадвартай, өөрийгөө илэрхийлэх чадвар эзэмших хэрэгтэй. Хэдий чадвартай, мэргэжилтэн байсан ч бусадтай мэдлэгээ хуваалцах эсвэл бусдын хэлж байгаа саналыг сонсох дургүй, хамтраад нэг үр дүнг зорьж байгаа ч ажиллахад сэтгэлгүй, залхуу, биеэ дайчлах чадварууд байхгүй бол урагшлахгүй шүү дээ. Тэгэхээр зөөлөн ур чадвар, хөрвөх чадвар бас их шаардлагатай.
Харамсалтай нь манай эдийн засаг, манай зах зээл дээр мэргэжлийн нийцэл муутай байдаг. Маш их ажилгүй хүн байна, харахаар ажилгүй залуучууд 15-34 насны ажилгүйчүүдийн дунд бүртгэлтэй ажилгүйдлийн хувь нь 50 хувиас 65 хувийг эзэлдэг. Би өөрөө эдийн засгийн чиглэлийн хүний хувьд, ээж хүний хувьд маш их санаа зовдог асуудал. Тэгэхээр энэ мэргэжил сонголт маш чухал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, бодлого боловсруулж, шийдвэр гаргаж байгаа хүмүүс зах зээлд ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй байгаа юм? Яг ямар ур чадварыг бизнесийн болон ажил олгогч хүсэж байна? гэх мэт мэдээллийг маш сайн өгөх хэрэгтэй. Өнөөдөр нэг хэсэг нь ажилгүй, нөгөө хэсэгт нь ажилтан олддоггүй бизнесын салбар байна. Энэ бол гунигтай.
Миний хувьд бол мэргэжлээ яаж сонгосон бэ гэхээр бизнесийн удирдлагаар сураад Бизнесийн удирдлага, санхүүгээр магистр хамгаалаад ирсний дараа “Ер нь би өөрийгөө ойлгосон зүйл нь би ерөөсөө нэг жижиг оффист суугаад ямар нэг бараа бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах гэхээсээ илүү нийгмийн төлөө ажиллах, чин хүсэлтэй, сонирхолтой хүн гэдгээ ойлгосон.” Өөрөөр хэлэх юм бол бусадтай харьцах, нийгэмд авчрах том үр дүнгүүдийг харах дуртай, өөрчлөлт нөлөөллөө харах дуртай хүн гэсэн үг. Тийм ч учраас эзэмшсэн мэргэжлээрээ гадны болон дотоодын мэргэжилтэй хүмүүстэй нягт хамтарч ажилласан, олон төрлийн судалгаа ч хийсэн.
Мэргэжил сонголт дээр өөрийнхөө дуртай тэр зүйлээ эзэмших нь зохимжтой гэдэг. Та энэ тал дээр юу гэж зөвлөх вэ?
Би яг л тэгж хэлмээр байна. Гэр бүл чухал. Гэр бүлдээ аз жаргалтай сайхан амьдрах нь сэтгэл хангалуун байх, санаа зовохгүй байх. Үүнд таны мэргэжил, хийж байгаа ажил их нөлөөтэй. Өглөө болгон ажилдаа явахдаа дуртай явахгүй бол явахаас даа. Ажлын найман цаг тэр оффист байсан болоод ирэхээс дээ гэвэл харамсалтай шүү дээ. Та өөрийнхөө дуртай мэргэжлээ маш сайн чанартай эзэмшиж сурах хэрэгтэй. Тэгэхээр хүн өөрөө юунд авьяастай чадвартайгаа мэдэж, мэргэжил сонголтоо хийх ёстой. Өөрийнхөө дуртай, чаддаг зүйлээ олоод мэргэжлээ сонгосон ч дараа нь ажлын байраа зөв сонгох бас их чухал. Тэгж байж амьдралд байнгын орлоготой цалинтай, бас хамт олонтой болно.
Та Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр яагаад ажиллаж байгаа вэ?
Америк төгсөгчдийн холбооны гол зорилго нь сайн дурын үйлсийг дэмждэг. Тэгэхээр бид нар тэтгэлэг аваад боловсролоо дээшлүүлж чадсан юм бол бусдад өгөх, бусадтай хуваалцахад идэвхтэй оролцох хэрэгтэй. Олж авсан туршлага мэдлэг мэдээлэл бүх боломжит зүйлээ бусадтай хуваалцах ёстой. Тэр үүднээсээ энэ холбоонд ороод өөрийнхөө сайн дурын хийх боломжтой үйл хэргээ тэлж байна. Бид нар бүгдээрээ нэгдээд, зохион байгуулалтад орж байна, янз бүрийн төслүүдийг хэрэгжүүлж байна. Ном хандивлах, өгөх, мөн яаж Англи хэл сурах вэ гэх мэт. Сайн дурын үйлс яаж хийх вэ гэдэг талаар хөдөө орон нутагт очиж яриа хийж байна.
Жишээлбэл, 2015 онд би энэ холбоонд гишүүн л байсан. Тэр үед бол бусадтайгаа хамтраад Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүрэгт бизнес эрхлэгч охид эмэгтэйчүүдэд зориулан хөтөлбөр хэрэгжүүлж чадсан. АНУ-ын засгийн газрын нэг онцлог нь төгсөгчдөө дэмжиж янз бүрийн төсөл хөтөлбөрүүдийг зарладаг. Үүний нэг нь энэ төсөл байсан. Энэ төслүүдэд дээр төгсөгчид ямар ч өөрт зориулсан цалин урамшуулал гаргах ёсгүй, сайн дураар оролцох ёстой байдаг. Төсөлд оролцогчдынхоо хоол унд, унааны зардал, сургалт явуулах анги танхимын түрээс гэх мэт зүйлд санхүүжилтээ зарцуулдаг. Би тэнд очоод санхүүгийн төлөвлөгөөг, бизнес эрхлэхэд юуг анхаарах вэ гэдэг сургалтуудыг сайн дураар заасан. Өрхийн орлогыг дээшлүүлж нэмэгдүүлэхийг хичээж байгаа эмэгтэйчүүдийг үзүүлэлтүүдийнхээ дагуу сонгон шалгаруулж аваад сургалт хийгээд дараа нь бас менторшип программ зарлаад 6 сарын хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэгэхээр энэ мэт боломжууд байдаг. Өөрөө гол нь сэтгэл, цаг гаргах хэрэгтэй зөв хандлагатай байх ёстой.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа.
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг эндээс үзээрэй
Та бүхэн Баатаржавын Мөнхсоёлын ярилцлагыг бүрэн эхээр нь доорх холбоосоор орж сонсоно уу.
SoundCloud: https://bit.ly/2LkJb13
Itunes: https://apple.co/3diZA1Q
Anchor: https://bit.ly/2xIc9EP
Castbox:https://bit.ly/3ftAI9u
Stitcher: https://bit.ly/2xHDMxL
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: Г.Түвшинбаяр | Photo credit: June Charaa | Poster Design: Ж.Удвал |