Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та өөрийгөө танилцуулаач?
Сайн байна уу? Юуны өмнө урьсанд баярлалаа. Намайг Содгэрэл гэдэг 2013 онд Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийг төгсөөд University of New England сурч байгаад жилийн дараа Нью Йорк мужийн их сургууль (SUNY, Albany)-руу шилжсэн. Тэгээд 2017 оны 5 сард төгсөөд 7 сард Монголдоо буцаж ирсэн.
Яагаад заавал Америкт сурахаар шийдсэн бэ?
Гоё, лаг хүн болно л гэж бодож явсан./инээв/ Эргэж ирээд үзүүлээд өгнө гэж л анх явж байсан үнэнээ хэлэхэд. Америкт боловсрол эзэмшихийн давуу тал нь дэлхийн шилдэг топ сургуулиуд АНУ-д байдаг. Тийм болохоор сурч байгаа мэргэжлийнхээ хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт орчинд сурвал би арай хурдан илүү зүйл сурч ирэх юм байна гэж бодсон. Түүнээс гадна бага байхын л Америк бол гоё орон, Америк мөрөөдөл буюу тэгш эрх, тэгш боломжтой учир өөрөө л хичээж чадвал юунд ч хүрч болдог гэсэн ойлголттой байлаа. Багш нар хүртэл Америк мөрөөдөл гэж юу вэ? гээд заадаг байсан. Тэр нь анхаарал татахуйц байсан юм болов уу.
New England их сургуульд өөрийг чинь тэнцүүлсэн гол шалтгаан юу гэж боддог вэ?
АНУ-ын их сургуулиуд олон орны сурагчдыг элсүүлэн сургах сонирхолтой байдаг. Манай сургууль ойролцоогоор хоёр мянга орчим сурагчтай, жижигдээ ордог сургууль байсан. Намайг байх үед арван дөрвөн гадаад оюутан байсан. Тэгээд би Монгол оюутан байсан нь тэдний хувьд их сонин байсан юм шиг санагддаг. Мөн миний TOEFL-ын оноо хангалттай сайн, арван жилийн сурлагын дүнгүүд сайн байсан. Мөн тодорхойлох захидлаа гайгүй сайн бичсэн байж болох юм. Тодорхойлох захидалыг Англи хэлний Америк багш, бас Орос багш нараараа бичүүлж авч байсан.
Америкт сурахаар шийдэхэд нь хэн, юу, хэрхэн нөлөөлж байсан вэ?
Ээж маань намайг хоёр настай байхад Америкт сурч байсан юм. Тэгээд дөрвөн настайдаа ээжтэйгээ хамт Монголдоо ирээд Монголоор ярьж чаддаггүй байсан. Дараа нь сургуульд орсон чинь Англиар ярьж чадахгүй болчихсон байсан. Тэгээд ер нь багаасаа ээжтэйгээ л адилхан Америкт сурна гэж боддог байсан. Ээж бол чи өөрөө л өөрийнхөө чадвараар бүртгүүл, өөрөө шалгалтуудаа өгөөд, тэнцвэл явж болно. Түүнээс биш би чамд эсээг чинь бичиж өгөхгүй гэдэг байсан.
New England их сургуулиас яагаад АНУ-ын SUNY Albany руу шилжиж сурах болсон бэ?
Хэд хэдэн шалтгаан байсан, UNE (University of New England) маань илүү биологи талдаа буюу тэнд сурч байгаа хүүхдүүд шүдний эмч болно гэх мэт зорилготой. Хичээлийн танхим нь бас хол, тэгээд энэ хичээлийг л үзэхээс өөр аргагүй ч гэдэг юм уу. Сонголт жаахан хязгаарлагдмал байсан. Би нэгэнт бизнесээр сурна гээд оччихсон юм чинь аль сайныг нь суръя, илүү өргөн сонголттой бизнесийн шалгуур өндөртэй сургуульд суралцая гэж бодсон.
Сургалтын төлбөрөө яаж санхүүжүүлж байсан бэ?
Хувийн сургууль улсын сургуулийг бодвол төлбөр өндөр байдаг. New England их сургууль надад 50 хувийн тэтгэлэг өгч байсан. Үлдсэн 50 хувийг хувиасаа шийдэж байсан. Дараа нь улсын сургууль руу шилжихэд тэтгэлэг өгч чадахгүй гэсэн. Гадаад оюутнуудад өгөх тэтгэлэг байдаггүй гээд. Гэхдээ төлбөр нь хувийн сургуулийн яг хагастай тэнцэхүйц байсан.
Сурч байх хугацаандаа ажил хийж байв уу?
Янз бүрийн л ажил хийж байсан. Гол ажил маань номын санд ажилласан. Номын санд ажиллахын давуу тал нь үйлчлүүлэгч байхгүй тохиолдолд хичээлээ хийж болдог. Би цалин аваад давхар гэрийн даалгавраа хийчихдэг байсан. Гадаад оюутнууд долоо хоногт хорин цаг ажиллаж болдог. Сургууль дээр бол ямар ч хамаагүй ажил хийж болно. Сургуулиас гадуур бол зөвхөн сурч байгаа мэргэжлийнхээ дагуу ажилладаг. Сургууль дээр ажиллаж байгаа ажлуудын дотор номын санд ажиллах нь оюутнуудын мөрөөдөл. Анх хувийн сургуульд байхад номын санд ороход их амар байсан. Манайх хүн авч байна гээд бүртгүүлээд л орсон. Дараа нь улсын сургуулийн номын санд орох гэсэн чинь манайх ажлын байрууд дандаа улсаас санхүүждэг юмаа. Тэгээд улсын тэтгэлгийн нөхцөл хангасан хүүхдүүддээ авдаг. Гадаад оюутан чамайг авах боломжгүй ээ гэдэг байсан. Азаар, би нэг зун Монгол буцаагүй. Ихэнх оюутнууд өөр өөрсдийнхөө хот руу яваад кампус хүнгүй болоод, ажил хийх хүн хэрэгтэй болсон чинь надад ажиллах боломж гарсан. Өмнө нь хувийн сургуульд байхдаа номын санд ажиллаж байсан туршлагатай болохоор намайг ажилд авсан. Номын санд ажиллахдаа ажиллах цагаа сонгодог. Тэгээд оюутнууд хамгийн бага ирдэг цагийг сонгож хувиараа өгсөн, аль болох хүн байхгүй байх цагаар хувиараа сонгоод хичээлүүдээ хийдэг, хүн ирэхээр нь үйлчлээд. Манай номын сан шөнийн 3 цаг хүртэл ажилладаг оройн цагаар хүн байхгүй шүү дээ. Тэр хугацаандаа хичээлээ давхар хийчихдэг. Нэг сумаар хоёр туулай буудна гэдэг шиг. Орлогын хувьд сарынхаа хэрэгцээг бол хангаад явчихдаг байсан.
Америкт сурч байсан дурсамжаасаа бид нарт хуваалцаач?
Хамгийн анх очоод математикийн хичээл дээр нэг статистиктай холбоотой сэдэв үзсэн юм яг үнэн дээ бол ойлгохгүй байсан. Юуны тухай хичээл ороод байгаа гэдгээ сайн ойлгохгүй. Багш дээрээ долоо хоног бүр очоод уулзаж болдог, тэгээд очоод уулзсан чинь чи хэлээ ойлгохгүй байгаа юм уу гээд би “Үгүй, ярьж байгаа юмыг чинь бол ойлгож байна. Яг юу заагаад байгааг тань ойлгохгүй байна” гээд тэр хичээлдээ шар хөдлөөд илүү бэлдэж байснаа санадаг юм. Тэр одоо бодоход анх хэлний л бэрхшээл байсан юм болов уу даа. Орос сургуульд сурч байхдаа хэдий Англи хэл сурч байсан ч гэсэн Америк хүмүүс шиг академик төвшинд ойлгохгүй, тэгээд ч математик Англи хэл дээр ороод эхлэхээр бас жоохон хэцүү байсан юм болов уу. Манай сургуульд Монгол хүүхдүүд байдаггүй би дандаа Америк хүүхдүүдтэй нийлдэг байсан. Анх сургуулийн кофе шопоос кофе авахаар нөгөө хүнээ сайн ойлгодоггүй байсан юм шиг байгаа юм. Сүүлд хавар нь нэг захиалга өгсөн чинь над руу их том харснаа чиний Англи хэл ямар мундаг болчихсон юм гэж байсан./инээв/
Хамгийн баяртай мөч гэвэл 3-р курсдээ бизнесийн сургууль маань өөрийн гэсэн тэтгэлгээ зарлаад би энэ тэтгэлэгт хамрагдахын тулд "би юу хийх вэ? яах вэ?" гээд холбогдох хүмүүстэй уулзаж байсан. Тэр үед дүн сайн байхаас гадна өөрийн нөхцөл байдлаа сайн тайлбарлаад бич бас чамд яагаад энэ тэтгэлэг хэрэгтэй, бид яагаад чамд тэтгэлэг өгөх ёстой юм гэдгээ тайлбарлаад бичээрэй гэж зөвлөж байсан. Тэгээд би өмнө дурдсан зүйлсийн дагуу бэлдээд материалаа илгээсэн. Тэгээд яг дөрөв дүгээр курсийн намар манай тэнхимээс ганцхан оюутанд өгдөг тэтгэлгийг авч чадсан юм. Тэр бол миний сайхан дурсамжуудын нэг байсан.
Таны эзэмшсэн мэргэжлийн давуу тал нь юу вэ?
Энэ мэргэжил маань өөрөө их эрэлттэй, төгсөж гарч ирж байгаа хүн цөөхөн, тэр тусмаа Монголд бол намайг анх төгсөөд ирж байхад ийм мэргэжил байдаг гэдгийг ч мэддэггүй, чи яг юу хийдэг юм. Чи тэгээд код бичих юм уу гэж их асуудаг байсан. Яг үнэндээ мэдээллийн технологи бол код бичдэг хүмүүс болон тэр кодыг бизнес дээрээ ашиглаад явдаг дарга нарын дунд гүүр болдог мэргэжил юм. Нэг үгээр бол хэлмэрч юм шиг.
Таны эзэмшсэн энэ мэргэжлээр сурах хүсэлтэй байгаа хүүхэд залууст ямар зөвлөгөө өгөх вэ? Юу бэлдэх хэрэгтэй вэ?
Америкт мэдээллийн технологиор сурмаар байвал илүү бизнесийн сургуульд хамрагдаад явдаг. Бизнесийн суурьтай хичээлүүдээ авч үзэх хэрэгтэй болно. Хүүхдүүд яг ямар суурьтай илүү сурмаар байгаагаас хамаараад математикт бас хэрэгтэй, техник суурьтай ч байж болно. Хоёрдугаар курс хүртлээ бид бүх хичээлээ үзэж байгаад гуравдугаар курсээсээ яг мэргэжлийн хичээлүүдээ нарийвчлаад үздэг. Чамд дараа нь яг юу нь хэрэгтэй вэ гэж бодоод хичээлээ сонговол илүү зүгээр юм болов уу. Мөн хүүхэд залууст хэлэхэд энэ мэргэжилд бэлтгэл их чухал. Намайг дөнгөж Монголдоо ирэхэд энэ салбар нь өөрөө шинэ байсан. Одоо тогтворжоод эхлэхээр гаднын стандартад ийм байдаг юм байна. Үүнд нийцэхүйц байхын тулд мэдээллийн технологийн орчиноо сайжруулах хэрэгтэй гэдгийг хүмүүс илүү анхаарч эхэлсэн.
Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи салбарт эмэгтэйчүүдийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх ялангуяа охид энэ салбарт ажиллаж чадахгүй гэдэг хэвшмэл хандлага байгаад байдаг энэ тал дээр та юу хэлэх вэ?
Багш нар болоод эцэг эхчүүдийг хүүхдүүдээ бага байхаас нь эхлээд чи адилхан, чи чадна энэ хүн чадсан бол яагаад чи чадахгүй гэж ойлгуулж өгөөсэй. Би саяхан нэг ном уншсан түүн дээр жендэрийн ялгааны тухай гардаг. Цэцэрлэгийн насны охид хөвгүүдээс “чи ухаантай юу?” гэж асуухад яг бүгд адилхан “би юу ч чадна” гэж хэлдэг гэнэ. Хүүхдүүд нэг, хоёр дугаар ангид ороод ирэхээр охидуудын би чадна гэдэг хувь нь багасчихдаг. Хөвгүүдийн харин хэвээрээ байдаг. “Яагаад хэвээр ихэвчлэн шинжлэх ухааны ном сурах бичиг дээр эрэгтэй хүүхдүүд байдаг юм бэ?” тэгэхээр нөгөө охид өөрсдөө ч мэдэлгүй тэрийг хараад би чадахгүй юм байна гэж боддог. Сурахад хэзээ ч оройтохгүй. Өөрт байгаа боломжуудаа сайн харгалзаж үзэх хэрэгтэй.
Танай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй оюутныг сургах боломж ямар байсан бэ?
Америкт миний анзаарсан нэг гоё юм нь бүх барилга нь хүртээмжтэй, тэргэнцэртэй ч яваад орж болдог. Нийтийн тээвэр нь их лаг тэргэнцэртэй хүн байвал шууд хаалга нь доошлоод л суудлууд нь эвхэгдээд тэргэнцэртэй хүнээ байрлуулаад суулгах зориулалттай. Нийгэм нь өөрөө тийм болохоор сургуулиуд нь хүртээмжтэй. Манай кампус дээр ёстой бүх төрлийн л бэрхшээлтэй хүмүүс байдаг байсан. Гадаад оюутан хариуцсан оффисийн зөвлөх нь харааны бэрхшээлтэй хүн байсан. Америкт байхдаа хөгжлийн бэрхшээлийг асуудал гэж харж байгаагүй. Тэгсэн чинь Монголд ирээд байдал өөр байсан, замаар зүгээр хүн явахад хүртэл хэцүү замтай.
Та Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн яагаад MASA-д орох болсон бэ?
Америкт сурч байхад нийгэмдээ үйлчлэх нь чухал гэдгийг заадаг байсан. Зарим хичээл дээр арван зургаан цагийн олон нийтийн ажил хийдэг. Тэгээд би хоёрдугаар курст байхдаа сайн дурын ажил бас хийдэг байсан. Монголд буцаж ирээд нийгэмдээ эргүүлж өгмөөр санагдаад. Нийгэмд өгнө гэхээр зөвхөн мөнгөөр биш. Мөнгөөр ч үнэлж болохгүй зүйлүүд бас бий, мэдлэг, цаг зав гээд олон зүйл бий. Америк төгсөгчдийн холбоо нь сайн дурын ажлыг их дэмждэг, миний хүсээд байсан зүйлтэй яг нийцэж байсан болохоор удирдах зөвлөлд нь орж ажиллаж байгаа.
Та бүхэн Ч.Содгэрэлийн түүхийг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл дараах холбоосоор орж сонсоорой.
Дохионы хэлний орчуулга бүхий бичлэгийг хүлээн авч үзнэ үү
SoundCloud ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Stitcher ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Youtube ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.
Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа | Хянасан: Г.Түвшинбаяр | Постер дизайн: Ж.Удвал | Photo Credit: June Charaa |